• Өнөөдөр 2024-04-23

“ҮЗЭХИЙН ХЯЗГААР”-ААС ТЭМДЭГЛЭХҮЙ

2022-01-01,   4281

        Үзэх. Ертөнцийг үзэх, ер нь юу ч үзэж болох энэ үгний тухай эргэцүүлэх боломжийг надад Л. Өлзийтөгсийн “ Үзэхийн хязгаар” ном олгосон юм. Алив номыг уншихын өмнө нэрийг нь бодож, эргэцүүлэх дуртай зуршлаараа “Үзэхийн хязгаар” нэрийг удаан бодов. “Хязгаар” гээд бодохоор ямар нэгэн юманд тулах, хязгаарлагдах гэж бодсон  ч нэг л дорвитой таамаг олохгүй байсаар уншиж эхэллээ. Олон хэсэг эсээнээс бүтсэн энэ номын бусад эсээг түр алгасаад  “Үзэхийн хязгаар” үгний утгыг мэдэхээр яарч, номоо нэрлэсэн эсээг уншиж үзэв.
 
        Эсээнд “Хамгийн сүүлд би аавыгаа хаана харлаа, хэзээ харлаа, хаана?, хэзээ?... Авсан дотор байхад нь...” гэж эхлээд аавыгаа үгүй болох үест үхлийг таньснаа бичсэн байв. Зохиолч энэ үед долоон настай байж.
 “Аавын дээрээс чив чимээгүй тонгойх залуухан, үзэсгэлэнтэй ээжийн минь хөдөлгөөнгүй, хөшсөн цав цагаан царайг би одоо ч мартдаггүй. Мөн эцгийнхээ дээрээс тонгойн зогсож асан долоон настай тэр балчир охин үзэж харж болох бүхнийхээ хязгаарт зогссон” хэмээн цааш хөврөх энэ хэсэг надад “Үзэхийн хязгаар” гэх үгийг надад төвөггүйхэн тайлж өглөө.  Аавынхаа үзэхийн хязгаарт цэг дээр хоорондоо нэлээдгүй насны хоёр эмэгтэйн үзэж байгаа зүйлийг уншаад “ Үзэхийн хязгаар” гэх нэр ямар утгатай нь уншигчдад илэрхийлэгдэж байна.
 Цааш зохиолч “Төвд хэлний илт өгүүлэх нэрийн тольд үхлийг “Үзэхийн хязгаар” гэж бичсэнийг эсээндээ дурджээ. Мөнхүү эсээнд “Үүрээр наран мандахыг үзэх, бороон дуслууд газар шингэхийг үзэх, од цацран цацран тэнгэртээ харвахыг үзэх, цас түрэн яргуйн дэлбээ бултайхыг үзэх, дөнгөж төрсөн унага хөл дээрээ тэнцэхийг үзэх, цэцгийн ягаахан дэлбээ цэв цэнхэр салхин дотор нисэлдэхийг үзэх, хайртай хүнийхээ хайртай гэж хэлэх нүдийг үзэх, хаанаас ч юм бэ гэнэт намар ирэхийг үзэх...үзэх, үзэх, үзэх... Үзсэн бүхний хязгаар, үзэх бүхний хязгаар, эцсийн эцэст нь үхэж үзэх!...” хэмээн өгүүлснээс анзаарахад амьдралыг хүн ер нь үзсэн шиг үзэж чаддаг юм болов уу гэсэн бодол төрнө. Бид өөрт байгаа зүйлсээ бага үнэлж, өөр сайхан зүйлсийг нэхэж байдаг болохоос өөрт оногдсон зүйлсээ бүрэн гүйцэт үзэж чаддаггүй юм байна гэдгийг энэ номоос ухаарсан юм. Мэдээж энэ бол миний л ухаарал, ойлгож авсан зүйлс. Мэдээж уншигч бүр юу олж харах нь өөрийн хэрэг.

Номын бусад эсээнээс онцлохуй

 Үргэлжлүүлэн “Үзэхийн хязгаар” номонд бичигдсэн бусад эсээг анзаарахад энэ ном тэр чигтээ амьдрал бол үзэх зүйл. Үзэж дуусаад л чи үхнэ гэсэн зүйлсийг хэлж байх шиг.  Мөн түүний эл номд орсон эсээг“ Жам ёсны тухай”, “Дурсах”-ын тухай, “Юмсын шинж чанарын тухай”, ахуйн гэх зэргээр хэдэн хэсэгт ангилж болмоор санагдлаа.
Тухайлбал, “Үзэхийн хязгаар” номын “Үлдэнэ” эсээнд “Би үхнэ. Чи үхнэ. Цэцэг л үлдэнэ” гэсэн гурван мөрт өнөө л жам ёс, мөн чанарын утгыг илтгэж байна. Үргэлжлүүлэн “Үнэр” эсээндээ ч зохиолч хүний үнэрийн тухай, мөн чанарын тухай өгүүлсээр байна. Тухайлбал, “Хүмүүс яг л ургамал шиг өөр өөр үнэртэй байдаг. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, хот, хөдөө, сайн, муу гээд л цөм өөр өөрийн үнэртэйг бичжээ. “Үнэр” гэх үгийг шууд болон далд утгаар ч тайлбарлаж болох. Монголчууд  нэгнээ “Чи жаахан хүний үнэртэй бай л даа”, “Хүний үнэргүй хүн юм” гэж ярьдаг. Магад зохиолчийн яриад байгаа үнэр гэгчийн утга энд тодорч байж болох юм.
 
“Үзэхийн хязгаар” номд дан жам ёс, мөн чанарыг өгүүлсэнгүй. Эл номд бас ахуй орчин, эд хөрөнгө, ёс зүй, хүн чанар гээд  цөм бий.  Түүнийг мөн уншигчид өөр өөрсдийнхөөрөө тунгаан уншина биз ээ.

Дээрхийг цухам дурдсаны учир нь цааш түүний дотоод ертөнц, ганцаардал, гуниглал руу нэвтрэх өөр нэгэн эсээнүүдийг дурдах гэсэн юм. Дурдваас түүний эл номд “Ганцаардал” хэмээх хаа нэг сөхөж хармаар эсээ бий. Тэрхүү эсээнд “Сар бол ганцаардлын бэлэг тэмдэг” хэмээн өгүүлдэг.  Сар луу харах бүртээ л эл өгүүлбэр санаанд буудаг. Орчлон дээр ганцаар оршдог зүйл олон хэдий ч сар бусдаас илүү ганцаарддагийг илүү мэдэрч болох юм шиг. Харанхуй тэнгэрт цор ганц орших сар угаас л ганцаардлын бэлэг тэмдэг гэж тодотгохоос аргагүй мэт. Энэ л зохиолчийн бусдаас илүү юмсын шинж чанарыг хардаг чанар байх

      Цааш энэ номд байхаас аргагүй, байхгүй бол үгүйлэгдэх нэг зүйл бол дурсах. Л. Өлзийтөгс зохиолч энд аавыгаа, өвөөгөө, бага насаа, хайртай залуугаа, хайр сэтгэлээ бүгдийг нь дурсаж байна.  Тэр дундаа Жамьяангийн Болд-Эрдэнэ гэх найрагчийг дурссан тэмдэглэл нь илүүтэй анхаарал татна. Зохиолчийн Ж. Болор-Эрдэнэ зохиолчид зориулан бичсэн шүлэг ч нэлээдгүй.  Тухайлбал, “Усан борооноор би ганцхан хүний боддог, угаас тэр эргэж ирэхгүйгээр явсан” гэсэн мөртийг уншигч санаж байгаа байх.
 
     Мөн тус номд зохиолч дурсамжийг  зүрх, тархи, цаг хугацаа хэмээн бичсэн. Нээрээ л хүн аливаа зүйлийг дурсахдаа өнгөрсөн цаг үерүүгээ эргэх, тэнд очоод ирдэг. Бас хэнийг, юуг дурсахыг сэтгэл, зүрх л мэддэг шүү дээ. Зохиолч бас үзэхийн хязгаартай ертөнцөд хязгааргүй юм бүхэнд дуртай аж.  Номд өгүүлснээр “Хязгааргүй юм бүхэнд сэтгэл татах нь бий. Хязгааргүй юм бүхэнд би ямар дуртай гээч. Тэнгэр, тэнгис, говийн элс, од, үүл, толь, бас үг. Хязгааргүй учраас нууцлаг. Хязгааргүй учраас аймшигтай. Хязгааргүй учраас агуу” хэмээж. Мэдээж зохиолчийн нэрлэсэн зүйлст тулах цэг үгүй. Хүмүүн бидэнд бол хэзээ боловч хязгаар бий.

“ҮЗЭХИЙН ХЯЗГААР”-ААС ТЭМДЭГЛЭХҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 23:36:01
    Зочин: Гаыхалтаы зохиолч
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188