Өнөөдөр би бариста, нарийн боовчин, ногоочин, цэцэрлэгч сурагчидтай уулзлаа. Тэд дүрэмт хувцсан дээрээ хормогч өмсөж, кофе чанаж, цэцэг үрслүүлж, хоол хийж байв. Өндөр нуруутай туранхай бор охин “Эгч ээ та кофе уух уу” гэж асуухад, кофе шопод орж ирсэн юм шиг мэдрэмж төрүүлэв. Энэ бол кофе шоп биш сургууль. Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн хамт олон 2010 оноос хойш сурагчдыгаа ирээдүйд ажлын байран дээр гарахад туслах зорилгоор хичээлийнхээ хажуугаар мэргэжилтэн бэлтгэх санааг олжээ. Бид тэдний сонирхол татам сургалтын нэг өдөртэй танилцахаар ирээд байгаа нь энэ.

Сургууль ердийн өдрүүдээс илүү хөл хөдөлгөөнтэй харагдана. Нааш цааш холхих сурагч, багш ажилчид бүгд үйл ажиллагаа явуулж эхлээд 30 минут болж буй буйдхан кофе шоп руу хошуурцгаана. Шинэхэн кофены үнэр хамар цоргих 55 дугаар сургуулиар зочилсон хүн бүхэнд энэ өдөр соньхон. Тус сургуульд өнөөдөр баристаагаар мэргэжлийн чиг баримжаа олгох шинэ анги нээгдэж байна. Өмнө нь зочид буудлын үйлчлэгч, цэцэрлэгжүүлэлт, талх, нарийн боовны чиглэлээр сурагчдад сургалт ордог байсан бол ээлжит шинэ хөтөлбөрөө танилцуулж байгаа аж.

Магадгүй уншигч та сургууль гэхээр ном уншиж, тоо боддог, хичээл хийдэг хүүхдүүдээр төсөөлдөг байх. Тэд ширээний ард таван цаг нам суугаад тоогоо бодож, ном уншдаг хүүхдүүдээс өөр. Хичээлийнхээ хоёр цагт нь тэмдэглэл хөтөлж, номын хуудас эргүүлж, багшийн заах хичээл рүү анхаарлаа хандуулаад, үлдсэн хоёр цагт нь текнийхээ ард кофе найруулж, хүлэмждээ ногоогоо үрслүүлж, хоолны материалаа бэлтгэж хичээлдээ оролцдог. Ингэснээр сурагчид ерөнхий боловсролын гэрчилгээгээс гадна чадамжийн гэрчилгээ буюу мэргэжлийн сертификаттай төгсдөг юм байна.

Энэ талаар бид 55 дугаар сургуулийн сургалтын менежер Ч.Саранцацралтай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр “Энэ хичээлийн жил манай сургууль 500 гаруй сурагчтай үйл ажиллагаа явуулж байна. Бидний гол зорилго хүүхдүүдээ амьдрал хөдөлмөрт бэлтгэх. Сурагчид маань есдүгээр анги хүртлээ суурь боловсрол эзэмшээд, ахлах ангидаа ерөнхий эрдмийн хичээлээс гадна мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагддаг. Энэхүү сургалтын суурь 2002 оноос эхэлсэн. 2010 оноос өмнө бусад ерөнхий боловсролын сургуулийг төгссөн хүүхдүүдэд оёдол, эсгүүр, мужааны чиглэлээр сургалтад хамруулдаг байсан. Харин 2010 оноос эхлээд 55 дугаар сургуулийн сурагчдадаа тусгай хэрэгцээ шаардлагад тохирох чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг эхлүүлсэн. Бид аль болох хүүхдэд ээлтэй, эрсдэл багатай багаж хэрэгсэл дээр ажиллуулах, зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр сургалт явуулахыг зорьж ажилладаг. Хоол нарийн боовны ангид суралцсанаар хүнд төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрөө хоолоо хийх чадвар эзэмшдэг бол хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд нарийн мэргэжил эзэмшиж, төгсөөд үйлчилгээний байгууллагад ажилладаг” гэв.
55 дугаар сургууль 2010 онд хамгийн анх хоол, талх нарийн боовчны чиглэлээр хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт нээжээ. Тус ангийг жилд 10-15 хүүхэд төгсдөг. Хоол, нарийн боовны ангийг төгссөн сурагч нь МИЛЛЕННИУМ плазад мэргэжлээрээ ажиллаж байгаа тухай багш нь бидэнд бахархалтайгаар хуваалцаж байлаа.
.jpg)
Төрөл бүрийн савтай цэцэгсийг таазнаасаа гэрлийн бүрхүүл мэтээр унжуулан тохижуулсан, энэ анги бол цэцэрлэгч, ногоочны мэргэжлийн хүүхдүүдийн онолын танхим. Хүүхдүүд эхлээд онолын хичээлээ үзэж, дараагаар нь тасалгааны ургамлын анги болон хүлэмждээ дадлагын хичээлээ давтдаг. Тэд хичээлийнхээ хүрээнд усан үзэм, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, тарвас зэрэг жимснүүдийг амжилттай үрслүүлжээ. Хүнсний ногооны хувьд өргөст хэмх, улаан лооль, салад навч, юуцай, чинжүү гэх мэт төрөл бүрийн ногоо тарьж амжилттай хурааж, сургуулийнхаа гал тогоонд нийлүүлдэг гэнэ. Энэ бол 55 дугаар сургуулийн багш ажилчдын нэвтрүүлж чадсан бодит үр дүн. Тэд сургуулийнхаа дээврийн догол хэсгийг ашиглан 32 ам метр талбайтай нарлаг хүлэмжийг цогцлоож Монголдоо анхдагч хүлэмжтэй сургууль болж чадсан. Одоогоор 11 дүгээр ангийн 12 сурагч, 12 дугаар ангийн 8 сурагч цэцэрлэгчин, ногоочны ангид суралцаж байна. Тус ангийн хичээлийг Г.Түвшинжаргал багш ордог.
Энэ талаар “Хөгжлийн ялгаатай хүүхдүүд байгальтай ойрхон байхыг илүүд үздэг. Тиймдээ ч нарлаг хүлэмж рүүгээ мэргэжлийн ангийн сурагчид гэлтгүй бага ангийн сурагчид хүртэл хичээлийнхээ дундээр ирж ургамал усалж, шинээр үрсэлж буй жимс, ногоонуудаа арчилдаг. Хавар үрсэлгээ хийж эхлэхээр хүүхдүүд улам сонирхож идэвхтэй болчихдог. Тарьсан ургамлаа харахаар байн, байн хүлэмж рүү ирнэ. “Өдөр болгон усалмаар байна багшаа” хэмээн гуйдаг гэв.
“Өмнө нь сониуч зандаа хөтлөгдөн өнгө өнгийн цэцэгс тааралдвал тасалж, ургамалтай болгоомжгүй харьцдаг байсан. Одоо бол илүү хайрлаж, хамгаалдаг болсон”хэмээн ярих цовоо охиныг Ц.Наран-Эрдэнэ гэдэг. Түүний хувьд аравдугаар ангиасаа хойш цэцэрлэгчин, ногоочны ангид суралцаж байгаа. Багшийнхаа зааснаар найзуудтайгаа хамтарч ногоо тарьж, мод үрслүүлснээр багаар ажиллах чадвар эзэмшиж байгаа. Үрсэлгээ хийх үйл явц түүнд хамгийн сонирхолтой байдаг. Өөрийнх нь тарьсан жимс соёолж эхлэхэд аж жаргалыг мэдэрдэг. Учир нь би түүнийг үрслүүлж, тордож ургуулсан шүү дээ.
Ийн Ц.Наран-Эрдэнэтэй ярилцаж дуусахад тус ангийн 12 дугаар ангийн сурагч Ц.Баярхүү ч бас хичээлийнхээ тухай, болон өөрийн мөрөөдлөө бидэнтэй хуваалцахыг хүссэн юм. Ц.Баярхүү 18 настай. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд коллежид зураач мэргэжлээр суралцаж өөрийн гэсэн уран бүтээлийн урлантай болохыг мөрөөддөг. Хичээлээсээ гадуур уран зургийн дугуйланд явж байгаа гэнэ. Цэцэрлэгчин, ногоочны мэргэжлийн хичээлийн хувьд ургамалтай харьцаж, бие дааж үрсэлгээ хийж, усалж, тордох нь хамгийн сонирхолтой. “Ногоо тарьчхаад, ургахыг нь хүлээх хамгийн гоё. Өглөө болгон нэмж ургасан болов уу” гээд сэрэх түүний өдрийг утга учиртай болгодог байна.
“Гэртээ зуу настыг бие даан тарьж үзсэн боловч бүтэлгүйтсэн. Дахин бүтэлгүйтэхгүйн тулд ургамал тарьж, арчилж сурахаар цэцэрлэгчин, ногоочны ангийг сонгосон” гэх хүүг Б.Мөнхдөл гэдэг. Хамгийн анх хичээл дээрээ юуцай тарьчхаад соёолохыг нь маш их хүлээсэн. Долоо хоногийн турш хүлэмж рүү гүйсний эцэст юуцай ч үрсэлсэн. Бид онолын хичээлээ үзээд дараагаар нь дадлагын хичээлээ хийдэг. Хичээлийн бус цагаар хүртэл хүлэмждээ орж, ургамлаа услах дуртай. Энэ зун би төмсний талбай дээр очиж үзээд, яг тийм том талбайтай болно гэж бодсон. Гэхдээ би ургамал, ногоо тарихаас гадна хуульч, өмгөөлөгч болохыг мөрөөддөг. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд их сургуульд сурахаар бэлдэж байгаа талаараа ч бидэнд хуваалцсан юм.
.jpg)
Гурван сурагчтай ийн ярилцаж дуусахад тэд ичингүйрсэн өнгө аясаар “Эгч ээ би ч бас үргэлжлүүлэн суралцана. Та миний мөрөөдлийг сонсох уу, гэсээр нүдэнд гэрэл цацарч, нүүрэнд мишээл тодров. Тэд 12 дугаар ангиа төгсөөд бусдын адил мэргэжил эзэмших тухайгаа ярьж эхлэв. Ц.Наран-Эрдэнэ маке ап артист, нүүр хувиргагч болохоор төлөвлөж байгаа бол Ц.Баярхүү зураач, Б.Мөнхдөл хуульч болно. Тэд дор бүрнээ их сургууль, коллежид орох бэлтгэл ажлаа хийж байгаа гэнэ. Тус сургуулийн сурагчид хөгжлийн ялгаатай гэж хойш суулгүйгээр өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан хөгжсөөр байгаагийн тод илрэл нь энэ. Багш ажилчид нь сурагчдадаа тусалж болох арга зам, гарц шийдлийг эрж, дор бүрнээ хичээж ажиллаж байна. Ийн зочид буудал гэж эндүүрэм тохижуулсан дадлагын ангитай, ургац хураадаг нарлаг хүлэмжтэй, төрөл бүрийн кофе, жигнэмэг, хоол гаргадаг кофе шоптой хамт олны сайн туршлагыг ерөнхий боловсролын 55 дугаар сургуулиас харж болно. Тэд ирээдүйн түүхээ бүтээгээд тун завгүй урагшилсаар л... Ирээдүйн шилдэг бариста, талх нарийн боовчин, тогооч, цэцэрлэгч, ногоочин, зочид буудлын үйлчлэгчдийн эхлэл эндээс эхэлж байна.





| ИРЭЭДҮЙН ШИЛДЭГ БАРИСТА, НАРИЙН БООВЧИН, ЦЭЦЭРЛЭГЧДИЙН ЭХЛЭХ ЦЭГ |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |