• Өнөөдөр 2024-03-29

НААДАМ ЯАХ ВЭ, НҮҮРСЭЭ ЭКСПОРТОЛМООР БАЙНА, ГИШҮҮД ЭЭ

2022-06-30,   449

-ХЭДХЭН УДАА АХИУХАН НҮҮРС ЭКСПОРТОЛЧИХВОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ АМЬ ТАРИА ЗАЛГУУЛЧИХСАН ЮМ ШИГ АЯТАЙХАН БОЛНО ДОО-

      Монголчууд наадмаар налайтал хэд хоног амарч, улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудал хэсэгтээ намжих нь. Харин “Наадмын дараа намар” гэдэг шиг наадам дуусаад салбар бүрийн ажил ар араасаа ундарч, амжаагүйг нь амжуулж, шинээр төлөвлөсөн цаг үеийн ажлуудаа эхлүүлдэг их ажлын үе эхэлнэ. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт хадлан тэжээл бэлтгэх, шинэ ургацын ногоогоо үерт урсгачихгүйхэн шиг хураах, малчид аргал, хөрзөнгөө ухаж, өвөлдөө бэлддэг бол төрийнхөн нүүрс, алт, арьс, ширээ экспортолж, эдийн засаг, гадаад харилцаагаа сайжруулахаас эхлээд өчнөөн асуудлыг нэг тийш нь цэгцэлж, улс даяараа сэргэх томоохон ажлуудыг эхлүүлэх болов уу.

    Харин одоо дарга, цэрэггүй бүгд баяр наадам, амралт зугаалгандаа анхаарлаа хандуулж, байгаа бүх боломжоо наадамд зориулчихсан байгаа. Энэ үед юун эдийн засгаа сэргээх манатай улсын томоохон төлөвлөгөөт ажлуудаа бүгдийг нь хойшлуулчихсан гэх. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийг наадмаас өмнө амжуулж батлах санаатай, УИХ-ын гишүүдээ орон нутаг руу нь томилсон. Гэвч тун их яаравчилж байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг наадмаас хойш ээлжит бус хуралдаан зарлаж, шийдвэрлэхээр болсон гэх мэдээлэл бий.

    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхээс гадна хоёрдугаар асуудал бол улсын эдийн засаг. Манай улсын эдийн засаг сэргэх үү, навс унах уу гэдэг нь 45 хятадын мэдэлд байдаг. Үнэндээ монголын эдийн засгийг нүүрс, түүхий эд хоёр л түшиж, тулж өнөөдрийг хүргэсэн. Гэхдээ манайхан "Нүүрс, малын гаралтай түүхий эдээрээ дэлхийн зах зээлийг хангадаг" гэж ярьдаг боловч чаддагүй нь харамсалтай. Урд хилийн цаах нь орших Баяннуурт түүхий нүүрс авдаг 10 үйлдвэр байдаг. Тус үйлдвэрийн эзэд л Монголын нүүрсийг авч, боловсруулдаг аж. Тэд “Нүүрс авахаа болилоо” гээд хямсайчихвал  монголын эдийн засаг таг зогсчихдог тухай удирдах албаны эх сурвалжууд онцолдог. Харин тасралтгүй нүүрс гаргаад байхаар эдийн засаг амархан хөл дээрээ тогтдог гэдгийг эдийн засагчид ярьдаг.    

         БНХАУ 2023 оны гуравдугаар сарыг дуустал бүх төрлийн нүүрсний импортын татвараа тэглэсэн. Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд сайн мэдээ байж болох ч, урд хөршийн хэвлэлүүдээр БНХАУ-ын эрх баригчдын дээрх шийдвэр ОХУ-д хамгийн ашигтай тусах талаар мэдээлж байв. Украины асуудалтай холбоотойгоор НАТО, Европын холбооноос ОХУ-ын нүүрсний экспортод хориг тавьсан. Харин тэр үеэр ОХУ-ын эрх баригчид нүүрсээ Владивостокоор дамжуулан Азийн орнууд руу гаргана гэдгээ мэдэгдсэн.

     Харин сүүлийн үед “Гурван өдөр дараалан өссөн газрын тосны үнэ унасан” гэх мэдээлэл бий. Тодруулбал, зах зээл дэх Брент газрын тосны үнэ 0.8 хувиар буурч, баррель нь 117 ам.доллар болсон байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ  0.6 хувиар буурч, 111.14 ам.доллар болжээ.

                 Барууны орнуудын ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь эсрэгээрээ газрын тосны нийлүүлэлтийн хомсдол үүсгэж болзошгүй байна. Тиймээс ирээдүйн эдийн засгийн өсөлтийн удаашралаас сэргийлэхийн тулд “Их долоо”-гийн бүлэг ОХУ-ын газрын тосны үнийн дээд хязгаарыг судалж, хориг тавихаар тохиролцсон” байна. 

Гэхдээ манайхаас “Нүүрс авна, авахгүй” гэдгийг мэддэг, захирдаг дээрх 10 үйлдвэрт рүү хил хаалттай байхаас үл шалтгаалж хэдхэн удаа хангалттай хэмжээгээр нүүрсээ гаргачихвал, манай улсын эдийн засаг хэсэгтээ л амь тариа залгуулчихсан юм шиг аятайхан болно.

    Харин монголын эдийн засгийг тулж  буй хоёрдахь багана бол түүхий эд. Малчид таван хошуу малынхаа өлөн, цувдаанаас эхлээд арьс, шир, ноос, ноолуур мах гээд хамаг бүхнээ хятадуудад өгч, таван төгрөгтэй болдог гэсэн үг. Үүний төвлөрсөн цэг бол Эмээлт. Эмээлтэд 150 хятад түүхий, эд авч ажилладаг. Тэд цаанаа 35 хөрөнгө оруулагчтай гэх юм билээ. Тэд бас л бидний халаасыг мэддэг гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүд наадмын маргаашаас эдийн засгаа сэргээх асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу.


НААДАМ ЯАХ ВЭ, НҮҮРСЭЭ ЭКСПОРТОЛМООР БАЙНА, ГИШҮҮД ЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-30 15:49:36
    Зочин: Юун Ундсэн хууль еерчлех!!! Энэ УИХ маш чадваргуй, итгэх боломжгуй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188