• Өнөөдөр 2024-05-06

УРАН БОЛ СТРАТЕГИ ХЭМЭЭХ ҮЛ ҮЗЭГДЭГЧ ГАР

2023-11-07,   671

     Ирэх он жилүүдэд эрчим хүчний шилжилтийг хангах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эрдэс бүтээгдэхүүний гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэх нь тодорхой байна. Америк дэлхийн тэргүүлэгч эдийн засгийн нөлөөгөө хадгалах, Япон бүс нутагтаа улам хүчирхэгжих, Орос улс Европ, Америкийн эсрэг мөнхийн өрсөлдөөнд улам бэлтгэлжих, Хятад өөрчлөлт, шинэчлэлтийн бодлогоо шинэ түвшинд ахиулах зэрэгт эрдэс баялаг чухал хэрэгцээтэй. 

    Хоёр зууны өмнөх шиг уурын хөдөлгүүр, салхин тээрэм тэргүүтнээр дараагийн хөгжлийн шат руу ахих ямар ч боломжгүй болсон. Харин ирээдүйд шинэ технологи, үйлдвэрлэлээр хөгжлийг түүчээлж, үүний гол түүхий эд нь эрдэс баялаг байна. Ингээд бодохоор Монгол Улс хязгааргүй баян юм байна гэх сэтгэгдэл төрнө. Нүүрс л гэхэд батлагдсан геологийн нөөц 30 гаруй тэрбум, цаашид геологи хайгуулын нэмэлт судалгаагаар илрүүлэх боломжтой боломжит нөөцийг тооцвол 150 гаруй тэрбум тонноор хэмжигдэнэ. Тэгэхээр бид зөвхөн нүүрсээ зарахад л гарцаагүй баяжих нь ээ гэж бодож болохоор байна. Тэгвэл сэтгэлийн хөөрөө дараад жаахан нухацтай хандаад үзье.

    Үйлдвэрлэл нэмэгдэж, эдийн засаг өсөхийн хэрээр олон улсад эрчим хүчний хэрэглээ улам бүр цойлох нь ойлгомжтой. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр ойрын 20 жилийн дотор эрчим хүчний салбарын ашигт малтмалын хэрэгцээ зургаа дахин өсөх төлөвтэй байгааг дурджээ. Уг тоон үзүүлэлтээс манай улсын нүүрсний экспорт ирэх 20 жилд өнөөгийнхөөс зургаа дахин их буюу 200 гаруй сая тонныг давах нь ээ гэх хөнгөхөн төсөөллийг хэлж болох мэт. Гэвч үгүй. 

   Үүнд дахин нэг тоон үзүүлэлтийг харгалзах ёстой. Тодруулбал, ингэхдээ нүүрстөрөгч бага ялгаруулах буюу байгальд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэл гурав дахин өснө гэжээ. Энэ нь эрчим хүчний хэрэглээ өсөх ч үүнийг аль болох байгаль экологид хор хөнөөл багатай байдлаар шийдэхийг эрмэлзэх болно гэсэн үг юм. Товчхондоо, нүүрсээ баагиулаад шатаагаад байхгүй. Харин үүний оронд нүүрстөрөгч ялгаруулахгүй, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг түлхүү дэмжинэ. Үүнд ураны ашиглалт зүй ёсоор орно. Ер нь бид зэс, нүүрс тэргүүтнийг олон улсад хамгийн чухал эрдэс бүтээгдэхүүн гэх ойлголттой байдаг. Гэвч бодит байдал дээр тийм биш. Мэдээж зэсийн эрэлт ойрын хэдэн жил огцом өсөх нь ойлгомжтой. Нүүрсний эрэлт тодорхой түвшинд байсаар байна. Гэхдээ хүчирхэг эдийн засагтай улс орнуудын хувьд зэс тэргүүтэй эрдэс баялаг чухал ач холбогдолтой баялгийн тоонд ордоггүй гэдгийг та мэдэх үү. Нүүрс бүр бараа сураггүй. Тодруулбал, дэлхийн хүчирхэг улс орнууд тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын стратеги, цэргийн технологийн дэвшлээ хадгалахад нийцүүлж стратегийн чухал түүхий эдийг ялгамжтай тодорхойлж байна. АНУ л гэхэд эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой 50 чухал ашигт малтмалыг гаргасан байдаг. Сонирхолтой нь үүнд зэс, нүүрс ордоггүй. Тэд тухайн түүхий эд тасалдсан тохиолдолд эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нь ихээхэн үр дагавар үзүүлэх учир тодорхой нэр төрлийн ашигт малтмалыг стратегийн түвшинд авч үздэг. Үүнд 17 төрлийн элементээс бүрдэх газрын ховор металл багтана. Цэргийн элдэв техник, шуудан холбоо, нарийн төвөгтэй зохион байгуулалт бүхий янз бүрийн технологиудад нь эдгээр нь хэрэгтэй аж. Энэ мэтээр чухал түүхий эдийн жагсаалтууд хөврөнө. 

    Яг үүнтэй адилаар Япон, Орос, Хятад гэх зэрэг гүрнүүд дэлхийн тавцанд хөгжил дэвшлээрээ онцгойрон өрсөлдөж, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах, өргөн хүрээтэй стратегиа хэрэгжүүлэхэд нэн чухал түүхий эдийг ялгамжтай тогтоосон байдаг аж. Үүнд нийтлэг байдлаар давхацдаг эрдэс түүхий эд нь уран. 

    Тийм ч учраас эдийн засаг, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй түүхий эдийнхээ хангамж, нийлүүлэлтийг баталгаажуулахад улс гүрнүүд онцгой анхаарал хандуулдаг. Бас уг нөөцийг бусдын хоол болгож, хэн нэгэн өөрөөс нь онцгойроод ирэхийг зөвшөөрөхгүй. Тэгэхээр эдгээр жагсаалтад багтсан эрдэс бүтээгдэхүүн нь эдийн засгийн үр өгөөжөөс гадна стратегийн чухал бодлого болж хувирдаг. Энэ ч үүднээс Монгол Улс уранаа олборлон боловсруулах асуудал улс орнуудын анхаарлыг зүй ёсоор татах нь гарцаагүй юм. Зарим орнуудын сэтгэлийг нь чилээж, хөлсийг нь чийхаруулж байна. 

     Хялбархан тайлбарлах гээд үзье. Бид хувин нүүрс бариад их гүрнүүдийн хаалгыг тогшлоо гэж төсөөлөе. Зарим нь хаалгаа тайлж өгөхгүй. Дурангаар сэмхэн хараад чимээгүйхэн цааш алхана. Нөгөө хэсэг нь хаалгаа тайлах ч бид нүүрсээ барьсаар үүд хавьцаа нь зогсоно. Элдвээр мяална. Зарим нь ойлгож, дэмжиж байгаа дүр үзүүлэвч цаанаа л нэг ёзгүй. Зэсийн хувьд нүүрснээс арай дээр. Гэхдээ л хатавчнаасаа нэг их ахиулахгүй. Харин хувин уран бариад их гүрнүүдийн зүг алхая. Франц, Орос, Хятад, Япон гэх мэт. Захаасаа эхлээд аль эрт үүдэн дээрээ гарч ирээд зогсож байна. Талх давс, шарсан нугас барьчихсан ч байх шиг. Үүдэнд зогсоод яахав, дотогш ор гэж хүндлэнэ. Хүрэм авч өлгүүрт өлгөөд, буйданд тухалж, халуун цай уухыг урина. Ярианы сэдэв ч өөр болж эхэлнэ. Илүү дотно, илүү нухацтай хандана. Ятгана, тайлбарлана, санал тавина. Яагаад гэвэл уран бол эдийн засгийн үр өгөөжөөс гадна стратегийн бодлогыг хэрэгжүүлэх үл үзэгдэгч гар билээ. 

    Эцэст нь юу хэлэх гээд л мунгинаад байна гэвэл зэс, нүүрс манай улсын эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байх ч стратегийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, өндөр технологид суурилсан, гадны аливаа нөлөөлөлд үл автах, эдийн засаг улс төрийн хувьд бүрэн бие даасан улс гүрэн болж хөгжиж давуу боломж гарцыг улам өргөжүүлэх магадлал бага. Харин уран эдийн засгийн үр өгөөжөөс гадна стратегийн бодлогоо хэрэгжүүлэх үл үзэгдэгч гар болох боломжтой. Гол нь бид ухаалаг байж, шийдвэр гаргах хэрэгтэй. 

 

УРАН БОЛ СТРАТЕГИ ХЭМЭЭХ ҮЛ ҮЗЭГДЭГЧ ГАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-09 22:02:22
    Иргэн: Niger улс хэрхэн хөгжсөн бэ маш их уран гаргасан ч хорт хавдарын өлгий болсон доо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188