Алга болсон хүүгээ насаа дуустал хүлээж, тамираа тасартал хайсан аав, ээжийн гунигт түүхийг уншигч танд хүргэж байна. Амьдын хагацалд “унаж”, алга болсон алдрайхан жаахан хүүгээ ороод ирэх юм шиг санасаар тэд 60 гаруй жилийг өнгөрүүлжээ. Уулзсан, учирсан, учир мэдэх бүхнээс хүүгээ сурагласаар нарт хорвоогоос буцсан аав, ээжийг Ш.Ёндон, Мэндбаяр гэдэг. Тэд Ёндонгийн Барс гэдэг хүүгээ хайж байлаа.
1962 оны зургадугаар сарын 15.
Ш.Ёндонгийнх энгийн амьдралтай, жирийн л айл байжээ. Нөхөр Ш.Ёндон нь Улаанбаатар нисэх төв буудалд ажилладаг, офицер цолтой нэгэн. Харин гэргий Мэндбаяр нь хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ улсынхаа төлөө зүтгэгч. Тэднийх 1962 онд долоон хүүхэдтэй байлаа. Тэднийг нь Тунгалаг, Туул, Туяа, Барс, Байгаль, Баяраа, Баярхүү гэдэг. Барс айлын дундах хүү, гурван эгч, гурван дүүтэй. 1962 оны зургадугаар сарын 15-нд Ш.Ёндонгийнх гэр бүлээрээ Батсүмбэрийн сангийн аж ахуй орохоор гэрээсээ гарсан байна. Улаанбаатарын хойд тал, Толгойтын даваагаар даваад Батсүмбэр орохоор ярилцжээ. Тухайн үед зам харгуй муу, жолооч нар ганц замаараа л явдаг байсан үе. Ингэж явтал Ш.Ёндонгийн жолоодож явсан машин саатаж, Толгойтын давааны оройд шахам зогссон байна. Эндээс л тэдний амьдын хагацал эхэлнэ.
Унаж явсан машин нь утаа саагиж, хүч алдаад уулын оройд зогслоо. Зургаан хүүхдээ машинаас буулгаад, эхнэр нь цэцэг, навч харуулж, сүүдэр бараадахаар мод руу орсон гэнэ. Зуны дэлгэр цаг учраас хүүхдүүд эрвээхэй, шувуутай хөөцөлдөж, өнгө өнгийн цэцэгсээр наадаж байлаа. Харин ижий Мэндбаяр нь бага хүүтэйгээ модны сүүдэрт сууж, хүүхдүүдээ харж байжээ. Аав Ш.Ёндон нь аагим халуунд машинаа “ухаж”, засварлаж байлаа. Толгойтын даваагаар олон хүн давж, Улаанбаатар, Батсүмбэрийн сангийн аж ахуйн хооронд давхилдана.
1962 он, зургадугаар сарын 15, 10:00 цаг буюу 40 минутын дараа.
Машинаа засаад дуусчээ. Халуунд халаад байсан усыг нь шавхаж, хөргөж аваад хөдлөхөөр боллоо. “Машиндаа суугаарай, болчихлоо” гэх аавынхаа дуунаар модны сүүдэрт сэрүүцэж байсан эхнэр, хүүхдүүд нь гүйлдэн ирж, өөр өөрийн байрандаа суухаар болов. Ээж Мэндбаяр нь бага хүү Баярхүүгээ өвөр дээрээ аваад, Баяраагаа хажуудаа суулгажээ. Гэтэл Тунгалагын өвөр дээрээ сууж явсан Барс модноос ирээгүй байлаа. Хөдлөх гэж байсан машинаа унтрааж, хаалгаа онгойлгоод “Барсаа, миний хүү хурдлаарай” гээд хоёр ч удаа чанга хашхирав. Хэн ч хариулсангүй, ирсэнгүй. Аав, ээж, эгч дүү нь гайхаад, модны зах руу гүйлээ. Сууж байсан газар, хамгийн сүүлд тоглож байсан хэсгээр нь гүйгээд, хайгаад л байлаа. Ё.Барс цовоо сэргэлэн зантай, яриасаг, хүнтэй амархан танилцаж, учраа олдог учраас аав, ээж хоёр нь модны зах, сүүдэрт сууж байгаа хэн нэгэнтэй танилцаад, “бурж” өгч байгаа гэж бодоод байжээ. Хүүгийнхээ энэ занг нь бодохоод мууг төсөөлж чадахгүй, тайвшраад л байжээ. Дөрвөн цаг орчим хоолойгоо сөөтөл хүүгийнхээ нэрийг дуудаж, хайсан аав, эгч дүү нь арга мухарджээ. Сүүлдээ Толгойтын даваагаар давж байгаа машин болгоныг зогсоож, хүүгээ сураглаж эхэллээ. Хүмүүс сандралдаж, машинаа зогсоогоод Ёндонгийнхонтой хамт Барс хүүг хайж эхэлсэн байна. Гэвч дөрөв, таван цагийн хугацаанд сураг ч гарсангүй.
Эрэл.
Улаанбаатар руу сэргийлэхэд мэдэгдэж, 16:00 цагаас эрлийн ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ. Цагдаагийн албан хаагчид хоёр нохойтой хамт ирсэн байна. Бүдрээд уначих чулуу, өнхөрөөд орчих нүх болгоныг сэндийчиж, модны орой бүрийг харуулдаж хайсан эх, эцэг нь хүүгийнхээ явсан мөрийг баллуурдаж байгааг хэрхэн мэдэх билээ. Модны араас, хөгшин ёзоорны араас хүүгээ олчих юм шиг л санд, мэнд явсан биз ээ. Сэргийлэхийнхэн нохойгоо үнэртүүлж, мөр хайхаар болсон ч тэд хүүгийнхээ мөрийг бохирдуулж орхисон байлаа. Ингээд нэмэлтээр 60 цэрэг, морин сумангийнхан дөрвөн өдөр Барс хүүг хайсан ч сэжүүр, сэжим эс олжээ. Толгойтын даваа, Батсүмбэрийн сангийн аж ахуй хүртэл нэгд нэгэнгүй нэгжсэн ч хүү олдсонгүй. Арга мухардаад албаныхныг буулгаж, аав, ээж хоёр нь ууланд 30 гаруй хоног хүүгээ хайжээ. Ээжийнх нь ухаан балартаж, тамираа тасартал хүүгээ дуудаж, хайсан ч хүү нь ирээгүй. Ингээд л 1962 оны долдугаар сард эрлийн ажиллагаа үндсэндээ зогссон байна.
1962 оны арванхоёрдугаар сарын 1. Буянт-Ухаа, Ш.Ёндонгийн гэр.
Хэдийгээр эрлийн ажиллагаа зогссон ч гэлээ Ёндон, Мэндбаяр нарт хүүгээ хайгаагүй нэг ч өдөр байгаагүй. Муу, сайн мэдээний алийг нь ч сонсоогүй болохоор тэд хүүгээ ууланд амь эрсдээгүй гэдэгт итгэж байлаа. Энэ цагаас л Мэндбаяр гэх эмэгтэй гудамжинд таарсан болгоноос хүүгийнхээ сургийг гаргах гэж хичээсээр иржээ. “Миний хүүг Барс гэдэг, зургаан настай. Хүүгийн минь толгой дээр үлд гарч, хуруу дарам мөнхийн гялаан сорвиотой болсон. Хүү минь зургаан настай ч гэлээ биеэр том, махлаг, хүрэн бор царайтай, нүдээрээ инээдэг, чихний хэнгэрэг нь жигтэйхэн том хүү байгаа юм аа” гээд л ярьдаг байсан юм билээ. Харин аав нь улс, хотын удирдлагуудад захидал бичиж, хүн амын тооллогоор хүүгийнхээ сургийг гаргах гэж хичээсээр байлаа. Тэр хамгийн сүүлд 1962 оны арванхоёрдугаар сарын 1-нд захидал бичиж, “Бид хүүгээ амьд байгаа гэдэгт итгэж байна. Хол, ойроос сурагласаар өнөөдөрт хүрлээ. Гэвч бид тусыг эс оллоо. Улс даяар болох хүн амын тооллогоор хүүг минь илрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид хүүгээ мартаагүй, хүү минь ч биднийг хэзээ ч мартаагүй байгаа” гэжээ.
Ховдод сураг гарсан ч ижий, аав нь хорвоогоос буцав.
Толгойтын даваанаас алга болсон хүүгийн сураг гаралгүй олон жил өнгөрчээ. Цагийн эрхээр аав, ээж нь бурхан болж, нартаас буцсан байна. Тэдний хамгийн сүүлчийн хүсэл нь хүүтэйгээ уулзах л байсан. Гэвч тэдэнд тийм боломж олдоогүй, хувь заяа тохиогоогүй. Аав Ёндон нь хүүгээ эрж, сурсаар хорвоогоос эрт буцсан ч гэлээ ээж Мэндбаяр нь саяхныг хүртэл бидний дунд амьдарч байлаа. Ээж Мэндбаяр нь нэгэн жарны турш хүүгээ хайсан ч эцэст нь Ховдын цэнхэр хязгаараас сураг сонсжээ. Тухайн үед авто тээвэрт явж байсан жолооч хүүг нь олж, Ховд нутагт авчирч өсгөсөн гэх бүдэг бадагхан сураг сонссон ч өндөр настай болсон тул хаашаа ч явж чадалгүй, хүүгээ ороод ирэхийг хүлээсээр энэ хорвоогоос буцжээ. Харин одоо Барс хүүг зулай зулайгаа гишгэж төрсөн эгч, дүүс нь хайсаар сууна.
| ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |