• Өнөөдөр 2024-04-20

ЗИГМУНД ФРОЙД: Би амьдралдаа намайг бараг ойлгосон ганц, хоёрхон хүнтэй таарсан

2023-01-30,   3580

Герман-Америкийн яруу найрагч Жорж Виерекийн “Психоанализын эцэг” гэгддэг, Австрийн нэрт сэтгэл судлаач, сэтгэл мэдрэлийн эмч Зигмунд Фройдтой 1927 онд хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

                         Альпын нурууны Семмериг ууланд орших сүнсний далд ертөнцийг судалдаг, Австрийн агуу судлаач, профессор Зигмунд Фройдын зуслангийн байшинд очлоо. Хаалгыг нь тогшиж зогстол эрүү, амыг нь бүрхсэн механик төхөөрөмж зүүсэн хөгшин эр хаалга онгойлгоод зочны өрөө рүү хөтлөв. Амандаа механик эрүү зүүсэн энэ хөгшин эр бол Зигмунд Фройд. 70 нас гараад эрүүний хорт авдартайгаа мэдсэн тэрээр хавдраа авахуулах эрүүний хагалгаанд ороод удаагүй учир механик төхөөрөмж зүүсэн нь энэ гэнэ. Гэсэн ч Фройд төвөггүй ярьж, идэж чаддаг. Хуучных шигээ оюун саруул, сэргэлэн, эелдэг, урам зоригоор дүүрэн байсан юм.

-НАС АХИХ ХӨНДҮҮР МЭДРЭМЖ НЭГ ХҮНИЙГ ЭНД, ӨӨР ХЭН НЭГНИЙГ ӨӨР ГАЗАР ӨВТГӨЖ Л БАЙГАА-

                         Зочны өрөөний голд өмнө минь суугаад ярилцлагаа эхлүүлэх гэж байгаа эрхэм бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг, сэтгэлгээ, сэтгэл зүйн том хүч билээ. Фройд хагалгаанд орж, механик эрүү зүүснээсээ хойш барагтай л бол зочин хүлээж авахаасаа ичдэг болсон тухайгаа ярьж байна. Энэ талаараа тэрээр “Би механик эрүүгээ жигшдэг. Хүн механизмтай харилцахад асар их хүч чадал шаарддаг юм байна. Гол нь хүн устаж үгүй болохоос илүүтэй оршин тогтнох хэрэгтэй. Тиймээс би эрүүгүй байхаас механик эрүүтэй байхыг илүүд үзсэн хэрэг” гэв. Судалгаа, шинжлэлийн бүтээлүүдээс нь мэдэхээс хүмүүс тэр бүр сайн мэддэггүй Фройд “Магад бурхан бидэнд хэт эелдэг ханддаг” гэв. Энэ талаар нь тодруулахад тэрээр “Бид нас ахих тусмаа өөрсдийн амьдралаа улам тааламжгүй болгож байна. Гэхдээ бидний үүрч яваа ачааг бодвол үхэл илүү тэвчихийн аргагүй юм шиг санагддаг” гэх нь тэр.

                         Би “Та хүний хувь тавилан өөрт нь хор хөнөөл учруулдаг гэж боддоггүй юу” гэхэд Фройд гэнэт дуугаа намсгаж, аяархнаар “Яагаад” гэж надаас асуусан юм. Тэгснээ үргэлжлүүлэн “Би дахин онцгой сайн, сайхан зүйл хүлээх ёстой гэж үү. Нас ахих тусам тавгүйтэх мэдрэмж хүн бүрд байдаг. Тэр мэдрэмж нэг хүнийг энд, өөр хэн нэгнийг өөр газар өвтгөж л байгаа. Өвтгөж байдаг газар нь үргэлж хүний чухал цэг байдаг. Гэсэн ч энэ бүхний эцэст ирэх ялалт нь “Байлдан дагуулагч өт”-д очдог” гэж хэлээд детектив зохиолч Эдгар Аллан Погийн оршуулгын газарт илжирч, ялзарсан цогцоснуудыг идэж байгаа өтний тухай "Байлдан дагуулагч өт” шүлгийн төгсгөлийн хэсгээс уншив. 

                         Шүлэг уншсанаасаа хойш хэсэг чимээгүй суусан Зигмунд Фройд “Эцсийн эцэст би 70 гаруй жил амьдарлаа шүү дээ. Энэ хугацаанд “Байлдан дагуулагч өт” шиг хангалттай идсэн. Эхнэр, хүүхдүүдтэйгээ учирч, нар мандахыг, жаргахыг, хавар ургамал хэрхэн ургахыг харлаа. Тэр бүрд намайг урагш чиглүүлж, эелдэгээр атгаж байсан гар нь минийх л байсан. Би амьдралдаа ганц, хоёрхон удаа л намайг бараг ойлгосон хүнтэй таарсан. За, өөр юу асуух вэ” хэмээн инээвхийлэв. Зигмунд Фройдын 70 насны төрсөн өдрөөр дэлхий нийтээр түүнд мэндчилгээ дэвшүүлж байв. Харин тэр дунд Фройдын багшилж байсан Венийн их сургууль байгаагүй нь олон хүнд хачин санагддаг болов уу. Тиймээс ч би ээлжит асуултаа тухайн их сургуультай холбон асуусан юм. Хариуд нь Фройд “Хэрэв Венийн их сургууль намайг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн бол намайг хэзээ ч эвгүй байдалд оруулахгүй байсан. Гэхдээ 70 гарсан хөгшин намайг, миний сургаал, судалгааг тэд заавал хүлээн зөвшөөрөх шаардлагагүй. Би жижиг зүйлсэд тэгтлээ их ач холбогдол өгдөггүй” гэв. Би үргэлжлүүлэн “Та үнэхээр их, бүр дэлхий даяар түгсэн нэр алдартай шүү дээ. Таны бүтээлүүд мэргэжилтнүүдээс гадна дэлхийн уран зохиолд, зохиолчдод хичээл зааж байгаа” гэхэд ярилцагч хөгшин эр маань “Үнэндээ биднийг нас барсны дараа л алдар нэр ирдэг. Гэтэл нас барсны дараа алдар нэр надад хамаагүй болно. Тийм ч учраас би нас барсны дараа ирэх алдар нэрийн төлөө тэмүүлдэггүй” гэлээ. Түүнээс “Нас барсны дараа ч нэр чинь амьдарсаар байх нь чухал биш гэж үү” гэж асуухад Фройд “Амьдрах ёстой байсан ч, миний хувьд юу ч биш. Гэхдээ би хүүхдүүдийнхээ хувь заяанд илүү анхаарал тавьж байна. Тэдний амьдрал хэцүү биш байгаасай гэж хүсэж байна. Ямар нэгэн аргаар байсан ч би тэр үед хүүхдүүдийнхээ амьдралыг хөнгөвчлөх боломжгүй. Миний насан туршдаа хуримтлуулсан хөрөнгө бараг л устсан. Аз болоход надад мөнгөгүй байна гэдэг тийм ч хүнд дарамт биш. Би дааж чадна. Ажил маань ч надад таашаал өгсөн хэвээр байгаа” гэв. 

Бид хоёр яриагаа түр завсарлаж, байшингийн дэргэдэх цэцэрлэгийн замаар доош алхав. Фройд явган хүний замын хажууханд ургасан цэцэрлэгийн бутыг энхрийлэх аятай илж харагдлаа. Тэгээд ярилцагч маань “Намайг нас барсны дараа учрах, тохиолдох бүх зүйлээс илүү энэ цэцэгсийг би сонирхох болно” гэж бувтналаа.

-ХҮН ТӨРӨЛХТНИЙ АМЬДРАЛ БОЛ ЗАЙЛШГҮЙ УНАЛТ, ЭГО БОЛОН ТҮҮНИЙ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХООРОНДОХ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ТЭМЦЭЛ-

Фройд бид хоёр буцаж байшин руу алхаж байх үеэр би түүнээс “Та тийм гүн гутранги үзэлтэй хүн юм уу” гэж асуув. Хөгшин эр өөдөөс инээвхийлээд “Тийм биш ээ, амьдралын энгийн зүйлсээс таашаал авахыг минь ямар ч гүн ухааны онол, эргэцүүллээр тайлбарлахыг би зөвшөөрөхгүй” хэмээгээд байшингийнхаа хаалгыг онгойлголоо.

 

                         Зигмунд Фройдын хариултаараа ойлгуулах гээд байгаа зүйл нь амьд буй бүхэн мөхдөг тухай. Тэгээд би “Үхэшгүй мөнхийг хүсдэггүй гэж үү” хэмээн асуухад тэр эргэлзээгүйгээр “Үнэнийг хэлэхэд, үгүй. Хэрэв хүн бүрийн амьдралынхаа туршид хийж, үйлдэж буй бүхэнд амин хувиа хичээсэн сэдэл байдгийг ухаарвал энэ амьдралд эргэн ирэх хүсэл өчүүхэн ч үлдэхгүй” гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн “Миний хувьд амьдралын минь мөнхийн зовлон эцэст нь арилах болно гэдгийг мэдэж байгаа учир сэтгэл хангалуун байна. Хүн төрөлхтний амьдрал бол зайлшгүй уналт, эго болон түүний хүрээлэн буй орчны хоорондох эцэс төгсгөлгүй тэмцэл” хэмээв. 

                         Ингээд Фройд бид яриагаа хэсэг зогсоож, түүний ажлын өрөөг зүглэв. Ажлын өрөөнд орохоор алхаж байхдаа Фройдын саяхан арчилсан цэцэрлэгийн бутнууд цанд цохиулсан байхыг харлаа. Альпын нурууны Семмери ууланд жавар ихтэй, нар жаахан л буухаар ургамал, ногоог цан цохичихдог аж. Зигмунд Фройдын ажлын ширээн дээр овоолоотой гар бичмэл харагдах. Түүнээс “Одоо ямар ажил, судалгаан дээр сууж байгаа”-г нь лавлахад “Энгийн хүмүүсийн л хийдэг шиг сэтгэл зүйн анализын талаар хамгаалалт бичиж байна” гэв. Профессор Фройдоос өөртөө дүн шинжилгээ хийдэг эсэх талаар асуухад “Мэдээж, психоаналист хүн өөрийгөө үргэлж шинжилж байх ёстой. Өөртөө дүн шинжилгээ хийснээр бид бусдыг илүү сайн шинжлэх чадвартай болно” хэмээсэн юм. Ажлын өрөөтэй нь танилцаж зогсох хооронд Фройд гэнэт франц хэлээр “Tout comprendre c'est tout pardonner” гэв. Энэ нь "Бүхнийг ойлгох нь бүхнийг уучлах явдал юм” гэсэн үг гэдгийг тайлбарлаад, нэрт сэтгэгч үргэлжлүүлэн “Гэвч бүхнийг ойлгох нь бүхнийг шууд л уучилчихна гэсэн үг биш. Психоанализ бидэнд юуг тэвчих төдийгүй юунаас зайлсхийх ёстойг заадаг. Юуг устгах ёстойг ч заадаг. Муу зүйлийг тэвчих нь мэдлэгийн ашиг тус биш” гэсэн юм.

                         Ярилцагч маань өмнө нь хамтран ажиллагч, дагалдагчидтайгаа маргалдаж, алдарт психоанализын судалгааны ажлаа орхисныг хүн бүр сонирхож байж мэднэ. Гэтэл түүнийг шинэ зам руу чиглүүлсэн, зарим хүнээс салгасан явдал нь өвөг дээдэстэй нь холбоотой байж мэдэх гэнэ. Зигмунд Фройд бол угсаагаараа бахархдаг нэгэн. Энэ талаар тэрээр “Миний соёл, ололт, амжилт герман хэлтэй холбоотой. Гэхдээ би семитийн эсрэг үзлийн өсөлтийг анзаарах хүртлээ өөрийгөө герман хүн гэж боддог хүн” гэж хэлэхийг илүүд үздэг болсон” гэв.

 

Зигмунд Фройд хүний нийгэм, харилцаанаас амьтдын харилцааг илүүд үздэг аж. Энэ тухайгаа “Амьтад хүнээс энгийн байдаг. Тэд хүн төрөлхтний оюуны болон сэтгэцийн механизмд хэт өндөр соёл иргэншлийн жишигт дасан зохицох оролдлогоос үүдэлтэй эго задралын зан чанараас болж зовдоггүй” гэв. Тэрээр үргэлжлүүлэн “Хүний хамгийн тааламжгүй зуршил, өвөрмөц байдал, заль мэх, хулчгар зан, хүндэтгэлгүй байдал нь соёл иргэншилд дасан зохицож чадаагүйгээс нь үүдэлтэй. Энэ нь бидний зөн совин, соёл хоорондын зөрчилдөөний үр дүн” гэлээ.

Тэгмэгцээ гэнэт бодлогошрон “Нохойн сүүлээ савлах, дургүйлхэх зэрэг энгийн, ширүүн, шулуун сэтгэл хөдлөл хэчнээн тааламжтай вэ. Нохойн сэтгэл ээ гэж” гээд чимээгүй болов. Удалгүй надаас урьтан ам нээж, “Магад тэдний сэтгэл хөдлөл бидэнд эртний баатруудыг сануулдаг. Тиймээс ч бид өөрсдөө ч анзааралгүй нохойнууддаа Ахиллес, Гектор зэрэг эртний баатрын нэр өгчихсөн байдаг. Жишээ нь, миний нохойг Алякс гэдэг. Нохой маань уншиж чаддаггүйд би хэчнээн баярладаг гээч. Хэрэв тэр сэтгэцийн гэмтэл, Эдипийн комплексийн талаар санал бодлоо хэлээд эхэлбэл хүссэн хүсээгүй түүнийг өрхийн гишүүн болгохоос өөр сонголтгүй болно шүү дээ” хэмээгээд инээмсэглэн сууж байлаа.

-АМЬДРАЛ ӨӨРЧЛӨГДДӨГ ШИГ ПСИХОАНАЛИЗ Ч ӨӨРЧЛӨГДДӨГ-

Олон зохиолч Фройдын бүтээсэн психоанализ уран зохиолд шинэ хүч өгсөн гэдэгт санал нийлдэг. Энэ тухай Зигмунд Фройдоос асуутал “Психоанализ ч өөрөө гүн ухаан, уран зохиолоос олон зүйл хүлээж авсан. Ницше бол анхны психоаналистуудын нэг. Түүний зөн совин бидний нээлтийг ямар нэгэн хэмжээгээр зөгнөсөн нь гайхалтай. Хүний үйлийн хоёрдмол сэдэл, эцэс төгсгөлгүй савлагаан дунд таашаал авах зарчим баримтлахыг хэн ч гүнзгий ухаараагүй. Германы философич Фридрих Ницшегийн “Заратустра” дээр ч үүнийг сайн харуулсан. “Психоанализ Австри, Германд бага яригддаг ч, уран зохиолд үзүүлэх нөлөө нь асар их” хэмээсэн юм.

                         Тэгээд тэрээр психоанализд “өр”-тэй зохиолчид хэмээгээд “Томас Манн, Хюго фон Хофманнстхал нар бидэнд маш их өртэй. Харин миний шинжлэх ухаанчаар илэрхийлэхийг оролдож байгаа зүйлийг Австрийн яруу найрагч Артур Шницлер яруу найргаар хүмүүст ойлгуулж байна. Би ч Шницлерийг яруу найрагч төдийгүй сайн эрдэмтэн гэдгээр нь бахархдаг” хэмээн ярьж байлаа. Тэгэхэд нь би “Тэгээд та яах юм бэ. Та ч гэсэн шинжлэх ухаанч төдийгүй яруу найрагч шүү дээ. Америкийн уран зохиол сэтгэл зүйн шинжилгээтэй салшгүй холбоотой байдаг. Тэндэхийн том, алдартай Руперт Хьюз, Харви О’Хиггинс зэрэг зохиолч таны орчуулагч болж, таны бүтээлийг хүмүүст хүргэдэг. Зохиолчид одоо психоанализийн талаар ямар нэгэн ойлголтгүйгээр шинэ роман эхлүүлэх боломжгүйд хүрээд байна шүү дээ” гэхэд тэр хэсэг бодлогоширч сууснаа “Магтаалд чинь талархаж байгаа ч, Америк дахь нэр хүндээсээ айж байна. Америкт психоанализийн түвшин тийм ч гүнзгийрдэггүй. Өргөн тархалт нь нухацтай судалгаа бус өнгөцхөн хүлээн зөвшөөрөгдсөн л байдаг. Тийм хүмүүс өөрийгөө сэтгэцийн шинжилгээг ойлгодог гэж боддог. Гэсэн ч тэд өөрийгөө тоть болгож дуусдаг учраас би психоанализын судалгаагаа Европын төвүүдэд хийхийг илүүд үздэг” хэмээсэн юм.

 

Зигмунд Фройд надад асуулт болгоныг тэвчээртэй сонсдог ярилцагч шиг санагдсан. Тэр ямар үнээр ирэх нь хамаагүй, бүх зүйлийг үнэнээр нь хэлэхийг хичээж, оролдож байсан юм. Олон сая шүтэн бишрэгчтэй Америкт амар жимэр, хүндлэл дунд амьдрах гэж өөрийгөө албадалгүй өөрөөрөө, шударга гэж бодсондоо тууштай яваа нэгэн.

 

Фройд эхнэр, бага охиноо унтлагын өрөөнд нь оруулахаар дээш алхаад төд удалгүй намайг гаргаж өгөхөөр буцаад ирэв. Гадаа хэдийнэ харанхуй болжээ. Бид салахаасаа өмнө уулын замаар хэсэг хамт алхав. Харин явах болж гар барихад Зигмунд Фройд надад хандаж, “Намайг гутранги үзэлтэй хүн шиг харагдуулж болохгүй шүү” хэмээн сануулсан. Тэгээд “Би эхнэр, хүүхдүүд, цэцэгтэйгээ байхдаа гутранги үзэлтэй хүн биш. Ядаж л бусад хүнээс илүү аз жаргалгүй нэгэн биш” гэсэн юм. Дэлхийн сэтгэлгээ, сэтгэц судлалд үнэ цэнтэй хувь нэмэр оруулсан хөгшин эр намайг гунигтайхан харсаар үлдэв. Галт тэрэгний буудал руу хүргэх машиндаа сууснаас хойш бараа тасартал харж зогссон цагаан толгойтой хөгшний дүр төрх, галт тэрэгний шүгэл хоёр тэр шөнө намайг унтуулаагүй.

 

                         Эртний зохиолын баатар Эдип шувуун биетэй, арслан толгойтой мангастай учрахдаа цэх зоригтой зогсож байсны адил Зигмунд Фройд ч Сфинкстэй нүүр тулахдаа үхлийн айдасгүй нүд рүү нь гүн ширтэж байгаа нь энэ.

 

 

ЗИГМУНД ФРОЙД: Би амьдралдаа намайг бараг ойлгосон ганц, хоёрхон хүнтэй таарсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 08:59:56
    Зочин: Үнэхээр уншихад урамтай сайхан байлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-01 13:28:54
    Зочин: Баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-01 13:28:15
    Зочин: Баярлалл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-01 09:28:44
    Чимэг: Мхш гоё найруулжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-31 22:45:08
    zochin: sonirxoltoi blaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-31 22:45:08
    zochin: sonirxoltoi blaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-30 15:41:10
    Gal: Bayarlalaa, shan niitlel boljee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-30 15:41:09
    Gal: Bayarlalaa, shan niitlel boljee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188