Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олны энэхүү амжилтад баяр хүргэж бүтээлч эрэлхийлэл, олон өнцөг, шинэлэг бичвэрийн талаар Хэл бичгийн ухааны доктор С.Цоморлигийн бичсэн тэмдэглэлийг уншигч та бүхэнд хүргэж байна.
Монголын нүүдэлчин ахуй, уламжлалт соёл, хүн-байгалийн харилцаа, хөдөлмөрийн ёс зүй, орон нутгийн амьдралын хэв шинжийг бодит хүний хувь заяа, амьдралын туршлагаар дамжуулан баримтжуулсан “Сүүлчийн нүүдэлчид” хөрөг ном нь орчин цагийн Монголын сэтгүүл зүйн баримтат бичлэгийн хүрээнд анхаарал татахуйц бүтээл болжээ. Номын агуулгаас үзэхэд зохиогч, сэтгүүлчдийн зорилго нь нүүдэлчин монголчуудын ахуй соёлыг өнгөрсөн цагийн дурсамж болгон өгүүлэх бус, өнөө цагт бодитоор оршин буй амьдралын орчин, хүн чанар, мэдлэг, ур чадвар, байгальтайгаа зохицон орших уламжлалт сэтгэлгээг амьд гэрчийн түвшинд тэмдэглэн үлдээхэд чиглэсэн байна. Номын өмнөтгөлд нүүдэлчин монголчуудын энэрэл хайр, эр зориг, тэсвэр тэвчээр, хүн ба байгалийн нандин холбоо, оршихуйн эрхэм чанарыг онцлон тэмдэглэж, эдгээрийг бодит хүмүүсийн түүх, баримтаар нээн харуулахыг зорьсноо тодорхой илэрхийлжээ. Тус үзэл санаа нь бүтээлийн нийт хөрөг, сурвалжилгуудыг нэгтгэж буй үндсэн концефцийн гол цөм болж, “нүүдэлчин” гэх ойлголтыг зөвхөн аж ахуйн хэлбэрээр бус, соёлын ой санамж, ахуйн мэдлэг, ёс суртахуун, орчиндоо дасан зохицох чадамжийн нийлмэл тогтолцоо болгон харах боломж олгож байна.

1. Бүтээлийн үзэл санааны үндсэн концефц
“Сүүлчийн нүүдэлчид” номын агуулгын төвд эгэл жирийн боловч онцгой хувь тавилан, хөдөлмөр, мэдлэг, тэсвэрээрээ ялгарах хүмүүс оржээ. Хануйн бага сургуулийн сурагчид, тайгын байгаль хамгаалагч, ойд арван нэгэн хоног төөрч амьд үлдсэн хүү, давсны уурхайд олон арван жил хөдөлмөрлөсөн хүмүүс, цас зудыг туулан өвчтөндөө хүрдэг эмч, мөрч, тэмээчин, ургамал судлаач, янгир услагч, морин хуур урлаач, оньсон тоглоом бүтээгч, сургуулийн галч, дархан, бүргэдчин, сур урлаач зэрэг олон өөр орчин, ажил мэргэжлийн төлөөллийг нэгэн номд багтаасан нь бүтээлийн сэдэвчилсэн хүрээг өргөжүүлжээ. Эдгээр хөргийг нэгтгэн харахад нүүдэлчин ахуй нь зөвхөн мал сүрэг даган улирлын нүүдэл хийх хөдөлгөөн бус, харин байгалийн хэмнэлд нийцэн амьдрах мэдлэг, орон зайгаа танин мэдэх чадвар, хүн хоорондын итгэлцэл, хөдөлмөрийн дадал, тэсвэр хатуужил, ахмад үеэс уламжилсан ур ухаан, амьдралын хариуцлагын нэгдэл болох нь тодорч байна. Ийм утгаар номын “нүүдэлчин” хэмээх ухагдахуун нь соёл-антропологийн өргөн агуулгатай болж, Монголын орон нутгийн ахуйг хүний амьдралын туршлагаар дамжуулан тайлбарлахад чиглэсэн байна.
2. Хүн, байгаль, оршихуйн шүтэн барилдлага
Тус бүтээлийн онцгой үнэ цэнтэй талын нэг нь хүн ба байгалийн харилцааг захирах, ашиглах гэсэн нэг чигт ойлголтоор бус, харин хамтран орших, хамгаалах, танин мэдэх, дасан зохицох харилцан шүтэлцээт тогтолцоо болгон харуулсанд оршино. Тайгын байгаль хамгаалагчийн амьдрал, ховор ан амьтдыг усалж, хамгаалдаг хүний үйл хэрэг, Халх Нөмрөгийн ховор ургамлыг судалж хамгаалах эрдэмтний зорилго, малчин хүний морь малтайгаа үүсгэсэн сэтгэлзүйн гүн холбоо зэрэг нь нүүдэлчдийн экологийн сэтгэлгээний амьд илрэлийг харуулж байна. Ялангуяа ховор ургамлын тухай сурвалжилгад дэлхийн дулаарал, бэлчээрийн даацын хэтрэлт, судалгааны хүний нөөц болон санхүүжилтийн хомсдолын улмаас эмийн болон нэн ховор ургамал устах эрсдэл нэмэгдэж буйг хөндсөн нь номын агуулгыг зөвхөн соёлын дурсамжийн хүрээнээс давуулж, өнөөгийн экологийн бодит асуудалтай холбожээ. Энэ шинж нь уг бүтээлийг байгаль орчны сэтгүүл зүй, экологийн хүмүүнлэгийн ухаан, уламжлалт экологийн мэдлэгийн судалгаанд ашиглах боломжтой баримтат эх хэрэглэгдэхүүн болгоно.
3. Эгэл хүний хөдөлмөр ба ёс суртахууны дүр
Номд томоохон түүхэн үйл явдал, эрх мэдэл, албан тушаал бүхий хүмүүсийг гол төв болгосонгүй. Харин өдөр тутмын амьдралдаа ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, нутаг ус, гэр бүл, мэргэжил, хүн чанартаа үнэнч явж ирсэн эгэл хүмүүсийг түүхийн субъект болгон сонгосон нь сэтгүүл зүйн болон хүмүүнлэгийн судалгааны хувьд онцгой ач холбогдолтой. Өмнөговийн Дунд голд дөчөөд жил давс олборлосон хүмүүсийн хөрөгт хувь хүний амьдрал, социализмын үеийн хөдөлмөрийн зохион байгуулалт, өмч хувьчлалын дараах орон нутгийн өөрчлөлт, газар нутгаа орхилгүй үлдсэн сэтгэл зүй зэрэг нийгмийн түүхийн олон давхар мэдээлэл давхар хадгалагджээ. Мөн ойд арван нэгэн хоног ганцаараа төөрч амьд үлдсэн хүүхдийн түүх нь нүүдэлчин орчны хүүхдийн бие даах чадвар, айдас болон эрсдэлийг даван туулах сэтгэлзүйн тэсвэр, байгаль орчинтой харилцах дадлыг бодит баримтаар харуулахын зэрэгцээ хүний амьд үлдэх хүсэл, гэр бүлээ санах сэтгэл, бусдын тусламжийн үнэ цэнийг тод томруун үзүүлдэг. Ийнхүү номын “баатарлаг чанар” нь сүржин үйл явдлаар бус, хариуцлага, хүнлэг чанар, мэргэжлийн ёс зүй, тэсвэр, бусдын төлөө хийсэн өдөр тутмын үйлдлээр тодорхойлогдож байна.
4. Соёлын өв, уламжлалт мэдлэгийн залгамж чанар
Морин хуур урлал, оньсон тоглоом, Дарьганга дархны ур ухаан, сур суран эдлэл, бүргэдээр ан хийх уламжлал зэрэг хөргүүд нь биет болон биет бус соёлын өвийг музейн үзмэр мэт царцсан хэлбэрээр бус, өнөөдөр ч хүний гар, оюун, дадал, мэргэжлээр дамжин оршин буй “амьд өв” байдлаар харуулжээ.
Тухайлбал, эмээгийн авдраас уламжилсан оньсон тоглоомыг шинэчлэн хөгжүүлж, олон мянган бүтээл туурвисан хүний түүх нь уламжлал гэдэг зөвхөн хуучныг тэр хэвээр нь хадгалах бус, өвлөн авч, бүтээлчээр хөгжүүлж, шинэ үед дамжуулах тасралтгүй үйл явц болохыг харуулна.
Үүний нэгэн адил Дарьганга дархны хөрөгт урлалын арга, хээ угалзын бэлгэдэл, дэг уламжлал, залуу үеийн мэдлэгийн тасалдал зэрэг асуудлыг зэрэгцүүлэн өгүүлсэн нь соёлын өвийн залгамж чанарын өнөөгийн эмзэг байдлыг тодруулжээ. Ийм баримтууд нь уг бүтээлийг угсаатны зүй, соёлын антропологи, өв судлал, уламжлалт мэдлэгийн дамжуулалтын судалгаанд чанарын эх хэрэглэгдэхүүн болгон ашиглах үндэслэл болно.

5. Сэтгүүл зүйн бичлэгийн онцлог ба баримтат үнэ цэн
Төрөл зүйн хувьд “Сүүлчийн нүүдэлчид” нь эрдэм шинжилгээний монограф бус, хөрөг найруулал, сурвалжилга, ярилцлага, тэмдэглэлийн хэлбэрийг хослуулсан баримтат сэтгүүлзүйн цогц бүтээл юм. Тиймээс түүний судалгааны үнэ цэнийг зөвхөн академик номын шалгуураар хэмжих боломжгүй бөгөөд харин тухайн цаг үеийн хүний дуу хоолой, амьдралын нөхцөл, газар орны дүр төрх, орон нутгийн нийгмийн туршлагыг баримтжуулсан анхдагч чанарын материалын шинжээр нь үнэлэх нь зүйтэй. Зохиогчид газар орны нарийвчилсан дүрслэл, хүний шууд яриа, хөдөлмөр ахуйн жижиг деталь, үйл явдлын өрнөл, дурсамж, амьд харилцан яриаг өргөн ашигласнаар дүрүүдээ хийсвэр “судалгааны объект” бус, өөрийн үзэл бодол, амьдралын философи, хэл ярианы онцлог бүхий субъект болгон харуулжээ. Энэ нь аман түүхийн арга, хээрийн тэмдэглэл, хүүрнэлт сэтгүүл зүй, хөрөг бичлэгийн арга зүй хоорондоо огтлолцож буйг харуулдаг. Зарим бүтээлийн анх нийтлэгдсэн хэвлэл, огноог тэмдэглэсэн нь тухайн өгүүлэмжийг цаг хугацааны тодорхой нөхцөлтэй холбон унших боломжийг нэмэгдүүлжээ.
6. “Сүүлчийн” хэмээх тодотголын утга зүйн тайлал
Номын нэр дэх “сүүлчийн” хэмээх тодотголыг нүүдэлчин соёл бүрэн төгсөж буй тухай шууд утгаар ойлгохоос илүүтэй соёлын сэрэмжлүүлэг, баримтжуулалтын шаардлагыг илэрхийлсэн концефтуал сонголт гэж үзэх үндэслэлтэй. Номын өмнөтгөлд “магад сүүлчийнх ч байж мэдэх” нүүдэлчин монголчуудын ахуй соёл, зан чанар, үнэнч сэтгэл, зориг тэнхээ, тэсвэр хатуужил, хүсэл мөрөөдлийг олж сурвалжлан, номын хуудаст хөрөглөн үлдээх зорилгыг тодорхой илэрхийлсэн байдаг. Энд “сүүлчийн” гэдэг нь хүн ам зүйн төгсгөлийг бус, харин тодорхой ахуйн хэв маяг, уламжлалт мэдлэгийн экосистем, хүн-байгалийн харилцааны соёлын код түргэн хувьсаж, зарим тохиолдолд тасалдаж болзошгүйг сануулсан утга агуулгатай. Иймээс уг нэр нь уншигчийг нүүдэлчин соёлыг өнөөдөр нь танин мэдэх, баримтжуулах, хамгаалах, дараа үед уламжлуулах тухай оюуны эргэцүүлэлд хөтөлж байна.
7. Судалгааны эргэлтэд ашиглах боломж ба санал
Номын агуулга нь нүүдэлчин соёл ба орчин үеийн өөрчлөлт, орон нутгийн амьдралын антропологи, уламжлалт экологийн мэдлэг, биет бус соёлын өвийн залгамж чанар, хөдөлмөрийн ёс зүй, нийгмийн капитал, хүүхдийн нийгэмшил, хүн-амьтан-байгалийн харилцаа, аман түүх, орон нутгийн сэтгүүл зүй зэрэг чиглэлээр судалгааны кэйс материал болох өргөн боломжтой. Ялангуяа их, дээд сургуулийн сэтгүүл зүй, монгол судлал, соёл судлал, нийгмийн шинжлэх ухааны сургалтад хөрөг сурвалжилга болон чанарын өгөгдөл хэрхэн бүрддэгийг харуулах хэрэглэгдэхүүн болгон ашиглаж болно. Цаашид уг бүтээлийг эрдэм шинжилгээний хэрэглээнд улам ойртуулах зорилгоор дараагийн хэвлэлд сурвалжилга бүрийн бичигдсэн болон анх нийтлэгдсэн он, газар зүйн байршил, ярилцагчийн товч мэдээлэл, гэрэл зургийн огноо ба тайлбар, нэр томьёоны тайлбар, газар орны болон хүний нэрийн индекс, эх сурвалжийн товч тэмдэглэгээг нэг стандартаар бүрдүүлэх нь зүйтэй. Мөн түүх, анагаах ухаан, биологи, байгаль орчин, статистикийн шинжтэй зарим өгөгдлийг мэргэжлийн эх сурвалж, тайлбараар баталгаажуулбал номын судалгааны хэрэглээ, ишлэгдэх боломж улам нэмэгдэнэ. Энэ нь бүтээлийн сэтгүүл зүйн уран дүрслэл, хүүрнэлийн амьд чанарыг сулруулахгүйгээр баримтат үнэмшил, академик хэрэглээг давхар бэхжүүлэх ач холбогдолтой.

8. Дүгнэлт Дүгнэж үзэхэд, “Сүүлчийн нүүдэлчид” нь
Монголын нүүдэлчин соёлын тухай өгүүлсэн энгийн нэгэн эмхэтгэл бус, өнөөгийн Монгол орны алслагдсан бүс нутгийн хүмүүсийн хөдөлмөр, зан чанар, мэдлэг, ёс суртахуун, байгальтайгаа харилцах харилцаа, өв соёлын залгамж чанарыг бодит амьдралын баримтаар хадгалсан соёлын ой санамжийн шинжтэй хөрөг бүтээл мөн. Түүний гол ололт нь “нүүдэлчин” гэх ойлголтыг өнгөрсөн цагийн түүхэн хэв шинж болгон харуулах бус, XXI зуунд ч оршин буй амьд мэдлэг, амьд ёс суртахуун, амьд соёлын тогтолцоо байдлаар уншигчийн өмнө нээсэнд оршино. Эгэл хүмүүсийн хувь заяагаар дамжуулан нүүдэлчин монгол хүний тэсвэр хатуужил, хүнлэг чанар, хөдөлмөрийг эрхэмлэх ёс, байгальтай зохицон орших ухаан, өв уламжлалаа хадгалах ухамсар ямар үнэ цэнтэй болохыг олон талт баримтаар үзүүлсэн энэхүү номыг сэтгүүл зүйн хөрөг сурвалжилгын бүтээл төдийгүй монгол судлал, соёлын антропологи, угсаатны зүй, өв судлал, орон нутаг судлалын салбарт анхааран үзэж, сургалт-судалгааны эргэлтэд өргөн ашиглах боломжтой гэж үзэж байна. Иймд “Сүүлчийн нүүдэлчид” хөрөг номыг Монголын нүүдэлчин ахуй, хүний амьдралын тэсвэр, уламжлалт мэдлэг, соёлын өвийн амьд хэлбэрийг баримтжуулсан үнэ цэнтэй бүтээл хэмээн үнэлж, судлаач, багш, оюутан, сэтгүүл зүйн мэргэжилтэн болон өргөн уншигчдад санал болгож байна. Тус номын “сүүлчийн” гэх нэр нь нэгэн соёлын төгсгөлийг тунхагласан бус, харин түүнийг алдахаасаа өмнө танин мэдэх, баримтжуулах, судлах, өвлүүлэх шаардлагыг сануулсан оюуны СЭРЭМЖЛҮҮЛЭГ болж чаджээ.
- Хэл бичгийн ухааны доктор С.Цоморлиг
 (12).jpg)
| ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |