• Өнөөдөр 2026-05-19

П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА

2026-05-19,   90

            МУСТА жүжигчин П.Мөнх-Одыг энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг" буландаа урьж, ярилцлаа.

Жүжигчин бэлтгэж буй багш хүн муу уран бүтээлд тоглоод байж болохгүй

-Сайн байна уу. Та дэлгэцийн өмнө гарахасаа илүүтэй багшийн ажилдаа төвлөрч байх шиг байна. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач?

                -Сүүлийн жилүүдэд уран бүтээлд ороогүй. Багшийн ажилдаа төвлөрч байна. Зураг, реклам зэрэгт хаа нэг оролцдог. Энэ жил “Шарга даага” сургалтын төвөө нээсэн. Мөн Соёл Урлагийн Их Сургуульд багшилж байна. Хоёр анги дааж ажиллаж байгаа. Уран бүтээлийн саналууд бол орж ирсээр байгаа. Гэхдээ жүжигчин хүн өөрт таалагдсан зохиолтой, сайн кинонд ажиллахыг зорьдог. Ер нь Монголын урлаг сайн зохиолоор цангаж байна.

-Ямар уран бүтээлд оролцохыг зөвшөөрч байна вэ?

             -Миний хувьд зохиолыг нэгдүгээрт үздэг. Жүжигчин бэлтгэж буй багш хүн муу уран бүтээлд тоглоод байж болохгүй шүү дээ.  Юнгэн хатан шиг шиг дүрд тоглохыг багаасаа мөрөөдөж ирсан. Энэ дүр жүжигчний уран чадварыг жинхэнэ утгаар нь сорьдог дүр. Манай уран бүтээлчид тийм хэмжээний зохиолтой, уран бүтээл хийнэ. Би тоглоно гэж итгэдэг. Сүүлийн жилүүдэд залуучууд маань урд өмнө хийж байгаагүй сэдэвтэй. Сайн багтай, зохиолтой болсон байна. Би хөлөө бэртээсэн байгаа. Ирэх жилээс эдгэрээд, залуучуудынхаа уран бүтээлд оролцоно гэсэн бодолтой байгаа. 

 -Танд найруулагчид ихэвчлэн ямар дүр оноож байна вэ?

                -Би 17 наснаасаа хойш кинонд тоглож эхэлсэн. Сүүлд уран бүтээлийн жагсаалтаа гаргаж үзсэн. 50 орчим уран бүтээлд тоглосон байна. Найруулагчид намайг тал бүрээс нь харуулж өгсөнд талархаж байна. Ихэнх найруулагчид зөөлөн төрхтэй болохоор эерэг дүр санал болгодог. Харин залуу найруулагчид эсрэг дүр өгөх гээд байдаг талтай. Ер нь жүжигчин хүн нэг л төрхөөрөө дэлгэц, тайзанд харагдаад байж болохгүй. Бүхий л дүрд тоглож үзэх хэрэгтэй.

 -Өнөөдрийг хүртэлх бүтээсэн дүрүүдээс нь таныг урлагт таниулсан хайртай дүр гэвэл?

                -Жүжигчин хүнд дүр голох эрх байхгүй. Цаг хугацаа, зүрх сэтгэлээ шингээдэг болохоор бүх дүрдээ хайртай. Дэлгэцийн бүтээл гэдэг түүхэнд бичлэгт бичигдээд үлддэг. Дараа нь үзээд “Ингэх байжээ. Өөрийнхөө бодлоор тоглох байсан. Найруулагчийн үг зөв байж” гэж эргэж харах үе бий. Тэр дүр намайг дэлгэцэд мөнхөлсөн. Урлагт гаргаж ирсэн дүр минь тэр гэж хэлэх надад ахдах юм шиг санагддаг. Харин миний ямар уран бүтээлч вэ гэдгийг үзэгчид дүгнэх байх. Үзэгчдийн үнэлгээ урам өгч, хурцалж өгдөг. Нас ахимаг хүмүүс “Шарга даага” киноны ээжийн дүрд минь илүү хайртай байдаг шиг санагддаг. Харин залуучууд “Хавар эргэсэн хайр” киноны Жавзаагийн дүрийг илүүтэй мэднэ. “Би таныг яг л Жавзаа шиг шуналтай, зальтай хүүхэн байх” гэж боддог гэдэг.

-“Шарга даага” уран сайхны киноны дүр таны хувьд их эмзэглэлтэй байсан байх?

             -2012 онд Ч.Хоролдорж найруулагч Каннын кино наадамд өрсөлдөх зорилготойгоор “Шарга даага” нэртэй кино хийх гэж буйгаа хэлээд тоглуулах санал тавьсан юм. Уран бүтээлийн төлөө юу ч хийж, яаж ч зураг авхуулахад бэлэн гэж бардам боддог байсан би тэр киноны зохиолыг уншаад татгалзсан. Учир нь би тэр кинонд хоёр хүүгийн ээж болж тоглох ёстой байлаа. Би чинь хүүгээ алдсан хүн. Яагаад ч чадахгүй л гэж бодсон. Гэхдээ бодсоны эцэст эл дүрд тоглохоор шийдсэн. Сургалтын төвөө ч энэ нэрээрээ нээсэн. Эмзэглэлтэй хэр нь нандин дүр.

 -Багшилж эхэлсэн түүхээ хуваалцаач?

                - Би 1987 оноос Дарханы “Залуучууд” театрын драмын дугуйланд суралцсан юм. 1991 онд аравдугаар ангидаа тус театрын “Хойт эх” жүжигт тоглож байлаа. Эндээс л уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэж хэлж болно. Тухайн онд Монголын үндэсний телевизийнхэн зургийг нь авч, 1992 онд теле жүжиг болгон гаргаж байв. МҮОНТ-ийн архивт 30 жил хадгалагдаж буй сайхан уран бүтээл бий. Тэр жилдээ Монголын урлагийн үндэсний их сургууль буюу одоогийн СУИС-ийн кино драмын ангид шалгуулсан. Азаар шалгалт авсан багш нар миний тоглосон “Хойт эх” жүжгийг үзсэн байж таарсан юм. Ингэж л “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр нь үзэгчид эчнээ мэдэх Л.Лхасүрэн багшийнхаа шавь болсон доо. Оюутан болсон жилээ Ж.Барамсай гуайн “Хаданд ургасан цэцэг” өгүүллэгээс сэдэвлэсэн “Харуусал” гэж киноны гол дүрд тоглосон нь миний дэлгэцийн анхны уран бүтээл байлаа. 

               Харин “Сити” их сургуульд тайзны ярианы багшаар ажиллах урилгыг авч, багшлах гараа минь эхэлсэн. Их эмээж хүлээж авсан. Тэгээд МУГЖ Л.Лхаасүрэн багш дээрээ очоод “Багш аа, Намайг багшлаач гэсэн” гэхэд багш “Өө, чи чадна аа” гэж байлаа. Үүнээс урам авч, багшаасаа зөвлөгөө авч, ажиллаж байсан.

 -Та МУГЖ Л.Лхаасүрэн багшийнхаа тухай дурсамж дэлгээч?

                -Багш минь надад жүжиглэхүйн ухааныг А-гаас нь эхлэн заасан. Амьдралын замыг минь заасан багшдаа үргэлж талархаж, хайрлаж явдаг.  МУАЖ Ж.Лхамхүү багш, МУГЖ Н.Мягмар гэх гурван сайхан багшаараа хичээл заалгасандаа баярладаг.  Тэр сайхан хүмүүсээс суралцсан болохоор нүүр бардам байдаг. Анх оюутан болоход багш нараа хараад сүрддэг байлаа. Бас хүмүүст багш нараа гайхуулж ярьдаг байсан. Саяхан бид МУГЖ Л.Лхаасүрэн багшийнхаа 80 насныхаа ойг сайхан тэмдэглэж өнгөрөөсөн. Багшийнхаа талаар ярих сайхан байдаг юм. Миний багш сайхан төрхтэй. Шударга,зоригтой, хүн чанарын дээд болсон хүн байлаа. Шавь нарынхаа төлөө юуг ч хийж чаддаг. Аав шиг багш байлаа. Тэр том жүжигчин ч гэлээ бидэнтэй хамт тайзаа зөөж, тоглолтоор явдаг. Хүмүүс багшаас сүрдээд байдаг. Гэхдээ багш минь үнэхээр хайраар дүүрэн, зөөлөн сэтгэлтэй хүн.

“Харуусал” кинонд тоглосноо гурван багшаасаа нуучихсан юм. Гэтэл Л.Лхасүрэн багш киноны сурталчилгааг олоод харчихаж. Тэгээд “Надад чамд заах зүйл байхгүй. Чи жүжигчин болчихсон юм байна. Одоо яв” гээд хөөсөн. Би ч “Багш аа, би сургуулиа төгстөлөө дахин ямар ч уран бүтээлд тоглохгүй. Надад боломж өгчих л дөө” гэж гуйж гувшсаар байгаад үлдсэн дээ. 

 

-Багш тань шавь нартаа юуг захидаг байв?

                -Багшдаа их зэмлүүлдэг байлаа. Хааяа хоцроод ирэхээр “Чи хүний ажил боддоггүй. Дархан руугаа яваарай. Чамайг ингэж сурна гэж бодоогүй” гээд л загнана. Багшийн араас орох эрх бидэнд байхгүй. Тухайн үед уран бүтээл цөөн байлаа. Кинотой холбоотой юу байна очоод ордог байлаа. Тэгээд нэг удаа багш “Чи ингээд кинонд муу тогловол хүн “Энэ Л.Лхаасүрэнгийн шавь гэж ярьна. Чи сайн бодоорой" гэж байсан. Тэр цагаас хойш их л зүйл ойлгож, ухаарч авсан. Харин одоо шавь нартаа багшийнхаа “Та сайн зохиолтой. Чанартай бүтээлд ороорой. Ганц чиний нэрний цаана сургууль, багшийн чинь нэр гарна шүү” гэх үгийг хэлдэг. Би өөрөө ч уран бүтээлд орохдоо “Би сайн  ажиллах ёстой. Багшийнхаа нэрийг муугаар дурсуулахгүй юм шүү” гэж дотроо боддог.

-Залуу уран бүтээлчдэд юу зөвлөх вэ?

              -Уран бүтээл бол хамтын ажил. Тиймээс би бусдад хүндрэл учруулахгүй, бусдыг ч өөртөө төвөг удаахгүйгээр ажиллахыг эрмэлздэг. Жүжигчин хүн дүрд ажиллахдаа үзэгчдийг хуурч, халтуурдаж хэзээ ч болохгүй.


П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188