• Өнөөдөр 2025-05-12

НАЙРУУЛАГЧ Б.ЭНХЭЭ: Аз жаргалтай шаналлаар “Ромео, Жульетта” жүжгийг дахин бүтээлээ

2025-05-12,   421

     Улсын Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид өнгөрсөн баасан гарагт алдарт Уильям Шекспирийн "Ромео, Жульетта" жүжгийг тайзнаа дахин бүтээлээ. Тус жүжгийн найруулагчаар СТА, Б.Энхээ ажилласан юм. Түүнтэй жүжгийн нээлтийнх нь үеэр ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-Юуны өмнө танд болон хамт олонд нь баяр хүргэе. "Ромео, Жульетта" жүжгийн энэ удаагийн тавилт ямар онцлогтой вэ?
 
       -Баярлалаа. Хүүхэд, Залуучуудын театр байгуулагдаад жил болж байна. Бидний тав дахь уран бүтээл Английн нэрт яруу найрагч Уильям Шекспирийн "Ромео, Жульетта" жүжгийг барьж авч, театраараа бүтээн туурвиж өнөөдөр нээлтийн тоглолтоо хийлээ. Энэ зохиолыг барьж авсан шалтгаан нь дэлхийн хүнтөрөлхтний хайрын түүхийг өгүүлсэн ноён оргил сонгодог бүтээл.
 
1966 онд манай театр энэхүү жүжгийг анх Монголд тавьж байсан түүхтэй. Одоо харин 59 жилийн дараа дахин тавьж буйгаараа онцлог байгаа юм. Нэг жүжиг тавьна гэдэг бол нэг ном уншсантай адил.
Найруулагч бүр өөрийн үзэл бодол, өөр өнцгийг гаргаж ирэхийг эрмэлздэг. Энэ хүрээнд манай хамт олны хувьд найруулагчийн баг, продюсерийн баг, зураач гээд бүх уран бүтээлч нийлж байгаад энэ жүжгээ ямар өнцгөөр яаж тавих уу гэж нухацтай ярилцаж, гаргалгаануудыг ч эрэлхийлсэн. Мэдээж бид сонгодог бүтээлийг сонгодог чигээр нь байлгах хэрэгтэй. Үүн дээр орчин үеийн залуус юу сонсож байгаа билээ гэдгийг бодолцсон. Тэгээд сонгодгоо 70 хувь бариад, 30 хувьд нь орчин цагийн урсгал элементүүдийг сонгодог суурин дээр хэрхэн наалдаж, авцалдаж зөвтгөлтэй орж болох вэ гэдэг дээр ажилласан. Тухайлбал, жүжигчдийн хувцасны байдлын сонгодог хийц загварыг ажигласан.
 
Цахилгаантай, хөвсийсөн, кноп ороод ирэхээрээ арай өөр металл болоод явчихдаг. Тэр нь дүрийнхээ характер, өөрийнх нь үзэл бодол, филисофи, өгөгдсөн нөхцөлд тохирч байгаа юм. Хамгийн гол нь жүжгийн хэлэх санаатай зохицож буй. Жүжигт торон дотор байгаа хоёр бялзуухайг нисэх гээд байхад нь нисгэхгүй гэж хааж, хашиж байгаа гэр бүл, цаашлаад нийгмийн урсгал чиглэлүүдийн тухай өгүүлж байгаа. Аав, ээжүүд нь хоорондоо өстэй ч хүүхдүүд ч нэгэндээ хайртай болчихсон. Гэхдээ бид ийм гарцаагүй нөхцөлд тэднийг үхлийг сонгох гэхээс илүү хайрынхаа төлөө тэмцэж байгааг нь тодруулж харуулахыг зорьдог. Хайр байгаа газар юм бүхэн зөв зүйтэй, Хайр гэгээтэй, эдгэрэлтэй байдаг. Энэ өнцгийг барин бүгд нэгдэн ажиллалаа. Шинэ сонгодог бүтээл тавьна гэдэг уран бүтээлч бидэнд том сургалт болдог. Хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр бүтээлдээ хандсан залуучуудын хурд, хүч, энерги шингэсэн байгаа. Урилгаар Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Нармандах, СТА, жүжигчин Ж.Даваасамбуу гэх гурван эрхэм ажилласан. Тэд залуучуудад үлгэр дуурайлал, өмөг түшиг болж, олон зүйл дээр сургалт боллоо. Миний хувьд ч ялгаагүй залуучууд, ахмадаасаа суралцлаа. Ингээд жүжгээ нээгээд, анхны тоглолтоо үзэгчдийн алга ташилтан дор амжилттай нээлээ. 

-Таны хувьд  эл театрт ороод найруулсан анхны бүтээл болж байна уу?
 
     -Би 1995 онд СУИС-ийг жүжигчин, найруулагч  мэргэжлээр төгссөн. Тэгээд Дорнодын теарт 10 жил ажилласан. Дараа нь "Шинэ үе" продакшнд жүжигчин, найруулагчаар ажилласан. Улсын Хүүхэд, залуучуудын театрт ороод гурван жил болж байна. Барилга ашиглалтад орохоос эхлээд явж байсан. Оюутан цагаасаа МУГЖ Н.Ариунболдтойгоо найзалж байна. Энэ ч утгаар найзтайгаа хамтарч, найз минь эдгээр бүтээлийн ард ажиллах хүч өгсөн. Теарт дахин хөшгөө нээснээс хойш таван уран бүтээл хийсний хоёр дээр нь ийнхүү ажиллалаа. Манай театр өөрсдөө зохиол бүтээлдээ ажиллая, багийнхаа хүчээр цаашид уран бүтээлээ хийе, залуучуудаа дадлага туршлагажуулж, тэднийгээ өсгөж дэвжүүлье гэсэн бодлого барьдаг. Мөн энэ театраас олон сайхан уран бүтээлч төрж гараасай гэх үүднээс аливаа уран бүтээлийн дүрээ оноохгүйгээр залуучуудынхаа дунд сонгон шалгаруулалт явуулдаг. Теарт маань дахин хөшгөө нээхдээ "Арслан хүлэгт баатар" хүүхдийн жүжгээр нээснээрээ их бэлэгшээлтэй. Теарт орж ажилласнаас хойших миний найруулсан эхний бүтээл. Хоёр дахь нь "Ромео, Жульетта" болж байна. Өмнө нь мэдээж Дорнодын театрт бол олон жүжигт ажилласан.
 
-Дорнодын театрт байхдаа ямар ямар жүжиг найруулан тавьж байв?
 
      -1995-2005 он хүртэл ажилласан.  Гэхдээ 1988 онд цэрэгт яваад 1992 онд халагдаж ирээд театртаа гэрэлтүүлэгчээр ажилласныг тооцвол Дорнодын театртаа 12, 13 жил ажилласан байна. Тэгэхэд “Учиртай гурав" жүжигт тоглож байлаа. "Худалч эхнэр", "Урхи" инээдмийн жүжиг, "Аргагүйн эрхэнд оточ", Б.Лхагвасүрэн гуайн "Чимээгүй хот", "Гэгээн тамлан" зэрэг арав гаруй жүжиг тавьсан. Мөн "Хулгайлагдсан захидал" гэж жүжиг бичиж, оюутан байхдаа дипломын ажлаа хамгаалж байлаа. МУГЖ, Л.Лхасүрэн багшийнхаа жүжгээс мөн тавьсан. Багш минь Хүүхэд, залуучуудын театрт бас жүжигчин, найруулагчаар ажиллаж байсан. Багшийнхаа ажиллаж, амьдарч байсан театрт өнөөдөр найруулагчаар ажиллаж байгаад талархдаг. Багш минь намайгтэнгэрээс ивээж харж байгаа байхдаа гэж боддог.
 
-Н.Ариунболд найз нь таныг театрынхаа найруулагчаар ажиллах санал тавихдаа юу гэж хэлж байв. Мэдээж найз нөхдийн хувьд нэгнээ мэддэг, уран бүтээлчийн хувьд авьяас, билгийг нь хүлээн зөвшөөрч, үнэлдэг зүйл бий болов уу?
 
     -Тийм ээ. Бид бол зан зангаа мэддэг улс. Энэ ч утгаар "Энхээдээ "Ромео, Жульетта" жүжгийг найруулах санал тавьж байна" гэсэн. Миний хувьд "Нээрээ би чадах бил үү. Өмнө юу найрууллаа" гэж эргэцүүлж, өөр рүүгээ нэг өндийж бодсон. Анхны тийм болгоомжлол, жаахан эргэлзээ байсан. Тэр эргэлзээг найз маань мэддэг. Тэгэхэд л мөрөн дээр алгадаад, "За Энхээ, миний найз чадна аа. Ар талд чинь асаалттай баг хамт олон чинь туслаад явна. Чи бүх л юмаа дайчлаад яваарай" гэсэн. Бооёогийн нэг арга барил бол уран бүтээлчдийнхээ уран бүтээлээ хийх эрх чөлөөг нь тавьж, чөлөөтэй бодож, боловсруулж ажиллахад оршдог. Дээрээс нь Найдангийн Ганхуяг багш маань бидэнд аав, ах, багш шиг зааж зөвлөж, түшиж, тулсан.
-Өмнө нь "Ромео, Жульетта" жүжгийг театрт тавьж байхад үзээд уран бүтээлчийнхээ зүгээс тодорхой үнэлэлт дүгнэлт өгдөг байсан байх. Өөрөө найруулах боломж ирэхэд тэр бүх санаагаа илэрхийлэн гаргасан болов уу?
 
     -Ч.Найдандорж найруулагчийн 1996 онд найруулсныг үзэж байсан. Бусдыг нь үзэж байгаагүй. Гэхдээ бид жүжгийн эрэл хайгуулыг зохиол дотроосоо л хайдаг. Уран бүтээл хийнэ гэдэг аз жаргалтай шаналал байдаг. Тэр бүхнийг давж гарсны дараа бүтээл төрдөг. Одоо уран бүтээлчид үзэл бодлоо тулгахаас илүү үзэгчид юу гэж ойлгож, тунгаах нь нээлттэй болсон.
 
-Цаашид Хүүхэд, залуучуудын театраас  таны найруулсан олон уран бүтээл гарна гэж бодож байна. Төлөвлөгөө гарсан уу?
 
     -Төлөвлөсөн зүйл бий. Ямартай ч нэг сайхан монгол ахуйтай монгол жүжиг ярилцаад явж байгаа. Намар мөн хүүхдийн жүжиг орж ирж байгаа.
 
-Ярилцсанд баярлалаа.
 

НАЙРУУЛАГЧ Б.ЭНХЭЭ: Аз жаргалтай шаналлаар “Ромео, Жульетта” жүжгийг дахин бүтээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-05-12 08:22:12
    45: Хошин шогийн Ромео Жулет тавигдана гэж ойлголоо
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188