Энэ жил Ялалтын баярыг тохиолдуулан Монгол Улсын Гавьяат багш доктор, профессор, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны элч Ц.Саранцацрал "Эх орон-Их ялалт" номыг санаачлан бүтээжээ. Энэхүү ном нь нэрт найрагчдын шүлэг, бүтээлийг монгол болон орос хэл дээр хослуулан хэвлүүлснээрээ онцлог байна. Ингээд тус номоос онцлон таван шүлгийг хүргэе.
***
Миний нутаг
Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн Шарга Номины өөргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн,Онон,Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл,Увс,Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Орхон,Сэлэнгэ,Хөхийн онц сайн голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал,хот балгадын сууринууд
Хол газраа одсон харгуй дардан замууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хангай говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөдлөн гулд давхисан газар
Гөрөөс араатан авласан урт урт шилнүүд
Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугларсан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжсэн тэнэгэр сайхан нуруутай
Дөвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороо газартай
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Үр ач хүүхдийн үржиж өссөн орон
Таван хошуу малууд дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өвлийн тэсгэм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянганы завсарт атар баялаг орон
Аав ижийн минь оршсон ашдын заясан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хүннү Сүннүгийн үеэс хогшид өвгөдийн минь нутаг
Хүн ард бидний хайрыг булаасан орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хөдэт гавьяаг байгуулая
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон. /Д.Нацагдорж/
***
Орос нутаг
Хотгор газар тосгон нуугдаж
Хотолсон байшинг нь ой халхлаад
Хонхор түвгэрээр эргэн тойрон
Хоосон агаар мэлтийн цэнхэртэнэ
Өвөл цагийн үдшийн бүрэнхийд
Өлөн чоно талд улиад
Орох наран гаднахыг шаргалтуулж
Омголон морьд хашаанд хуухирна
Модны хоорондуур цонхны гэрэл
Маналзах шуургыг нэвтлэн шагайж
Хожгор мөчрөн торны цаана
Хожуул гишүү чөтгөр шиг үзэгдэнэ
Харз бүр дээр илбэчин, шидтэн
Хар шулмасаар биднийг айлгаж
Харуй бүрийн манан дунд
Хусны мөчир цантан унжина.../Орчуулсан М.Цэдэндорж Сергей Есенин "Шүлэг".1961 он/
***
1941 он
Бүлээхэн талхыг танкаар дайрч
Бүрэгхэн оромжууд лаа шиг асаж байлаа.
Тосгодоор дайрч явлаа.
Үхэж байгаа тэрэгний хахираан
Үлдэж хэвтэх хөлгүй охин
Үрэгдэж арилах зам харгуйг
Үүрд мартахын аргагүй билээ.
Шуналт дайсны эсрэг тэгэхэд
Нуга толгод нэгдэж байсан юм.
Охорхон цэцэгс хилэгнэж уурсаж
Ой модод араас нь харваж
Шөнийн харанхуйд бут сөөг
Шивээ өргөсөөр нууцхан дайтаж
Зам гүүр нурж байлаа
Гацаа тосгодоосоо өвөг эцгүүд маань
Гараад алхсан
Үхдэл хүүрнүүд ч сум өгсөн
Үүл шиг сахалтай хүчирхэг тэд
Гардан тулалдаанд орж байсан
Тариан түрүү цайруулдаг талаараа
Дайн тулаанд цэргүүд алхална.
Өндөр тэнгэрт биш тэдний үхэл
Өрмөг тариачны эгэл тавиланд
Эх шиг гуниглах, эгээрч үл болох
Эртний тэр эгэлд юм шүү
Сэтгэл зүрх нь хатуурсан
Газар дэлхий дээгүүр
Цэрэг эрс алхалж явна
Уралын хар хөрсөн дээгүүр
Төмөр сүрэг хахиралдан өнгөрнө
Смоленщины дүнсгэр төгөл дундуур
Ирлэсэн сүх шиг явж өнгөрнө
Хоосон гандмал хээр талаар
Их Оросын газар шороогоор
Алхалж өнгөрнө. /Орчуулсан Ж.Даваадулам/
***
ЭРЧҮҮД ЭЗГҮЙ ЗУН
Тэр жилийн зун дэлгэр байсан ч
Тэнүүн сэтгэл бачуу
Хур бороо элбэг байсан ч
Сэтгэл санаа хазгай
Эрчүүлийг халхын гол дуудчихсан
Эсгэсэн айраг, нэрсэн архи уух хүнгүй
Эрийтэл жагссан эрчүүлгүй болохоор
Эрт гарсан унага,хулан шиг догшин
Эмс охидын зүс хүртэл гундуу
Хоймрын авдраа гаргаад тавьчихсан юм шиг гэр хангай
Холын дайны сураг чимээ оньсого шиг битүү
Хамаг бүхний үүдээр цацсан үүлэнд хүрч болуужих
Халхын гол талын манханд сүүгээр бороо ормоор
Хагас нь ханхай дэрэн дээр уйлж хүлээсэн бүсгүйн нулимсанд
Хат суусан эмгэн усны чулуу шиг мөлийж байсан
Тэр жилийн зун дэлгэр байсан ч
Тэнүүн сэтгэл бачуу
Хур бороо элбэг байсан ч
Сэтгэл санаа хазгай
Эрчүүл эзгүй хагас байсан ч
Эх оронтойгоо бид бүтэн байсан. /Б.Лхагвасүрэн/
***
АЯНД
Хүрэх газар, бидний, хол хол
Хөгжилтэй, алх алх цэрэг ээ!
Урд чинь урд чинь хорооны туг
Урд чинь дарга нар, дарга нар!
Цэрэг эрс аянд, аянд, аянд
Энхрий чамд минь харин
Илгээх шуудангийн хаяг.
Бүрээн дуу татав, баяртай
Бүх цэрэг аянд гарлаа!
Дайчин бүр-цогтой залуу
Урагшлах жагсаалд шонхор
Алдар гавьяатай нэгдэн нийлсэн
Алдар хүндийг тулаанаас авсан.
Цэрэг эрс аянд, аянд, аянд
Энхрий чамд минь харин
Илгээх шуудангийн хаяг.
Бүрээн дуу татав, баяртай
Бүх цэрэг аянд гарлаа!
Заналт дайсан чи үүнийг сана
Зандраагүй бид зүгээр хэлж байна
Хамтдаа хамтдаа бид хорвоог туулсан
Хэрэг болбол давтахад бэлэн.
Цэрэг эрс аянд, аянд, аянд
Энхрий чамд минь харин
Илгээх шуудангийн хаяг.
Бүрээн дуу татав, баяртай
Бүх цэрэг аянд гарлаа! /Орчуулсан Н.Пүрэвдагва/
"ЭХ ОРОН-ИХ ЯЛАЛТ" НОМООС ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ |
|