• Өнөөдөр 2025-10-03

ЗАСГИЙН ГАЗАР “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛ-II”-ИЙГ ЗАРЛАВАЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХЭН ДУУДАГДАХ ВЭ

2025-10-02,   934

         Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, улмаар зарласан тендер, шалгаруулсан компани, байгуулсан гэрээ нэг бүрийг нь нягталж шалгахыг үүрэгдсэн. Хоёр сарын хугацаанд хянаж шалгаад, хэд хэдэн улстөрчийн нүүрсний хулгайг илрүүлж, хоёр хуруу зузаан тайлан илгээснийг нь хоёр хоногийн өмнө Г.Занданшатар өөрөө АТГ-т аваачаад өгчихсөн. Үндсэндээ Ерөнхий сайд Г.Занданшатар “Нүүрсний хулгайн сонсгол-II”-ийг зохион байгуулж, замд нь тээглэж, засгийнх нь эсрэг тэрсэлж буй намынхаа дүү нарыг нам дарахаар бэлтгэл хангаж байна. Үүнийгээ ч баталж, “Нүүрсний хулгайн сонсгол-I”-ийг удирдаж асан туршлагатай УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилно гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр бол, өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ах нараа нүүрсний хулгайгаар айлгаж, Ардын нам дахь ноёрхлоо бэхжүүлсэн, тэгэхдээ Б.Энхбаярыг ашигласан яг тэр технологийг Г.Занданшатар эргүүлээд дүү нарынхаа эсрэг хэрэгжүүлэх гэж байна гэсэн үг. 
 
Гол нь, Г.Занданшатараар авторлох “Нүүрсний хулгайн сонсгол-II”-т хэн, хэн дуудагдах вэ гэдэг асуултанд одоо хариулт хайж эхлэх ёстой. 

Засагт хоёр залагдаж, Ерөнхийлөгчид гурван жил зөвлөсөн УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, түүний худ, УИХ-ын гишүүн Г.Очирбат хоёр “Нүүрсний хулгайн сонсгол-II”-т дуудагдах уу

        Судалж үзвэл, Л.Оюун-Эрдэнийн “Нүүрсний хулгайн сонсгол-I”-ийн дараахан буюу “нүүрсчид”-ийн дуулиан намжихтай зэрэгцээд “Эрдэнэс тавантолгой” ХК-аас хэд, хэдэн том тендер зарлаж, гүйцэтгэгчийг нь шалгаруулжээ. Ноцтой нь, 2024 оны тавдугаар сард буюу сонгуулийн өмнөхөн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 764 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан “Максгүүр транс” ХХК нь худууд болох УИХ-ын гишүүн Г.Очирбат\АН\, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан\МАН\ нартай хамааралтай байж болзошгүй байна. 
 
Баримт 1: 2024 оны тавдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын хариуцах 764 тэрбум төгрөгийн тендерт “Максгүүр транс” ХХК шалгарч, зургадугаар сарын 10-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалтай гурван жилийн гэрээ байгуулжээ. “Максгүүр транс” ХХК нь өмнө нь тендерт оролцож байсан түүхгүй, Төв аймгийн Заамарын уурхай, Дорнод аймгийн Хашаатын цавын уурхайд олборлолт хийж байсан гэхээс өөр мэдээлэлгүй компани байна. 
Баримт 2: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолтыг 764 тэрбум төгрөгийн тендерийг авсан “Максгүүр транс” ХХК-ийг Баттөмөрийн Гэрэлт-Од гэх залуу эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь түүний эхнэрийнх нь дүү Энхтүвшингийн Булга гэх бүсгүй ажилладаг. 
Баримт 3: “Максгүүр транс” ХХК-ийг эзэмшигч Б.Гэрэлт-Одын эхнэр нь Энхтүвшингийн Аянга гэх эмэгтэй бий. Харин Э.Аянгын төрсөн дүү Энхтүвшингийн Уянга нь УИХ-ын гишүүн Г.Очирбатын эхнэр. Базууд болох Б.Гэрэлт-Од, Г.Очирбат хоёр “Ай Пи Эм Инвест” ХХК-ийг хамтран эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь Г.Очирбатын төрсөн ах Г.Очирсүх ажилладаг. Тэдний “Ай Пи Эм Инвест” ХХК нь “Хатад” нэртэй эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэдэг. Мөн Г.Очирбатын эзэмшдэг “Цахирцагаан гол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь Б.Гэрэлт-Од ажилладаг. Г.Очирбат, Б.Гэрэлт-Од хоёр “Цахирцагаан гол” ХХК-ийнхаа нэр дээр Хэнтий аймгийн Дархан суманд Баруун, Майхан толгой гэх хоёр ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. Базууд болох “Максгүүр транс” ХХК-ийн эзэн Б.Гэрэлт-Од, УИХ-ын гишүүн Г.Очирбат хоёр халаасаа хангалттай гүнзгий нэгтгэснийг эндээс харж болно. 
Баримт 4: Б.Гэрэлт-Одын “Максгүүр гранд” ХХК нь баз Г.Очирбаттайгаа хамтран эзэмшдэг “Ай Пи Эм Инвест” ХХК-ийн “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 57-2, 31 тоот” хаяг дээр давхар бүртгэлтэй явж ирсэн. Гэтэл Б.Гэрэлт-од өнгөрөгч 2024 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 764 тэрбум төгрөгийн тендерт оролцож, гэрээ байгуулахынхаа өмнө “Максгүүр транс” ХХК-ийг хаягийг “Мөнх тауэр” оффис руу шилжүүлж өөрчилсөн. Өөрөөр бол, Г.Очирбаттай хамааралтай гэж харагдахгүй гэсэн заль гэж ойлгогдохоор байна. 
Баримт 5: “Максгүүр транс” ХХК-ийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 764 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, гэрээлэхтэй яг зэрэгцээд буюу 2024 оны тавдугаар сараас УИХ-ын гишүүн Г.Очирбатын эхнэр Э.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Триллон рөүд транс” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК болон "Тавантолгой" ХК-тай гэрээлж, нүүрсийг нь Гашуунсухайт боомт руу зөөж эхэлсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүн Г.Очирбатын “Эрдэнэс тавантолгой” ХК дахь ашиг сонирхлыг “Триллон рөүд транс” ХХК нь давхар батлаад өгч байна. 
Баримт 6: “Максгүүр гранд” ХХК-ийн эзэн Б.Гэрэлт-одын баз, УИХ-ын гишүүн Г.Очирбатын төрсөн эгч Г.Одончимэг нь УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы төрсөн ах Т.Батмөнхийн эхнэр. Өөрөөр хэлбэл, Г.Очирбат нь Т.Мөнхсайханы худ, төрсөн ах Т.Батмөнхийнх нь хадам дүү гэсэн үг. Түүх сөхвөл, Г.Очирбат есдүгээр ангиасаа буюу 2002 оноос УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, түүний ах Т.Батмөнх хоёрын “Хүчит шонхор” захад махны грушигээс маркетингийн менежер болтлоо ажилласан. Энэ хугацаанд Г.Очирбатын төрсөн эгч Г.Одончимэг нь Т.Батмөнхтэй гэрлэсэн. Ингээд Г.Очирбат 2013 онд хадам ах Т.Батмөнхийнхөө бизнес хамтрагч болон дэвшиж, “Тнгри Инвест” ХХК, “Сүлд шонхор” ХХК, “Тнгри трейдинг” ХХК-иудыг хамтран байгуулж, одоо ч хамтран удирдаж байгаа. Товчоор бол, Г.Очирбат хүүхэд ахуйгаасаа худ ураг болтлоо Т.Мөнхсайхан, Т.Батмөнх хоёрыг дагаж яваа гэсэн үг. Харин Г.Очирбатын төрсөн эгч Г.Одончимэг нь нөхөр Т.Батмөнхтэйгээ “Сүлд шонхор инвестмент” ХХК-ийг хамтран эзэмшдэг, нөхөр Т.Батмөнхийнхөө “Ивээл Инвест” ББСБ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг. 
Баримт 7: “Максгүүр гранд” ХХК-ийн эзэн Б.Гэрэлт-Од 2018 онд өөрийн баз Г.Очирбат, базынхаа хүргэн ах Т.Батмөнх хоёртой “Баргилт орд” ХХК-ийг хамтран байгуулж, халаас нэгтгэсэн. Одоо “Баргилт орд” ХХК-ийг эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь “Максгүүр транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Булга ажиллаж байгаа. Энэ баримтаас УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы төрсөн ах Т.Батмөнх нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 764 тэрбум төгрөгийн тендер авсан “Максгүүр транс” ХХК-тай хамааралтай нь илүү тодорхой харагдаж буй байх. 
 
Баримт 8: УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, түүний ах Т.Батмөнх хоёр аав Б.Тогтмолынхоо “Хүчит шонхор” махны захаас бизнесээ хамт эхэлсэн. Дараа нь Т.Мөнхсайханы “Тэнгэрийн шонхор” ХХК болон түүний ах Т.Батмөнхийн “Эрин инвестмент” ХХК хамтран Яармагийн дэнжид “Ханбогд” тэргүүтэй хэд хэдэн хотхон, хороолол барьж худалдсан. Цаашлаад, Т.Мөнхсайханыг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллах хугацаанд Т.Баянмөнх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ажлын албаны даргаар томилогдож ажилласан. Улмаар энэ оны нэгдүгээр сард Т.Батмөнх хуучнаар “Монголросцветмет” ТӨҮГ буюу “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-т Салбарын захирлаар томилогдож очсон. Товчхондоо, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан төрсөн ах Т.Батмөнхтэйгөө бизнест хоршиж, төрийн албанд ч татаж ирсэн. 
 
      Нэгтгэвэл, “Максгүүр гранд” ХХК-ийн эзэн Б.Гэрэлт-Од нь УИХ-ын гишүүн Г.Очирбаттай базын хамааралтай, “Ай Пи Эм Инвест” ХХК, “Цахирцагаан гол” ХХК-ийг хамтарч эзэмшдэг. УИХ-ын гишүүн Г.Очирбат нь УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы төрсөн ах Т.Батмөнхтэй хадам, хүргэний хамааралтай, “Тнгри Инвест” ХХК, “Сүлд шонхор” ХХК, “Тнгри трейдинг” ХХК-иудыг хамтран эзэмшдэг. Харин Б.Гэрэлт-Од, Г.Очирбат, Т.Батмөнх гурав дундаа “Баргилт орд” ХХК-аар холбогддог. Эцсийн цэгт, Т.Батмөнхийн төрсөн дүү, басхүү бизнесийн хамтрагч Т.Мөнхсайхан нь Засагт хоёр удаа сайдаар заларч, Ерөнхийлөгчид зөвлөж явсан МАН-даа нөлөөтэй УИХ-ын гишүүн. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар “Нүүрсний хулгайн сонсгол-II”-т “Эрдэнэс тавантолгой” ХК-аас хамгийн өндөр дүнтэй буюу 764 тэрбум төгрөгийн тендер авснаараа “Максгүүр транс” ХХК дуудагдаж таарна, харин нэгдмэл ашиг сонирхолтой, хамаарал бүхий этгээдүүдээр худууд болох УИХ-ын гишүүн Г.Очирбат, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, түүний ах Т.Батмөнх нар дуудагдаж болзошгүй харагдаж байна. 
Жич: “Нүүрсний хулгайн сонсгол-I” хэрхэн явагдсаныг, хэчнээн зуун хүн ордонд дуудагдаж, орох байх газраа олж ядан улалзсаныг санаж буй байх. Шинжээчид “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг ухсан, зөөсөн компаниудын эздийн хамаатан садан, хадам хүргэн, туслах, тойрон хүрээлэгчид, нутаг усныхан, найз нөхдийг нь нэг бүрчлэн “нэгжиж”, нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийнх нь схемийг нарийвчилж гаргасан. Улмаар хэн гэдэг улстөрчтэй, ямар сэжмээр, яаж холбогдож байгааг нь нийтэд танилцуулж, хамтад нь ордонд дуудаж байлаа. Дээр дурдсан баримтуудыг яг “Нүүрсний хулгайн сонсгол-I”-ийн зарчмаар боловсруулсан тул УИХ-ын гишүүн Г.Очирбат, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нарыг “Максгүүр транс” ХХК-тай хүчээр холбосон, харлуулах гэж гүтгэсэн болохгүй болов уу. 
 
Үргэлжлэл бий...
 

ЗАСГИЙН ГАЗАР “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛ-II”-ИЙГ ЗАРЛАВАЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХЭН ДУУДАГДАХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-02 12:03:05
    Иргэн: Хамгийн түрүүнд дуудагдах хүн нь л сандраад бүр намаас хөөх дээрээ тулаад байгаа биз дээ. Хэрэгт холбоогүй байсан бол ингэтлээ сандрахгүй шү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-02 11:41:22
    7: Бузаруудыг буудаж ал
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188