-ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААН-
Монголчуудын эрхэм дээд соёл болсон үндэсний бөхийн барилдаан ямар ч үзүүшгүй боллоо. Монгол бөх нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран давалцдагаараа бусад бөхийн спортоос онцлог талтай. Гэтэл энэ байдлыг халж, заасан хугацаанд давалцахгүй бол идэвх гаргасан бөхийг давсанд тооцдог болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ байдал бөх болон бөх сонирхигчдод таалагдахгүй байна. Хэдэн зууны туршид монгол бөхөөсөө уйдаж байгаагүй ард түмэн. Үндэсний бөхөөсөө залхах тал руугаа халбийжээ. Учир нь, хамаг л дүрэм журмыг нь өөрчилж, нэгэн хэвийн хайрцагт оруулж байгаа нь таалагдахгүй байна гэсэн үг. Хуучин цагт 30-40 минут барилдах бүү хэл хоёр, гурван цаг дараалан барилдаад давалцаж байсан түүх бий. Тухайн үед нүүдэлчин соёл иргэншилтэй байсан монголчууд сааль, сүү авах хугацаагаа хойшлуулаад бөхөө шимтэн үздэг байв. Монголчууд ийм л бөхдөө хайртай ард түмэн. Гэтэл одоо цагт бөхөө хайрлах, шимтэн үзэх хүсэл нь буураад ирлээ. Үүнтэй холбогдуулан нэг талаас зарим нэг бөхийн жудаггүй байдлыг нэрлэж болох. Нөгөө талаас үндэсний бөхийн барилдааны дүрэм, заалтууд болоод байна. Тухайлбал, “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, таваас дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудгаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна гэж өөрчилсөн. Мөн таваас дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудгийн барьцаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” өөрчлөлтийг оруулсан. Үүнээс болоод бөхчүүдийн барилдаан удааширч, цаг дуусахын алдад мэх хийх оролдлого хийсэн нь давдаг болсон. Нэг үгээр бол хэн зальтай нь давна гэсэн үг. Тиймээс бөх сонирхогчид "Үндэсний бөх үзнэ гэдэг давсгүй хоол идэхдээ адил" хэмээн ундууцан сууна. Бөхийн энэхүү дүрэм нь дарга нарт зориулсан гэлтэй. Түүнээс биш монгол хүн хэзээ ч бөхөө үзэхээс залхаж байсангүй. Эрх нямба суусан даргыг уйдаахгүйн тулд гаргасан бөхийн олон дүрэм журам бий. Идэвхээр давуулдаг энэ байдал ердөө л нэг нь билээ. Энэ тал дээр анхаарал хандуулахгүй бол үндэсний бөх гутамшиг болж дууслаа, Ц. Магалжав аа.
Мушгиж суусан дээлийнхээ захыг сул хаяад явж байсан түүх үгүй.
Ёс жудгаа сахиж, үлгэр жишээ биеэ авч яваа бөх олон бий. Б.Бат-Эрдэнэ аварга, И.Доржсамбуу, Д.Рагчаа гарьд гээд бусдын хайр хүндлэлийг хүлээсэн бөх олныг нэрлэж болно. Монгол эр хүний жудгийг харуулсан сайхан жишээ ч олон. Үүнээс хамгийн алдартай нь “Хоёр Эрдэнэ”-ийн 1996 оны наадмын барилдаан юм. Тэр жил Б.Бат-Эрдэнэ аварга хөлийн гэмтэлтэй улсын баяр наадамд зодоглож байв. "Гэмтсэн хөлөө сайн гэгч боогоод зодоглосон" хэмээн өөрөө дурссан нь бий. Тэр жил аварга учраа бүрээ давсаар Д.Мөнх-Эрдэнэ арслантай дөрөв дэх удаагаа үзүүр, түрүүнд үлдсэн. “Хоёр Эрдэнэ”-ийн хүч шавхсан барилдаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, үнээ саалгадаггүй “Хоёр Мөнх”- ийн дээд амжилтыг эвдэж байлаа. Эцэст нь, Б.Бат-Эрдэнэ аварга давж, төрийн наадмаа найм дахь удаагаа манлайлсан юм. Энэ үед ч бөх сонирхогчид бөхийн барилдаан удаан байна гээд орхиж явж байгаагүй. Харин ч эсрэгээрээ шимтэн үзэж, нүд салгалгүй харан суудаг байв. Түүнээс биш мушгиж суусан дээлийнхээ захыг сул хаяад явж байсан түүх үгүй.
-БӨХ СОНИРХОГЧИД "ҮНДЭСНИЙ БӨХ ҮЗНЭ ГЭДЭГ ДАВСГҮЙ ХООЛ ИДЭХДЭЭ АДИЛ" ХЭМЭЭН УНДУУЦАН СУУНА-
Үндэсний бөхийн дүрэмд тохой, өвдөг газар хүрсэн тохиолдолд унасанд тооцдог. Гэтэл энэ байдал бага багаар өөрчлөгдөж буй хэлбэр нь шинээр батлагдаад буй хугацаа заасан дүрэм юм. Тухайлбал, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга Оргихын Хангай үзүүрлэсэн билээ. Энэхүү барилдаанд улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар тунаж барилдан заасан хугацаанд давалцаж чадаагүй. Тиймээс гурван удаа мэхний хувилбар хийсэн гэж О.Хангайд даваа өгч, мэх хийлгүй хамгаалж барилдсан гэж Улсын заан Б.Бат-Өлзийг унасанд тооцсон. Энэхүү барилдаан олны шүүмжид өртсөн нь нууц биш. Харин Шинэ үндсэн хуулийн батлагдсаны 31 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Э.Оюунболд арслан, М.Лхагвагэрэл заан нар үзүүр түрүүнд үлдэн хүч үзлээ. Тэргүүн байрын төлөө 40 гаруй минут барилдаж хаялцаагүй тул хөлийн цэцүүдийн шийдвэрээр идэвхээр арслан Э.Оюунболд давсан. Харин улсын арслан М.Лхагвагэрэл ганц унаагүй үзүүрлэсэн билээ.
Улсын арслан М.Лхагвагэрэл унахгүйгээр үзүүрлэлээ
Барилдахын тулд, давахын тулд өдөр бүр хичээнгүйлэн бэлтгэл сургуулилалт хийж буй бөхчүүдийг удаан барилдлаа гээд унасанд тооцож байгаа нь доромжлол болоод байна. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэл хангасан хоёр бөх учраа таарахад тийм хурдан хугацаанд давалцана гэдэг ховор. Энэ хугацаа заасан байдлаас болоод бөхчүүд санасан хэмжээндээ барилдаж чадахгүй байна. Бодож, төлөвлөж, хүлээж байгаад хариу мэх зэрэг барилдааны арга барилуудыг үгүй хийлээ. Тиймээс энэ байдлаа халж, хуучин хэвэнд нь барилдаан зохион байгуулахыг шаардаад, хүсээд эхэллээ, бөх сонирхогчид.
БӨХ СОНИРХОГЧИД ДАВСГҮЙ ХООЛ ШИГ БАРИЛДААН ҮЗЭХЭЭС ЗАЛХАЖ ЭХЭЛЛЭЭ |
|