• Өнөөдөр 2026-05-17

ХУУЛЬЧ Б.ЦЭНД-АЮУШ: 1072 хувьцааны өвийн хөдөлгөөний бүртгэл хийхийг зөвшөөрч байгаа нь чухал шийдвэр болсон

-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Та “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны талаар ерөнхий мэдээлэл өгнө үү?

      -Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Яриагаа эхлэхээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн талаар ерөнхий мэдээлэл өгье гэж бодож байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд Коксжих нүүрс олборлож, олон улсын зах зээлд, ялангуяа биржээр дамжуулан борлуулах үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших, дэлхийн хамгийн том коксжих нүүрсний ордуудын нэг болох Таван толгойн ордыг ашиглах, олборлох үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон төрийн өмчит компани юм.

2012 онд Монгол Улсын Засгийн газраас тус компанийн 20  буюу гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4 сарын 11-ээс өмнө төрсөн МУ-ын иргэдэд үнэгүй эзэмшүүлсэн. Тэгэхээр 2012 оноос хойш амьдарч байгаа болон амьдарч байсан Монгол хүн бүрт 1,000,000 төгрөгтэй тэнцэхүйц буюу нэг бүр нь 933 төгрөгний үнэ бүхий 1072 хувьцаа байсан гэсэн үг. 2012 оноос хойш иргэдийн зарим хэсэг нь энэ хувьцаагаа МУ-ын Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдсан, оюутнууд сургалтын төлбөртөө хэсэгчлэн болон бүрэн суутгуулж хэрэглэсэн гэх мэт зүйлүүд байгаа. Харин хувьцааныхаа тодорхой хувийг Засгийн газарт худалдаагүй иргэдийн тухайд түүнд ногдох ногдол ашгаа хүртээд явж байна.   

- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны захиран зарцуулах эрхийг хязгаарлалт нь юу вэ. Зургадугаар сарын 1-ээс эхлэн өв залгамжилж болохоор болсон. Энэ талаар яривал

       -Монгол Улсын Засгийн газар 2012 оны 181 тогтоолоор “иргэдэд эзэмшүүлсэн ЭТТ ХК-ийн хувьцааны захиран зарцуулах эрхийг царцаасан байсан. Өөрөөр хэлбэл иргэд энэ хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдахаас бусдаар захиран зарцуулах”-ыг хориглосон байсан. Харин Ерөнхий сайд Т.Учралын “Чөлөөлье арга хэмжээ”-ний үр дүнд ЭТТ 1072 хувьцааны өвийн хөдөлгөөны бүртгэлийг хийхийг зөвшөөрч байгаа нь ихээхэн зөв зүйтэй шийдвэр болсон юм.

Гэхдээ энэ шийдвэр нь хууль зүйн утгаараа хувьцааг өвлүүлэхийг зөвшөөрөөд байгаа хэрэг биш, харин 1072 өвлүүлэгчээс өвлөгчид шилжиж буй бүртгэлийг нь зөвшөөрсөн гэсэн үг юм. Тодруулбал, Өв залгамжлал гэдэг нь Үндсэн хуулийн 16 дугаар заасан Хүний үндсэн эрх бөгөөд үүнийг Засгийн газрын шийдвэрээр хориглоод зөвшөөрөөд байгаа хэрэг биш юм. Тэгэхээр зөвхөн 1072 хувьцаа, түүний ногдол ашиг ч гэлтгүй, бүхий өв хөрөнгө өв залгамжлалын асуудал нь Үндсэн хууль болоод Иргэний хууль тогтоомжоор зохицуулагддаг.

-ЭТТ ХК-ийн 1072 хувьцаан эзэмшиж байгаад Нас барсан иргэдийн хувьцаа, ногдол ашгийг ар гэрийнхэн нь авч болно гэсэн үг үү?

       -Тиймээ. Дээр хэлсэнчлэн хувьцаагаа Засгийн газарт буцаан зараагүй байж байгаад 2012 оноос хойш нас барсан хүний тухайд түүний эзэмшиж байсан хувьцааг түүний өвлөгч нар нь өвлөн авч, нэр дээрээ шилжүүлэх буюу хуримтлагдсан ногдол ашгийг нь авч болно.

 Энэ нь огт шинэ зүйл биш бөгөөд ердийн өв залгамжлах харилцаатай л адил зарчмаар шийдвэрлэгдэнэ. Өв залгамжлалын эрх зүйн зохицуулалт нь Иргэний хуулиар тогтоосон нийгмийн нэг чухал харилцаа юм. Тодруулбал, энэ нь өвлөх эрхийн хүрээнд яригдах асууал бөгөөд өв нээгдсэн буюу өвлүүлэгч нас барснаас хойш түүний хөрөнгийг чухам хэн, хэн өвлөн авах эрхтэй вэ? Энэ эрхээ хэрхэн бодитойгоор хэрэгжүүлэх вэ? Өвлөх эрхийн гэрчилгээг хаанаас авах вэ? гэсэн асуудлуудыг Иргэний хуульд тодорхой зохицуулсан байгаа.  

-Тэгэхээр нас барсан хүний 102 хувьцааг хэн өвлөн авах вэ?

       -Зөв асуулт байна. Юуны өмнө хэн өвлөх авах эрхтэй юэ гэдгийг Иргэний хууль тодорхойлж өгнө. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 528 дугаар зүйлд Өвлөгч нарыг талийгаачтай хамт амьдарч байсан болон хамт амьдарч байгаагүй гэж хоёр хуваадаг. Иргэний хуулийн 528.1 дэх хэсэгт зааснаар хамт амьдарч байсан өвлөгчид татгалзаагүй бол өвийг хүлээн авсанд тооцогддог бол 528.2-т зааснаар хамт амьдарч байгаагүй өвлөгч нь өв нээгдснээс хойш буюу талигаачийг нас барснаас нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ нотариатчид гаргах ёстой. Ингэж хүсэлт гаргаагүй бол өвлөгч биш болно гэсэн үг. Улмаар хамт амьдарч байсан өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг авахаар нас барснаас хойш нэг жилийн дараа нотариатчид хандаж болно. Харин хамт амьдарч байсан өвлөгчдийг мөн хуулийн 520 дугаар зүйлд зааснаар нэгдүгээр ээлжний буюу эхнэр нөхөр, эцэг эх, хүүхдүүд, хоёрдугаар ээлжний буюу ах эгч, дүү, өвөө эмээ, ач зээ гуравдугаар ээлжний буюу ачинцар, зээнцэр гэсэн дарааллаар нь өвлөх эрхийн гэрчилгээ олгоно.

-Нас барагч ганцаараа амьдарч байсан эсхүл төрөл садан бус, эсхүл хамтран амьдрагч хүмүүстэй амьдарч байсан тохиолдолд яах вэ? өвлөх эрх үүсэх үү?

      -Маш зөв асуулт байна. Тэгэхээр дээр дурьдсан 1,2,3-р ээлжний хүмүүс л зөвхөн өвлөн авах боломжтой. Хамаатан садан бус эсхүл гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагч өв хүлээн авах эрхгүй юм. Тэгэхээр ийм тохидолд ганцаараа амьдарч байсантай ялгаагүй нөхцөл байдал үүснэ. Хэрвээ талийгаач ганцаараа амьдарч байгаад нас барсан бол эд хөрөнгийг өвлөн авах хүсэлт гаргасан, эсхүл эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан өвлөгч нь уг хөрөнгийг өвлөх эрх үүснэ. Харин 1072 хувьцааны хувьд эзэмдэн авах, эрхлэн удирдах гэдэг ойлголт байхгүй учраас заавал хүсэлт гаргасан байхыг шаардаж байна. Харин бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан этгээдийг өвлөгч гэж үзэх боломжтой. Өвлөгчийг өвийг хүлээн авсанд тооцох эсэх нь нотариатч нар хуулийн дагуу шийдвэрлэдэг. Хэрэв өвийн талаар маргаан үүсвэл шүүхээр шийдвэрлэнэ.

-Ганцаараа амьдарч байсан эсхүл төрөл садан бус, эсхүл хамтран амьдрагч хүмүүстэй амьдарч байсан хүнийг 1072 хувьцаа өвлөгдөхгүй гэж ойлгож болох уу?

     -Яг тийм. Тийм тохиолдолд харамсалтай нь 1072 хувьцаа өвлөгдөх боломжгүй буюу эзэнгүй эд хөрөнгийн адил төрийн өмчлөлд шилжинэ. Харин өвлөгч өв хүлээн авах хүсэлтээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзвэл шүүхэд хандах эрх нь нээлттэй. Шүүх өвийг хүлээн авах хугацааг сунгавал Нотариатч өвлөгч нарт түүнд өвлөх эрхийн гэрчилгээг олгож болно. Тэгэхээр өвлөгч нар талийгаачийн амьдарч байсан хорооны Засаг даргаас өвийн лавлагаа буюу оршин сууж байсан тодорхойлолт буюу өрийн бүртгэлийг хуулбарлан авах ёстой. Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу өрхийн бүртгэлийг баг, хорооны Засаг дарга нар хөтөлдөг.

Үүн дээр нэмж хэлэхэд одоо оршин сууж байгаа бүртгэлийг Улсын бүртгэлийн check.burtgel.gov.mn цахим хаягаар шалгах боломжтой юм байна лээ. Тэгэхээр ганцаараа амьдарч байгаад нас барсан иргэдийн мэдээллийг эхний ээлжинд цахимаар энэ хаягаар мэдээллийг нь шалгаад хэрэв өв хүлээн авах хүсэлт гаргаагүй улмаар нас бар аль хэдийн 1 жил өнгөрсөн бол хуульчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай.

-ЭТТ 1072 хувьцаагаа өвлөж авахыг тулд хаана хандах вэ?

     -Тэгэхээр талийгаачтай хамт амьдарч байсан мөнөөх өвлөгч нар маань баг хорооны Засаг даргаасаа хамт амьдарч байсан тухай өвийн тухай тодорхойлолтыг бичгээр аваад, өрхийн бүртгэлийг хуулбарлан талийгаачийн нас барсан газрын Нотариат дээр бүгдээрээ хамт очих ёстой. Улаанбаатарт амьдарч байгаад нас барсан бол Нийслэлд байрлах нотаритын салбарууд дээр, харин Орон нутагт амьдарч байгаад нас барсан бол тухайн оршин сууж байсан аймаг, сумын Нотариатын салбар дээр очино гэсэн үг. Ингээд тухайн хувьцааг хэн нь ямар хэмжээгээр өвлөн авах болохоо хоорондоо тохиролцоод, өв хүлээн авах хүсэлтээ бичгээр гаргаж, талийгаачтай ямар хамааралтай болохоо нотолсон  тохиолдолд Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг олгоно. Насанд хүрээгүй өвлөгчийг эцэг, эх төлөөлөөд гарын үсэг зурна, харин хөдөлмөрийн чадваргүй иргэнийхээг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь төлөөлнө. Өөрөөр хэлбэл, өвлөх эрхтэй өвлөгч нарын тохиролцон ёсоор хэн нэг нь дангаараа, эсхүл бүгд тэнцүү, эсхүл харилцан адилгүй хэмжээгээр өвлөн авах боломжтой. Гагцхүү маргаан үүсвэл үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болно.

-Хөдөө орон нутагт байгаа иргэд талийгаачийн нэр дээр ЭТТ 1072 хувьцаан байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ?

     -Зөв асуулт байна. Ер нь 1072 хувьцааны бүртгэлийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хийж явдаг. Энэ байгууллага одоогоор аймаг, сумдуудад салбаргүй учраас биечлэн шалгуулахад жоохон хүндрэлтэй байгаа. Гэхдээ талийгаачийн регистрийн дугаарыг 158989 тусгай дугаарт мессежээр илгээн шалгах боломжтой. Хэрэв хувьцааны данс нээлгэж байсан бол хувьцааны үлдэгдэл, ямар брокерын компани дээр данстай болох нь мессэжээр хариу ирнэ. Тийнхүү хариу ирэхгүй бол заавал биечлэн шалгуулах, эсхүл өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс шалгуулах шаардлагатай юм.

-ЭТТ 1072 хувьцааны өвлөхийг гэрчилгээ бичиг баримтаа хаанаас аваад хаана бүртгүүлэх вэ?

     -Өвлөх эрхийн гэрчилгээг зөвхөн нотариатч олгоно. Дахин хэлэхэд хөдөө орон нутагт амьдарч байгаад нас барсан иргэдийн өв залгамжлалыг тухайн аймаг, сумын нотариатын салбар дээр, Улаанбаатарт нас барсан иргэдийн өв залгамжлалыг Нийслэлийн тойргийн нотариатч нар шалгаж, хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгоно. Нотариатаас авсан өвлөх эрхийн гэрчилгээгээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлэн өөрийн нэр дээрх хувьцаан дээрээ нэмж бүртгүүлэх, улмаар брокерийн компани дээр үнэт цаасны данс нээлгээд хувьцааныхаа ногдол ашгийг хүртээд явах боломж бүрдэнэ.

-Мэдээлэл өгсөн таньд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

   -Та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

 


ХУУЛЬЧ Б.ЦЭНД-АЮУШ: 1072 хувьцааны өвийн хөдөлгөөний бүртгэл хийхийг зөвшөөрч байгаа нь чухал шийдвэр болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188