• Өнөөдөр 2024-05-05

Ж.НОМИНГЭРЭЛ: “Favway” бол гэгээн бүхнийг түгээхийг хүссэн дөрвөн найзын хамтрал

2023-02-01,   1166

     Дөрвөн найз нэг хүсэл мөрөөдөл дор нэгдэж, байгуулсан "Favway" уран бүтээлийн нэгдлийн гишүүн, залуу жүжигчин Ж.Номингэрэлтэй ярилцлаа. Тэрбээр бидний мэдэх “Яаралтай тусламжийн тасаг” “37 дугаар точка” “Амьдралоги” зэрэг уран бүтээлүүдийн гол болон туслах дүр дээр ажилласан билээ. 

 -Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Favway” уран бүтээлийн нэгдлийн талаар ярихгүй юу. Анх хэрхэн эхэлж байсан бэ?  
 
         -"Favway" нэрийн хувьд “favourite way” буюу дуртай зам гэсэн утгатай. Дуртай замаараа хүссэн зүйлээ хийгээд явж байгаа учраас ингэж нэрлэсэн. “Favway” уран бүтээлийн нэгдлийн охид их сургуулийн нэг ангийн найзууд л даа. Найзууд учраас нэгнийгээ ойлгож, санаа бодол нийлдэг. Төгсөөд хамтдаа уран бүтээл хийнэ гэж их ярьдаг байсан. 
 
-Хэзээ жүжигчин болохоор шийдсэн бэ. Мэргэжлийнх нь юу таны сонирхлыг татсан юм бэ?  
 
          -Дийлэнх жүжигчид багаасаа хүсэж, мөрөөдөж жүжигчин болдог шүү дээ. Гэхдээ миний хувьд би ахлах сургуулиа төгсөх үедээ л жүжигчин болохоор шийдсэн. Уг нь санхүүгийн чиглэлээр явах бодолтой байсан юм. Сургуулиас зохион байгуулсан жүжгийн тэмцээнд ангиасаа шалгарсан. Тэр үед энэ мэргэжлийг сонговол үнэхээр сонирхолтой амьдрах юм байна гэж бодсон.
 
-Хэзээ мэргэжилдээ хамгийн их татагдсан бэ?  
 
          -Төгсөлтийн дипломын жүжгийн үеэр УДЭТ-ын тайзан дээр байхдаа үнэхээр сайхан мэдрэмж авсан. Би гол дүрд нь тоглосон юм. Тайзан дээр уйлж, инээгээд жүжгээ дууссаны дараа үзэгчдийн алга ташилтыг сонсохдоо үгээр хэлэмгүй мэдрэмж авсан. Тэр үед авсан мэдрэмжийг дахин мэдрэхийн тулд жүжиглэхийг хүсэх тийм мэдрэмж байсан.
 
-Анх ямар уран бүтээлд тоглосон бэ?  
 
          -Хамгийн анх гол дүр ч биш гэсэн "Амьдралоги" уран сайхны кинонд Г.Ундармаа эгчийн ангийн охин болж тоглодог. Хэдэн хэсэгт гардаг хэдий ч миний анхны уран бүтээл байсан. 
 
-Найзуудаараа хамтдаа уран бүтээл хийх ямар байдаг вэ? 
 
           -Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж хэлье гэсэн хэлж, ярилцдаг. Ярилцаад хүссэн уран бүтээлээ хамтдаа бүтээдэг болохоор сайхан байдаг.  
 
- “Favway”-ийн гишүүд киноныхоо зохиолын бичиж, найруулдаг шүү дээ. Нэг уран бүтээл гаргах гэж хэр урт хугацаа зарцуулдаг вэ? 
 
            -Кино, контентынхоо дээрээ өөрсдөө ажилладаг. Зохиол бичих үйл явц, хугацаа харилцан адилгүй. Нэг сарын дотор бичиж дуусах үе байхад бүтэн жил зарцуулсан зохиол ч бий. Зохиол бичих үй явж ямар нэгэн төлөвлөгөөнд байдаггүй тааварлашгүй байдаг.
 
-Бүтээлүүдээрээ үзэгчдэд юу хүргэхийг зорьдог вэ? 
 
            -Бид үзэгчдэд буруу хандлагатай зүйл хүргэхгүй байхыг хичээдэг. Манай сувгийн үзэгчдийн дийлэнх хувийг өсвөр насныхан, залуучууд эзэлдэг. Тиймээс буруу зүйл уриалсан зүйл хийхгүй байхыг хүсдэг. Мөн зогсохгүй хөдөлмөрлөхийг хичээдэг.  
 
-Кинондоо тоглуулах жүжигчин, хамтрагчдаа хэрхэн сонгодог вэ? 
 
           -Жүжигчин сонгон шалгаруулах үйл явц хамгийн ажиллагаа ихтэй байдаг. Цахимаар дамжуулан хүмүүстэй холбогдож ярилцаж, уулзаж, судалдаг. Ямар төрлийн контент хийхээс шалтгаалж жүжигчдээ сонгодог. Богино хэмжээний контент дээрээ заавал мэргэжлийн жүжигчин гэхгүйгээр жүжиглэх мэргэжилтэй хүнийг сонгодог. Харин олон ангит болон бүрэн хэмжээний дээрээ мэргэжлийн жүжигчидтэй хамтрахыг хичээдэг. Цаашид илүү мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа.
 
-Залуу уран бүтээлчид нэгдэж, уран бүтээл хийхэд тулгардаг бэрхшээл бий юү?  
 
          -Тулгардаг асуудал цөөнгүй бий. Бид байнга санхүүгээ гаргах боломжгүй шүү дээ. Тиймээс хамтран ажиллах байгууллага хайхаар “Өмнө нь ямар бүтээл хийж байсан юм. Ажлын туршлагатай юу” гэдэг. Бид туршлага бага гэдгээ хэлэхээр “Өмнө нь юм хийж үзээгүй хүмүүст итгэж мөнгө өгмөөргүй байна” гэдэг.  
 
-"Яаралтай тусламжийн тасаг" олон ангит кинонд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцахгүй. Эмчийн дүр дээр ажиллах ямар байсан бэ? 
 
          -Миний ажилласан хамгийн өргөн хэмжээний уран бүтээл. Энэ кинонд тоглоод эмч болохыг хүссэн. Багадаа тус мэргэжлийн талаар мэдлэг бага байсан учраас төдийлөн сонирхоогүй юм билээ. Эмнэлэг дээр гурван сарын турш дадлага хийсэн учраас эмчийн талаарх буруу ойлголтоо зассан. Илүү шинжлэх ухаанчаар хандсан. Кинонд тоглох үеэрээ мэргэжлийн үг хэллэгийн эмчээс нь асууж, юу болоод байгааг илүү ойлгож, бодитоор гаргахын хичээсэн.  
 
-Бичсэн зохиол нь кино уран бүтээл болж байгааг харах ямар байдаг вэ. Таны хувьд хэдэн зохиол дээр ажилласан бэ? 
 
           -Ганцхан миний бичсэн зохиол гэж үгүй. Хамтдаа сууж байгаад ярилцаж, нэгнийхээ санааг сонсож зохиолоо бичдэг.  
 
- “Урлагийн сургууль” олон ангит киноны талаар ярихгүй юу?
 
           -”Урлагийн сургууль” олон ангит кино бидний нэлээн удаан ярилцсан уран бүтээл байсан. Их сургуульд байхад гарсан санаа. Монгол Улсын урлагийн сургууль ийм байгаасай гэж хүсэж хийсэн бүтээл л дээ.
 
-Дараагийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?  
 
          -Бид өргөн дэлгэцийн уран бүтээл хийхээр ажиллаж байна. Бэлтгэл ажилласан эхэлчихсэн бүх л анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Үзэгчидтэйгээ өргөн дэлгэцээр уулзах гэж байгаадаа баяртай байна. 
 
 -Ярилцсанд баярлалаа.  
 
           -Баярлалаа. 
 
 

Ж.НОМИНГЭРЭЛ: “Favway” бол гэгээн бүхнийг түгээхийг хүссэн дөрвөн найзын хамтрал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-11 23:07:36
    Номинэрдэнэ: Номингэрэл эгч их хөөрхөн Би Номингэрэл эгчийн хийсэн бүх киног үзсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-01 11:21:52
    fgh: Hamgiin huurhun
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188