• Өнөөдөр 2025-05-01

Т.Ариунчимэг: “Хэвтрийн хүн” кино мөрөөдлийг минь биелүүлсэн

2020-10-12,   2589

Тэр бол орчин цагийн хүчирхэг оюун санааны түүчээ, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” романаас сэдэвлэн бүтээсэн киноны гол дүрийг бүтээсэн эмэгтэй. Түүнтэй ярилцахаар холбогдох, товлосон өдөр, цагаа хүлээх, болзсон өдрийн өглөөнөө догдлон сэрэх, тохирсон газар руугаа алхах, түүнтэй уулзан мэндлэх гээд энэ бүхэн сэтгүүлч миний хувьд ер бусын гайхалтай мөч хормууд байсныг зориуд тэмдэглэе. Учир нь, тэр “Хэвтрийн хүн” киноны Цолмон, амьдрал дээрх биотехнологич, урлаг судлаач, багш мэргэжилтэй Т.Ариунчимэг билээ. Бидний хөөрөлдөөн багагүй хугацаанд өрнөсөн ч уншигч таны хүсэж байгаа Цолмонгийн тухай яриаг онцгойлон хүргэе.

-Танд баяр хүргэе. Та бол орчин цагийн уншигчдын хамгийн их хүсэн хүлээдэг, хайрлан хүндэлдэг зохиолчийн бүтээлийн гол дүрийг бүтээсэн эмэгтэй. Магад нэр, алдарт хүрсэн цөөнгүй жүжигчин Г.Аюурзана зохиолчийн бүтээлийн аль нэг дүрд тоглохыг хүсдэг байх. Гэвч түүний бүтээлийг кино болгох багийнхны сонголт яг л зохиолчийнх гэмээр эгэл нэгэн байсан нь киног тэсэн ядан хүлээж буй уншигчдыг улам илүү догдлуулж, яаруулж байх шиг. Цолмон таны анхны дүр үү?

 -Баярлалаа. Тийм ээ, энэ миний анхны гол дүр. Энэ бүхэн үлгэрийн мэт л болж өрнөлөө, миний хувьд. Би Цолмонгийн дүрийг бүтээнэ гэж төсөөлөө ч үгүй. Уг нь би “Хэвтрийн хүн” кинонд дүр шалгаруулах ажилд оролцож байсан юм. Кинонд оролцож буй анхны ажил учраас надад ямар нэгэн байдлаар оролцож байгаа минь л сайхан санагдаж байлаа.

Хэдийгээр аль нэг дүрд нь тоглох юм шүү гэсэн бодолтой байсан ч Цолмон болно гэж бодож зүрхлээгүй, зүрхлэх нь бүү хэл төсөөлөө ч үгүй байсан.

-Кино багийнхан таныг анхнаасаа л сонгочихсон байсан уу?

-Үгүй дээ, дүрүүдээ олох гэж бид маш их ажилласан. Зарим дүр тэнцсэн ч найруулагчийн төсөөлсөн Цолмон байж чадахгүй байсан. Би хамт хайгаад л байсан. Тухайн үедээ “Цолмонгийн өвөрмөц ертөнц орчин үеийн эмэгтэйчүүдийн ертөнцтэй таарахгүй ч юм шиг санагдаж, ийм дүр бүтээх жүжигчин үнэхээр ховор байх нь аргагүй юм даа” гэж бодож байлаа. Олны танил, нэлээд чадварлаг, нэгэн сайн жүжигчин уг нь Цолмонгийн дүрд тоглохоор болоод байсан ч С.Бямбаа найруулагч “Чи Цолмонгийн дүрийн жагсаалтад байгаа шүү” гэсэн. Тухайн үед “Найруулагч надад урам өгөх гээд л ингэж хэллээ дээ” гэж бодоод нэг их сүйдтэй хүлээж аваагүй юм. Дараа нь үнэхээр том эргэлт болж гол дүрд шалгарсан даа. Тэр үед миний мөрөөдөл биелэх шиг л болсон. Хожуу жүжигчин болоход карьераас эхлээд асуудал их шүү дээ. Гол дүр бүтээхэд залуу байх хэрэгтэй гэдэг ч юм уу, нас нь явчихвал ээжийн дүр л олддог ч юм уу гэх мэт асуудал бий шүү дээ. Гэтэл өөрийнхөө үеийн, тэгээд бүр өвөрмөц эмэгтэйн дүр бүтээх болсондоо маш их баярласан.

-С.Бямбаа найруулагч таныг гол дүр бүтээлгэхээр хараад л яваад байж дээ?

-Итгэлтэй хэлж мэдэхгүй ч магадгүй л юм.

-Цолмонг хайж яваад өөрөө Цолмон болчих нь сонин мэдрэмж төрүүлж байсан уу?

-Шалгаруулалтад ажиллаж байхад дүр болгоны гадаад төрх, дотоод ертөнц, үг үйлдэл, бүх юм нүдэнд бууж байсан. Гэтэл эргээд киноны сонгон шалгаруулалтад ороход найруулагчийн талаас миний төсөөлснөөс өөр үйлдэл хийж, дүрийнхээ өөр талыг нь харж байлаа. Цолмонгийн дүр их “күүл” эмэгтэй байсан л даа. Хүчтэй, боловсролтой, нэгэн хэвийн биш, мундаг эмэгтэйн дүр. Тийм хэдий ч чамд ч байгаа, надад ч байгаа эмэгтэй хүний зан чанар түүнд бий. Цолмонгийн дүрийг бүтээхэд надтай ойр зүйлс ч байсан, хол зүйлс ч байсан. Хайр дурлалдаа хүчтэй, хайртай залуугийнхаа төлөө бүхнийг хийж чадах, ер бүхнийг хүлцэн тэвчихгүй мөртлөө хайрынхаа төлөө хүлцэн тэвчээд л, жаахан цөхөрсөн ч  хүчтэй цааш явсаар буй эмэгтэй. Намайг ажигласан бол би инээд муутай хүн. Ер нь л инээж явдаг гэж болно. Харин Цолмон бол баргийн юманд инээгээд байдаггүй, дотогшоогоо, бодлогоширсон эмэгтэй. Тэр талыг нь гаргахад дүрийн шигтгээ болсон зан надад байхгүй мэт санагдаж байсан ч дүрээ сайн гаргах гэж их хичээсэн дээ. Чадсан эсэхээ хэлж мэдэхгүй байна. Кино нээлтээ хийхийг, үзэгч, шүүмжлэгчид хэрхэхийг л тэсэн ядан хүлээж байна.

-Романыг нь уншаад, кино зохиолоор нь уншаад, зураг авалтад орох бүгд өөр мэдрэмж байсан байх. Үүнээс гадна таны мэдэрсэн Цолмон ямархуу хүн байсан бэ?

-Мэдээж зохиол дахь эмэгтэй өөрчлөгдөхгүй. Гэхдээ зарим зүйлийг нэмж, заримыг нь хасаад, зарим нэг диалогийг найруулагч янзалсан. Зохиол дээрх Цолмонгийн зарим онцлог болсон хэсгүүд кинонд байгаагүй. Тэдгээр нь найруулагчийн ажиллагааны хэсгүүд болохоос зохиогчийн дүртэй зөрсөн зүйл нэг их байхгүй л дээ.

-Хэцүү зүйл юу байв?

-Ингэж ярьж болох, үгүйг мэдэхгүй ч миний хувьд сүүлдээ дүрдээ нэг их санаа зовохоо больсон. “Би заавал ингэнэ шүү, үүнийг заавал тэгэх юм шүү” гэсэн баригдмал зүйл минь арилчих шиг болсон. Үгээ мартаж, гацаж түгдрэх асуудалгүй текст урсаад л гарчихдаг болсон байсан. Миний текст яг л өөрийн үгээр яриад байгаа мэт болчихсон байлаа. Магадгүй энэ нь дүрээ сайн гаргахын тулд хичээж, өөртэйгээ удаан ажилласных байж ч мэднэ. Тэгээд ч цаг хугацааны хувьд надад сайн тоглохоос аргагүй хугацаа өгөгдсөн. Дүрийнхээ мөн чанарыг ойлгочихоод тоглоход хэцүү зүйл байгаагүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн надад байхгүй шинж чанарууд Цолмонд байдаг. Жүжигчний ур чадвар шаардсан зүйлсийг найруулагч надаас нэхдэг байсан нь жүжигчин хүний хувьд өөрийгөө хурцалж, чадвартай жүжигчин үү, үгүй юү гэдгээ олж харах, засахад минь маш их нэмэр болсон.

-“Хэвтрийн хүн” роман кино болох нь гэж 2017 оноос хойш шуурч, хүмүүст хүлээлт үүсгэсэн ч гурван жилийн дараа киногоо нээх гэж байна. Энэ хугацаанд юу болсон юм бэ?

-С.Бямбаа ах энэ кино зохиолоор өвчилж, удаан бодож, төлөвлөж уг киног бүтээсэн. Түүнийг нь би мэдсэн, мэдэрсэн, ойлгосон. Найруулагчийн баг, уран бүтээлчдийн багт би хамгийн эхэнд орж ажилласан. Баг бүрдүүлэхэд гадаад, дотоодоос ч олон уран бүтээлч нэмэгдэж ажилласан.

Кино зураг авалтын бэлтгэл хийгдсэний дараа зураг авалт маш хурдан өнгөрсөн. “Юу болоод өнгөрөв өө” гэмээр 21 хоног байсан. Дараа нь “Зураг авалт ингээд л дуусчихлаа гэж үү” гэж харамссан шүү.

Гэхдээ д надад ийм аз завшаан олдсонд баяртай байгаа. Аюурзана ахын зохиолыг Бямбаа ахын бодол санаатай нийлүүлээд бүтээсэн кинонд дүр бүтээнэ гэдэг баргийн жүжигчинд олдох хувь биш гэж хэлнэ.

-Зураг авалт 21 хоног л үргэлжилсэн хэрэг үү?

-Тийм. Маш урт хугацаанд бэлтгэл хийгдээд, зураг авалтыг 21 хоногт авсан. Багийнхнаараа үнэхээр бахархам байсан шүү. Кино бүтээх талаар урьд нь олон л юм сонсож байсан. “Монгол кино бүтээгчид цагаа барьдаггүй”, “Зураг авалт маргааш өглөө л юм шиг байна” гэдэг ч юм уу олон асуудал байдаг гэж сонссон ч энэ кинонд ерөөсөө тийм асуудал байгаагүй. Гаднын кино компани яаж ажилладаг тэр шугамаар явсан гэж бодож байна. Болохгүй зүйлтэй тулгарсан ч кино багийнхан бүгд бэлтгэлтэй байсан учраас бүх асуудлаа зохицуулж байсан. Кино зураг авалтын үед хүн тус бүрийн өндөр бэлэн байдал, өөрийгөө маш сайн бэлдсэн байх, хариуцлага зэрэг олон зүйлийн нэгдэл явж байж бүтээл төрнө. Нэг нь л хойрго хандвал хэзээ ч кино болж гардаггүй гэдгийг маш сайн ойлгосон. Найруулагчийн чадвар, багийнхны хариуцлагын нэгдэл энэ киног бүтээсэн.

-Зарим хүн “Сайн зохиолоор сайн кино хийх боломжгүй” гэж ярьдаг. Зохиолч Г.Аюурзанын зохиолыг С.Бямбаа найруулагчийн нүдээр үзэх гэж байна. Постмодерн зохиолыг кино болгоно гэдэг амаргүй даваа байх. Үзэгчид, уншигчид энэ киноноос юу хүлээх ёстой гэж та бодож байна вэ?

-Их сонирхолтой асуулт байна. Зохиолч Г.Аюурзанаас Ц.Ариунаа эгч “Энэ таны бодож байсан Хэвтрийн хүн, Цолмон мөн үү” гэж асуусан. Гэтэл “Би царайгаар нь яг таг орж үзээгүй. Ерөнхий ийм хүн байна даа гэж бодсон. Гэтэл ийм хүн байсан юм уу” гэж хэлсэн (инээв). Заавал ийм юм хүлээнэ гэхгүйгээр “Аан, ийм л юм байна даа” гэж хүлээж авч байгаа нь сайхан санагдсан. Яг үнэндээ би киногоо үзээгүй байж байгаад трэйлерээ айдастай, бас маш их догдолж үзсэн. Үзсэнийхээ дараа “Аан” гээд нэг их тайвшраад л явчихсан. Өөрөөр хэлбэл, та юу ч хүсч байж болно. Бас тэнд юу ч бүтсэн байж болно.

-Хүн бүрийн дотор романы дүр өөр өөрөөр буучихсан байдаг болохоор кинонд нь итгэлтэй биш байдаг ч юм шиг. Энэ хэрээр маш их хүлээлт бий болж байна?

-Дийлэнх тохиолдолд эх зохиол нь илүү гоё байдаг болохоор уншигчдын сэтгэлд кино нь хүрдэггүй байдаг талтай. Гэхдээ киногоо үзэхдээ “За миний дотор буусан ертөнц ийм байна. Харин энэ хүн яаж найруулсан байна, яаж илүү сонирхолтой хийсэн байна. Тэр дүрийг хэрхэн бүтээсэн байна. Юугаараа илүү юм, юуг нь ингэж илэрхийлсэн байна вэ” гэдгийг нь илүү анзаарах хэрэгтэй байх. Найруулагч гэдэг чинь уран бүтээлд нь түлхүү анхаарсан хүн шүү дээ. Өөрийнхөө дотор буусан ертөнцийг өөр нэгний доторх ертөнцтэй харьцуулаад үзвэл сонирхолтой байх. Түүнээс биш, учиргүй миний бодсон шиг байсангүй, эсвэл байлаа гэвэл утгагүй бас боломжгүй зүйл шүү дээ.

-Таны хувьд С.Бямбаа найруулагчтай ажиллах, “Хэвтрийн хүн” кино багийнхантай ажиллах таны хувьд мартагдашгүй, давтагдашгүй цаг мөч байсан нь тодорхой байна. Гэхдээ хувь хүнийхээ хувьд та тэднээс юу шинээр сурсан бэ?

-Үнэхээр дахин хэзээ ч давтагдахгүй цаг хугацааг багийнхантайгаа өнгөрүүлжээ. Энэ бол миний амьдралын хамгийн гэгээн, хамгийн гэрэлтэй цаг хугацаа гэж би бардам хэлж чадна. Надад энэ баг, хамт олон маш их таалагдсан, үнэлж баршгүй их зүйлийг өгсөн. Ц.Ариунаа эгч бид хоёр өмнө нэгнээ мэддэг, хамтран ажиллаж байсан ч энэ төслийн хугацаанд цоо шинээр биенээ дахин нээсэн, цаашид илүү ойр дотно байж өшөө их зүйл хийх ёстойгоо мэдэрсэн.

Харин С.Бямбаа найруулагчийн хувьд өмнө нь “Тийм ч сайхан ааштай хүн биш” гэдэг яриа сонсож байсан ч миний хувьд тэр ерөөсөө муухай ааштай хүн биш. Харин ч уран бүтээлчдийнхээ амжилт, ололтын төлөө өөрийгөө шатааж, өөрийнхөө эд эсийг зориулж, бүхнээ зориулсан жинхэнэ найруулагч гэж хэлнэ.

Түүний гярхай анхаарал, уран яруу мэдрэмж, нарийн шаардлага, бодсон зүйлдээ бат зогсдог зан гээд олон сайхан чанарыг нь мэдэрч, бас энэ бүхэнд нь өөрийнхөө хэмжээнд шүүсээ шахуулсан сайхан хугацаа өнгөрлөө. “Хэврийн хүн” кино миний мөрөөдлийг биелүүлсэн ажил, том хэмжээний төсөл байлаа.

-Кино нээлтээ тэсэн ядан хүлээж байна уу?

-Цолмонгийн хувьд ч, Ариунчимэгийн хувьд ч, жүжигчин хүнийхээ хувьд ч, энгийн нэг үзэгчийн хувьд ч сэтгэл доглон хүлээж байна. “Хэвтрийн хүн” кинонд дүр бүтээсэн хүний хувиар биш, үзэгчийн хувиар хэлэхэд бидний кино кино урлагийн хөгжлийг өөр түвшинд авчрах бүтээл болсон.

-Та урлаг судлаач мэргэжилтэй, СУИС-ийн багш, бас биотехнологич мэргэжилтэй. Өөрөөр хэлбэл, та бас жүжигчин?

-Миний анхны мэргэжил биотехнологич. Даанч энэ мэргэжлээрээ ажиллаж чадаагүй юм. Гадаадад хэсэг амьдраад Монголд ирснийхээ дараа телевизэд сэтгүүлчээр ажиллаж байх хугацаандаа жүжигчин болохыг хүсдэг болсон.  Мэргэжлээрээ гүнзгийрүүлж суралцах бодол байсан ч цаад хүсэл нь урлаг руу чангаасаар байгаад СУИС-д шалгалт өгч байлаа. Тухайн үед би их азтай, Хөгжимт драмын анги найман жил завсардсаны дараа эхэлж байхад нь тэнцэж ороод хамгийн ахмад оюутан нь болж, суралцаж төгсөөд, сургуульдаа багшилсан даа. Багшлах хүмүүс магистрантад гүнзгийрүүлж суралцдаг болохоор найруулагчаар сурах уу, урлаг судлалаар сурах уу гэж нэлээн эргэлзэж байгаад урлаг судлалыг сонгож байсан. Хүүхэд байхаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан хүсэл минь хэчнээн өөр мэргэжил сонгосон ч энэ салбар руу хожим ч гэлээ татсан. Өөрөөр хэлбэл, би их азтай хүн гэх гээд байна.


Т.Ариунчимэг: “Хэвтрийн хүн” кино мөрөөдлийг минь биелүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-13 19:53:27
    Nandia: Mundag shvv minii nz
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-13 17:09:20
    вандер: Hi Fi -ийн Ариунаа мөн үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-12 09:56:28
    Zochin: Uneheer saikhan yariltslaga boljee. Dotortoi emegtei bn shuu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188