Эргэлт.мн мэдээллийн сайт “Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн ажилласан, ашиг сонирхлын ямар зөрчилтэй байсан талаарх баримтыг цувралаар хүргэж эхэлсэн. Тэгвэл энэ удаа Архангай аймгийн удирдлагууд хэрхэн ажилласан талаарх баримтыг хүргэе. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Архангай аймгийн Засаг дарга гурван ч удаа солигдсон боловч аймаг, орон нутгийн хөгжилд ямар ч ахиц, дэвшил, өөрчлөлт гараагүй юм.
Архангай аймгийн 100 жилийн ой өнгөрсөн жил тохиож, ойн баяртаа зориулан АРА комплекс байгуулсан нь олны анхаарал татаад байгаа юм. Угтаа бол Архангайн томчууд ганц АРА комплексоороо дөрвөн жилийнхээ хийсэн ажлын дүнг тавиулах дээрээ тулаад байна. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Архангайг удирдсан улстөрчдийн талаарх баримтыг товч танилцуулъя.
ЗАСАГ ДАРГА АСАН М.БАТЖАРГАЛ
2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Архангай аймагт Ардчилсан нам олонх болж, ИТХ-ын төлөөлөгчдийн саналаар Д.Золжаргал агсныг Засаг даргаар томилсон. Гэвч түүнийг жилийн дараа албан тушаалаас нь огцруулж, М.Батжаргалыг Засаг даргад дэмжсэн байдаг. Мишкагийн Батжаргал нь Архангай аймгийн Булган сумын харьяат. Үндэсний бөхийн улсын харцага цолтой. Тэрбээр Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Сайнбаяраар дөрөв, улсын харцага Э.Батбаатараар тав, улсын гарди Б.Гантогтохоор зургаа давж шөвгөрөн Монгол Улсын харцага цолыг хүртсэн байдаг. М.Батжаргалын аав нь Булган сумандаа долоо, гадны сумдад хоёр түрүүлсэн сумын начин цолтой бөх. Мөн М.Батжаргалын аав С.Мишкагийн өвөө нь улсын гарди Д.Рагчаагийн өвөөтэй ах дүү, ээж нь улсын арслан Р.Пүрэвдагвын эмээтэй эгч, дүүсийн хүүхдүүд юм. Улсын харцага, Архангай аймгийн Засаг дарга асан М.Батжаргалын төрсөн ах нар нь сумын заан цолтой М.Буянтогтох, М.Баттогтох нар бол төрсөн дүү нь улсын начин М.Бат-Отгон юм.
Тэрбээр 2012-2016 онд аймгийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил ажилласан. 2016 онд АН-ын шинэчлэлийн хүрээнд бүх шатны намын даргаа нийт гишүүдээсээ сонгодог зарчимд шилжсэн. Энэ дагуу 8000 гишүүн санал хураалтад оролцоход 6800 хүний дэмжлэгтэйгээр буюу орон даяар хамгийн өндөр хувиар дунд шатны намын даргаар сонгогдож байсан юм. Улмаар 2021 онд Архангай аймгийн Засаг даргаар томилогдсон ч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслээр албан тушаалаасаа огцорч байлаа. Тодруулбал, түүнийг “Нобле Энержи” ХХК-д Цахир сумын Хясаа-Уул хэмээх газарт 256 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгосон, Архангай аймгийн Булган сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн санал, шийдвэргүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг “Бодь Ар” ХХК-д давуу эрхтэй өгсөн гэх асуудал сөхөгдөж, албан тушаалаас нь огцруулсан байдаг.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭННАДМИД
М.Батжаргалыг Засаг даргаас нь огцруулмагц АН, МАН-ын төлөөлөгчид Б.Цэрэннадмидыг дуу нэгтэйгээр Засаг даргад дэмжсэн. Архангай аймгийн Булган сумын уугуул тэрбээр 2001 онд Эрдэнэбулган сумын Хүмүүн гуравдугаар сургуулийг төгссөн. Мөн Соёлын дээд сургуулийг Музейн ажлын арга зүйч-жуулчлал зохион байгуулагчаар төгсөж, Удирдлагын академид Төрийн захиргааны менежментээр мэргэжил дээшлүүлсэн гэдэг. Тэрбээр 2008 онд Соёлын дээд сургуульд багшилж байгаад Архангай аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэд захирлаар томилогдсон. Улмаар Архангай аймгийн Музейн захирал, Архангай аймгийн ЗДТГ-ын дарга, аймгийн МАН-ын хорооны даргаар ажилласан гэх намтартай.
Б.Цэрэннадмид нь хувьдаа бизнесгүй ч улс төрд орсон цагаасаа хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн байна. Тодруулбал, тэрбээр 2017 онд аймгийн ЗДТГ-т ажиллаж байх хугацаандаа жилийн орлого нь 18 сая, гэр бүлийн орлого нь есөн сая, 147 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 13 сая төгрөгийн үнэлгээ бүхий "Приус" загварын автомашин, 1.5 сая төгрөгийн үнэ бүхий газартай хэмээн мэдүүлж байжээ.
Харин үүнээс таван жилийн дараах хөрөнгө орлого нь хэд дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ жилийн өөрийн орлого нь 135 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 33 сая, 281 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай болж үржсэн байна. Цаашлаад 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинтай, 89 сая төгрөгөөр үнэлэгдэх мал аж ахуй, 45 сая төгрөгийн үнэ бүхий хоёр газартай болжээ. Улмаар 65 сая төгрөгийн үнэт эдлэл, 19 сая төгрөгийн хадгаламжтай болтлоо хөрөнгө нь өссөн байна. Ингээд үзвэл, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид улс төрд нэр цэвэр өсөж дэвжиж чадсангүй бололтой.
ИТХ-ЫН ДАРГА Б.БАТЖАРГАЛ
Засаг дарга нарынхаа хууль бус хуудуутай үйлдэлд хяналт тавих үүрэг хүлээсэн ИТХ-ын дарга Б.Батжаргал мөн л нэр цэвэр улстөрч биш бололтой. Түүнийг хууль бус үйлдлийг АТГ-т шалгуулна хэмээн ИТХ-ын төлөөлөгч нар нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байлаа. Тодруулбал, түүнийг аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төсөв буюу иргэдийн торгуулийн орлогоос бүрдүүлдэг мөнгийг хувьдаа шамшигдуулж, завшсан. ИТХ-ын ээлжит хурал дээр Б.Батжаргалыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн ч АН-ын бүлэг даргаа хамгаалаад хурлаа хаяад явчихдаг гэх асуудлыг хөндөж байв. Түүний хувьд Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул. Насаараа төрийн албанд ажиллаж, төсвийн орлогоор цалинжсан ч хөрөнгө орлого нь мөн л тогтмол өссөөр ирсэн нь хардлага дагуулж байгаа юм.
Тодруулбал, 2017 онд Цэнхэр сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа жилийн гурван сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 4.9 сая, 36 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууц, 16 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашин, 25 сая төгрөгийн газартай, таван сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлж байжээ. Харин 2023 онд түүний орлого 33 сая төгрөг, гэр бүлийн орлого нь есөн сая төгрөг болж нэмэгдсэн байна.
Ингээд үзвэл Архангай аймгийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй улстөрчид удирдаж байгаа аж.
ТАНИЛЦ: ХУВЬДАА БИЗНЕСГҮЙ Ч ХӨРӨНГӨ НЬ ОГЦОМ ҮРЖСЭН АРХАНГАЙН УДИРДЛАГУУД |
|
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |