• Өнөөдөр 2024-05-06

Г.ХАШБААТАР: Уран бүтээлч байх заяатай хүн насан туршдаа л өөрийгөө эрж, хайх хэрэгтэй

2021-05-25,   1543

...Хагархай лааны сууриа эвлүүлж суухдаа эхнэр минь

   Ханцуйгаа үл ялиг хойш нь шуужээ.

   Амьдралдаа хэзээ ч чанга атгамааргүй турьхан

  Анхи цагаан бугуй нь сарны гэрэлд  ч зүсэгдчихмээр... хэмээн шүлэглэх яруу найрагч Г.Хашбаатартай ярилцлаа. Хүн бүхэн хот руу тэмүүлж байхад эсрэгээрээ хөдөөгийн буйдхан сууринг зорьж, тэндээ даруухан агаад эрх чөлөөтэй аж төрж буй түүнтэй уран бүтээлч хүний мөн чанар, авьяас билиг, ахуй амьдрал, бүтээлийнх нь тухай хөөрөлдсөнөө уншигчдадаа хүргэж байна.

-Сайн байна уу. Нийслэлд минь зуны эхэн сар хуртай эхэлж байна. Таны суудаг сууринд зуншлага хэр болж байна вэ?

      -Сайн байна уу. Юун түрүүнд ярилцлагад урьсанд баярлалаа. Би Булган аймгийн Хутаг-Өндөр суманд суудаг. Энд ч ялгаагүй ойрын өдрүүд бороотой, нойтон цастай зэврүүхэн хэр нь зарим өдрийн нар нь зуны дунд сарынх мэт халж, хэдэн уулсын бэлээр өтгөн манан хөшиглөөд л, ер нь сайхан л өдрүүд болж байна.

-Залуус аж, амьдралаа бодоод хот, суурин газар түлхүү амьдардаг. Харин та гэр бүлийн хамт хөдөөгийн жижиг сууринд аж төрж байна. Залуу гэр бүлийн хувьд хөдөө амьдрахад хэр тааламжтай байна вэ?

      -Суманд амьдрах, тэр тусмаа хүний суманд амьдрах бол хамгийн их эрх чөлөө шиг надад санагддаг. Эхнэр бид хоёр энэ суманд нэг ч хамаатан садангүй. Тэр чинь тэгээд л нэг талаараа жаргал шүү дээ. Уул, усны ойр, ураг төрлийн хол гэж л зөрж яваа хоёр амьтан нийлээд, энд амьдарч буй юм. Хүний сум гэж тодотгож байгаа нь хахир дуулдаж магадгүй л дээ. Өөрийн төрж өссөн сумандаа очиж амьдарч болно. Гэхдээ сум газрыг, хөдөө амьдралыг мэдэрмээр байвал харь суманд л амьдрах хэрэгтэй. Хүн тэгэх тусмаа өөрийн өссөн нутгийн үнэ цэнийг ойлгохоос гадна, эх орон гэдэг хаа ч орших нэгдмэл зүйл гэдгийг ойлгож авах ч боломжтой. Мэдээж хот, хөдөө хоёрын ялгааг ярилтгүй. Би угаас Орхон, Сэлэнгэ их голын эргээр өссөн хүн тул аль ч газрын уул, усанд дасах минь амархан байна. Ер нь бид хоёр их олон сумаар амьдарна гэж боддог.  Харин одоогоор энэ суманд хэсэгтээ амьдарна.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин ихтэй юу. Ном гаргах гэж байгаа гэж дуулсан?

      -Хэдэн жилийн өмнөөс уран бүтээлийн “Гүн-Утга” нэгдэлд гишүүнээр орсон. Анхны антологи гарсных нь дараа гэсэн үг л дээ. Харин энэ жил манай нэгдлээс “Үүдэл” нэртэй цуврал ном гаргаж эхэлж байгаа. Хамгийн эхний ном нь залуу яруу найрагч Э.Төгсжаргалын “Тээгч сарууд” нэрт яруу найргийн ном саяхан гарлаа. Ер нь манай нэгдэл маш чанартай уран бүтээлийн цуврал хийхээр эрс шийдэцгээсэн. Миний хувьд энэ цувралын редакторын зөвлөлд ажиллаж байгаа. Мөн өөрийн минь бие даасан хоёр дахь ном энэ цувралын хоёр дахь дугаар болж гарах гэж байна.

                       ...Хуучны пянзны зурагдсан аялгуу эвлэн дуулдана.

                         Хувирч болдог зүйл энэ хорвоод эмэгтэй хүн ганцхан биш юм.

                        Худлыг түрдээ залгисан бидний нүд ч

                      Хуулж орхисон ханын цаасанд хувилсан мэт...

-Яруу найрагчид өөрийн гэсэн бичлэгийн өнгө аястай байдаг юм шигээ. Жишээ нь таны шүлгээс байгалийн өнгө аяс мэдрэгддэг. Үүнд мэдээж олон зүйл нөлөөлдөг байх. Таны хувьд шүлэг бичих хөгөө юунаас  түлхүү авдаг вэ?

       -Их сонин хийгээд, өргөн агуулгатай асуулт байна. Яруу найргийн тухай өөрийн гэсэн бодолтой болно гэдэг бичээч бүхэн болчихдог зүйл биш байх аа. Миний хувьд өөрийгөө олох гэж ярьдгийн эсрэг байр суурьтай байхыг хичээдэг. Дамаа уран бүтээлч байх заяатай хүн насан туршдаа л өөрийгөө хайж ирж байх хэрэгтэй. Тэр дотроос чинь тэгээд мянган Г.Хашаа ч олдоно. Тэгэх бүрд өөрийгөө шинээр нээнэ гэдэг юутай сайхан. Өнгө аяс минь яг л тэдгээр мянган дүр мэт үргэлж хувьсаж, өөрчлөгдөж байгаасай гэж би хүсдэг. Харин байгальтай ойр байхаас ч өөр аргагүй болов уу. Би чинь нарсан дотор, усны захад л өссөн хүүхэд. Анхны яруу найраг аав, ээжийн харц шиг, аль эсвэл ямар нэг шувууны, салхины, навчны хэл л байдаг шүү дээ.

                                     ...Цас ороод дуусчихсан уу

                                      "Цас" романаа уншаад дуусгачихсан уу

                                       Би цас байсан ч болоосой

                                      Ном байсан ч болоосой...

-Дээд үетэйгээ харилцаа хэр сайн байдаг вэ. Уран бүтээл хийгээд хувьд хүнээс нь үлгэр дууриалал авдаг уран бүтээлчээ нэрлэвэл?

      -Надад өмнөх үеийн уран бүтээл ч, өөрөөсөө хойш үеийн уран бүтээлчидтэй ч ам мурийсан зүйл олон бий. Хүн хэдий гаднаа эрс шулуунаар хорон, муу үг хэлж болох ч би үнэндээ яруу найрагт хайртай бүхэнд хамгаас их хайртай. Үнэндээ тийм хүмүүс их ховор л доо. Чин сэтгэлээсээ хайрлах, тэгсэн атлаа бичсэн сайн уран бүтээлгүй хүмүүс  байж л байдаг. Яруу найрагт чин сэтгэлээсээ хайртай, дуртай, уншдаг байна гэдэг чинь нэн ховор чадвартай хүмүүс шүү. Мэдээж өмнөх үеийн олон сайхан зохиолчдыг хүндэлж, биширч явдаг. Үүрдийн бүтээлийнх нь өлмийнд өвдөг сөгдөх мэргэд хэчнээн их. Гэлээ ч би нэг л хүнийг дурдмаар байна. Тэр бол миний багш Цэндийн Доржсэмбэ. Чи уран бүтээл хийгээд хувь хүнийх нь гэж асуулаа. Би уран бүтээлч хүний зовлон, жинхэнэ бүтээл бүтээх хийгээд өөрийгөө цуглуулан бүтээхийн үнэнд хэрхэн гүйцэгдээд, эрэг эрмэг газраас эцсийн хүчээрээ далиа өргөөд ниссэн тэр  хүнийг үүрд мөнх үлгэрлэх болно.

                                               ...Бэлдэж үлдээсэн түлээ минь дуусаад

                                                 Биедээ баймгүй хүчээр чи минь сүх өргөнө үү

                                                Эвлүүлж бичсэн шүлэг минь сүх өргөх хүчгүйд

                                               Энэ л холд би биеэ зүхэн сууна...

-Утга зохиолын хүрээнийхэн олон бүлгэмд хуваагдаж, уран бүтээл туурвиж, нэгнээ дэмжих тал дээр зөвхөн хүрээллээрээ хязгаарлагдаж буй мэт хандлага ажиглагддаг. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?

     -Масс гэж ярьж буй хэсэг бүлэг хүмүүс ч өөрсдөө хар масс болчихсон л байдаг шүү дээ. Би “Хас-Дорно” гэж бүлгэмийн гишүүн. Одоо ч хэвээрээ. Яах вэ бидний хэдэн найз ямар ч тунхаггүй, үзэл бодол уран бүтээлийн санаа, сэдлийг хэн хэнээсээ авч, цөсөө хөөргөж яваа насан дээрээ л үүсгэсэн бүлгэм. Чиний асуулт их ортой л доо. Бид хэд л гэхэд өөрсдөөсөө бусдыг огт хүлээн зөвшөөрдөггүй л байсан. Энэ багагүй биш асар том хөнөөлтэй байсан гэдгийг одоо боддог л юм.  Учир нь одоо бичиж байгаа нь тун цөөхөн үлдэж дээ. Харин би сүүлд “Гүн-Утга” нэгдэлд орсон. Мэдээж уран бүтээлийн нэгдэл гэдэг дан ганц яруу найрагчдыг шавуулчихсан газар биш шүү дээ. Энэ нэгдэлд уран зохиолын хэд хэдэн төрлөөр тун жигд бичдэг хүмүүс ч бий. Харин тэр хязгаарлалт гээд байгаа зүйл чинь нэгдэл, бүлгэм гэхээсээ илүү тэр чигээрээ хувь хүн бүрийн ухамсарт л буй биз.

-Яруу найрагчид төдийгүй үргэлжилсэн үгийн зохиолчдод хэн нэгнийг дууриаж бичих, аль нэг бүтээлийн хэсгээс авч ашиглах зэрэг асуудлууд байсан. Зарим нь дууриаж бичиж өөрийгөө олдог гэсэн хандлагатай байдаг бол зарим нь өөрийн гэсэн авьяасгүй гэж үздэг шүү дээ. Тэгэхээр авьяас гэж таны бодлоор?

     -Би ингэж л боддог. Модны зовлонг бичнэ, мод шиг зовж буйгаа бичнэ, мод над шиг зовж байгааг бичнэ. Чадахгүй бол холтсыг нь ховхолж үйсэн дээр нь шүлэг бичих гэж оролдохын хэрэг байхгүй. Би мэдрэмжийг л авьяас гэж боддог. Яг л 100 хувь биш л байх. Ямартай ч ихэнх хувь нь мэдрэмж . Мэдрэмжийг хэн ч зааж өгдөггүй. Харин хөгжүүлж болно. Жишээ нь жолооны сургалтад хаз нь дээр хөлөө хэдэн градус налуу гишгэж явна гэж заахгүй шүү дээ. Хүн өөрийн мэдрэмжээр л түүнийг тохируулдаг шиг яг л тийм зүйл.

Би зүгээр л хүний бүтээлд маш удаан, нухацтай хандаж ямар нэгэн хүндлэлийг уран бүтээлч хүнд өгдөг байгаасай л гэж хүсдэг

-Манайд яруу найргийн олон наадам зохиогддог шүү дээ. Гэхдээ тэдгээр наадмуудын ихэнх нь нэр хүндгүй болсон мэт. Уран бүтээлчид наадамд оролцохгүй л бол нэр хүндтэй болох хандлагатай байна. Үүнд юу нөлөөлсөн бэ. Яг уран бүтээлчийн чансааг харуулах чанартай наадам, тэмцээн гэвэл?

      -Бид сүргээрээ өөрчлөгдөх хэрэгтэй л байна даа. Яруу найргийн сүргээрээ. "Яруу найраг бол цөөнхийн урлаг, тайзны зүйл биш энэ тэр" гэж ярьж явдаг гарууд үнэндээ наадам шүүчихсэн л сууж байдаг шүү дээ. Миний хувьд наадам, утга зохиолыг сурталчлах үүргийг давгүй сайн гүйцэтгэж байхад л боллоо. Харин тэр үүрэг нь тэгээд шүлэг л гэхээрээ ээж, аав, энгэр сар, энхрий нар, эх орон, байгаад байвал ямар юмных нь таниулах. Бараг жигшүүлэх биз.  Би зүгээр л хүний бүтээлд маш удаан, нухацтай хандаж ямар нэгэн хүндлэлийг уран бүтээлч хүнд өгдөг байгаасай л гэж хүсдэг. Бүтэн жил нэг хүний шүлгийг хэдэн судлаач дамжуулаад мөлжөөд үзэг л дээ. Юм үлдвэл юмтай тэр нөхөрт  нэр бүхий нэг тийм хүндлэл үзүүлэх, урам өгөх л хэрэгтэй. Түүнээс "Алтан өд"-өө авна уу, аль эсвэл "Болор цом"-оо хэдэн саяар худалдаж авна уу. Тэр бол утга зохиол дахь өөр төрлийн өөрсдөдөө л өртэй хүмүүсийн хийсэх газар биз дээ.

-Ярилцсанд баярлалаа.

     -Баярлалаа.

 


Г.ХАШБААТАР: Уран бүтээлч байх заяатай хүн насан туршдаа л өөрийгөө эрж, хайх хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-28 06:12:55
    Чой: Амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-25 21:16:10
    Даш : Хамгийн сайн сайхныг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-25 17:59:24
    Ч.Цэрэндулам: Ямар гэгээн бодол тээсэн сайн хүү вэ. Танилцаад хамт ажиллаад эелдэг зөөлөн зантай, авкяаслаг хүү байна гэж харсан. Яруу найраг оролдож донтож сонсож явсны хувьд энэ мэдээлэл маш сайхан санагдлаа. Амжилт хүсье дүү минь. Улам ихийг бүтгээрэй
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188