• Өнөөдөр 2026-09-19

Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв

     Таеквондо-гийн дасгалжуулагч С.Түмэндэмбэрэл, У.Ханд нар таеквондо-гийн спортоор хичээллээд 22 жил, “Эхлэл” клубээ үүсгэн байгуулаад 13 жил болжээ. Тэд тамирчин байхдаа дэлхийн аварга, Азийн аварга, олимпын эрхийн тэмцээн гээд олон тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан. Гэвч тэдэнд хүссэн медалиа авч чадалгүй, харамсан үлдсэн мөчүүд олон байсан. Тухайн үед тэд “Өөрсдөө хийж чадаагүй зүйлээ шавь нараараа хийлгэж, дэлхийн болон олимпын аварга төрүүлэх мөрөөдөлтэй явсан” юм.

    У.Ханд, С.Түмэндэмбэрэл багш нар монголчууд олимп, дэлхийн медальтан болж чадна гэдгийг дэлхий дахинд харуулмаар байсан учраас зориглоод, зээл авч клубээ байгуулж байсан юм. Харин өнөөдөр тэд  чадлаа, өөрсдийн мөрөөдөл болсон дэлхийн аваргын алтан медалийг шавийнхаа авьяас, чадвар, хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шимээр хүртэж чадлаа. Багш хүний хувьд шавь нь дэлхийн аваргын медальтан болно гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байдаг. Дэлхийн аварга О.Энх-Эрдэнэ 2019 оноос “Эхлэл” клубт ОУХМ У.Ханд, ОУХМ С.Түмэндэмбэрэл багш нарын удирдлага дор таеквондо-гоор хичээллэж эхэлсэн.

   Дэлхийн аварга О.Энх-Эрдэнэ бэлтгэлийг чин сэтгэлээ хийдэг хөдөлмөрч хичээнгүй охин билээ. Тэрбээр  нэг жилийн өмнөөс Монгол Улсын Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтаар орсон. Улсын шигшээ багт очоод бэлтгэл сургуулилалтаа Өмнөд Солонгосын мастер багш И Жаевонын удирдлага дор хийж байгаа. Бид шавь дэлхийн аварга болсонд баярлаж, талархан таеквондо-гийн спорт болон хүүхдүүдийн төлөө амьдралаа зориулж, олон сайхан шавь нарыг төрүүлж яваа бүх багш, дасгалжуулагч нартаа мэхийн ёслож, талархал илэрхийлсэн юм. Тэрбээр “Монгол хүүхдүүд чадна шүү” гэсэн итгэл, хүч, урам зоригийг бидэнд өгсөн бүх хүмүүст баярлалаа” гэсэн билээ.

   2026 оны есдүгээр сарын 16–20-ны өдрүүдэд БНСУ-ын Чүнчон хотноо зохион байгуулагдаж буй таеквондо-гийн пүмсэ төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 83 орны 2800 гаруй тамирчин өрсөлдөж байна. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн тамирчдаас өсвөр үеийн холимог хосын төрөлд Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар алтан медаль хүртэж, дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Монголын тамирчид хэсгийн шатанд Их Британи, Герман, Канад, АНУ-ын тамирчдыг тус тус ялж, финалд Тайландын хосыг ялснаар алтан медалийн эзэд болсон билээ. Ийнхүү Монгол Улсын Пүмсэ шигшээ баг дэлхийн дэвжээнд алтан медаль хүртэж, Монголын таеквондо-гийн түүхэнд шинэ амжилтын хуудас нээлээ.

   Энэхүү түүхэн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын их, дээд сургуулиудын таеквондо-гийн холбооны ерөнхийлөгч хатагтай П.Батхүү, нарийн бичгийн дарга Д.Лхагвадорж, Пүмсэ шигшээ багийн дасгалжуулагч И Жаевон, Шигшээ багийн нийт бүрэлдэхүүн, Монголын таеквондо холбооны ерөнхийлөгч, МУГТ Б.Онон, нарийн бичгийн дарга, МУГД Н.Эрдэнэбаатар, Монгол Улсад таеквондо спортыг үүсгэн хөгжүүлсэн эрхэм багш нар болох МУГД С.Ган-Эрдэнэ, С.Ганзориг, Д.Гантөмөр болон нийт багш, дасгалжуулагч, тамирчдадаа чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа “Эхлэл” клубийн зүгээс илэрхийлж байна.

   Мөн Монголын таеквондо холбооны үе үеийн удирдлагууд, багш дасгалжуулагч нартаа талархал илэрхийлсэн юм. Мөн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Олон улсын шүүгч Т.Уянга, Д.Лхагвадорж нарт ажлын амжилт хүсэв. ОУХМ У.Ханд багш “Анх таеквондо гэх спортын “А” үсгийг зааж, энэ спортын замд хөтөлсөн ачит багш, анхны багш нар болох Д.Нармандах багш, Т.Уянга багш, МУГД С.Ган-Эрдэнэ багш, М.Энхбаатар багш, С.Ганхишиг багш нартаа мэхийн ёсолж байна. Таны шавь нар өнөөдөр багш, дасгалжуулагч болж, дэлхийн аварга тамирчинтай боллоо. Таеквондо бол “ХҮНДЛЭЛ”. Төрийн дууллаа эгшиглүүлж, түмэн олноо баярлуулсан сайхан өдөр байлаа. Монголын таеквондо-гийн холбооны уирдлагууд, нийт багш, дасгалжуулагч, тамирчдыг гүнээ хүндэтгэж байгаагаа “Эхлэл” клубийн дасгалжуулагч С.Түмэндэмбэрэл У.Ханд нар илэрхийллээ.

 


Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188