• Өнөөдөр 2024-04-18

Ангараг гарагт газардсан "Мятаршгүй"-гийн тухай бид юу мэдэх ёстой вэ

2021-02-22,   1076

Улаан гарагт өнгөрсөн долоон хоногт НАСА-гийн робот амжилттай газардлаа. Өнгөрсөн пүрэв гарагт "Мятаршгүй" хэмээх робот хэдэн арван жилийн дараа хамгийн амбицтай буултыг гүйцэтгэж, Ангараг гараг дээр урьд нь амьдрал байсан эсэх талаар судалгааны ажлаа эхлүүлээд байна. "Мятаршгүй" робот нь 20.7 тэрбум ам.долларын хамгийн дэвшилтэт шинжлэх ухааны тоног төхөөрөмжөөр тоноглогдож, хүн төрөлхтний судалгааг илүү өндөр түвшинд хүргэхээр ажиллаж байна. "Мятаршгүй" робот Ангарагийн агаар мандалд хүрэхдээ цагт 19312 км хурдтай нэвтрэн хөнгөн зогсолт хийж газардлаа. Эл цагт дэлхий нийтээр "Мятаршгүй"-г хэрхэн буултаа хийхийг амьсгаа даран хүлээж байв. Ангараг гараг дээрх энэхүү машины хувь тавилан аль хэдийн тодорхойлогдсон билээ. Гэвч хамгийн эгзэгтэй хэсэг нь тус машин олон хэсэг задралгүй нэг цулаар газардах эсэх чухаг асуудал байв.

Ангараг дэлхийгээс 193 сая километрийн зайд оршдог бөгөөд гэрлийн хурдаар аялахад 11 минут зарцуулдаг аж.  Ангараг дээрх буултаас өмнө цар тахалтай холбоотойгоор НАСА-гийн багийнхан нам гүм, чимээгүйхэн оршин байсан бол "Мятаршгүй" амжилттай газардахад танхим алга ташилтаар дүүрэв. Ангарагийн нимгэн агаар мандалд шүхэр задран машины халууны хамгаалалт "Мятаршгүй"-г хамгаалан газардав.

"Мятаршгүй" Ангараг гараг дээр юу хийх вэ

Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд НАСА Ангарагийн тухай цогц асуултыг эрсээр буй. Хамгийн эхний тарни мэт  хэллэг нь "Усыг дага" хэмээх үг. Ус байгаа газар амьдрал бий.

Ангарагийн өргөн хавцал, голын хөндий, хатсан нуур гэмээр шинж тэмдгүүд нь урьд нь энд ус байсан гэдгийг тодорхой харуулдаг. "Мятаршгүй"-гийн гол зорьж буй газар "Жэзеро" галт уулын тогоо. Тус галт уулын тогоонд ус байсан гэж үздэг бөгөөд тэрхүү нуур байсан газрыг "Мятаршгүй" судлах аж. Энэхүү  судалгаагаар Ангараг гарагийн газрын гадаргын химийн найрлага болон урьд нь амьдрал байсан эсэхийг нотлох микробны үлдэгдэл олох найдлага тавин ажиллаж байна. "Мятаршгүй"-гийн загвар Ангарагийн судалгааны өмнөх "Сониуч" гэх загвартайгаа ижил боловч өөр төрлийн тоног төхөөрөмж, илүү сайн чанарын камертай, лазерын гэрэл нь хад болон газрын гадаргыг шинжлэн, химийн найрлагыг тодорхойлох боломжтой бүтээгджээ. Ингэснээр урьд нь Ангараг дээр амьдрал байсан гэх нотолгоо олох боломжийг үүсгэж байна. Түүний гол зорилго нь хад болон шорооны дээжийг авч буцаан илгээхэд оршино.

Ангарагийн агаар мандал дэлхийтэй харьцуулахад 100 дахин сийрэг. Татах хүч дэлхийгээс гурав дахин бага. Дэлхийн агаар мандлаас 30.5 км өндөрт хүрч байж Ангараг гарагийн агаар мандалтай адил хэмжээнд тэнцэх хэмжээний сийрэг бөгөөд дэлхийн ямар ч нисдэг тэрэг ийм өндөрт нисэж байгаагүй аж.

НАСА болон Европ Ангарагаас хэрхэн чулууны дээжийг авчрах вэ

     Зарим хүнд  Ангараг руу хөлөг явуулаад, чулуу авч ирэхэд асуудал багатай мэт санагдаж болно. Гэхдээ НАСА-гийнхан 2031 он гэхэд дээжийг дэлхийд амжилттай авчирна гэж үзэж байна. Тус "Мятаршгүй" Ангараг гарагийн 39 газар өрөмдлөг хийн, дээж авч, 10 гаруй грамм шороо болон тоосны дээж гарган, ультра тамхины хэмжээтэй металл саванд хийж, гадарга руу гаргаж, дээжийг хүйтнээр хадгална. Ийнхүү 2026 онд зарим чулуу болон тоосыг дэлхий рүү илгээх төлөвлөгөөтэй байгаа аж. Уг дээжийг авахаар очих  газардагч нь Ангараг дээр газардах хамгийн том механизм болох юм. Энэ нь "Мятаршгүй"-г зөөвөрлөн Ангарагийн орбитоос гаргаж, 2028 оны наймдугаар сард эх дэлхийд авчрах гэнэ. Тус дээж хөл бөмбөгийн хэмжээтэй байх бөгөөд Европын сансрын агентлагийн бүтээсэн хөлгөөр эх дэлхийд Юта мужийн цөлд газардана.

Энэхүү даалгавар нь хэдэн тэрбум ам.долларын өртөгтэй. Ангараг гараг дээрх чулуу болон тоосыг судлах нь хамгийн чухал зүйл хэмээн судлаачид догдлон хүлээж байна. Маш эртний материалд  молекулын түвшинд судалгаа хийх нь "Амьдрал бий юү" гэсэн асуултад хариулт эрэхэд хамгийн дөхөмтэй арга аж.   

Ангараг дээр газардах яагаад хэцүү вэ

Агаар мандал нимгэхэн учир хүндийн түвшинг хэд дахин нэмэгдүүлж, тус механизм цагт 19 мянган км хурдтай газардаж буй нь, сансрын хөлгийн халууны хамгаалалт нь, агаарын молекулын дулааны даралтыг маш өндөр хэмжээнд буюу 1000 хэмд тэсвэртэй байлгах нь хамгийн том асуудал байлаа. Хурдыг удаашруулж, зөөлөн газардуулах хамгийн бодит боломж нь  шүхэр байв.

Газардах үед юу болов

Сансрын хөлөг газардалтаа өөрөө хариуцан буув. Ангарагаас дэлхий рүү радио дохио ирэхэд 11 минут зарцуулдаг. Энэ нь ямар нэгэн зүйл буруудахад НАСА-гийхан мэдэхэд оройтсон байна гэсэн үг юм. Бүх зүйл автоматжсан байх ёстой бөгөөд "Мятаршгүй" газар дээр буух замаа өөрөө олох шаардлагатай. 

       Энэ аялалд капсулын хэлбэртэй "Мятаршгүй"-г агуулах автомат удирдлагатай механизм бий бөгөөд энэ нь дэлхийгээс Ангараг руу хүрэх 483 км-ын аяллыг хариуцах үүрэг гүйцэтгэж,  Ангарагийн агаар мандал руу нэвтрэхдээ задарч, Мятаршгүйг амжилттай газардуулснаар даалгавар нь дуусгавар болсон байна. Хөлөг агаар мандалд нэвтэрснээс 80 секундийн дараа оргил температурдаа хүрч, капсул 1298 хэм хүртэл халжээ. Гэвч роботыг ачиж яваа капсулын дотор халуун бус, өрөөний температуртай байв. Агаар сийрэг болохын хэрээр хөлөг онгоц удааширч эхэлсэн байна. 11 км өндөрлөг агаар мандал руу нэвтэрснээс дөрвөн минутын дараа капсулын хурд цагт 1609 км болсон байна. Үүний дараа том шүхэр задарсан ба уг шүхрийн диаметр нь 21 метр.  Хөлгийн халуун тусгаарлагчийн халуун буурч эхэлсний дараа төхөөрөмжийг бичих камер болон бусад хэрэгтэй зүйлсийг ажиллуулжээ. Том шүхэртэй ч гэсэн "Мятаршгүй" цагт 321 км хурдтай аюулгүй газарджээ.

НАСА "Мятаршгүй"-г хэрхэн бүтээв

НАСА Ангараг гарагийн хөрснөөс дээж авчрах робот өмнө бүтээж байсан бөгөөд "Сониуч" робот ижил газардалтыг хийж байв. Тийм хэдий ч "Мятаршгүй"-д илүү чадалтай шүхэр, илүү нарийн жолоодлого суулгажээ. НАСА-гийн инженерүүд боломжит бүх үе шатыг тооцоолон сайжруулахыг хичээсэн бөгөөд бүх боломжит арга замыг эрэлхийлэхийг оролдсон гэв. НАСА агентлаг сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Ангараг дээр  есөн газардалт хийсний нэг нь амжилтгүй болж байжээ. 1999 онд Ангарагийн "Туйлын газардагч" хэмээх төхөөрөмж амжилтгүй газардаж байв.

Ангараг гарагийг өөр ямар сансрын хөлөгүүд судалж байна вэ

Улаан гарагийн эргэн тойрон сүүлийн жилүүдэд их хөдөлгөөнтэй байгаа. Шинэхэн газардсан "Мятаршгүй"-гээс гадна Ангараг гарагийг тойроод дэлхийн зургаан сансрын хөлөг бий. Европын хоёр сансрын хөлөг Ангарагийн орбитод судалгаа хийж буй бөгөөд нэг нь Оростой хамтарсан байна. Энэтхэгийн сансрын онгоц 2013 онд судалгаа хийхээр хөөрсөн. Мөн Америкийн хоёр хөлөг хөрсөн дээр нь судалгаа хийж байна. Бас нэгэн Америкийн хөлөг судалгаа хийж байсан боловч салхин шуурганы улмаас хүчээ алдаж 2019 онд жагсаалтаас гарчээ.

Цаашид Ангараг гарагийн судалгааны төлөв

НАСА болон Европоос хамтарсан уг төслөөс гадна ирэх арван жилд олон төсөл Ангараг гарагийг судлах төлөвлөгөөтэй байна. Европын Сансрын агентлаг, ОХУ, Япон, Канад уг гарагийн тухай илүү нарийн мэдээллийг цуглуулахаар Ангарагийн гараг дээр хүн газардаж болох эсэх талаар судалгаа хийж байна.

     Мөн хувийн компаниуд Ангараг руу зочилж, амьдрал бий болгох төсөл дээр шаргуу ажиллаж эхэлжээ. Элон Маскийн санаачилсан Ангарагийг колончлох алсын хараа бүхий СпайсИкс хэмээх пуужингийн компани нь дэлхийн тойрог зам руу хиймэл дагуул илгээж буй хамгийн том тоглогч болж байна. Улаан гараг руу хүн илгээх зорилго алсын мэт боловч Элон Маскийн СтарШип компани нь тун удахгүй уг төслийг хэрэгжүүлэх гэнэ.


Ангараг гарагт газардсан "Мятаршгүй"-гийн тухай бид юу мэдэх ёстой вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188