• Өнөөдөр 2024-05-06

Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ-II

2021-10-06,   20888

     Эргэлт.мн мэдээллийн сайт самар түүхээр яваад хөвч тайгад төөрсөн дөрвөн иргэний нэг Д.Дорсмаа бүсгүйн туулсан үнэн бодит түүхийг уншигч танд цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

         Халуун, дулаан гэрээсээ гарч, цасан дундуур туучсаар би уулын мухарт тэвчээр гаргаж очсон юм шүү дээ. Тэвчсэн тэвчээрээ үнэгүйдүүлэхгүй, хоёр охиндоо амласан амлалтаасаа ухрахгүйн тулд надад Мөнхөө ахыг дагаад машин руу явахаас өөр арга байгаагүй. Хоёр хөлөө урд, хойно нь дуртай, дургүй тавилсаар Мөнхөө ахын мөрөөр машин байгаа хэсэг рүү алхлаа. Дахиад л цээжээр татсан цас, машин түрэх, өлсөх, ядрах, хөлдөж үхэх шахам өдрүүд рүү Мөнхөө ахын “Маргааш очно” гэсэн худлаа амлалт, миний мөнгөний төлөөх хүсэл хүргэсэн. Хурууны өндөгнүүд хайрагдаж, бээлий өмсөж чадахгүй, нүүр, нүд цантаж, хаана яваагаа мэдэхээ больж, ухаан балартаж, хөлдүү хөх болтлоо явах хэд хоног намайг угтсан юм даа. Гэхдээ өмнөх 30 өдрийг бодвол ирж яваа цаг байсан болохоор өдөр өдрөөр дулаарч байлаа. Хүмүүс тамирдаж, ухаан алдаж, уйлж, хашхирч, уулын өөд, уруу гүйх нь ихсэж, тэвчээр нь тасарсан, үнэндээ. Бие биетэйгээ хэрэлдэж, зарим нь гар зөрүүлж, уулын мухарт бачимдал, бухимдлын дээд цэгтээ хүрцгээж байлаа. 

Хурууны өндөгнүүд хайрагдаж, бээлий өмсөж чадахгүй, нүүр, нүд цантаж, хаана яваагаа мэдэхээ больж, ухаан балартаж, хөлдүү хөх болтлоо явах хэд хоног намайг угтсан юм даа

Дөрөвдүгээр сарын 23.

          Ингэсээр 40 гаруй хоногийн дараа бид самар түүх газраа ирж, отог барив. Зүүнхараагаас самарт явах гэж байгаа юм чинь гэж өөрийгөө эрхлүүлж, цайны газраас авч идсэн нарийн мах, сүүтэй цай нүдэнд харагдаад л. Хоёр охиндоо машинтай ирнэ гэсэн үг цээжинд багтаж ядаад л байв. Бидний очсон газар Оросын хилээс долоон километрийн зайтай байдаг юм билээ. Хаашаа л харна хушан ой, самар. Зовж, зовж ирсэн учраас уйлах нь холгүй байлаа. Бушуухан шиг л ажилдаа орж, Болдоог эхний самартай нь буулгаж, мөнгөтэй болох хэрэгтэй гэх бодол бидний хэн хэний толгойд кодлогдчихсон. Хүмүүс яг л хонь барьсан чоно шиг үүрээс үдшийн бүрий хүртэл нохой, гахай шиг ажиллах өдрүүд эхэллээ. Машин дээр гараад ачаа бараагаа хэдэн тийш нь шидээд, авчирсан пүүгээ дэвсгэрээ модон дээр тавихыг нь тавиад, гал түлж хатааж эхлэв. Болдоо ч “Би та хэдийн цайруулсан самрыг аваад явна. Хүнсээ ахиухан шиг нөөцлөөд ирнэ. Хурдал, дайраад л” гээд байна.Төвхнөж аваад, орчин тойрноо тайван гэгч нь ажиглаж, хаана байгаагаа мэдмээр санагдав. Өндөр, өндөр хуш моднууд, ширэнгэн ойн гүнээс нэг нэгийгээ дуудсан хүмүүсийн чимээ, цас шар шар хийн дуугарсан дулаахан үдэш байлаа.  

            Өглөө нь хар цай, гамбир идээд отгоосоо түүвэрт гарав. Самар түүх газартаа очоод, 11:00 цагийн үед 50 килограммын шуудайгаар дүүрэн боргоцой түүгээд буцаад отог руугаа явлаа. Цас зарим газартаа гэдэс, цээжээр татчихсан болохоор том шуудайтай ачаа үрээд хоёр километр газар алхана гэдэг чанга.11:00 цагаас гараад, 18:00 цагийн үед арай хийн отогтоо очдог. Замдаа уулын уруу өнхөрч унаад духаа шалбалж, шуудайгаа хожуулд ураад боргоцойгоо асгадаг юм даа. Ёстой уйлмаар байдаг юм билээ. Хүмүүсээс жаахан л удаан ажиллах юм бол төөрөх аюултай гэсэн үг чихэнд байн байн сонсогдоод л хажуудах хүмүүсээ хараад л байв. Хоёр хүн зөрөх ч зайгүй шахам ширэнгэн ойд төөрвөл араатны хоол болно гэдгээ мэдэж байсан учраас өөртөө байж болох бүхий л хүчээрээ л эхний өдөр ажилласан. Бидний хэн хэн нь самарт явж байсан туршлагагүй, эмэгтэй хүмүүс гэхэд чамлахааргүй түүвэр түүж ирээд, орой нь цайруулсан даа. 40 гаруй хоног нойр, хоол муутай явсан учраас ядарч, хөл холгож, мөр зулгарч, хамаг бие янгинана гэж жигтэйхэн. Бага зэргийн ханиад хүрч, бие зарайгаад нэг л тавгүй байлаа. Гэхдээ самартай золгосон болохоор сэтгэл бага зэрэг тайвширчихсан байв. Тогооч эгчийн хийсэн аяга хоолыг идчихээд бид унтахаар хэвтэв. Салхилж, цас шуурч эхэлсэн. Модод шуугиад, цас нэвсийтэл ороод хоносон байна лээ. Өглөө нь арай гэж майхныхаа хаалгаар толгойгоо цухуйлгатал өчигдрийнхөөс 10 орчим см нэмэгдсэн бололтой байсан.  

Цас зарим газартаа гэдэс, цээжээр татчихсан болохоор том шуудайтай ачаа үрээд хоёр километр газар алхана гэдэг чанга.11:00 цагаас гараад, 18:00 цагийн үед арай хийн отогтоо очдог. Замдаа уулын уруу өнхөрч унаад духаа шалбалж, шуудайгаа хожуулд ураад боргоцойгоо асгадаг юм даа.

Дөрөвдүгээр сарын 24.

           Хүнс шавхагдаж, 10 хүний дунд 250 грамм мах, бага зэргийн будаа өгч эхэллээ. Өмнөхөөсөө бүр нэг дахин багасчихаар өлсөнө гэж жигтэйхэн. Салхинд уруул хатаж, хагараад, ходоод хоол нэхээд мөн ч хэцүү үе эхэлсэн. Бид замдаа хамаг хүнс идчихээд очсон байна лээ. Аргагүй шүү дээ, хоёр сарын хүнс бэлдэж яваад замдаа 40 хоночихоор чинь. Гурил хуурч идээд, хоёр гамбир аваад хоёр найзтайгаа уул руугаа алхав. Өмнөх өдрийнхөөс ч их цас. Хүний явсан мөр байхгүй, модны хожуул цасанд дарагдчихсан бүдэрч унаад, эрүү, ам битүү цасанд булагдана. Өмд, гутал усан гүзээ, хүйтэн салхи хавирга нэвт салхилна гэж жигтэйхэн. Гэхдээ самраа түүх ёстой. Өнөөдөр хүйтэн байна гарахгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Эрчүүд хоёр шуудай боргоцой үүрээд урд алхана. Бид араас нь нэгийг үүрээд, битүү цан хөрөг, эсвэл хөлс болсоор л алхана даа. Хөл алдаад яах ийхийн зуургүй үүрсэн шуудайтайгаа цасан дунд шигдэж унаад явахгүй. Намхан хүн чинь яасан ч хэцүү байдаг юм дээ. Хүмүүсийн гэдсээр татаж байсан цас миний цээжээр татаад ер явуулахгүй. Миний хамгийн том “дайсан” цас л юм шиг санаж явлаа даа, тухайн үедээ. Гутал дотор дэлхийн хэддүгээр ч дайн үргэлжлээд байгаа юм мэдэхгүй.  Арай гэж дүүргэсэн шуудайгаа үүрээд дахиад л отог байгаа зүгтээ алхана. Хоёр мөр улаан нялга, хурууны өндөг мэдрэхгүй, хацар, чих хайрагдчихсан, нурууны ард талаас цан цохиод мөс болчихсон. Отог дөхөөд ирэхээр галын цог дугараад, хоол пор пор хийтэл буцалж байвал үнэхээр сайхан. Уур савлуулаад л халуун, хүйтнийг ч мэдэхгүй хоолоо иднэ. Түүж ирсэн боргоцойгоо цайруулаад, Болдоод тушаана. Болдоо ногоон өнгийн ноорхой дэвтэр дээрээ хүн тус бүрийнхээр тэмдэглэж, жинлэж авсан самраа машин дээр ачдаг. Бид мөнгөний төлөө яваа учраас жинлүүрээс хараагаа ч салгахгүй, хоёр нүдээ онийлгож, жинлүүрийн цаныг ханцуйгаараа арчаад самраа тушаана. Миний бодож байсан барагцаанд хүрэхгүй байвал Болдоог дотроо хардана. Ингээд л нэг өдөр өнгөрнө дөө. Өглөө нь босоод ирэхээр ус нь хөлдүү, гадаа галтай, гутал нойтон, хоол байхгүй. Хар цай, гамбир, заримдаа будаатай хар цай хүлээж байдаг. Ийм янзаар бид 14 хонолоо. Цас ч хайлж, хангай дэлхийн өнгө "царай муутай" болж эхэлж байлаа.

Хүмүүсийн гэдсээр татаж байсан цас миний цээжээр татаад ер явуулахгүй. Миний хамгийн том “дайсан” цас л юм шиг санаж явлаа даа, тухайн үедээ. Гутал дотор дэлхийн хэддүгээр ч дайн үргэлжлээд байгаа юм мэдэхгүй.

Тавдугаар сарын 7.

         Шуурганд уруудсан хүмүүс шиг нэг ч өдөр амралгүй энэ өдөртэй золгов. Болдоогийн явах өдөр байсан юм. Машин дүүрэн самар ачаад Болдоо, жолооч, хамт явсан Заяа гэдэг найз маань Зүүнхараагийн зүг хөдөллөө дөө. Бид тэднийг явахад ганцхан өдөр хоол хийж идэх материалтай үлдсэн. Болдоо “Та хэд самраа түүгээд байж байгаарай. Би хүнсээ аваад, хамгийн дээд тал нь 14 хоноод л хүрээд ирнэ” гээд байлаа. Уянга бид хоёр 500, 500 мянган төгрөгийн самар Болдоод өгөөд, “Улиастайн эцэст байрлах “Нандин ломбарданд тавьсан бидний ээмэг, бөгжийг олон сараар сунгачихаарай” гээд утасны дугаар бичиж өгөв. Үлдсэнийг нь хүүхдүүдэд минь өгөөрэй” гэж аминчлан дахин дахин захисан. Үүнээс гадна миний төрсөн өдөр тухайн үед удахгүй болох байсан учраас би цаасан дээр торт, ойр зуурын чихэр, печень захиж, бичээд явууллаа. Тэнд байсан хүмүүс яг адилхан хэрэгтэй зүйлүүдээ Болдоод захисан. Явахад нь араас нь бөнжигөнөтөл дагаж гүйгээд, машиныг нь замд оруулж өгсөн. Цас ихтэй хэсгээрээ хэцүү, бага хэсгээрээ гайгүй уруудаад явчих болохоор явж байгаа хэдэд тийм ч их санаа зовоогүй.

Тавдугаар сарын 25. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг.

        Хоёр эгч, гэрийнхэн маань намайг хайж эхэлсэн байжээ. Хоёр сар яваад ирнэ гэсэн дүү нь үхсэн, амьд нь мэдэгдэхгүй болохоор хайлгүй яах вэ. Би чинь хөдөө ажлаар явахаараа байнга утсаар ярьж, хэлдэг байхгүй юу. Тэр үед Болдоо Улаанбаатар хот руу орж ирж байсан юм билээ. Тэгээд Уянга бид хоёрын ээмэг, бөгжийг  сунгахаар бичиж өгсөн утасны дугаар руу холбогдсон гэсэн. Ломбарданд суудаг эмэгтэй манай холын хамаатан байсан юм. Болдоог залгахаар нь “Ажлын цаг дуусаад гэртээ ирсэн байна. Та өглөө 09:00 цаг над руу залгаарай” гэж хэлээд салгасан гэсэн. Тэгээд тэр эмэгтэй эгч рүү маань холбогдож, “Дүүгийн чинь ээмэг, бөгжийг сунгахаар самарт хамт явсан хүн нь залгалаа” гээд Болдоогийн утасны дугаарыг өгсөн гэсэн. Эгч Болдоо руу залгахад “Тэр хэд сайн байгаа. Би самраа тушаахаар уулнаас бууж ирээд байна. Зургадугаар сарын 1-нд онгоцоор хүнс хүргэж өгнө” гэж хэлсэн юм билээ. Ингэж миний сургийг дуулсан эгч маань эрлийн ажиллагаагаа зогсоосон гэсэн. Тэгээд Болдоо маргааш нь утсаа аваагүй, бидний ээмэг, бөгжийг сунгаагүй.

          Харин ганцхан килограмм гурилтай ууланд үлдсэн бид Болдоог нүдээ ширгэтэл хүлээж суулаа. Нэг залуу маань ухаан алдаж унаад, амнаас нь хөөс сахраад ухаан ордоггүй. Залуучууд оготно, хулгана ч хамаагүй агнаад ирье гэцгээгээд отгоос гарав.

 

Гурав дахь хэсгийг ЭНД дарж уншина уу.

Дөрөв дэх хэсгийг ЭНД дарж уншина уу.

 


Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-20 15:49:38
    Luuyaa: Gaihaltai mongolchuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-08 19:50:46
    Н: Амар хялбар мөнгө олох арга байхгүй ээ.их л амархан самарыг машин машинаар түүгээд дороо баяжина гэж санасан байхдаа ххэ.зардал асар их гарна ш тэй.дээр нь өөрөө хохирч одоо яая гэхэв шунал шулам болжээ.их санасан газар 9 шөнө хоосон.гэж үнэн шүү.явж хийж үзэж байж ойлгоноо.шуудай шуудайгаар нь самар ярих маш амархан биелүүлэх хэцүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-08 08:23:06
    Ж: Болдоо найз хүүхнийг нь аваад буцсан гэж байштээ замдаа ч ёстой нэг шааж өгсөн байх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 12:33:12
    Дэлхий ээж: Зүгээр л цалингаа аваад цагтаа тардаг ажлаа хийлдээ,Зовлонгийнн шалтгаан бол шунал юм даа.4 сард өдрийн дор хаяж 20000₮-ны цалинтай ажил хийж бсан бол 2,4 сая төгрөгний орлоготой бх бждээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 11:27:27
    Chu : Uleelee gd bga xund gj xelxed chi taigad ymar bdgiig medex uu xinii zovlongoor jargal xiisen xun taigad 10 bitgii xel 10n minut ch bj chadaxgui alingaa aldaj balingaa zuurax blgui xun xelvel oort gedeg ug medexuu chi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 11:26:40
    Chu : Uleelee gd bga xund gj xelxed chi taigad ymar bdgiig medex uu xinii zovlongoor jargal xiisen xun taigad 10 bitgii xel 10n minut ch bj chadaxgui alingaa aldaj balingaa zuurax blgui xun xelvel oort gedeg ug medexuu chi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 00:53:38
    Новш: Байгаль дэлхийг жинхэнэ бузарлажээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 20:31:46
    зочин: ёооё бас л үлээхиймаа худалаа ярьсан хүнд бол улиастайгийн мод чулуу шороо ч энэ хүүхнийг үлээдэгийг хэлээд өгнө дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 20:31:45
    зочин: ёооё бас л үлээхиймаа худалаа ярьсан хүнд бол улиастайгийн мод чулуу шороо ч энэ хүүхнийг үлээдэгийг хэлээд өгнө дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 13:45:19
    Ganbaatar : Ene yariltslagiig buren eheer ni unshmaar bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-06 13:04:00
    zochin: eviidee , ter Boldoo ymar muuchai chun be???
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188