• Өнөөдөр 2024-05-20

МУГЖ Н.ТӨМӨРХУЯГИЙН ХҮҮ Т.УЧРАЛ: ААВ МИНЬ АВЬЯАС БИЛИГИЙН ХУВЬД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, СОД ХҮН БАЙСАН ДАА

2022-03-30,   6762

-БИ ӨӨРИЙГӨӨ ААВЫНХАА УРАН БҮТЭЭЛИЙН ӨНГӨ АЯС, СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ ГЭЖ БОДДОГ-

        Урт буржгар үс, онигор нүд, солгой гар, бүрх малгайг имиж болгосон түүнийг Намдагийн Төмөрхуяг гэдэг. Монголчууд түүний “Насны намар”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Зүүдэн бороо”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн хэрлэн” зэрэг сод бүтээлүүдэд нь уярч, баясаж, тайтгарч, догдолсоор л сонсдог. Одоо ч түүний дуу хоолой бидний өр зүрхэнд эгшиглэсээр буй.

     Тэр алаг хорвоогийн өнгө бүрээр намуухан эгшиглэсэн сонгодог аялгуу, тод өнгө байлаа. Түүний зүрхнээс “амилсан” дуу аядуу зөөлөн хэрнээ хүчтэй, бүр зүрх булгилуулам. Яг л энэ өнгө аясаараа бидний баяр жаргал, уйтгар гунигийг өнөд хуваалцаж, аргадаж, хайрлаж, зөөллөж, дүүрэн байлгаж чаддаг урлагийн ноён оргилуудын нэг мөнөөс мөн. Өгсөж, уруудах амьдралынхаа алдаа, оноо бүрд өөрийнхөөрөө, зоргоороо амьдарч чадсан. Гэвч тэр яг дуулдаг шигээ амьдарч чадсан болов уу. Энэ тухай түүний хүү Т.Учралтай хөөрөлдсөнөө уншигч таны өмнө дэлгэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө уншигч олонд танилцуулна уу?
       -Намайг Төмөрхуягийн Учрал гэдэг. Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн. Хэний аймгийн Бор-Өндөр суманд цэцэрлэгээр хүмүүжиж, ахлах сургуулиа 2005 онд төгсөж ажлын гараагаа УБҮ-ээс эхэлж байлаа. 2013 оноос Барилгын зураг төслийн "Балданс" ХХК-д архитектораар ажиллаж байна.
-Танд аавтайгаа өнгөрүүлсэн хугацаа маш бага байх. Гэвч та аавыгаа ямар хүн байсан гэж дурсах вэ?
        -Аав минь их шударга байж, урлагийн төлөө бүхнээ зориулсан гэж боддог. Аав, ээж хоёр минь 10 гаруй жил ханилан хувь заяаны эрхээр хоёр тийш болсон. Тухайн үед би дөрвөн настай байсан юм. Ээжийнхээ хамт Хэнтий аймгийн Бор-Өндөрт суурьшиж 2006 он хүртэл амьдарсан. Тэгэхээр аавынхаа амьдралын талаар өгүүлэхэд учир дутагдалтай юм. Эцэг минь гэр бүлсэг хүн байгаагүй байх гэж бодогддог. Урлаг, уран сайхан, уран бүтээлийн найзууддаа илүү цаг хугацааг зарцуулсан юм болов уу даа. Хэрвээ амьдрал бүтэн байсан бол өнөөдрийг таашгүй. Би ахлах сургуулиа дүүргэж 2006 оноос Улаанбаатар хотод ирж, суурьшсан нь аавтайгаа ойр байх нөхцөл бүрдсэн юм.

-Та дөрөв, таван настайдаа л ааваасаа холдсон юм байна. Хүүхэд байхдаа аавдаа гомддог байв уу?
      -Биднийг жаахан байхад  орхисон гэдэг бодол, сэтгэлээр ханддаг байсан болоод ч тэр үү гомддог байсан. Тэр үед телевиз, радиогоор харж, сонсчихоод баярладаг л байлаа. Ээж минь аавын сонинд өгсөн ярилцлагыг хайчилж хадгалдаг байсан нь одоо ч гэсэн бий. Тэгэхээр ээж минь бидэнтэй ижилхэн баярлаж, бахархдаг байсан шиг байна лээ. МУГЖ Намдагийн Төмөрхуяг нэрээр овоглож өдий дайтай яваа минь  маш том хувь заяа, буян гэж бодож талархдаг даа. Хүүхэд байх үеийн бодол, гомдол тэр цаг үедээ дурсамж болон үлдсэн.
-2006 оноос аавтайгаа ойр байсан юм байна. Аавынхаа тоглолт, уран бүтээлийн ажилд нь хэр тусалдаг байсан бэ?
      -Би хотод ирснээсээ хойш боломж гарвал тоглолтуудыг нь алгасахгүй үзэж, тайзан дээр дуулж байх үеийнх нь олон фото зураг дарж хувьдаа хадгалж үлдсэн байдаг.

-Багадаа аавынхаа дуулахыг телевиз, радиогоор сонсдог, үзэж баярладаг байсан гэлээ. Харин одоо бичлэгийг нь үзэж, сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ? 

     -Аавынхаа дуулахыг сонсохоор зөөлөн, намуухан, уярмаар мэдрэмж төрдөг. Дуулах нь “Үйл мэтгэж байгаа юм шиг” Арлааны Эрдэнэ-Очир агсан хэлсэн байдагтай санал нийлдэг. Дээрх мэдрэмжүүд өөрт нь болоод бүтээлд нь шингэсэн байдаг. Ааваас авсан эдгээр мэдрэмж миний зан чанарт маш их нөлөөлсөн.

     Би өөрийгөө аавынхаа уран бүтээлийн өнгө аяс, сэтгэлийн илэрхийлэл нь гэж боддог. Аав минь үг, үйлдлээрээ гэхээс илүү уран бүтээлээрээ намайг хүмүүжүүлж, миний амьдралд нөлөөлсөн гэж найддаг, итгэдэг.

-Таны аав, ээж хэрхэн танилцаж байсан бол. Та энэ талаар асууж байв уу?

     -Аав, ээжийгээ хэрхэн танилцаж байсан тухай нь асууж байгаагүй. Харин салалтынх нь тухай асууж байсан. Гэхдээ хэн нь ч надад тодорхой хариулт өгөөгүй. Урлагийн хүний амьдрал хэцүү. Тоглолтоор их явдаг, гэрт тогтдоггүй ч гэдэг юм уу тийм асуудлаас болж аав, ээжийгээ салсан байх гэж боддог. Аавыг гэртээ тогтохгүй, байнга тоглолтоор явчихаар нялх хүүхэдтэй ээжид хэцүү байсан байх. Ганц, хоёр удаа муудалцаад болохгүй болохоор нь салчихдаг нь залуучуудын алдаа байдаг байх даа. Түүнээс үр хүүхдээ өнчрүүлье, зовооё, дутуу амьдруулъя гэж боддог аав, ээж байхгүй байх.

-Таны аав, ээж хэрхэн танилцаж байсан бол. Та энэ талаар асууж байв уу?

     -Аав, ээжийгээ хэрхэн танилцаж байсан тухай нь асууж байгаагүй. Харин салалтынх нь тухай асууж байсан. Гэхдээ хэн нь ч надад тодорхой хариулт өгөөгүй. Урлагийн хүний амьдрал хэцүү. Тоглолтоор их явдаг, гэрт тогтдоггүй ч гэдэг юм уу тийм асуудлаас болж аав, ээжийгээ салсан байх гэж боддог. Аавыг гэртээ тогтохгүй, байнга тоглолтоор явчихаар нялх хүүхэдтэй ээжид хэцүү байсан байх. Түүнээс үр хүүхдээ өнчрүүлье, дутуу амьдруулъя гэж боддог аав, ээж байхгүй байх.


-Таны аавыг бор дарс нэлээд уудаг болсон гэх яриа байдаг шүү дээ. Үүнтэй холбоотой юм байсан юм болов уу?
    -Аав минь ээжтэй 10 жил амьдрахдаа гэртээ нэг л удаа согтуу ирсэн гэж ярьдаг юм. Харин салснаасаа хойш олон жил бор дарсыг хүртсэн дээ. Сэтгэлийн шаналан байсныг үгүйсгэх аргагүй. Бор дарснаас болж олон зүйлсээ хаяж гээсэн, үрэгдүүлсэн байдаг. Хэрэглэж байсан таяг нь хүртэл алга болсон. Таяг дотор нь метр орчим урт, дөрвөн талдаа иртэй жад байсан. Ямартай ч их сонирхолтой, музейд тавихаар эд байсан юм. Ер нь чөтгөрийн торгоос гарч чадалгүй хайрцагт орсон юм болов уу гэж бодогддог юм.
 -Хэрвээ архи уудаггүй байсан бол, уусан ч тааруулдаг байсан бол гэх харуусал танд төрдөг үү?
    -Урлагийн хүн бор дарснаас хол явах тийм амархан биш ч тааруулан хүртэж өөрийн авьяас билгийг хөгжүүлсэн бол маш ихийг хийж, бүтээх боломж, нөөц, цаг хугацаа байсан гэж бодож харуусал төрдөг. Мөн өнөөдөр ч биднийхээ хажууд уран бүтээлээ туурвиад сууж байх байсан болов уу. Эцэг минь магтаал бор дарс хоёрт хэтэрхий автаж, тухайн цаг үедээ түгжигдэн үлдчихсэн шиг санагддаг юм. Харин аав минь эд хөрөнгө, алт мөнгөний араас явж байгаагүйг мэддэг. Сайн сайхан уран бүтээлийн төлөө өөрийгөө бүрэн зориулсан хүн байсан.

-Аавынх нь амьдралыг үзэх үзэл нь ч гэдэг юм уу, өөрийнх нь мөн чанар ийм замналыг бүтээсэн юм болов уу. Ер нь ямар араншинтай хүн байсан бэ?

      -Шударга, зарчимч, цэвэрч нямтай, цэгцтэй, өөрийн үзэл бодолдоо үнэнч бүх хүнийг ялгалгүй харьцаж чаддаг байсан. Хүний амьдралыг үзэх үзэл, зан чанар цаг үеэ дагаад өөрчлөгдөж, сайжирч, зүлгэж өнгөлж байх ёстой гэж боддог. Харин аав минь миний бодлын эсрэг байсан юм болов уу. Уран бүтээлийн төлөө амьдрах ёстой гэдэг ойлголтоор өөрийгөө хайрцагласан ч юм шиг. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, ханиа хайрлах, халамжлах, гэрийн эзэн байх үүргээсээ зугтсан ч юм шиг мэдрэмж төрдөг юм. Нөгөө талаараа үгүй ч байж болно. Ер нь аавынхаа амьдралыг зөвтгөх, буруутгах ямар нэг талаар шүүх эрх надад байхгүй. Би эцгийгээ ямар ч хүн байсан байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн. Багынх  шигээ аавдаа гомдоод байвал тоосго үүрсэн мэт хүнд хэцүү байна шүү дээ.


-Таны ярианаас сонсоход аавынх нь амьдрал, уран бүтээлийнх нь замналын өнгө өөр байсан юм болов уу гэж бодогдож байна?
     -Дуулсан дуу шигээ амьдраагүй ч юм шиг санагддаг. Хөгжмийн зохиолч МУУГЗ Б.Бямбабаяр ах “СУИС-д Н.Төмөрхуягийг судлах анги гаргая” гэсэн санаа ярьж байсан. Миний аав мэргэжлийн дуучин биш, урлагийн сургууль төгсөөгүй. Наймдугаар анги дүүргэж, техник мэргэжлийн сургуулийг техникийн чиглэлээр дүүргэсэн. Гэлээ ч авьяас билгийн хувьд дахин давтагдашгүй, онцгой, сод хүн. Үүнээс харахад сод хүн ч бүх зүйлд төгс байж чаддаггүй юм байна гэж ойлгосон.

-Ач нараас нь дуулах сонирхолтой хүүхэд бий юу. МУУГЗ Б.Бямбабаяр гуай “Н.Төмөрхуягийн ген үргэлжлэх ёстой, заавал урлагийн хүн төрнө” гэж ярьсан байдаг?

      -Миний ахын том охин солгой гартай байгаа нь тохиолдол биш байх. Одоо төгөлдөр хуур сурч байгаа, тоглох дуртай харагддаг. Аав минь гитарын утсыг солилгүйгээр нарийн утас нь дээрээ гаргаж байгаад доороос нь дээш татаж тоглодог байсан нь их этгээд шүү. Солгой гарын ген нь ойр бий. Тэгэхээр аавын минь авьяас билэг үргэлжлэх нь цаг хугацааных байх.

-Таны аав мэргэжлийн сургууль төгссөн дуучин биш ч гэлээ Монголын сод авьяастнуудын нэг, Монгол Улсын Гавьяат Жүжигчин байсан. Аавынх нь гэр бүлд дуулдаг хүн байдаг уу?
      -Өвөө маань Баян-Өлгий аймагт төрсөн Т.Намдаг гэж маш сайхан дуулдаг хүн байсан. Бидний жаахан байхад их дуулдаг байсан нь санагддаг юм.

Алдарт уртын дууч Сэсэржаагийн Дамчаа: “Дарьгангын Жаахан шарга”-ыг Намдаг шиг уран гоё дуулдаг хүнийг би үзээгүй” гэж хэлсэн байдаг юм билээ. Харин эмээ  минь Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн М.Цэндсүрэн гэж хүн байсан. Лхадоржийн хөгжим "Цэнхэр дурдан" алчуур дууг маш сайхан дуулдаг байсан гэж аав минь тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг.

Аймгийн соёлын ордонд дуучин, жүжигчин, эрхлэгчээр ажиллаж байсан гэнэ лээ. Тэгэхээр аав ээжийгээ дуурайж дуулах авьяастай төрсөн байх аа.

-Тэгвэл аавынх нь дуучин болох гараа хэрхэн эхэлсэн юм бол?
      -Цэргээс халагдаж ирээд УГЗ Лүндэгийн Дашням /Жонон хонгорын/ гэдэг хүний шавь болж “Хан Хэнтий” чуулгад дуучнаар орж, урлагийн гараагаа эхэлсэн юм билээ. Дараа нь Улаанбаатар хотын Хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон гэдэг.

 

Бүр сүүлд 1987 оноос Монголын радиод “Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн хэрлэн”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Зүүдэлсэнгүй явлаа”, “Ханийн минь нутаг”, “Өр өвтгөх юм бүхнийг дуул” дуугаа бичүүлж, ард түмний хүртээл болгосон юм билээ. Нэг сайхан зүйл нь тэр үед дуулсан уран бүтээлүүд нь өнөөдрийг хүртэл ард түмний сонсохыг хүсдэг, хайрладаг, хүндэлдэг дуу байсаар байгаад баярлаж, бахархаж явдаг. Аавын минь уран бүтээлүүд Монголын радиогийн “Цагаан лавай”, “Морин хуур” наадмын тэргүүн, дэд тэргүүн шагналуудыг удаа дараа хүртсэн байдаг.

-Таны аавыг дуулахаас гадна олон авьяастай байсан гэж сонссон. Тэдгээрийнх талаар дурсвал?
     -Аав минь дуулахаас гадна зурдаг, сайхан бичдэг, хутга шиддэг,… гэх мэт олон авьяастай байсан. Өөрийгөө дуучин гэхээс илүү зураач гэж ярих дуртай байсан юм. Аавыг Дүрслэх урлагийн сургуульд явах гэж байхад нь өвөө явуулаагүй гэдэг. Мөн өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан. 1973 онд бичиж байсан тэмдэглэлийн дэвтэр нь байдаг. Түүнээс үзэхэд “Хан Хэнтий” чуулгад дуучнаар ажиллаж байхдаа өглөө эрт босож, хоолойны дасгал, бэлтгэл хийдэг, орон нутгаар тоглолтоор их явдаг тухайгаа бичсэн байдаг.
-Өдрийн тэмдэглэл хөтөлж байсан гэхээр сонирхолтой санагдаж байна. Хэчнээн жил тэмдэглэл хөтөлсөн юм бол?
      -Би аавыгаа залуугаасаа өдрийн тэмдэглэл тасралтгүй хөтлөөд хэвшчихсэн хүн байж дээ гэж ойлгосон. “Мартахгүйн тулд” гэж бичиж байгаад тэмдэглэлийн дэвтэр нь эхэлдэг. Чухал гэж бодсон зүйлээ он, сар, өдөртэй нь маш товчхон тэмдэглэдэг байсан юм билээ. Түүнээс биш сэтгэл хөдлөл, өөрт төрсөн мэдрэмж, ахуйгаа төдийлөн бичдэггүй байсан юм шиг байгаа юм. 1973 болон 2016 оноос 2019 оны хооронд тэнгэрт дэвших хүртлээ бичсэн тэмдэглэлийн дэвтэр нь хадгалагдан үлдсэн байдаг. Хааяа харах, хуудсыг нь эргүүлэх, тэмдэглэсэн зүйлсийг унших сайхан мэдрэмж өгдөг.

-Аавынхаа, уран бүтээлийг мөнхжүүлэх ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа юу?
     -Манай гэр бүлийнхэн аавын нэрэмжит сан байгуулж, сангаараа дамжуулан гэр музей, пянз, си-ди, ном гаргах гэх мэт олон сайхан санаануудын тухай ярилцаж байгаа. Аавд ирж байсан захиа, зураг, шагнал урамшуулал, яруу найргийн ном, өмсөж байсан хувцас, хутга, сонин хэвлэлд өгч байсан ярилцлага гэх мэт өөрийнх нь хэрэглэж байсан эд зүйлсээр гэр музей байгуулах бодол байгаа. Эхлээд сайхан дуунуудаас нь бүрдсэн си-ди, пянз гаргахаар төлөвлөж байна. Энэ тал дээр тусалж дэмжих, хамтрах хүнд нээлттэй.
-Аавынхаа дуулсан дуунуудаас алийг нь ахин дахин сонсмоор санагддаг вэ?
         “Хорвоод ганцхан ээждээ” дуунд нь илүү дуртай. Учир нь ээждээ хязгааргүй хайртай болохоор. Мөн “Зүүдэн бороо”, Саа мөнгөн хэрлэн” дууг нь дуулах, сонсох дуртай.

-Танайхаас хэн нь хамгийн сайхан дуулдаг вэ?

       -Миний эрэгтэй дүү сайхан дуулдаг юм билээ. Дүүгээ урлагийн сургуулиар явуулах байж дээ гэж боддог. Хэрвээ аав, ээж хоёр минь 2 тийшээ болоогүй байсан бол би ч урлагийн хүн болох байсан байх. Би жүжигчин болох мөрөөдөлтэй байсан юм. Архитектур мэргэжил эзэмшиж архитектор болохоор хичээж явна даа. Аавын зурах авьяасаас өчүүхнийг өвлөсөн гэж боддог. Харин ах, дүү хоёр минь хувиараа бизнес эрхэлдэг.

 -Та ээжийнхээ тухай ярьж өгөөч?
     -Миний ээжийг Хайдавын Оюунжаргал гэдэг. Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн. Бор-Өндөрийн Уулын Баяжуулах Үйлдвэрт 20 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Бидэндээ бурхан шиг л хүн бий дээ. Ээж минь дайчин, сэргэлэн, мундаг хүн болохоор бид газардаагүй ээ, бусдын адил энгийн сайхан амьдарч байгаа гэж боддог. Ээжийнхээ олон сайхан зан чанараас суралцаж явна даа.

-Та аавтайгаа хамгийн сүүлд хэзээ уулзаж, юун тухай ярьсан бэ?

      -Аавтайгаа бурхан болсон жилийнх нь Цагаан сараар л уулзсандаа. Түүнээс хойш уулзаж чадаагүй ажил, ажил гэж ахуйдаа түүртсээр байтал хайртай дотнын хүмүүсээ яваад өгнө гэж төсөөлдөггүй юм байна лээ.
-Танд "Аавдаа хэлэх юм сан" гээд сэтгэлдээ хадгалж явсан үг бий юу. Бас аав нь танд хэлсэн сэтгэлийн үгээ хэлж байсан болов уу. Өөрөөр хэлбэл, аав хүү хоёрын дунд халуун дотно, сайхан яриа өрнөж, уйлж, инээж, сэтгэл нь дэвтэж байсан уу?
       -Аавд минь хэлэх үг зөндөө байсан байх. Бурхны оронтой холбоо барьж чадахгүй учраас хэлэх үгээ дотроо үлдээе дээ. Аавын хэлж байсан чин сэтгэлийн үг, зөвлөгөө зөндөө бий. Алийг нь тэр гэхэв дээ.


-Аавыгаа эргээд дурсахад уран бүтээлээс нь гадна юу үлдсэн байна. Аав, хүү хоёрын харилцаанаас?

     -Аавтайгаа ганц, хоёр нэвтрүүлэгт хамт орсон юм байна. Мэдээж хамт байсан цаг хугацаа үнэлшгүй сайхан дурсамжууд л бий дээ.

-Та аав, ээжийгээ баярлуулах тухай юу гэж боддог вэ. Хүмүүс “Аав, ээжийнхээ ачийг хариулж бардаггүй” гэж ярьдаг шүү дээ?
     -Үр хүүхэд бид нар нь сайн сайхан явж байвал ачийг нь бага ч болтугай хариулж байна гэж боддог. Нэг зүйл дээр аав минь их баярласан байх гэж дотроо бодож явдаг. Олон жил уулзаагүй аав, ээжийгээ дагуулаад 2014 оны наадмаар Хөвсгөл далай руу гэр бүлээрээ амарч сайхан дурсамжийг бүтээсэн. Тэр үед хоёулаа маш их баярласан болов уу.
-Аавынхаа тухай сайхан яриа дэлгэсэн танд баярлалаа.
           -Баярлалаа.



 

 
 

МУГЖ Н.ТӨМӨРХУЯГИЙН ХҮҮ Т.УЧРАЛ: ААВ МИНЬ АВЬЯАС БИЛИГИЙН ХУВЬД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, СОД ХҮН БАЙСАН ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 21:17:41
    Болзообаяр: Мундаг сайхан дуучин байсан шүү Миний дүү аавынхаа нэрийг өндөрт өргөж яваарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 12:47:20
    Отгондалай хөвсгөл мөрөн: Бид2цэрэг хамтдаа хөгжим тоглож дуулж хөөрч явлаа надаас асуух зүйл байвал99672645 утсаар холбогдоорой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 08:00:00
    Баагий: Монголын төр.Соёлын яам ийм л хүмүүсээ харж хандаж өөд нь татах байсан.Адарсүрэн байна. Даанч гудамжинд хаяасан даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 18:17:36
    Залуу фенээс нь: Хайран сайхан дуунуудыг нь хэдэн балай СУИС, сумын хэдэн дуучдад өгч битгий сэглүүлээд бай л даа. Сайхан дуучныхаа хоолойгоор л сонсмоор байна. СД Пянзыг нь яг өөрийнх нь дуулсанаар л оруулж хурдан гаргаарай. Ум сайн амгалан болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 16:43:36
    Erdenechimeg: shn yariltslaga boljee nasan turshda aavaaraa baharhaj yavarai duu goy dursamj setgegdel unshla bayarlalaaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 16:40:53
    Lkhavwasuren: 19978 oni bi tseregt baisan, Tumurkhuyag 1979 oni tsereg baiw
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 15:27:57
    Иргэн: Бахархаж байна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 15:18:27
    Нарандэлгэр: Мундаг сайхан дуучин байсаан амьдрал өөрөө таагдашгүй олон өнгөтөйдөө хүн түүнд солонгорч амьдардаг сайхан ухаалаг хүү бн үг яриа мундаг цэгцтэй хүү бн амжилт хүсье сайхан дуучинаа Монгол хүн бүр мартахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 15:01:03
    Иргэн: Үнэхээр сайхан яриа болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 14:48:45
    Зочин: Сүүлчийн жилүүддээ асарч анхаарах хүн байхгүй жаахан ядарч л явсан байх шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188