• Өнөөдөр 2024-05-05

М.Оюундарь: Өвөөтэйгөө хамт үздэг байсан монгол кинонууд намайг жүжигчин болоход их нөлөөлсөн

2023-02-02,   1308

     “Өндгөн толгойт” уран сайхны кинонд сувд шиг чимэгтэй охины дүр дээр чадварлаг ажилласан залуу жүжигчин М.Оюундарьтай ярилцлаа. Бид түүнийг Tippytop цахим хуудасны хөгжилтэй богино бичлэгүүдээр нь илүү сайн таних билээ. 

 -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх хэрхэн жүжигчнээр сурахаар шийдсэн бэ ? 
 
       -Гэрийнхэн маань намайг урлагийн хүн болно гэхэд төдийлөн дэмжээгүй. Гэрийнхэндээ өөр сургуульд шалгалт өгсөн гэж хэлээд СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгч байлаа. Хэрэв тэнцэхгүй бол нэг жил өнжөөд дахиж оролдож үзнэ гээд бодчихсон. Жүжигчин болохоор шийдсэн байсан. Тэр жилдээ сургуульдаа тэнцэж Н.Наранбаатар багшийн шавь болсон доо. Тэр үед сургуульдаа тэнцчихээд гэр хүртлээ уйлж билээ. Миний амьдралдаа авсан хамгийн гоё мэдрэмж байсан даа. Жүжигчин болно гэж бат шийдээгүй байсан ч багаасаа урлагт дуртай хүүхэд байлаа. Цэцэрлэг, сургуулийнхаа бүх л урлагийн тоглолтод оролцдог байлаа. Өвөө минь монгол кинонд их дуртай нэг киног хэд ч давтаж үзсэн уйддаггүй хүн байсан юм. Өвөөгийнхөө хажууд суугаад хамт кино үзэхээр надад жүжигчдийнх нь талаар их ярьж өгнө. Тэр нь жүжигчин болоход их нөлөөлсөн дөө. 
 
-Урлагийн чиглэлээр суралцахыг эсэргүүцэж байсан гэр бүлийнхэн нь сургуульд тэнцсэн гэдгийг нь сонсоод ямар хариу үйлдэл гаргасан бэ? 
 
     -Их сургуульд тэнцсэнээ хамгийн эхэнд ээждээ хэлсэн. Тэгсэн “Ээж нь охиныгоо сургуульдаа орж чадна гэдгийг мэдэж байсан“ гээд их тайвнаар хүлээж авсан. Тодорхой цалингүй, амьдралын баталгаагүй мэргэжил гээд багахан эсэргүүцэж байсан юм. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгааг минь хараад их баярладаг юм билээ.  
 
-Уран бүтээлийнхээ гарааг ямар бүтээлээр эхэлж байв. Ямар дүр дээр ажилласан бэ?  
 
       -Оюутан байхдаа “Бүсгүйн зурвас” жүжгийн туслах дүрд тоглосон. Тэр нэр хүндтэй тайзан дээр жүжигчний хувиар анх удаа гарч байлаа. Мундаг багш нар, жүжигчдээсээ их зүйл сурсан. Дараа нь гуравдугаар курстээ “Өндгөн толгойт” уран сайхны кинонд хорт хавдартай охины дүр дээр ажиллах боломж олдсон. Учралын дүр үнэхээр таалагдсан учраас үсээ хусуулаад тус кинонд тоглосон. Үзэгчид намайг үсээ хуссан гэж бодоогүй юм билээ. Будалт л гэж харсан байх. 

 -Үсээ хусуулахаас гадна хүнд өвчтэй охины дүрд ажиллах ямар байсан бэ. Анхны дэлгэцийн уран бүтээл учраас сандарсан уу? 
 
          -Үсээ хусуулахын өмнө сэтгэл санаагаа бэлдсэн. Анхны дэлгэцийн уран бүтээлдээ зоригтой орох хэрэгтэй гэж бодсон. Дүрийн судалгааны явцад элгэний хорт хавдраар нас барсан хүний тоо өндөр байсан. Хавдар судлалын үндэсний төв дээр дийлэнх зураг авалтаа хийлгэсэн юм. Анх удаа тоглож байгаа ч гэсэн кино багийнхныхаа ажлаас хойш татахгүй байхыг хичээсэн. Киноныхоо нээлтэд оролцох хүртэл үнэхээр шинэ содон, сэтгэл догдлом байсан даа. Дэлгэцээр өөрийгөө үзэхдээ сандарч, шалгалт өгч байгаа юм шиг мэдрэмж авсан. Дараагийн уран бүтээл дээрээ ажиллахдаа илүү анхааралтай байх гэж алдаа дутагдлаа их анзаарсан. 
 
 -“Tippytop” цахим хуудаснаа богино бичлэг оруулдаг байсан шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу? 
 
            -“Tippytop” цахим хаяг дээр бичлэг оруулдаг болохоосоо өмнө багш, ангийнхантайгаа Blackcomedy хийдэг байсан. Энэ нь нийгэмд өрнөсөн буруу зүйлүүдийн хэтрүүлэгтэйгээр ёжилж шүүмжилдэг бүтээл л дээ. Залуу уран бүтээлчид хийж байгаа учраас биднийг дэмжих хүн бага байсан. “Tippytop”-д орсны дараа хэцүү зүйл олон тохиолдсон. Өмнө нь тэгж богино дүрс бичлэгүүдийг үздэг байснаас хийж байгаагүй болохоор сурах зүйл их гарсан. Хүмүүс богино дүрс бичлэг хийх амархан гэж боддог. Гэхдээ тийм амар зүйл бишээ хүн инээлгэнэ гэдэг тун хэцүү даваа. Дээрээс нь хандалт их авах тренд болох сэдвийг сонгохын тулд бүх зүйлд мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Зүгээр сууж байгаад хийх ажил биш юм билээ. 
 
 -Цахим хуудсаар богино бичлэг хийх үедээ сөрөг сэтгэгдэл авсан уу? 
 
              -Хүний нүдэнд дасах хүртэл хэцүү юм илээ. Анх богино бичлэгүүд дээр гарч эхэлсэн чинь өмнөх жүжигчнийг нь асууж, намайг доромжилсон сэтгэгдэл олон ирсэн. Ирсэн сэтгэгдэл бүрийн уншина үгийн муухайгаар хэлсэн сэтгэгдэл цөөнгүй. Тэр бүрийн хараад сэтгэл өвддөг ч даваад гарч чаддаг. Байнга магтуулж, сайшаал хүртэж амьдраан гэж байхгүй шүү дээ. Үзэгчдэд дасаж, хүлээн зөвшөөрөх хугацаа хэрэгтэй юм билээ. 

-Үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч бий юу? 
 
            -Үлгэр дуурайлал авдаг хүн олон бий. Нэг уран бүтээлд оролцож, хамтарч байгаа бүх л уран бүтээлчээсээ суралцдаг. Тэр дундаа Ж.Оюундарь багшаасаа илүү их үлгэр дуурайлал авдаг. Хийж байгаа уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаж, хийх ёстой зүйлээ яг хийдэг хүн болохыг хүссэн. Хүн бүрд элгэмсэн ханддаг, хүнлэг хүн байдаг даа. Багш минь яг тийм хүн.
 
-Оролцсон зураг авалтууд дундаас нь таны хувьд хамгийн сонирхолтой байсан зураг авалт ямар уран бүтээлийнх вэ. Юу нь сонирхолтой байсан юм бэ?
 
           -Оролцож байсан бүх л уран бүтээлийн зураг авалтууд сонирхолтой байсан юм байна. Тэр дундаас "Солонгос драма монголд" киноны үеэр миний дүрийн будалт, өдөр тутмын хувцаслалт өдөр бүр солигддог байсан нь надад их сонирхолтой, таатай байсан. 
 
 - Жүжигчин болоогүй байсан бол өөр ямар ажил хийх байсан бэ. Өөр авьяас, чадвараасаа хуваалцахгүй юу? 
 
           - Жүжигчин болоогүй бол архитектур болох байсан байх. Аавыгаа дуураагаад гарын ур сайтай. Тиймээс архитектур, эсвэл зураг төсөлтэй холбоотой ажил хийж байсан болов уу. Эсвэл бүүр хувцас загвар зохион бүтээгч ч болох  байсан байж мэднэ.
 
-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?  
 
              -Эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллахыг хүсэж, зорьдог. Дахин нэг мэргэжлээр гадаадад сурах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь хүний эцсийн зорилго аз жаргатай тайван амьдрах шүү дээ. Тиймээс аз жаргалтай, инээд хөөр цангинасан гэр бүлтэй болохыг хүсдэг. 

М.Оюундарь: Өвөөтэйгөө хамт үздэг байсан монгол кинонууд намайг жүжигчин болоход их нөлөөлсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188