• Өнөөдөр 2024-12-12

ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ-V

2024-10-31,   2125

Эртний бахархалт түүхээрээ хөгжил юугаа чимсэн үзэсгэлэнт хот Истанбулд. Зам зуурын байгаль, мөнх цаст уул, ногоон төгөл, гол ус харж долоон цаг аялаад шөнө дунд Истанбулд хүрээд ирэв. Хэдэн мянганы арвин их түүхтэй энэ хотод хоёрдахь удаагаа хөл тавьж буй минь энэ. Авто вокзал дээр нь буучихаад бага шиг будилж утас шөрмөс, имэйлээр холбогдож байгаад угтсан унаагаа олоод авлаа. Хоёр ч зогсоолтой, хоёр давхар том вокзал болохоор зөрж будилсан бололтой. Консулын дунд гарын Бенц-д сууж тухалчихаад захиалсан зочид буудал руугаа жирийлгэв. Жолооч Эрдэнэбаяр өмнө нь Вашингтоны элчин сайдын яаманд ажиллаж байсан юм билээ. Миний дотно анд Элчин сайд Б.Алтангэрэлийн үед тэнд ажиллаж байж. Хоёр жилийн өмнө биднийг тэнд аялаж очихоос хэдхэн хоногийн  өмнө томилолтоо дуусгаж нутгаадаа явсан юм байна. Тэр үед ажиллаж байсан хамт олных нь нилээдийг би таних болохоор тэдний тухай ойр дотно яриа Эрдэнэбаяртай өрнүүлж явав. Удаж төдөлгүй “Рамада Гранд Истанбул” буудалдаа хүрээд ирлээ. Уулзаж учрахаар төлөвлөсөн хүмүүстэйгээ холбоо тогтоох гэж оролдоод бүтэл муутайхан байгаагаа түүнд дуулгав. Эхний удаадаа Консулаар орж мэдээ мэдээлэл авах нь зүйтэй байхаа гэж тэр зөвлөж би ч түүнийг нь хүлээн зөвшөөрч консулынхны утас хаяг аваад үлдэв. Зав гарвал маргааш намайг ухасхийж аваад консулынхантай уулзуулчихвал тун сайн байна гэж би түүнээс гуйсан юм. Ингээд л буудалдаа түр тухалчихаад ойр тойронтоо танилцах, бас амжвал хооллочих санаатай гадагш гарлаа. Шөнийн 01 цаг өнгөрч буй болохоор хотын төв гудамж хэдий ч хөл хөдөлгөөн татарсан байв. Гэхдээ л хоолны ганц хоёр газар ажиллаж байх юм аа...

    Өглөө цайндаа орчихоод Эрдэнэбаяр руугаа хэдэнтээ утасдав. Зав нь болохгүй байгаа юм байлгүй, утсаа авдаггүй ээ. Нөгөө Дамдины Баясаа руу ч бас хэдэнтээ утасдав. Дуудаж дуудаж байгаад л тасарчих юм. Баясгалан гэх энэ бүсгүйтэй би аль хэдэн сарын өмнө Туркийн аялал төлөвлөж эхэлснээсээ хойш фасе хаягаар нь харилцах гэж оролдоод бүтэл муутай байлаа. Истанбулын утасных нь дугаарыг аялалд гарахаасаа өмнө түүний зээ дүү болох сэтгүүлч Э.Эрдэнэцэцэгээс авсан юм. Тэр бүсгүйг сураглахын учир бол Э.Эрдэнэцэцэг сэтгүүлчийн “Өнөөдөр” сонинд бичсэн “Дүнсгэр шаналан” нийтлэлтэй холбоотой юм л даа. Тэрхүү нийтлэлийг уншаад л Истанбулд очвол энэ бүсгүйтэй уулзчих юмсан гэх хүсэл төрсөн юм. Баясаа бүсгүй одоогоос 15 жилийн тэртээ, 28-тайдаа Истанбулыг зорьсон аж. “Туркт өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн сонины зараар 2500 ам.долларын зуучлалын хөлс төлж Истанбулд анх хөл тавьсан гэх юм билээ. Зуучлагчийн амласан өндөр цалин, нөгөө амар хялбар ажил нь ёстой л лөөлөө болж. Анхныхаа Турк айлд гэрийн үйлчлэгчээр зургаан сар ёстой унаж тусталаа зүтгэсэн юм байх. Турж эцээд бүх хувцас нь таарахаа больж шувтарч унах болж. Сөхөрч унахдаа хүрээд л ажлаа сольж. Турк хоол огт хийж үзээгүй хэрнээ “Чадна” гэж хэлээд өөр нэг айлд гэрийн үйлчлэгчээр орчихож.  Хоол хийж сурсан ч гэрийн үйлчлэгчтэй нь тааралгүй бас л ажлаасаа гарчээ. Цөхөрсөндөө “Гэртээ харья” гэж шийдээд буцах билет сураглаад алхаж явж. Тэрхэн үедээ гэрэл гэгээ болох нэгэнтэй таарсан нь ажил зуучлалын газрын ажилтан турк авгай гэнэ. “Ийм ажилтай охин ямар ч ажил хийсэн алзахгүй, ирсэн зорилгоо бодооч” гэж зоригжуулсанаар тэр өнөөг хүртэл Истанбулд ажиллаж буй юм байна.

Нутгаа, гэр орон, аав ээжээ санаж, бас өөрийг нь гэж өрөвдөх хүн огт үгүйд гомдож байсхийгээд л уйлна. Эхний жил таван ажил сольсон гэнэ. Хоёр сар ажилгүй явж байгаад эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг 70 настай өвгөнийд ажилд оржээ. Эхнэр нь “Хэзээ ч битгий турк хүнтэй суугаарай, насны эцэст зовно шүү” гэж зөвлөдөг байж. Гэрийн эзэн өвөө ирэх бүртээ түүнийг үнсдэг байж. Охин шигээ л санадаг байх гэж итгэж, тэр бүрт аавтайгаа адилтган боддог байсан гэнэ. Гэтэл тэр өвгөний бодол огт өөр байсныг эхнэр нь гадагшаа явсны дараа л мэджээ. “Нэг шөнийг хамт өнгөрүүлбэл 1000 ам.доллар өгье” гэж эзэн өвгөн санал тавьж. Энэ үг түүнийг дахин ажлаасаа гарахад хүргэсэн гэнэ. Харин үүний дараа очсон айлдаа тэрбээр одоог хүртэл 12 жил ажиллаж, итгэлийг нь хүлээгээд байгаа гэнэ. Баясаа бүсгүй гэрээсээ гарснаасаа хойш нэг л удаа нутагтаа очжээ. Гурван жилийн өмнө аав нь, бас хайртай ах нь бурхан болоход ч очиж чадаагүй аж. Хайртай хүн нь дахин хэзээ ч уулзахгүйгээр одоход уйлахаас өөр юу ч хийж чадаагүй хүн нь цор ганц миний эгч биш гэж энэ “Дүнсгэр шаналан” нийтлэлийн зохиогч бүсгүй бичсэн байв. Хилийн чанадад амьдрахаар шийдсэн хүн бүрийн туулаад гардаг энэ жим өдөр ирэх бүр зам болон тодорч буй гэж тэрээр бичсэн байна лээ. Баясаа бүсгүйн энэлэн шаналан өнгөрсөн хоёр гурван жилд эрх биш нимгэрсэн байлгүй гэх үүднээс түүнтэй уулзаж байр байдлыг нь үзэж мэдэх, боломж олдвол түүнтэй адилхан гэрийн үйлчлэгчээр ажилладаг зарим танилуудтай нь бас Баясаагаар зуучлуулж байгаад уулзчих санаатай хөөцөлдсөн юм. Нийтлэл бичсэн зээ дүү нь болох Эрдэнэцэцэгт ч би ингэж л хэлж Баясаагийн утас, фасе хаягийг нь авсан билээ...

Өглөө буудалдаа цайлчихаад Консулын Эрдэнэбаяр руугаа хэдэнтээ утасдлаа. Ажил алба ихтэй байгаа юм байлгүй утсаа авсангүй. Найз нөхөд, хамаатан садангуудаас ажиг сураг тавьж авсан Истанбулын хэдэн утас, хаяг руу ч хэдэнтээ харьцсаар үд өнгөрөв. Тэгж тэгж олон жилийн өмнө Туркт Элчин сайдаар сууж байсан Б.Алтангэрэл андын тэр үеийнх нь Монгол оюутнуудын холбооны дарга байсан, одоо ч Турк, Монголын харилцааны олон нийтийн байгууллагын идэвхтэй гишүүн Алтанхуягийн Хосхүүгийн өгсөн нэгэн хаягаар Истанбулд сурдаг Балжаа гэх хүүтэй утсаар нь холбогдоод авлаа. Тэрээр үдээс хойхнотой манай буудалд хүрч ирж ойр зуур замчлахаар болов... Удсан ч үгүй Балжаа хүрээд ирлээ. Оройн ээлжийн хичээлтэй тул гурван цагийн боломжтой гэв. Юу ч гэсэн хотоор явж ойр зуурыг харах, тэгээд нэг том сүм үзэх, дараа нь Консулын газар луу таксинд суулгуулахаар тохиролцов. Нийтийн тээврээр дөрвөн буудал яваад Туркт ирсэн хүний заавал үзэх ёстой үзмэр соёлын түүхт дурсгал, уран барилгын хосгүй өвийн нэг болох Султан Ахмедийн сүмд хүрээд ирцгээв.

Эхнэр, хүү бид гурав Султан Ахмедийн сүмд. 2010 он

Энэ хотын гурван мянга гаруй сүмийн хамгийн том, бас хамгийн үзэсгэлэн төгөлдөр нь гэгддэг юм билээ. Арваад жилийн өмнө уг нь энэ сүмийг бид үзэж явж. Хөтөчтэйгээ сайн танилцаж амжаагүй болохоороо хаана юу үзүүлэх гэж буйг нь асууж зүрхэлсэнгүй дуу шуу багатайхан дагалдчихсан хэрэг. Олон жилийн өмнөх тэр үеэс өөрчлөгдсөн юм гэвэл сүмийн үүд хавиар буутай цагдаа эргэлдэж ойр тойрноо ажиглаж байв. Түүнээс холгүйхэн автомат буу дээр нь зоочихсон төмөр бүхээгтэй цагдаагийн том хар машин бас жижүүрлэж байна лээ. Цаг үе тайвангүй буйн илэрхийлэл байх. Өмнө ирэхдээ сүмийн гаднах усны цоргын хажууханд сууж хөлөө угаагаад дотогш орж байсан юмдаг.

Нутгийн сүсэгтнүүдийг дэргэдээс нь харж байгаад л тэднийг дуурайсан хэрэг. Тэгэхэд хүн цөөтэй байсан санагдана. Одоо харин сүм рүү орох сүсэгтнүүд, жуулчин гийчид чихцэлдэх талдаа. Хөлөө угааж ариусаад хөл нүцгэн орж байсан тэр үеийн дэг жаяг ч өөрчлөгдсөн бололтой, хүмүүс гутлынхаа гадуур нэг удаагийн нийлэг цэнхэр углаад, эсвэл гутлаа тайлаад оймстойгоо сүм рүү орж байв. Сүмийн сүрлэг, гоёмсог танхим хуучин янзаараа, нөгөө л гоё эрээн мяраан цонх гонх, тансаг гэрэлтүүлэг чимэглэл, битүү улаан эрээн хивстэй  хэвээрээ...

Олон мянган оюу, номин чулууг шигтгэн олон арван төрлийн алтан зул цэцгийг сүмийн хагас дугуйрсан хана, бунхан маягийн таазанд хээлж хуарлаж урласан гэх юм билээ. Сүмийн барилгын ур хийц нь дотроо ч гаднаа ч үзэсгэлэн төгөлдөр, дэлхийн Ислам шашны барилга байгууламж дотор архитектур хийцийнхээ гоёмсогоор хамгийн алдартай нь, бас Византын болон Исламын барилга архитектурын хэв маягийг хослуулан барьсан дэлхийн уран барилгын үлгэр загвар болсон бүтээл хэмээн үнэлэгддэг аж. Дотор талын ханыг цэнхэр өнгийн хавтан, сүмийн бунхант таазыг цэнхэр  болороор чимж урласан байдаг учраас "Цэнхэр сүм" ч гэж мөн нэрлэдэг юм байна. Өнөөдөр сүмийн энэ танхим энд тэндээ хаалт хамгаалалтуудтай болчихсон, орох гарах хэсэгт нь хянагч зохицуулагч ажиллаж сүсэгтэн олон, аялагч жуулчдыг оруулж гаргаж байв.

Эргэл мөргөлийн энэ танхимд олон жилийн өмнө орж танилцаж хангалттай мэдээлэл сонсож зураг хөрөг авч явсан болохоор энэ удаад оочер дугаар болж хүмүүстэй чихцэлдэн тийш орохыг төдий л хүссэнгүй, үүд хавиар ганц нэг зураг авч мөргөлчдийг ажиглаж яваад сүмээс гарав. Энэ сүм таван үндсэн давхар, найман бөмбөгөр орой, зургаан цамхагтай гэх юм билээ. Оттоманы эзэнт гүрний хаанаар 14 настайдаа өргөмжлөгдсөн нэгдүгээр Султан Ахмедийн захиалгаар Мехмет Ага гэх архитектор 1609 онд энэ сүмийг бариулж 1616 онд хааныг 19 настай байхад нь ашиглалтад оруулсан түүхтэй аж. Султан Ахмед хаан Оттоманы эзэнт гүрнийг 14 жилийн турш захирч байгаад 28 настайдаа нас барсан гэх.

Сүмийн цогцолбор дотор Султан Ахмед хаан, түүний хатан Көсем Султаны бунхан байдаг аж. Тийм болохоор Исламын шашинтнууд зорин ирж эргэл мөргөл үйлдэх нь илүүтэй гэнэ. Мөн сүмийн өмнөх талбайд манай он тооллын 326 оны үед Персээс авчирсан зэс бүрхүүл бүхий Могойт баганын үлдэгдэл, Ромын түүхийг илтгэх 320 оны чулуун хөшөө, 16-р зууны үеийн Египетийн дурсгал болох боржин багана гээд олон зууны настай үзмэрүүд буй. Тийм болохоор энэ талбайг ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн жагсаалтад 1985 онд бүртгэсэн юм билээ. Сүүлийн үеийн мэдээллээр энд өдөртөө 10 мянган орчим аялагчид, сүсэгтнүүд ирж үзэж сүмийг үзэж сонирхдог, эргэл мөргөл хийдэг гэх статистик байдаг гэнэ. Зуны улиралд энэ тоо тав дахин нэмэгддэг юм байх. Ер нь энэ хавь нь мод бут, цэцэг ногоо алагласан, усан оргилуур, гол горхи хоржигносон амралт аялалын ая тухтай сайхан орчин юм билээ. Бидэнд замчилсан Балжаа ч энэ сүм, энэ талбайд олонтоо ирж байж. Нутаг орноос хамаатан саднууд нь, бас хамт сурч байсан найз нөхөд нь Туркт ирэхээр мэдээж замчилдаг аж. Аав нь Истанбулд хүү дээрээ бас зочилж ирсэн гэнэ. Балжаа Истанбулд найз охинтойгоо хамт амьдардаг юм байх. Бас нэг найзтайгаа хамтарч гурван өрөө байр хөлсөлдөг гэнэ. Хотын төв, зах хязгаар, аль хэр тохижсон дүүрэг энэ тэрээсээ хамаарч түрээсийн үнэ хөлс мэдээж хол зөрүүтэй аж. Балжаагийнханы байр дундаждаа орох сарын 200 лирийн түрээстэй гэнэ. Манайхаар бол 1,4 сая төгрөг юм уу даа. 

Элдвийг асууж сонирхсоор байтал Балжаа ч намайг хэн болохыг мэдээд авлаа. Сонин хэвлэлд юм бичих, түүнийгээ аян замын талаарх ном тэмдэглэлдээ оруулах санаатайгаа ч түүнд хэлэв. Балжинням Истанбулын Еүлдизийн Техникийн дээд сургуульд  барилгын инженер болохоор суралцаж хажуугаар нь ойр зуурын ажил, бизнес эрхлээд хэдэн жил болж буй гэнэ. Оройн цагаар монгол сурагчид, оюутан залууст турк хэл заадаг багш аж. Энэ Истанбулд үйл ажиллагаа явуулдаг “Монгол ахан дүүсийн холбоо” гэх олон нийтийн байгууллагын идэвхтэй гишүүн юм байна. Ийн ярьсаар байтал бас нутаг ус, аймаг нэгтэй болж таарав. Увс аймгийн Тариалан сумын уугуул залуу аж. Баяд дөрвөдөөрөө ойр зуурыг “хүүрсэж” (Хуучлахыг манай нутагт ингэж хэлдэг) түүнтэй дотносов. Сүм үзчихээд тэдний хичээл номын байр руу очиж арай илүү танилцахаар болов. “Монгол ахан дүүсийн холбоо”-ны дарга, ажилтнуудтай ч таныг танилцуулъя гэж байна Балжаа хөтөч маань. Сохорсон биш завшив гэгч л боллоо... 

Балжаа бид хоёр “Султан Ахмедийн сүм”-ийн өмнө

 

Монгол ахан дүүсийн холбоонд. “Султан Ахмед”-ийн сүмийн хажуухнаас автобусанд суугаад удаж төдөлгүй зорьсон газартаа хүрээд ирлээ. Хотын төвд юм. Орон сууцны бололтой найман давхар байшингийн гуравдугаар давхарын хэдэн өрөөнд “Монгол ахан дүүсийн холбоо” үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Байрны орцны дээхэнтэй эдний байгууллагын хаяг байна лээ. Монгол,Турк хэл дээр юм. Холбооны дарга нь болох Б.Мөнхмаа хэмээх ажил хэрэгч байрын гялалзуур бүсгүй, бас тус холбооны менежэр Бөкен гэх казах залуу ажлынхаа өрөөнд биднийг найрсгаар угтав.

Монголын туг далбаа, урлаг соёл, гар урлалын олон арван бүтээл өрөөний хана, шүүгээний дээгүүр доогуур өрөөстэй тавиастай байна лээ. Мөнхмаа бүсгүйн ширээн дээрх дэвтэр, бичгийн хэрэгсэл ч монголын компаниудынх юм. Өрөөний уур амьсгал тэр чигээрээ л монгол нутаг орных аж. Тус холбоонд орж ирж эднийхэнд хандсан хэн ч гэсэн монгол орондоо, нутаг усандаа хүрээд ирсэн мэт сэтгэгдэл төрөхөөр юм билээ. Энэ холбоо байгуулагдаад гурван жилийн нүүр үзэж буй гэнэ. Б.Мөнхмаа бүсгүй хорь гаруй жилийн өмнө Туркэд ирж суурьшсан нэгэн юм байна. Эндээ сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхэлж туркийн иргэнтэй гэр бүл болж энэ нутаг устай ажил амьдралаа бүрэн холбосон нэгэн аж. Холбооныхоо үйл ажиллагааны талаар тэр нилээд дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. Тус холбоо нь анх Истанбулд суугаа Ерөнхий консул Энэбишийн Мөнх-Очирын санаачлагаар Туркт ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэддээ зөвлөгөө өгөх, иргэдийн асуудалд тулж ажиллах, шийдвэрлэх, тэдэнд тулгамдаж байгаа асуудалд туслалцаа үзүүлэх,  мэдээ мэдээлэл түгээх зорилгоор байгуулагдсан гэнэ.

Туркт албан бус тоогоор манай 5,000 гаруй иргэн ажиллаж амьдарч буй гэх мэдээлэл байдаг юм байна. Мэдээж иргэдийн тоо нэмэгдэх тусам асуудлууд ихэсдэг гээд Б.Мөнхмаа хатагтай тэрээр цааш нь ийн  ярьсан юм.

-Бид холбоогоо байгуулсан цагаас хойш Туркт хууль ёсоор ажиллаж, амьдрах тал дээр маш их мэдээ, мэдээлэл иргэддээ түгээсэн. “Оршин суух” (Зөвшөөрлийг ийн нэрлэдэг аж) авах бүх талын заавар зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч сүүлийн хоёр жилд 1065 иргэнд үйлчилсэн тооцоотой байна. Үүний хажуугаар бид Турк хэлний сургалт байнга явуулж байна.Гадаадын оюутнуудыг Турк улсын их дээд сургуульд элсэх шалгалтад бэлдэх ЕӨС сургалтуудыг сар болгон явуулдаг. Энэ жилийн хувьд 13 монгол хүүхэд сургалт, давталтаа өдөр болгон хийгээд явж байна. Турк хэлний хурдавчилсан сургалтад  сар бүр 10-15 хүүхэд явдаг. Бидний судалгаагаар Турк улсад эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа сургуулийн насны 300 гаруй хүүхэд байдаг. Ихэнх эцэг, эх нь энэ улс оронд амьдран суух хууль ёсны зөвшөөрөл байхгүйгээс шалтгаалаад хүүхдүүд нь улсын болон хувийн сургуульд хамрагдаж чаддаггүй. Энэ жилээс Монгол улсад боловсролын системд хэрэгжиж байгаа цөм хөтөлбөрийн дагуу нэгээс тав дугаар ангийн хүүхдүүдийн хоёр анги нээгээд одоогоор 45 хүүхдийг сургалтад хамруулаад явж байна. Хориод жил багшилсан туршлагатай хоёр багш тэдэнд хичээл зааж байна. Хүүхдүүдээ унаагаар авч хүргэдэг, бас өдрийн хоолтой ийм сургалт юм. Холбооныхоо фэйсбүүк хуудас, болон утсаар  иргэдэд бүх төрлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн холбооныхоо байранд иргэдийг хүлээн авч биечлэн уулзаж зөвлөгөө мэдээлэл өгөх нь ч бий. Иргэддээ эмнэлэг, эрүүл мэнд, өмгөөлөлийн ажил үйлчилгээ авахад нь мэдээлэл, зөвлөлгөө өгч байна. Хүнд хэцүү байдалд орж эх орон руугаа буцахаас өөр аргагүй болсон иргэдэд туслах талаар Олон улсын болон Буяны  байгууллага, зарим “Сан”-гуудтай хамтран ажиллаж, одоогийн байдлаар 150 гаруй иргэний зардал мөнгийг тэднээр шийдүүлж тэдгээр иргэдийг эх орон руу нь буцаагаад байгаа. 

     “Ахан дүүсийн холбоо”-ноос Истанбулд зохион байгуулсан 2018 оны монгол наадам                  

Истанбулд ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийгээ хамруулсан “Монгол наадам” жил бүр зохион байгуулдаг болоод байна. “Наадам” өргөн дэлгэр болдог болсон. Иргэдийн хамрах хүрээ өргөжиж өнгөрсөн жил гэхэд л 2000 гаруй хүн наадамлалаа. Монгол иргэд маань наадамлаж баясахаас гадна гадна энэ наадам маань Турк орон, турк иргэдэд Монголоо орон, монголчуудаа мэдүүлэх, тэднийхээ ололт амжилтыг сурталчлах ач холбогдолтой гэж бид үздэг юм. “Оюутны холбоо”-тойгоо хамтарч наадмаа зохион байгуулж байгаа. Наадмаар спортын олон төрлийн тэмцээн болдог юм. Нийт 300 гаруй баг, тамирчид оролцлоо. Сагс, воллейбол, хөлбөмбөг, ширээний теннис болон шатар гэсэн төрлөөр зохион байгуулсан. Ер нь иргэдийн янз бүрийн асуудлыг шийдэхэд манай холбоо дангаараа ажиллах боломжгүй л дээ. Ерөнхий консулын газартайгаа хамтран ажиллаж байна.

 

 

Б.Мөнхмаа наадмын үеэр турк иргэдтэй     

Иргэд, консулын газар, төрийн байгууллагуудын хооронд манай ТББ гүүр нь болж байна гэж хэлж болох.

Манай энэ Истанбулын  “Монгол оюутны холбоо”, “Монгол ахан дүүсийн холбоо” бол ах дүү хоёр холбоо. Олон нийтийн болон бусад олон талын үйл ажиллагаагаа хамтарч зохион байгуулж байгаа. Та нарт өнөөдөр замчилсан Балжинням маань Оюутны холбоог тэргүүлж маш идэвхтэй ажилладаг юм. Бас та нартай танилцсан Бөкен маань манай холбооны гишүүн болж, оффисын ажилтан болоод байгаа. Өдөр бүр иргэд хүлээж авч уулзана. Оршин суух зөвшөөрлийн цагийг авна, тэр талын зөвлөгөө өгнө, фасе, месенжерээр болон утсаар байнга мэдээлэл түгээнэ. Жишээ нь, цагдаагийн газарт манай нэг иргэнийг саатууллаа гэвэл холбооны бид очиж учрыг нь олоход оролцоно, эсвэл Оюутны холбооноос хэн нэг нь очих болно. Эмнэлэгт мэс засалд орж буй иргэд, эрчимт эмчилгээнд байгаа хүмүүст чадах ядахаараа орчуулга хийж, бусад тулгамдаж байгаа асуудлаар нь тус дэм үзүүлнэ. Хамтарч ажилладаг хувийн болон улсын эмнэлэгүүдийн төлбөр мөнгөний тал дээр иргэддээ аль болох хямдрал үзүүлэх гэх мэтчилэн хөөцөлдөх ажил мундахгүй их. Би өөрөө Турк улсад 20 гаруй жил ажиллаж байгаа. 

                                       Оюутны холбооны Д.Балжиннямтай хамт   

Энэ улсад олон жил ажиллаж амьдарч өөрийн гэсэн орон зай, боломжийн карьертай болоод буй монгол хүнийхээ хувьд дөнгөж энэ нутагт анхлан хөл тавьж байгаа иргэддээ туслах талд миний хийж чадах зүйлс маш их байсан. Монгол иргэддээ мэдээ мэдээлэл өгөх, ажил албанд зуучлах гэх мэтийг өөрийн боломжоор хийдэг байлаа. Хожмоо Истанбулын Ерөнхий консулынхаа газарт орчуулагч, гэрээт ажилтан болоод иргэдтэйгээ тогтмол харилцан ажиллах болсон юм. Ингэж ажиллаж байхдаа төрийн бус олон нийтийн байгууллага байгуулчихвал иргэдтэй илүү нээлттэй, ойр дотно ажиллаж болох юм байна гэж санагдсан юм. Тэгээд ч Консулын газар нээгдээд дөнгөж жил болж байсан болохоор юм юманд хүрч ажиллах боломж тааруу байсан байх. Консулынхандаа иргэдтэй ажиллах олон нийтийн байгууллага байвал ямар вэ гэсэн санал хэлэхэд Ерөнхий консул Э.Мөнх-Очир их дэмжсэн юм. “Ахан дүүсийн холбоо” гэх ТББ-аа бид анх байгуулахад Э.Мөнхочир Консул хувиасаа тодорхой хэмжээний санхүүжилт хийж туслаж байв. Манай холбоо жил ирэх тутам үйл ажиллагаагаа идэвхжүүлээд явж байна. Одоогоор ямар нэг төрийн байгууллага, консул, яам тамгын газраас  санхүүжилт авдаггүй. Ерөнхий консулын газраас зөвхөн нийтээр зохион байгуулж байгаа томоохон  арга хэмжээ болох “Монгол наадам”, Биеийн тамир спортын том тэмцээнүүд зохион байгуулахад л зохих дэмжлэг авдаг. Эдийн засаг санхүүгийн хувьд холбоог дэмждэг байгууллагууд, Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир болон түүний бизнесийн хүрээлэлийнхэн, миний Турк дэх нөлөө бүхий бизнесийн хүрээнийхэн гээд манай удирдах зөвлөлд байдаг нөлөө бүхий хүмүүс туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Тийм болохоор бидний үйл ажиллагаа төлбөргүй. 

Сургалтуудын хувьд л бага шиг төлбөртэй. Түүгээрээ бид гурван багш, нэг жолооч, бас тогоочоо цалинжуулж байгаа. Сурагчид маань өдрийн хоолтой, хүргэлттэй. Турк цэцэрлэгт хүүхдээ өгвөл сарын 1000 лир. Бид монгол иргэдийнхээ хүүхдийг сарын 300 лир-ийн төлбөртэй авч байна. Өдрийн цагаар энд бага ангийн хичээл ордог. Оройн цагаар их дээд сургуулийн элсэлтэд хүүхдүүдээ бэлтгэж байна. Үнэ төлбөрийн хувьд ч хамгийн бага түвшинд байгаа гэж байв.

“Холбооны энэ байр түрээсийнх үү? Сард хэд орчим төлөх вэ?” гэж намайг асуухад тэрээр “Тийм ээ, түрээсийнх. Монголчуудтай ойрхон, ер нь манай иргэдийн ихэнх нь мэддэг болчихсон газар. Гуравдахь  жилдээ нүүгээгүй, эндээ тогтвортой ажиллаж байна. Түрээсийн хувьд сард 4000 орчим лир төлдөг. Холбооны урсгал зардал сардаа 1500-аас 2000 орчим лир.  Багш нар маань сургалтын төлбөрөөсөө цалинждаг. Бөкен цалингүй. Бөкен маань туркээр сайн ярина, бичнэ, бас сайн зурна. Монголд байхдаа “Монгол-Туркийн парламентийн бүлэг”-ийн ажлын албанд ажиллаж байсан. Манай холбооны ажилтнууд, сонгуультнууд бүгдээрээ л ажлын их туршлагатай, хариуцлагатай залуус” гэж ярьсан юм. Тус холбооны менежер Бөкентэй хэдэн үг солив. Тэрээр монголдоо “Сэрүүлэг” дээд сургуулийг 2010 онд төгсөөд Улаанбаатарт Туркийн хөрөнгө оруулттай Турк компанид хэдэн жил ажилласан гэнэ. 

Боломжийн турк хэлтэй болсон аж. Монголын хоёр ч том банк, мөн харилцаа холбооны салбарын “Скайтел” компанид мэргэжилтэн, салбарын захирлаар ажиллаж байж. Улсын Бүртгэлийн газар, УИХ-ын Тамгын газар, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ажлын алба, бас Хүний Эрхийн Үндэсний Комисс, АТГ-ын олон нийтийн зөвлөл гээд төр засгийн болон олон нийтийн байгууллагад орон тооны болон сонгуульт ажил алба эрхэлж байсан гэнэ. Туркт ирэхээсээ өмнө УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайханы туслах, зөвлөхөөр ажиллаж байсан аж. Т.Аюурсайхан гишүүн ч өөрөө энэ Туркт суралцаж дээд боловсрол эзэмшсэн нэгэн, тэгээд ч “Монгол-Туркийн парламентийн бүлэг”-ийн даргын сонгууль ажилтай болохоор Турк хэлтэй энэ Бөкен түүний ажил албанд нь тус дэмтэй нэгэн байсан биз ээ.   

  Менежер Бөкен

 

 

ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ-V
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-31 23:47:44
    dgdfg: odoonii turkuud chin tureguud bish shde
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-31 20:55:25
    Ган: Юу хуцаад байгаа эргүү өвгөн бэ. Түрэг турк 2 шаал өөр за юу мал аа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188