Хорь ч хүрээгүй байхдаа тэр “Илүү сартай зун” киноны Ариунаагийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээж чадсан. Монголчууд одоо ч буйдхан сумын дүнзэн байшинд ээжтэйгээ зусдаг хөл муутай охиныг сайхан сэтгэлтэй, тусархуу, шулуун шударга Галбадрахад хэрхэн дурлаж буйг үзэх дуртай. Тэрбээр энэ киноныхоо тухай “Дунд сургууль төгсөөд Хүүхэд, Залуучуудын театрт ороод удаагүй байсан. Нэг их гоё дүнзэн байшинд уран бүтээлчид байрлана. Олон сайхан хүмүүстэй хамтран тоглосон доо” гэж ярьсан байдаг.
Энэ бол “Тунгалаг тамир” киноны Итгэл баян, “Мандухай цэцэн хатан”-ны Сатай сайд тэргүүтэй олон сайхан дүрийг бүтээсэн Ардын жүжигчин А.Очирбат гуайн охин жүжигчин Оюун.
Намуухан яриа, намбалаг төрх, зөөлөн зан чанартай энэ эмэгтэй Ариунаагийн дүрээс эхлээд дэлгэцийн урлагт олон сайхан дүрийг бүтээж яваа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны татаар бүсгүй, “Тод магнай”-н Жаргал, “Үлгэр дууссан хойно” киноны уран сайханч, “Алтан шонхор”-ын Бөөрөлжин, “Тэнгэрийн сахил”-ын Дагиймаа гээд алтан үеийн олон сайхан киноны дүрүүдийг нь нэрлэж болох юм.
Харин орчин цагт тоглосон киноноос “Хайрын эрэлд” киноны Биндэръяагийн дүрийг нь үзэгчид андахгүй байх. Гурван охинтой айлын том нь. Ажилч хичээнгүй айлын том охин. Амьдралд нь асуудал тулгарлаа ч тэр бүр ил хэлдэггүй, өөрийнхөө асуудлыг өөрөө шийднэ гэсэн байр суурьтай, нөхөр, үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж, өөрийгөө мартсан эмэгтэйн дүрийг тэр чадварлаг бүтээсэн. Биндэръяа шиг зовлон, жаргалаа хэнд ч дэлгэхгүйгээр чимээгүйхэн үүрч явдаг эмэгтэйчүүд бидний дунд цөөнгүй. Гэхдээ тэд өөрийгөө алдаж, амьдралаа бусдын төлөө үрснийхээ дараа бүхнийг ухаардаг. Үргэлж л харц нь бодлогоширсон, үгээ тунгааж хэлдэг түүний дүрүүд аливаад хүлээцтэй, эмэгтэй хүний тэвчээртэй байдал, ухаалаг зан чанарыг харуулсан байдгаараа давтагдашгүй.
“Хайрын эрэлд”-ээс хойш тэрбээр “Сарны гөлөг”, “Сүүлчийн шөнө”, “Яллагч”, “Амьдралын урт замд”, “Урт өдрүүд” зэрэг кинонд тоглосон.
“Яллагч”-ийн өмгөөлөгчийн дүр мөн их зэвүүн байсныг үзэгчид санаж байгаа байх. Эрс шийдэмгий, шулуун шударга өмгөөлөгчийн дүр зохихоос гадна түүний өнөө л бидний мэддэг ухаалаг зан чанартай тун сайхан хоршиж, ажил мэргэжилдээ мэргэшсэн хүний дүр элдэв чимэггүйгээр товойж байсан нь одоо ч санаанд тодхон байна. Харин “Урт өдрүүд”-ийн дүр нь ямар нэгэн нууцыг хадгалж байгаа мэт чимээгүй, дүнсгэр байв.
Сүүлд харин бид түүнтэй П.Дэлгэрбаяр найруулагчийн зохиолыг нь бичиж, найруулсан “Мөрч” киноны Думаа хөгшний дүрээр “уулзлаа”.
Найруулагчийн сонгож бүтээлгэсэн Думаа гуай О.Оюун жүжигчин байсанд баяр төрсөн. Хайртай хань, ганц хүүгээсээ хагацаж, зовлон үзсэн ч сэтгэлээ хатамжилсан аядуухан яриатай, холын ухаантай Думаа гуайн дүр бидэнд цаанаа нэг дотно, тэгсэн атлаа нууцлагдмал мэдрэмжийг төрүүлж байсан. Дамдин мөрч хэргийн үнэн мөнийг олох гэж явахад Думаа гуай мөн ч түшиг тулгуур болж, ээжээс нь өөрцгүй хань бараатай байсан. Ер ноёны хотонд тэр анагаагч, аж ахуйн ажилд туслагч, аливаа асуудлын голыг олж өгүүлэгч гээд тэдэнд нөмөртэй гол хүн нь байсан бөгөөд үзэгчдийн хувьд ч ялгаагүй үзэхэд амттай, сонирхолтой дүр байсан. О.Оюун жүжигчин ингэж л дүр бүхнээ мартагдашгүйгээр дотно бүтээдэг. Түүний уран бүтээлийн гараа аавынх нь ажиллаж байсан Хүүхэд, залуучуудын театраас эхэлсэн байдаг. Дунд сургуулиа төгсдөг жил нь кино драмын анги элсэлт өнждөг жил таарснаар Хүүхэд, залуучуудын театрт дагалдан жүжигчнээр оржээ. Аав нь түүнийг нэрт найруулагч И.Нямгаваа найруулагчид шалгуулснаар тайзнаа тэр дөрвөн жил ажиллажээ. Энэ хугацаанд Д.Батбаяр зохиолчийн “Хайрыг хайрла” жүжгийн Гэрэлээ, “Эрх гүнж” жүжгийн Сүндэрьяа тэргүүтэй жүжигт дүр бүтээж амжсан байдаг.
Театраас гараад хаалгыг нь татсан дараагийн “айл” нь “Монгол кино үйлдвэр”-ийн Орчуулгын кино алба. Өөр нэг сонирхолтой зүйл нь О.Оюун жүжигчин Кино үйлдвэрт хэсэг ажиллаж байгаад хошин урлагт ч ажиллаж байсан байгаа юм. Ингэж олон зүйлд өөрийгөө сорьсны дараа тэрбээр кинонд дуу оруулах ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэх эхлэлээ Оросын уран сайхны кино болох “39 дүгээр хурдан галт тэрэг” киногоор тавьсан байдаг. Ингэж найруулагчаас авсан дүрдээ чамбай, чадварлаг ажиллаж, олон сайхан кинонд дуу оруулах үйлсэд авьяас билгээ зориулсаар яваа уран бүтээлчийн нэг бол тэр. Дотно сайхан дуу хоолой, даруу зөөлөн зан чанараараа өшөө ч олон дүрийг бүтээж, үзэгчдэдээ хайрлагдах байх аа. Тэдгээрийн магнайд “Илүү сартай зун” киноны сэргэлэн цовоо, хонгор жаахан Ариунаа үргэлж үзэгчдийн зүрх сэтгэлийн эгшиг болсоор байх нь гарцаагүй бөгөөд Думаагийн дүр харин хүмүүсийн сэтгэлд хэдийнэ суудал тухлан заларч, нэг тийм анагаах эдгээх увдистай, бодож дуугардаг хүний буурьтайхан дүр хэн бүхний дотор лав шургасан гэдэгт итгэлтэй байна. Ажиллаж буй дүр бүхнээ баттай давтагдашгүй цор ганцаар бүтээдэг түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Хөвсгөл нуурын эрэг дээрх модон байшинд ээжтэйгээ амьдрах Ариунаа хүний мөн чанар, дотоод сэтгэлийг таньж чаддаг байсан шиг О.Оюун гуайн дүрүүд мөн л тийм мөн чанартай, үнэн, ул суурьтай, гэгээн байсаар байна байх аа.
ҮЗЭГЧДИЙН ХАЙРТАЙ АРИУНААТАЙ ДУМААГИЙН ДҮРЭЭР УУЛЗАХ САЙХАН БАЙЛАА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |