• Өнөөдөр 2024-05-07

Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ-III

2021-10-08,   13407

Эхний хэсгийг ЭНД дарж уншина уу.

Хоёр дахь хэсгийг ЭНД дарж уншина уу.

       Ингээд бид дөрөв хамт явсан хүмүүсээсээ бүр мөсөн төөрөв. Тэд гол гатлаад цааш явсан юм билээ...

         Хэнтийн нуруу, Минжийн аглаг битүү тайгад зуны эхэн сар гарлаа. Цас хайлмагтаж, шар ус энд тэндгүй хоржигнон судаг, гуу жалгаар урсана. Модны мөчир өнгөө засаж, цасан доороос яргуй нүдэлж, өдөр уртсаж эхлэв. Мөн наран ээвэр газрын энгэр бэлээр хөвд өвсөн доороос нялх ногоо цухуйх нь ирж яваа цаг, дэлгэр сайхан зун болох гэж буйг илтгэнэ. Төд удалгүй хөвчийн балар ойд зун болж, өнгө өнгийн  цэцэг урган, салхины аясаар нарийхан ишин дээрээ найган гайхахыг үзэх болов уу гэж далдхан мөрөөднө.  Модны мөчир, саглагар модоор отог хийж, 10, 10-аараа хуваагдсан бид бууриа сэлгэлээ. Шинэ “гэр”-т маань үе үехэн дусаал дусаж, хүмүүс галын захад гутал, оймсоо хатааж, нөгөө хэсэг нь гал дээр гурил хуурч, байгаа жаахан гурилаараа гамбир хайрч байлаа. Хуурсан гурил, шаргалтсан гамбир, халуун хар цай ядарч, зүдэрсэн бидэнд хамгийн  амттай, хоол, хүч чадал болж байлаа. Болдоо яваад 20 гаруй хоносон ч сураггүй.  Хэзээ мөдгүй  машины дуу сонсогдоод  хүрээд ирэх юм шиг л явсан замыг нь ширтэж, уртаас урт санаа алдана. Хувь заяатайгаа эвлэрнэ гэгчээр бид нэг л мэдэхэд уулын гүндээ хэдийн дасан зохицоод амьдарч байлаа. Гэхдээ гэртээ харих мөрөөдөл сэтгэл дотор минь өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан юм.

       Он сараа зөрүүлээд байж магад. Ойд удаан байхаар өдөр судраа мэдэхээ байж, нараар л цагаа баримжаалдаг болчихдог юм билээ. Бид тавдугаар сарын 31-нд Увсаас ирсэн хүмүүсийн отог руу явлаа. Тэнд байгаа хүмүүс Улаанбаатар явах гэж байгаа тул хоёр, гурван хүн багтах болов уу гэх горьдлого тээсээр 10 гаруй километр алхлаа. Оросын хил бараг л давсан байх хүмүүсийн байгаа газарт очиж, ачаа барааг нь зөөлцөж, ажилд нь тусалсан. Хүний царай харж, гурвуулаа, ядаж хоёулаа машинд багтах болов уу гэж бид өдөржин харуулдсан. Тэр хүмүүс ч багтах боломжоор нь аваад явна гэж сайхан сэтгэл гаргасан юм. Гэхдээ хүнс ирсэн, 14 хоногийн дараа бүх хүнээ буулгана гэж хэлүүлсэн Болдоогийн үг маргааш биднийг гэрт хүргэх юм шиг санагдаад бид отог руугаа буцлаа. 

10 гаруй хоног хоолгүй байсан бидэнд хүнс ирлээ

Зургадугаар сарын 1.

        Отогтоо үлдсэн залуучууд үд дундын алдад бидний араас хар хурдаараа гүйж ирлээ. Манай отогт онгоц, бүүр бидний өдөржин, шөнөжин хүлээсэн Болдоо ирсэн гэнэ. Ирэхдээ 40 кг мах, таван шуудай гурил, будаа, чихэр, боов авчирч өгөөд “Удахгүй ирж авна” гээд явжээ. Тайг дундуур гүйсээр байгаад отогтоо ирлээ. Замдаа бүдчиж унаад нүүрээ шалбалж, орхилоо. Нээрээ л бидний туйлын хүсэл болсон хүнс, хүн хоёр ирсэн байна. Итгэж чаддаггүй юм билээ. Өөрийгөө чимхэж үзээд, найзтайгаа чангаас чанга тэврэлдээд ойгоор нэг хашхирав. Махтай хоол иднэ гэж бодохоос ч үл итгэж, арааны шүлс асгарч байлаа. Шууд л хүч тамир орж, амьдралын хамгийн аз жаргалтай мөч тэр өдөр тохиож байгаа юм шиг санагдсан. Эхний өдөр махаар “зодсон” шөлтэй хоол хийж идэв. Аяганд мах байгааг харах төдийд л гар салганаж, уруул чимчигнэж, хөлс асгарч байв. Гэдэс цатгалан, гадаа дулаахан, уулаар дүүрэн боргоцой байгаа гэж бодох төдий л сэтгэл дүүрсэн. Харин “Хоёр хүүхдэд минь өгөөрэй” гэж хэлээд явуулсан мөнгийг Болдоо өгч, хүүхдүүд минь ямар байгааг мэдсэн эсэхийг мэдэж чадаагүй үлдсэндээ сэтгэл бага зэрэг хөндүүр. Цээжний гүнд хоёр хүүхдээ хачин их санаж, санаа алдаж, нулимс цийлгэнэж байсан юм. Маргааш нь бид уралдах нь холгүй л боргоцойгоо түүхээр гарлаа.

     Бор ходоодоо дүүртэл хоол идэж аваад боргоцойгоо түүлээ. Өглөөнөөс үдшийн бүрий болтол боргоцой түүнэ. Том том боргоцойг  шуудайлж өдөржин гүйнэ. Нэг  шуудайг дүүргэчихээд дараагийнхаа шуудайнд түүнэ. Анх нэг шуудай боргоцойг дааж ядан үүрдэг байсан бол хоёр шуудайг амыг нь нийлүүлж зангидаж байгаад мөрлөөд гүйж чаддаг болов. Ой мод, ууландаа дасаж, ажил гарт оржээ. Баянхангайн хайр хишиг барагдахгүй, цасан доороос  нойтон боргоцой олдсоор л байлаа. Шуудайтай  цайруулсан самраа жимбийтэл өрж, минийх, чинийхээр нь ялгаад Мөнхөө ахад тушааж байв. Тооцоо хийж, “Охиддоо амласан машины мөнгөнөөс хэд дутах нь, Болдоог иртэл өдөрт тэдэн шуудайг цайруулахад хангалттай юм байна” гэж өөртэйгөө ярилцсаар зогсохгүй ажилласан. “Түүгээд, түүгээд дуусахгүй боргоцойтой газар олж байна” гэж хүртэл зүүдэлдэг байлаа. Орой унтахаар боргоцой нүдэнд харагдаад, өглөөтэй уралдаад л босдог байв. “Тэр уулын бэл самар ихтэй байсан. Тэндээс л боргоцой түүе. Тэгвэл их мөнгөтэй болно” гэж төлөвлөөд л унтдаг. Шуудхан хэлэхэд би ажилдаа улайрч байсан юм. Гэвч усанд орж чадалгүй олон хонолоо. Чийгтэй алчуураар  арчсан боловч бие хиртэж, арьс загатнуулна. Ойд модны чад пад хийн дуугарах, хүмүүс, дуу дуугаа авалцан хашхирах нь сонсогдоно. Бид нийгмээс бүрэн тусгаарлагдаж байлаа. Монгол Улсад ковид юу болж байгаа, ар гэрийнхэн нь эсэн мэнд байгаа болов уу гэж санаа зовж хий дэмий л орон дотроо хөрвөөнө. Унтахдаа, өдөр хамт явахдаа бие биедээ хүүхэд наснаас эхлээд туулж өнгөрүүлсэн амьдрал,  өөрт нь тохиолдож байсан сонирхолтой зүйлээ ярина. Бүр хөвчид  бие биедээ дурлаж, хайрлах явдал ч гарч байлаа. Заримдаа индианууд шиг, эсвэл дэлхийн хаана ч юм хэний ч мэдэхгүй газрын мухарт хаягдаж үлдсэн мэт сэтгэгдэл төрнө. Тэнд ойн хууль үйлчилнэ. Хэн сэргэлэн сүйхээтэй байна, тэр хүн л гэдэс цатгалан мөр бүтэн явна. Бас их самар түүж, түүнийгээ цайруулаад тушааж чадна. Ингэж 10 гаруй хоног хоолтой, ажлаа эрч хүчтэй хийж, амьдралынхаа төлөө зүтгэсэн.

Зургадугаар сарын 15.

       Хэмжээтэй юм дуусдаг хойно бидний хүнс дахиад л дууслаа. Болдоогийн ирнэ гээд явсан өдөр боллоо, байдаггүй. Онгоцны дуу сонсож, 40 гаруй хоногийн өмнө түрж өгөөд замд нь оруулсан Урал машины дуу дуулдах нь уу гэж горьдсоор бидний хэн хэн нь суугаад өгөв. Нойр, хоолгүй түүсэн бидний 200 гаруй сая төгрөгийн самар ууландаа, хатаж хоцрох нь. Өвөл ирэхэд Минжийн хангайн ам бүрт төвхнөсөн байсан самарчдын отог эзгүйрч, ойд биднээс өөр хэн ч үлдээгүй мэт. Үнэндээ хөвч тайгад мөнгө байгаад ч хэрэггүй байдаг юм билээ. Мөнгөтэй болно ч гэж бодохоо байсан. Хүмүүсийн харц шал ондоо олж, ааш нь ч өөрчлөгдөж, үг сөрвөл хэрүүл болдог боллоо. Хүмүүсийн тэвчээр эцэстээ тулаад тасарч байгаа бололтой. Аргагүй шүү дээ, гэрээсээ гуравдугаар сарын 13-нд гарч, тавдугаар сард хүрээд ирнэ гэсэн хүмүүс чинь хоолгүй, мөнгө ч үгүй уулын мухарт зургадугаар сард байж байхаар чинь. Амьдралын минь хамгийн утгагүй юм шиг үе. Ятгасаар байгаад авчирсан найзаасаа санаа зовж, дур мэдэн, чаддаг юм шиг ирсэн өөртэй гомдож, эргээд ирнэ гэж хэлсэн Болдоог үзэн ядаж байсан юм. Мөнхөө ах Болдоогийн хүргэн. Болдоог байхгүйд биднийг хариуцаж байгаа хүн л дээ.Тал бүрээс нь Мөнхөө ахаас “Хэзээ явах вэ” гэх асуулт асууж, барьж идэх нь холгүй байлаа.

            Бид ажилдаа ч гарахаа байлаа. Өлмөн зэлмэн өдөр хоногийг өнгөрөөж, хөвч тайгад хий дэмий л моддыг ширтэж сууна. Байгаль дэлхий өнгөө засаж, хачин гоё үзэсгэлэнтэй байсан юм. Харин энд тэндгүй мунадуулсан  модод эрэмдэг болчихсон мэт санагдаж, сэтгэл эмзэглүүлнэ. Моддыг харсан ч, өнгөрсөн өдөр хоногуудыг бодсон ч дахиж хэзээ ч самарт явмааргүй санагдаж байв. Би хэдийгээр муна бариад, хуш модны амийг таслаагүй, унасан боргоцойг нь түүсэн ч хүйс тэмтрэгдэж буй ойг харахаас ч нүд халтирам байлаа. "Дахиж л зүглэхгүй юм шүү, хүмүүсийг зүглүүлэхгүй байх юм сан" гэх бодол төрж, хий дэмий л эрүүгээ тулаад санаа алдаж сууна. Хуурсан гурил цайндаа хийж идээд жаахан өл дарна. Их идвэл маргааш идэх гурил ч үгүй болох учраас ийм нормтой. Хөвч тайгад зун бүрэн утгаараа болдоггүй юм билээ. Зузаан зузаан мөс нь хайлж өгөхгүй, өглөө, оройдоо хүйтэн гэж жигтэйхэн.

Урал машин 80 километрийн цаана шаварт суусан

Зургадугаар сарын 20.

     Хөлийн чимээ, хүн ханиах, мод шар шар хийж дуугарах сонсогдов. Бүгд мөчрөөр хийсэн гэр, гэрээсээ авчирсан гудас, хөнжлөөсөө цовх үсэрч босоод отгийнхоо гадаа цуглалаа. Хий юм сонсож, харсан байх вий гэсэн шиг бие бие рүүгээ зөөлхөн гэгч нь харж зогсоно. Араас 30 гаруй насны өндөр, туранхай, үүргэвч үүрсэн залуу гарч ирээд “Та хэд энд байсан юм уу. Давгүй биз дээ” гэв. Болдоо биднийг авчруулахаар энэ залууг Урал машинтай явуулжээ. Бид яг л өлсөж үхэх гэж байгаа мэт тэр залуу юу авчирсныг нь доошоо суун суутал харсан. Хэл, амаа долоох нь долоож, ходоод хоржигнож байсан юм. Тэр залуу бидэн дээр ирэхийн тулд долоо хоног алхжээ. Бидэнд өгнө гээд баахан чихэр цүнхлээд ирсэн байна. Амаа олохгүй идэж, дахиад юу байгаа бол гэсээр бид цүнхнээс нь харцаа салгаж чадахгүй л байлаа. Хүч тамиргүй, өөрөөс нь харцаа салгаж чадахгүй байгаа бидэнд хандаж, өнөөх залуу “80 километрийн цаана Урал машин байгаа. Тэнд хүнс хангалттай бий. Шаварт суугаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болсон. Урал машин руу очиж хоол, хүнс авчрахаас өөр сонголт байхгүй” гэлээ. Ямар ч гэсэн хотоос хоол явуулсан юм байна. Өлсөөд алхах ч тэнхэлгүй болсон бидэнд 80 километр гэдэг маш хол сонсогдож байлаа.

        Гэсэн ч бид машин байгаа зүгт алхахаар шийдэж, буухаар боллоо. “Гэртээ харъя. Бууя” гэж ойгоор нэг хашхирч, бид бэлтгэлээ базаав. Өөрсдөө хэрэгтэй гэсэн хөнжил, дэвсгэр, майхан, тогоо шанагаа аваад хөдлөхөд бэлэн болов. Хамгийн сүүлчийн шанага хүрэхгүй гурилаа хуураад, өөр өөрсдийнхөө аяганд хувааж хийгээд, уул уруудаад алхлаа. Хаваржин түүж, туйлдаж, ядарч, өлсөж явахдаа түүсэн самраа бид отогтоо орхисон. Эргээд хэн нэгэн нь ирж авна гэж бодоод битүүлээд, боогоод орхив. Гэхдээ хэн нь ч тэр самарт харамсаагүй. Бид отгоосоо гараад 2-3 километр алхаж байсан байх. Нэг залуугийн бие муудаж, ухаан алдаад уналаа. Амнаас нь цагаан хөөс сахарч, тамирдаад, сэрэхгүй хэсэг болов. Энд, тэндгүй сандралдаж, өнөөх залууг сэргээх гэж бид байдгаараа үзсэн. Залуучууд маань хулгана агнаад, жаахан бор шөл хийлээ. Нөгөө залуу ч сэргэв. Шөлнөөсөө уулгаж, тамир тэнхээ оруулаад хэвтүүлсэн. Тэр залууд цааш явах тэнхэл байгаагүй. Ингээд бид зохион байгуулалтад шилжиж, таван залуу маань машин руу явж, хоол хүнс авчрахаар явахаар болов. Тэд “Мөнхөө ах аа, та эмэгтэйчүүдээ, үлдсэн хүмүүсээ хараад байж бай. Бид яваад хүнс аваад ирнэ” гэв. Өтгөн хар цай хандалж уугаад хүнсэнд явсан таван залуугаа хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй. Биднийг ийн зогсож байхад Хөвсгөлөөс явж байгаа гэх гурван морьтой залуу ирлээ. Бие нь муудаж, биднийг сандаргасан өнөөх залууг морин дээрээ үүрч дүүрээд 15 орчим километр газарт хүргэж өгөв. Бид тэнд шинээр отог байгуулж, байрлахаар болсон юм. Шөнө битгий хэл өдөр ч явах аргагүй ширэнгэн ойн дунд амьдрахаас өөр сонголт бидэнд байхгүй.

          Долоо хоног ходоод руугаа хар цайнаас өөр юу ч давуулсангүй. Давуулах ч хүнс байхгүй болсон. Хүнсэнд явсан таван залуу маань долоо хоноход бидэн дээр эргэж ирсэнгүй. Арга ядаад Мөнхөө ах, нэг залуутай хамт тэдний араас явахаар боллоо. Мөнхөө ах “Бид хоёр машин дээр очоод, хүнс явуулна. Ах нь цаашаа хот орж, Онцгой байдалд мэдэгдье. Өөр арга үлдсэнгүй. Онцгойд мэдэгдэж, онгоцоор ирж авна” гээд отгоос хөдөллөө. Бид өлссөндөө дуу ч гарахаа байлаа. Байсан жаахан гурилаа ухаан алдаж унасан залууд өгөөд дуусав. Таван салаа, гишүүгэн түүж авчраад хандалж ууж байв.

          Хоёр хоногийн дараа. Ухаан алдаж унасан залуугийн бие ч тэнхэрлээ. Уулын мухарт хий дэмий хүлээж суухаар өөрсдийгөө хүчлэхгүйгээр тайван алхаж, газраа хороохоор ярилцлаа. Өглөө эрт хөдлөх байсан тул байгаа жаахан ханд, тогоо шанагаа хувааж, ачаагаа тэнцүүлэв. Бид тэндээс хөдлөөд явж байтал аадар бороо цутгаж, цааш явах аргагүй болов. Таарсан газартаа отог барьж, гэгээ орохыг хүлээхээс аргагүй болсон юм. Өлсөж, тамирдаж үхэх гэж байгаа хүмүүс хэн түрүүлж явсан нь л хоолондоо хүрэх байсан. Хүн үхэхгүйн тулд мөлхөөд ч хамаагүй хоолондоо хүрэхийг боддог юм билээ. Маргааш өглөө нь үүр хаяарч байхад бид цааш явсан. Нэг мэдэхэд 58 настай ЗИЛ-131 машины жолооч ах, Зүүнхараагийн нэг эмэгтэй, Уянга бид дөрөв ард нь үлдсэн байлаа. Хөвч тайга чинь энд, тэнд явж байна гэж харах боломжгүй, хүүе, хаая гэсэн дуугаараа л нэгийгээ бараадаж явдаг. Нөгөө хүмүүсийг урд явж байгаа гэж бодоод хашхираад байсан чинь нэг мэдэхэд л чимээ өгөөгүй хэсэг болсон байв. Араас нь алхаж байна гэж бодоод л алхаад байсан. Хамт явж байсан жолооч ах явах замаа мэдэж байсан учраас эхэндээ санаа зоволгүй, алхаад л байлаа. Өдөржин алхаад оройхон нэг голын эрэгт ирсэн, хамт явсан хүмүүсийн чимээ, бараа ч байдаггүй. Голын эрэгт ирэхэд гол гарах зам, эрэг дагаж уруудсан зам байсан. Хоёр салаа замын хаагуур нь явах вэ гэж эргэлзэж байгаад бид дөрөв голын эрэг дагуухыг нь сонгоод уруудаад алхсан...  

Ингээд бид дөрөв хамт явсан хүмүүсээсээ бүр мөсөн төөрөв. Тэд биднийг орхиод, гол гатлаад цааш явсан юм билээ...

 

 

Дөрөв дэх хэсгийг ЭНД дарж уншина уу.


Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ-III
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-22 09:53:09
    Наран: Хүн жаргал даадаггүй зовлон бэрхшээлийг даван туулдаг гэж үнэн шүү Үргэлжлэлийг яаж унших вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-21 12:18:07
    Эрка: Баян хангайн буянаар амьд гарчдээ хүн гэдэг амьтан зовлон даадаг юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-21 12:03:23
    Эрка: Баян хангай юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-21 01:16:30
    Зочин : Үргэлжлэл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-14 13:48:13
    Бат: Хүчтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-11 09:04:09
    Үргэлжлэл : Үргэлжлэл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-08 23:17:56
    Zochin : Үргэлжлэлийг хүлээж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-08 18:42:54
    zochin: eviidee , za daraagiinchan chuleej bgaa .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-08 15:38:09
    сэргэе: үргэлжлэл нь хаана байгаа юм бэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188