• Өнөөдөр 2024-04-19

Жинхэнэ “Баяртай”

2020-11-03,   950

 
...Баяртай гэж хэлэх, хэн нэгнийг өөрөөсөө явуулна гэдэг “бяцхан үхэл” л гэж боддог байлаа. Саяхныг хүртэл, тодорхой хэлбэл сэтгэл зүйчтэй ярилцах хүртэл ч юм уу. Сэтгэл зовоосон асуудлууд, ахуйн аар саар зовнил, түгшүүрээ ямар ч шүүлтүүргүйгээр хуваалцчихдаг найз минь болохоор би түүнийг яг ч сэтгэл зүйч гэж хүлээн авах нь ховор. Гэлээ ч хамгийн эгзэгтэй мөчид тус болохоор, өөрийгөө олж харах, өрөөлийг ойлгоход нэмэртэй үгсийг тэр санаандгүй мэт л хэлдэг, харин би түүнийг ихэд ухамсартайгаар хүлээн авдаг аа (Гэхдээ гол яриа минь түүний тухай биш болохоор ингэсгээд орхиё). 
... Олон жилийн өмнө тус тусын замаар, гэхдээ нэг их хүсэж зориогүйгээр салж одсон нэгэнд гэнэт л талархах, хайрлах, ойлгох сэтгэл төрнө гэдэг миний хувьд үнэхээр гэнэтийн, бас ойлгомжгүй зүйл байсан юм. Түр зуурын сэтгэл хөдлөлийнх биш, зүрхний хаа нэгтээгээс үнэхээр л  халуу оргиулсан энэ мэдрэмж төрөхөөс өмнө би түүнд ер нь л  гомдож, заримдаа үзэн ядаж, ихэнхдээ таагүйгээр бодож явдаг байсан гээч! Ийм сонин зүйлийн тухай мөнөөх сэтгэл зүйчтэйгээ ярилцахгүй бол болохгүй биз дээ?  “Арай хожим л болохоос ингэх нь тодорхой л байсан. Чи тэр хүнийг жинхнээсээ өөрөөсөө явуулж, чөлөөлж чаджээ”. Сэтгэл зүйч яг ингэж хэлсэн. 
... Аль олон жилийн өмнөх... Үгүй, таараагүй хэдэн жил... Бүх зүйл дуусаад...Ээ, энэ бүгд огт хамаагүй зүйл байх нь.  Үнэндээ бие биенээ харахгүй байна гэдэг, ярилцах, уулзах, ямар нэгэн сэжмээр хамаатах сэдэл төрөхөө болино гэдэг яг ч “Баяртай” гэсэн үг биш. Жинхэнэ “Баяртай” бол тайван, маш тодорхой, ямар нэгэн албадлага, хүчлэлгүй. Өрнөж буй үйл явдлын тусгал, эерэг, сөрөг сэтгэл хөдлөлгүй тийм “Баяртай” (Цаг мөч, тэр цаг мөчүүдийн тохиолд ямар нэгэн учралаар таарсан, баяр жаргалаа ч юм уу, ямар нэгэн зүйлсээ хуваалцсан хүмүүст “Баяртай” гэж хэлээд, талархан байж явуулна гэдэг уй гунигтай ч хэрэг биш л дээ). Ерөөс миний төсөөлж байснаас тэс өөр “Баяртай”. 
Дуусгаагүй, мухарлаж чадаагүй бүхэн хэзээд гашуун. Бидний өнөөдрөөс тэс өөрөөр өрнөж болох БАЙСАН тэр зүйлс хэзээ ч алга болдоггүй шиг л... Тэр гашуунд цэг тавих, “болох байсан” гэх тодорхой төлөвгүй болзлын түмэн салаа нэг үзүүрт ирэхэд л жинхэнэ  “Баяртай” бас ирдэг гэж сэтгэл зүйч хэлсэн. 
Тэгээд л миний жинхэнэ “Баяртай”  халуун,  хайр дүүрэн, бардам итгэлтэй, тайван байсан уу? Ямартаа ч  “Чи ийм хэдий ч би чамд хайртай”, “Чи ийм л учраас хайртай” гэх үгсийн зөрүүг олж хардаг болсон шигээ, мянга түмэн бээрийн цаанаас бие биеэ мэдэрч үзсэн шигээ, одоо ч зүрхний минь хаа нэгтээ цохилон буй сайны зөнг мэддэг шигээ... тийм л сэтгэлээр би “Баяртай” гэж хэлж чадаж байна. Бас жинхэнэ “Баяртай”-тай нүүр тулсандаа баярлана...  
 

Жинхэнэ “Баяртай”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188