• Өнөөдөр 2025-05-01

ЖҮЖИГЧИН М.БАТГЭРЭЛИЙН БҮТЭЭХ ЖУЛЬЕТТА

2025-05-01,   265

        Улсын Хүүхэд залуучуудын театр энэ сарын 9-нөөс алдарт У.Шекспирийн "Ромео, Жульетта" жүжгийг тавихаар бэлтгэл ажилдаа оржээ. Бидэнд үргэлж л Ромео, Жульетта хэн байх бол, ямар уран бүтээлч тэднийг бүтээх бол гэдэг сонирхолтой байдаг. Энэ удаад тус театрын залуу жүжигчин  Б.Түвшинбачр, М.Батгэрэл нар эл хоёр дүрийг бүтээхээр  сонгогджээ. Ингээд уншигч танд шинэхэн Жульетта М.Батгэрэлийн ярилцлагыг хүргэж байна.

          Тэрбээр 2018 онд “Сити” их сургуулийг МУГЖ Ц.Төмөрхуяг багшийнхаа удирдлагад жүжигчнээр төгссөн байна. “95 зүүдний хүн” киноноос өмнө “Намайг аваад үлдээч” “Үлгэрийн баатар гэртээ харих замд”, “Хараал”, “Мөсөн ээж”, “Өөдлөх улирал”, “Гэнэтийн учрал”, “Хонх”, Улаан туфл”, “Дэрний сэтгэл” зэрэг бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон юм.
 
-Өмнө нь “Намайг аваад үлдээч” киноны гол дүрд тоглосон шүү дээ. Таны дүр таалагдсан шүү?
 
        -Тийм ээ,  “Дөрвөн бэрх” фильмийн бүтээл “ Намайг аваад үлдээч” кино бол миний анхны гол дүр. Анх удаа ах нартайгаа хамтарч санаачлан арын албанд нь явсан бүтээл. Энэ кино бол залуу уран бүтээлчдийн хийе, бүтээе сэтгэл, хүч хөдөлмөрөөс бүтсэн кино гэж боддог. Өмнөх “Намайг аваад үлдээч I”, “Амьд бус амьдрагсад” кинонд бол уран бүтээлч ах нартайгаа хамтран жүжигчнээрээ л ажилладаг байсан. Харин киноныхоо бүх зүйлд оролцоод явах илүү их зүйлийг сурч мэдэж, ойлгож авдаг гэдгийг мэдэрсэн нь “Намайг аваад үлдээч”.
 
-Урлагийн салбарт ажиллахад сайхан зүйлээс илүү бэрхшээлтэй, авьяас, чадвар сорих нь их. Тиймдээ ч дундаас нь орхих ч байдаг. Өөрийн чинь хувьд яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ, сургуулиа хэзээ төгссөн, сурч байх хугацаандаа хүндийг нь мэдэрсэн болов уу?
 
     -Бүхий л ажил мэргэжил өөр өөрийн давуу болон хүнд талтай байдаг байх гэж боддог. Жүжигчин мэргэжлийн хувьд хүнээс авьяас чадвар, мэдрэмж нэхэх нь бий. Нэхэхээс ч өөр аргагүй л дээ. Эдгээрийг өөрсдөөсөө гарган үзүүлж байж л уран бүтээлч болно шүү дээ. Миний хувьд мэргэжилдээ хайртай, ажлаа дурлаж хийдэг учир шантрах нь бага. Хүн дуртай зүйлийнхээ төлөө ямар ч хэцүү бэрх бүхнийг давж гарч чаддаг байх аа. Дуртай байгаа нь жаргалтай болгоод байгаа юм шүү дээ.
-Энэ мэргэжлийн юу нь харин өөрийг чинь татаж, энэ замаар алхуулж байгаа гэж боддог вэ?
 
   -Манай мэргэжлийн туйлын зорилго нь дүр бүтээх. Гол дурлуулж, татаж байгаа зүйл бол дүр. Тухайлбал, ээжийн дүр бүгд ижил биш. Шинээр ээж болж байгаа хүн байна, олон хүүхэдтэй ээж байна, эсвэл үр хүүхдээ алдсан хүн гээд дотроо олон янз. Эдгээрийг нэг бүрчлэн үзүүлдэг нь сонирхол татаж, мэргэжилдээ дурлан ажилладаг.
-Хамгийн их урам зориг авч, хүндэлдэг ямар уран бүтээлч байдаг вэ?
 
      -Үлгэр дуурайлал авч, хайрлаж  хүндэлдэг уран бүтээлч бол манай ангийн багш МУГЖ Ц.Төмөрхуяг. Тэр хүн надад амьд капитал юм шиг санагддаг. Хуучны монгол киноноос эхлээд кино урлагийн гурван үеэр мэддэг. Хамгийн гол нь дүрдээ ажиллаж байгаа нь дүрээ ялгаж, салгаж нарийн гаргаж байгаа нь гайхалтай санагддаг.
 
-Залуу уран бүтээлчийн хувьд амьдрал, уран бүтээлдээ ямар зарчим баримталдаг вэ?
 
           -Нэг ажлыг нөгөө ажлаар орлуулж болохгүй. Аливаад яг таг хариуцлагатай, цаг баримталж, ажил, амьдралаа ялгаж, салгахыг хичээдэг. Уран бүтээлд оролцож, ажлаа хийсэн ч гэртээ ирээд сайн эхнэр, ээж байхыг боддог. Түүнээс нэг зүйлд анхаарал хандуулж, бусад ажлыг цалгардуулж болохгүй шүү дээ. Манай мэргэжлийн биднээс шаарддаг гол зүйл бол хариуцлага. Мөн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гээд бүх талаас өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байдаг.
 
            -Мөн залуусын үгийг уран бүтээлчид хэрхэн тусган авч, хэрэгжүүлдэг вэ. Харилцан ярилцвал л өнөөд сайн бүтээл төрөх юм шиг санагддаг?
 
    -Залуу уран бүтээлч гэлтгүй баг хамт олон бүрдээд нэг уран бүтээлийн ард гарах гэж байгаа бол хамтдаа сууж байгаад зохиолынхоо уншлагыг хийгээд ярилцаад явбал зүгээр байдаг. Түүнээс “Чи залуу хүн учраас буруу яриад байна”, “Ахмад жүжигчин нь мэдэж байгаа учраас үүгээр нь больё” гэх зүйл гарах нь бага байдаг.  Харин ч залуу уран бүтээлчийнхээ санаа бодлыг илүү сонсож, дэмжих нь бий.
 
-Уран бүтээлдээ оролцоод явахад гэр бүл, хайртай хүмүүсийн дэмжлэг, итгэл чухал байдаг байх?
 
         -Гэр бүлийнхэн минь бүгд намайг гараа өргөөд дэмждэг. Тэгээд үргэлж дэмжиж, тусалдаг гэр бүл, хайртай хүмүүсдээ баярлалаа гэж хэлье.
 
-Цаашдын мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаж болох уу?
 
       -Том зорилго, мөрөөдөлтэй. Өвөө минь надад “Миний охин урлагаар явахдаа жанжин шугамаа бариад яваарай” гэж хэлж байсан. Тиймээс сонгосон мэргэжлээсээ хазайхыг хүсдэггүй. Одоо Улсын Хүүхэд залуучуудын театрын үндсэн жүжигчнээр давхар ажилладаг. МУГЖ Н.Ариунболд ахынхаа удирдлагад ажлаад явж байгаа. Тун удахгүй театр маань нээлтээ хийгээд шинэ жүжгээрээ уулзах байх. Одоогоор мөрөөдлөө хуваалцахгүйгээр үлдээе гэж бодож байна.

ЖҮЖИГЧИН М.БАТГЭРЭЛИЙН БҮТЭЭХ ЖУЛЬЕТТА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188