• Өнөөдөр 2024-04-28

МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ

2024-03-18,   1257

   Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын хөгжим, “Нарны домог” ардын бүжгийн жүжиг 36 дахь жилдээ тайзнаа “амилах” гэж байна.

           Алунгоо эхийн домогт сургаалд тулгуурлан бүтээгдсэн тус бүжгэн жүжгийг анхлан санаачлагч, Төрийн шагналт, УГЗ, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар билээ. Тэрбээр энэ талаараа “1988 онд Монгол үндэсний ардын бүжгэн жүжиг бий болж. Тэр үед буюу наяад жилийн хугацаанд Монгол үндэстний их хаад, хатдын тухай түүхэн уламжлалт зан заншлыг тодорхойлсон уран бүтээлийг хийхгүй болчихсон юм болдоо, гэдэг бодол орж ирсэн. Хоёрдугаарт,  Итали, Франц зэрэг улс орнууд, Оросууд ч тэр түүхэн хаад, хатдынхаа тухай, үндэсний урлаг дээрээ тулгуурлаж, уран бүтээл туурвиж байгааг хараад, Монгол туургатны эв нэгдэл, эрх чөлөөний тухай ямар нэг уран бүтээл хиймээр санагдсан. Ингээд л зориглож, Лхагвасүрэн ахаар цомнолыг нь бичүүлсэн. 1988 онд тайзнаа тавигдсан болохоос биш бичигдсэн он нь 1986 он юм. Тухайн үед Соёлын яамны Уран сайхны зөвлөлөөр олон удаа орж шүүмжлүүлж, зөвшөөрөгдөхгүй их удсан. Монголын анхны Ардын бүжгэн жүжиг юм шүү” гэж байсан удаатай. 

Тэгвэл бид тус жүжгийн Алунгоо  эхийн дүрд тоглож буй МУГЖ Ж.Мандухайг “Уран бүтээлчийн цаг” буландаа урьж, ярилцлаа.  

-Сайн байна уу, та.  Сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү?

               -Сайн байна уу. Манай Үндэсний Урлагийн Их Театр маргаашаас эхлэн  Монголын анхны бүжгэн жүжиг болох “Нарны домог” жүжгийг тоглох гээд бэлтгэл ажил дуусах шатандаа ороод явж байна. Миний хувьд анх театрынхаа босгоор алхсан цагаасаа хойш энэхүү жүжигтээ арын масснаас авхуулаад бүхэл дүрд нь тоглож байна. Харин энэ удаад Алунгоо хатны дүрийг бүтээж байгаа. Анхны бүжгэн жүжиг гэдэг утгаараа бид хавар болгон цөөн өдөр тоглодог уламжлалтай.

               Мөн МУГЖ, ҮУИТ-ын гоцлол дуучин Д.Амаржаргалтай хамтран “Буянтай эх нутаг мину” хэмээх уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 29-ны өдөр толиулахаар ажиллаж байна.

-Театртайгаа амьдралаа холбоод хэчнээн жил болж байна вэ. ҮУИТ-ын юу таныг татав?

               -Миний хүүхэд байхын мөрөөдөл энэ чуулга, тэр цэнхэр заал минь байлаа шүү дээ. Хүүхэд байхдаа  “Алтан ураг” бүжгэн жүжгийн есөн шонхор охины бүжгийн хэсэг ордог байсан юм. Тэр үед чуулгын ах, эгч нар хонож ажлаа хийгээд, хоолоо хувааж иддэг байлаа. Дээрээс нь ямар чадварлаг, гоё хувцастай үнэхээр сайхан харагддаг. Тэр үед театр надад үлгэрийн орон шиг санагддаг байсан. Тэр үеэс л өөрийгөө энэ тайзан дээр бүжиглэж байгаагаар төсөөлж, мөрөөдөж эхэлсэн гэх үү дээ. Үүний дараа Хөгжим бүжгийн коллежийг 2002 онд бүжгийн жүжигчин мэргэжлээр төгсөөд, албан ёсоор театрынхаа бүжигчин болж байлаа. 

-Анх бүжигчин болж байсан түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?

               -Манай аав цэргийн хүн л дээ. Тэгээд манай гэдэг айл нүүдэллэж амьдардаг байсан. Манайх Дорноговь аймагт амьдарч байх үед ээж маань намайг “Байнга л зурагтаар бүжиг үзээд сууж байх юм, мэргэжлийн хүнд шалгуулаад үзье” гээд Соёлын ордонд дагуулж очсон гэдэг.  Тэгээд би н.Эрдэнээ багштай “Говийн наран” хамтлагт хоёр жил гаруй хугацаанд хичээллэсэн.  Эхний жил хамтлагаараа “Яргуй” наадамд түрүүлж байлаа. Дараа жил нь гоцлол бүжгийн төрөлд мөн алтан медаль авсан. Үүнээс 14 хоногийн дараа  Ц.Сэвжид багшийн “Өсвөр насны бүжигчдийн III уралдаан” оролцож, “Шилдэг бүжигчин” болж байлаа. Тэр үед С.Сүхбаатар багштайгаа танилцаж, багш минь намайг анзаарсан юм. Ээж минь намайг урлагт хөтөлж, багштайгаа танилцаж, бүжигчин болсноо их хувь заяа гэж бэлгэшээж явдаг даа.  

             Тэгж л багш минь намайг Улаанбаатар авчирч, гэртээ амьдруулж, энэ театрын босгоор алхуулсан даа.  Тэрнээс манай удамд бүжигчин хүн байхгүй шүү дээ.

-С.Сүхбаатар багшийнхаа талаар сайхан дурсаж яриа дэлгээч?

               -Анх би өөрийгөө  бүжигчин болно ч гэж бодоогүй. “Яагаад намайг энд авчирсан юм бол. Ямартай ч би хичээгээд үзье. Өдөр болгон сайн байх юм сан” гэж боддог байсан. Багшийнхаа итгэлийг алдахгүй гэж хичээдэг байлаа, одоо хичээсээр байгаа. Жилээс жилд багшийгаа харахаар л миний үг цаашаа орчихдог. Энийгээ хүндлэл л гэж ойлгодог. Багшийн надад хэлж буй үг болгоныг өөртөө шингээгээд авчих юм сан гэж боддог. 

               Би багшийгаа Монголд бүжгийн урлагийг өндөр түвшинд хүргэж, өвлүүлэн үлдээх хувь  заяанд төрсөн хүн гэж боддог.

-Та ямархуу хүүхэд байсан бэ, урлагаас өөр зүйлээр хичээллэж байв уу?

               -Би ах, эгч, эрэгтэй дүүтэй. Урлагаас өөр зүйл нээх сонирхдоггүй, ном л их уншдаг байсан. Номынхоо ертөнцөөр л амьдардаг их мөрөөдөмтгий хүүхэд байлаа. Тэгээд яг амьдрал дээр гараад ирэхээр яг хөрсөн дээрээ бууж, шантрах үе их гарсан. Тэр бүрд өөртөөгөө маш сайн ярилцдаг байсан даа.

-Гэр бүлийнхээ талаар яриа дэлгээч?

               -Аав, ээж минь намайг “Бүжигчин болно” гэхэд маш сайхан дэмждэг байлаа. Би чинь гэрээсээ хол олон хоногоор хамтлагийнхаа бэлтгэл, тэмцээн гээд явна. Тэр бүрд  дэмжиж, мөрөөдлөөр минь амьдруулсан. Одоо хань, хүү, охин хоёртойгоо амьдарч байна. Тэд минь ч миний мэргэжлийг сайн ойлгож, дэмждэг дээ.

-Бүжгийн урлагаар хичээллэсэн 20 гаруй жилийн хугацаанд шантрах үе мэдээж байсан байх. Тэр үеүдэд юу таныг “босгодог” байв?

               -Би эх орондоо маш их хайртай. Хүмүүс “Хий хоосон сүсэг, омогшил” гээд их ярьдаг шүү дээ. Харин миний хувьд урлагаараа дамжуулан өв соёлоо тээж, хойч үедээ үлдээх сэн л гэж боддог. Бид бүжгэн жүжиг тоглох бүрдээ тухайн дүрээ гаргахын тулд маш их судалдаг. Бүжигчин болсноор хатан, ингэ ээж, тэмээ, хурга, морь гээд бүх зүйлийн дүрд “хувирч” үзлээ.  Бүжигчин байх хугацаа богинохон гэдэг шүү дээ. Гэхдээ тайзан дээр байх хугацаандаа үзэгчдэдээ эерэг мэдрэмж өгөх, жоохон ч гэсэн түүхээ мэдүүлэх, хүн байгаль эх хоёр салшгүй холбоотой гэдгийг ойлгуулах юм сан гэх бодол дотор минь үргэлж байдаг. Тийм болохоор сэтгэлийн “гал” минь унтардаггүй. Ахмадууд нэг өдөр сэтгэл ханачихдаг гэж ярьдаг л даа. Минийх одоогоор ханаагүй болохоор дүү нартайгаа хамт бүжиглээд л явж байнаа. Тэрнээс би бүжгийн насаараа тэтгэвэрт гарах болсон байгаа.

               Монголчууд асар том түүхтэй хүмүүс шүү дээ. Тэр болгоныг бүжгээр дамжуулан ярьж өгөх гэж ахмад дэглээчид маань дэлхийгээр тархсан Монгол туургатнуудын дэргэд хэдэн сараар амьдарч, судалж байгаад бүжгээ дэглэдэг байсан. Ямар ч бүжигчин тэр дэглэлтийг өөрийнхөөрөө хийхгүй яг л дэглээч яаж дэглэсэн тэр хэвээр нь бүжиглэж байж энэ жинхэнэ өв болж дамжуулагддаг.

-Танд бүжиг дэглэх, багшлах бодол бий юү?

               - УГЗ, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал  Д.Баярбаатар багшийгаа би үнэхээр биширдэг. Театр орсон цагаасаа л багшийнхаа дэглэлтээр бүжиглэж байна. Үнэхээр чадварлаг багш нартаа болохоор би арай болоогүй дээ гэж өөрийгөө чамладаг. Гэхдээ заримдаа зүүд, төсөөлдөө бүжиг дэглэдэг шүү./инээв/ Цаг нь ирж нөхцөл нь бүрдэхээр юм маш амархан бүтдэг гэдэг шүү дээ. Бүжигчний үүргээ гүйцэтгэхээ болихоороо оролдож үзнэ ээ.

-Та 2022 онд МУГЖ хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан шүү дээ. Тэр үед ямар мэдрэмж төрж байв?

               -Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаад, “Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ шагналаар шагнахаар болжээ. Та долдугаар сарын 7-ны өдөр ирээрэй, баяр хүргэе” гэж байсан. Хэлэх үг олдоггүй юм билээ. Нөхөр лүү гээ хараад, “гацаж” байсан. Хамт олон минь “Манай Мандухай гавьяат болох ёстой, өгөөсэй” гээд л их ярьдаг. Хүмүүс ч надаас “Яагаад гавьяатаа авахгүй байгаа юм” гээд их асуудаг байлаа. Үнэхээр их бэлгэшээж, хүндэтгэж хүлээж авсан даа.

-Ярилцсанд баярлалаа.

               -Баярлалаа.

 


МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-19 16:08:23
    Зочин: Багштайгаа учирч.....кккк.Тэр Сүхбаатар гэдэг багш нь олон хүүхэнтэй учирч багш нь болсон байхоо.Хүмүүс эр янхан л гэх юм билээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-19 15:37:22
    Гэрлээ: Даруухан , хөөрхөн Мандухайдаа тоглолтонд нь амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-18 12:48:04
    Отгоо: Эвгүй дээ эвгүй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188