• Өнөөдөр 2024-04-25

Монгол эрчүүдээ бууны сум, дүүжлүүрийн олс, савтай шатахуунаас хамгаалъя

2021-03-02,   1137

2019 оны хоёрдугаар сарын 26-нд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороо, Шарга морьтын хойд ууланд 32 настай, эрэгтэй Г амиа хорлов. 
2020 оны есдүгээр сарын 9-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 23 настай Б өөрийгөө буудаж, амиа хорлов. 
2020 оны арваннэгдүгээр сарын 28-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар III хороонд 41 настай эрэгтэй өөрийгөө буудаж амиа хорлов. 
2021 оны нэгдүгээр сарын 5-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 26 настай Ц өөрийгөө буудаж амиа хорлов. 
2021 оны хоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбайд 34 настай, эрэгтэй А өөрийгөө шатааж амиа хорлов. 
2021 оны хоёрдугаар сарын 14-нд Ховд аймгийн Дуут суманд 17 настай эрэгтэй өөрийгөө шатааж, амиа хорлов...
 

Өөрийгөө буудаж, шатааж, дүүжилж амиа егүүтгэсэн энэ мэт харамсалтай тохиолдлуудаас хэдийг л бол хэдийг дурьдаж болж байна. Гэвч цаг ч, цаас ч эс хүрэлцэнэ. Учир нь жил тутам 350-400 эрэгтэй амиа егүүтгэж, энэ хорвоогоос цаг бусаар одож байна. Тэд бүгд хэн нэгний голомтыг нь залгах хүү, хэн нэгний сайн хань, хүүхдийн сайн эцэг байсан. Энэ сарын 8-нд төв талбайд өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн А л гэхэд эхнэрээсээ салсан ч охинтойгоо хангалуун сайхан амьдрахын тулд барилга дээр цемент үүрч, гудамжинд CD хүртэл зарж, хатуу, бэрх бүхний өөдөөс тэмцэж явсан. Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд өөрийгөө буудсан Ц гэхэд эхнэртэйгээ хэрүүл маргаангүй, хардалтгүй жаргалтай амьдрахыг л хүсэж байсан. Өнгөрсөн оны есдүгээр сард ууланд өөрийгөө буудсан Б төрсөн нутагтаа аав, ээжтэйгээ малаа маллаж, мянгат малчин болохыг зорьж байсан. Гэвч тэд зорилгодоо хүрэх замдаа шантарсан, айсан, гомдсон. Тэгээд нэг л өдөр амиа хорлох адын бодолд өөрөө ч мэдэлгүй хөтлөгдөөд аав ээжийгээ, эхнэрээ, хүүхдээ, зорилго, мөрөөдлөө хаяад, үүрд явчихсан. Гэвч тэднийг явсанд нь буруутгах аргагүй. Буруутгая гэвэл “сайхан цаг иртэл жахан тэвччихгүй, жахан л сэтгэлийн хаттай байхгүй яав даа” л гэж буруутгана. Бусдаар бол амиа хорлох хүртэл нь “зовоосон” энэ нийгэм буруутай.  Учир нь амиа хорлох суурь нөхцлүүд нь мөнгө, өр зээл, хардалт, ажилгүйдэл, бас ялгаварлан гадуурхалт, архидалт, доромжлол. Чухамдаа энэ нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудал бүхэн эрчүүдийн сэтгэлд зовлон болж хуралдаж явсаар эцэст нь амиа хорлоход хүргэж байна.

 
       Сэтгэлзүйчдийн тайлбарлаж буйгаар монгол эрэгтэй хүний хүмүүжил, сэтгэлзүйн онцлог нь аливаа зовлон жаргал, баяр гунигаа гадагш гаргаж, бусдад илэрхийлдэггүй үг, нулимс нь дотогшоо байдаг ажээ. Тийм эрчүүдээ бид гүдэсхэн, гүндүүгүй гэдэг. Гэвч дотогшоо, гүдэсхэн, гүндүүгүй монгол эрчүүд маань амиа хорлолтоороо дэлхийд гуравдугаарт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл монгол эр хүний дотор уужим гэдэг ч зовлон, шаналал, стресс, уур бухимдал, айдас, гомдолыг багтаах хэмжээ гэж бий. Тухайн хүний дотор хурсан бүхий л зовлон, нулимс нь багтхаа болиж, тэр хэмжээ нь дүүрхээрээ дааж давшгүй ачаа мэт санагдаж, тэр үед тэд дүүжлүүрийн олс бэлдэж, бензин савлаж, эсвэл өөр рүүгээ буу чиглүүлж, гох дардаг аж. Агаарын шаарыг үлээгээд л байвал хагарчихдагтай адилхан... Харин эмэгтэйчүүдийн амиа хорлолт бага байдаг нь тэд аливаа сэтгэл хөдлөлөө тэр дор нь уйлаад, уурлаж хашгичаад гаргачихдагтай холбоотой гэнэ. 
 
Нөгөөтэйгүүр энэ нийгэм эрчүүдээ хэтэрхий зөнд нь хаяж, “Эр хүн юм чинь” гэдэг байдлаар ялгаварлана гадуурхаж байна. Дөнгөж төрсөн эхийг дүн өвлийн хүйтэнд тавчиг, халадтай нь эмнэлгээс гаргалаа гэж нийгмээрээ бухимдаж, жагсаж, цуглаж Засгийн Газраа бүрэлдэхүүнээр нь огцруулсан цаг саяхан. Гэтэл түүнээс хагас сарын дараа автобусанд зорчиж явсан 20 орчим насны залууг коронавирустэй хэмээн автобусаараа дайрч, доромжилж, цагдаа нар ирээд гавлаж, эмч нар ирэх хүртэл бүтэн дөрвөн цаг буруу харуулаад гудамжинд зогсоосон. Тэр залуу “Халдвар тараагч” гэж бусдад чичлүүлэн, хэнд гомдохоо мэдэхгүй даарч зогсохдоо амиа хорлох тухай нэг биш удаа бодсон л байх. Гэвч хэн ч тэр залууг өрөвдөж, дүн өвлийн хүйтэнд зуны пүүзтэй дөрвөн цаг гудамжинд зогсоолоо гэж төр засаг руу бухимдаагүй. Уг нь тавчигтай эмнэлгээс гараад тав алхаад машинд суух, зуны пүүзтэй дөрвөн цаг гудамжинд зогсох хоёр яг л адилхан өмөөрөх асуудал баймаар. Даанч тэр залуу эрэгтэй учраас хэн ч түүнийг өмөөрөөгүй. Эмэгтэйчүүдээ өмөөрч, эрчүүдээ зөнд нь хаягдаг уламжлалт, буруу тогтолцоо эрчүүдийн амиа хорлолтын суурь шалтгаануудын нэг гэдэг нь эндээс харагдаж байгаа биз дээ. 
 
Тиймээс нийгмээрээ эрчүүдээ анхаардаг, сонсдог болъё. “Эр хүн юм чинь” гэдэг уламжлалт сэтгэлгээнээс салж, нулимсаа нуу гэж шаардахгүй байя. Бас эрэгтэй хүүхдүүдээ сэтгэл хөдлөлөө гадагшаа ил гаргадаг, ярилцдаг, бас илүү сэтгэлийн хаттай болгож өсгөе. Эхнэрүүд нь эр нөхрөө амьдралын төлөө зүтгэж байгаад нь талархдаг, түүнийгээ хэлж илэрхийлдэг, юунд гомдож, юунд зовж, юунаас айж байгааг нь мэддэг, мэдэрдэг, асууж шалгаадаг болоё. Тэгж байж л сая гаруйхан монгол эрчүүдээ өөрөө өөртөө дүүжлүүрийн олс бэлдхээс нь хамгаална. Эс бөгөөс гүдэсхэн, гүндүүгүй гэх эрчүүд маань зовлон, гунигаа дотроо нууж явсаар бурханд очиж хэлэхээр бидний дундаас одсоор байх болно. 
 
 

Монгол эрчүүдээ бууны сум, дүүжлүүрийн олс, савтай шатахуунаас хамгаалъя
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188