Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт улс төр, нийгмийн хүрээнд дуулиан шуугиантай олон үйл явдал өрнөлөө. Тухайлбал, түгжрэлийг бууруулахад жилд 420-оос доошгүй тэрбум төгрөг зарцуулж байх шийдвэр гаргав, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 15 хувь болгох боломжийг судалж эхэллээ, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг суллалаа.
Түгжрэлийг бууруулахад жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөг зарцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан тавдугаар сарын 19-нд буюу өнгөрсөн лхагва гарагт болсон. Тус хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр томоохон шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Б.Жавхланд даалгав. Түүнчлэн, түгжрэлийг бууруулах, нийтийн тэврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах гэрээ, хэлэлцээр байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
Дээрх хөрөнгийг автозам, замын өргөтгөл, шинэчлэл, зогсоол, уулзвар, нүхэн гарц, гүүрэн байгууламж, хурдны зам барих, нийтийн тээврийн парк шинэчлэл зэрэг цогц арга хэмжээнд зарцуулах юм. Мөн багтаамж ихтэй, үр ашигтай байх нийтийн тээврийн шинэ төсөл, арга хэмжээг энэ онд боломжит эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
Нийслэл хот өнгөрсөн хоёрдугаар сард зургаан дүүргийн 400 орчим мянган хүний дунд судалгаа явуулахад 85 хувь нь “түгжрэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” гэсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын танилцуулгаас үзвэл:
• Замын хөдөлгөөний хурд 13 км/цаг, оргил цагт 8.9 км/цаг, өөрөөр хэлбэл нэг км замыг дунджаар 10 минутад туулдаг
• Нийт замын 78 хувь нь түгжрэлтэй. 2010 онтой харьцуулахад гол замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн
• Иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг. Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарчээ.
Хотын даргын хэлснээр хөдөлгөөн тэг зогсолтын хэмжээнд, зам байгууламж болон зорчих хөдөлгөөн хамгийн муу буюу сүйрлийн түвшинд байна. Нийслэл хот багтаамж ихтэй нийтийн тээвэр, суурь дэд бүтэц, замын сүлжээг нэмэх, дагуул хот, дэд төвийг хөгжүүлэх, цэцэрлэг, сургууль болон “Богдхан төмөр зам” барьж хэт ачааллыг бууруулах бодлого боловсруулжээ.
Ялангуяа багтаамж ихтэй нийтийн тээвэр нэвтрүүлэх, паркийг нь шинэчлэх, замын дэд бүтцийг сайжруулах, автомашины зогсоол нэмэх нь нэн тэргүүнд хийх ёстой ажил гэж үзэж байна. 2024 он гэхэд байгальд ээлтэй 500-1000 автобус үйлчилгээнд гаргаж, 290 буудлыг шинэчлэн, 5000 автомашины зогсоол шинээр байгуулахаар төлөвлөсөн. Мөн гол гудамж зам, тойрог замын сүлжээ, хороолол дундах холбоос зам, зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүр, 98 км явган, 249 км дугуйн замыг шинээр барьж, өргөтгөж, шинэчлэх юм. Цогц арга хэмжээ авснаар 2024 он гэхэд түгжрэлийг 50 хувь бууруулах зорилт тавиад байна.
Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 15 хувь болгох боломжийг судалж эхэллээ
Өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 15 хувь болгох, үлдсэн 15 хувийг зээлийн батлан даалтын сангаас гаргах боломжтой эсэх асуудлыг хэлэлцсэн.
Тодруулбал, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Засгийн газраас ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 хувь болгож бууруулсан. Энэ оны тавдугаар сарын 17-ны байдлаар нийт 3,944 иргэнд 271 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгоод байна. Өнгөрсөн онд буюу бүтэн нэг жилийн хугацаанд 5,644 иргэнд ипотекийн зээл олгоод байсан юм.
Өрхийн орлого дор хаяж 1.6 сая төгрөг байж 8 хувийн хүүтэй зээл авдаг байсан бол 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого 1.2-1.3 сая төгрөг байхад ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон.
Мөн бид иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд нэг асуудлыг судалж, Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан зэрэг газруудтай ярилцаж байгаа. Тодруулбал, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн 15 хувийг Зээлийн батлан заалтын сан хариуцааад, үлдсэн 15 хувиа иргэн өөрөө төлөх тухай юм.
Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц авахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөөд, 70 хувьд нь зээл авдаг. Тэгвэл урдчилгаа 30 хувийн 15-ыг нь Зээлийн батлан даалтын сангаас төлөөд өгчихвөл иргэн үлдсэн 15 хувиа өөрөө төлнө. Ингэснээр иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломж нэмэгдэх юм. Энэ асуудлыг судалж байгаа” хэмээн тайлбар хийсэн юм.
Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын 4 хүнийг суллаж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар хорих шийдвэр гаргав
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим Сангийн сайд асан С.Бямбацогт нарын таван хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын дөрвөн хүнийг суллаж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар хорих шийдвэр гаргав.
Анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.
Давж заалдах шатны шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нд уг хэргийг хэлэлцээд Анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон билээ.
Тэгвэл Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил найман сар хорих ял оноож, 1.3 сая ам.долларыг улсын төсөвт шилжүүлэх хүртэл үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хэвээр байхаар болов. Харин Д.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо. Учир нь уг дөрвөн хүний үйлдэл 2015 онд гарч, түүнээс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн тул ийнхүү суллахаар болсон байна.
19 аж ахуйн нэгжийн Туул голын эрэг дагуу газар эзэмших эрхийг нь цуцална
Хан-Уул дүүргийн XVII дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар олгож, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаа асуудал өнгөрсөн долоо хоногийн том сэдэв байлаа. Тэгвэл уг асуудлаар баасан гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж ажиллалаа. Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг аж. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэлж байв. Түүнчлэн зарим барилгын компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байгаа гэв.
Хотын дарга Д.Сумъяабазар “Туул голын эрэг дагуу барилга барьж болохгүй. Сүүлийн нэг жилийн дотор олон удаагийн давтамжтай газар хөдөлж байна. Туул голын дагуу өндөр барилга барих эрсдэлтэй. Цаашид Туул голын унаган төрхийг алдагдуулахгүй байх, бургасыг хамгаалах чиглэлээр ажиллана. Хууль, дүрмийн хүрээнд ажиллахгүй байгаа дээрх 19 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг нь цуцлах арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ. Өмнө нь хоёр ч удаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх газруудад мэдэгдэл хүргүүлж байжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг цар тахалтай холбоотойгоор энэ оны долоодугаар сарын 1-н хүртэл өмнөх буюу 8.5 хувиар төлж байгаа. Энэхүү хувь хэмжээг нэмэгдүүлэлгүй 8.5 хувиар нь үлдээх тухай Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан юм.
УИХ-ын зарим гишүүн болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх хуулийн хэрэгжих хугацааг энэ оны долдугаар сарын 1-нээс бус нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэх санал гаргасан юм.
Энэхүү саналуудын талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Байнгын хороо болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ-ын төлөөлөлтэй уулзсан. Тэдний зүгээс тавьж байгаа саналд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд НДШ-ийг хоёр хувиар бууруулах асуудлыг тусгасан байсан. Харин нэр бүхий УИХ-ын гишүүдийн санаачилсан уг хуульд зөвхөн нэг удаагийн арга хэмжээ биш, хоёр хувийн шимтгэлийг цаашид бүр мөсөн бууруулах асуудлыг тусгасан.
Энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхэд шаардлагатай 94 тэрбум төгрөгийг төсөвт тодотгол хийхгүйгээр, цар тахлын эсрэг хуулийн таван сайдын дундах багцаар зохицуулах бололцоо бий. Тиймээс байнгын хороо тус хуулийг долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг дэмжсэн.
Харин 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлбэл 33 тэрбум төгрөгийн буцаан олголтын асуудал үүснэ. Тэдний ихэнх нь цалингаа бүтэн авч байгаа төрийн байгууллагууд байгаа. Хувийн хэвшлүүд бүгд 8.5 хувиар шимтгэлээ төлөөд явж байгаа” гэсэн юм.
ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Да.Ганболд, Б.Бямбасайхан суллагдаж, ипотекийн зээлийн урьдчилгаа болон түгжрэлийг бууруулах чиглэлээр Засгийн газар хуралдсан ДОЛОО ХОНОГ |
|