• Өнөөдөр 2024-05-03

Талийгаачдын ар гэр: Химийн хорт бодистой шахмал түлш байсан эсэхийг шалгуулах хүсэлтэй байна

2023-06-10,   13745

Ганц шөнийн дотор арван айлын 32 хүн угаарын хийнд хордон, эмнэлэгт хүргэгдэж, найман хүн амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал, тавдугаар сарын 30-31-нд шилжих шөнө угаарын хийтэй холбоотой дуудлага тасралтгүй ирж, найман хүний амийг авч оджээ. Бид угаарын хийнд хордсон айлуудаас бодит байдлыг сурвалжиллаа.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 15 ХҮН УГААРТСАНААС ХОЁР НЬ АМИА АЛДЖЭЭ

Тавдугаар сарын 31-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 10, 28, 33 дугаар хорооны 15 иргэн угаартсан дуудлага өгчээ. Тодруулбал, 10 дугаар хорооны дугаар тоотод байрлах хоёр айлын есөн хүн, 28 дугаар хорооны тоот хаягт орших суух хоёр хүн, 33 дугаар хорооны дөрвөн хүн угаартсан байна. Харамсалтай нь, эл дүүрэгт угаартсан 15 хүний хоёр нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ. Амиа алдсан хоёр хүний нэг нь 46 настай эмэгтэй, нөгөө нь дөрвөн настай хүүхэд байжээ. Одоогийн байдлаар амьд гарсан 13 хүний 10 нь хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 18 настай охин ухаангүй, сэхээн амьдруулах тасагт байна. Амиа алдсан болон угаартсан иргэдийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн нэг, хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ТАВАН ХҮН УГААРТСАНААС НЭГ ГЭР БҮЛИЙН ГУРВАН ХҮН НАС БАРЖЭЭ

     Мөн эл өдөр Баянгол дүүргээс угаарын хийтэй холбоотой хоёр дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны дугаар тоотод байрлах хоёр хүн угаартаж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ. Мөн тус дүүргийн 21 дүгээр хорооноос нэг дуудлага ирсэн ч гэр бүлийн гурван хүн угаартаж, амиа алдсан байдалтай олджээ. Тодруулбал, таван настай хүү, 37 настай эрэгтэй, 33 настай эмэгтэй угаарын хийнд хордож, амьсгал хураасан байна. Талийгаач нарт эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй бөгөөд амьсгал хурааснаас хойш ойролцоогоор 18 цагийн дараа олсон байна. Эл хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО, ЗУСЛАНГИЙН ЗАДГАЙ БҮСЭД ГЭР БҮЛИЙН НАЙМАН ХҮН УГААРТЖЭЭ

      Тавдугаар сарын 31-ний шөнө угаарын хийтэй холбоотой нэг дуудлага Чингэлтэй дүүргээс иржээ. Тодруулбал,  тус дүүргийн 19 дүгээр хороо, зуслангийн задгай хэсэгт амьдардаг нэг гэр бүлийн найман хүн угаартсан тухай дуудлага бүртгэгдсэн байна. Эмнэлэг болон холбогдох албаныхан шуурхай ажиллаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд, хордсон хүмүүсийг Хордлогын төвд хүргэжээ. Угаарын хийнд хордсон найман хүний дөрөв нь хүүхэд байсан байна.

Баянзүрх, Сүхбаатар дүүргээс дөрвөн хүн угаартсан хоёр дуудлага иржээ

Харин Сүхбаатар, Баянзүрх дүүргээс нэг нэг дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цагаандавааны хогийн цэгийн ойролцоо байдаг гэр бүлийн хоёр хүн угаартсан байдалтай байжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд хоёр хүн угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг хэргийг холбогдох дүүргийн цагдаагийн албан хаагчид шалгаж байгаа ажээ. Ердөө нэг л шөнийн дуудлага нь ийм аж. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 31-ний шөнө таван дүүргийн найман хорооны 32 хүн угаартаж, дөрөв нь газар дээрээ нас баржээ. Харин дөрвөн хүн нь эмнэлэгт хүргэгдээд, сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байж болзошгүй байна. Нас барсан найман хүний хоёр нь дөрөв, таван настай хүүхэд байжээ.

ТӨГСӨЛТИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЭД ГЭРТЭЭ ИРСЭН ТАВАН НАСТАЙ ХҮҮ ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ХАМТ УГААРТАЖ, НАС БАРСАН

Бид угаарын хийнд хордож амиа алдсан талийгаачдын гэрийг зорилоо. Бидний очсон эхний айл бол Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны дугаар гудамжны тоотод байрлах Э-ийнх. Иргэн Э хүү, охиныхтойгоо айл нэг хашаанд амьдардаг. 37 настай хүү нь эхнэр, таван настай хүүтэйгээ угаартаж, амиа алджээ. Хашаанд байрлах гурван гэрийн хаалга онгорхой, талийгаачийн гэрийн өрхийг бүтээсэн байлаа.

      Талийгаач залуу хувиараа бизнес эрхэлдэг байсан бөгөөд эхнэр нь тогоочоор ажилладаг байжээ. Тэд хоёр хүүхэдтэй, том охин нь Увс аймагт өвөө, эмээгийндээ байжээ. Харин таван настай хүү нь хамт угаартаж амиа алдсан. Амиа алдахын өмнөх өдөр нь хүүгийнх нь цэцэрлэгийн төгсөлтийн баяр болжээ. Бороотой өдөр байсан учраас ээж нь гэрийг нь галлаж, дулаацуулсан байсан байна. Залуу хос гэртээ ирээд хоолоо хийж идээд, 22:00 цагийн үед амарчээ. Ингэхдээ яндангаа сугалж, өрхөө бүтээсэн байна. Бороотой байсан учраас галаа цогшоож дуусгаад яндангаа авсан гэнэ. Ингээд маргааш нь хаалгаа тайлахгүй учир гэрийнхэн нь тооноор нь ороход хэдийнэ амьсгал хурааж, бие нь хөшчихсөн байж.

ТАЛИЙГААЧИЙН ДҮҮ: ТАВАН НАСТАЙ ХҮҮ НЬ УЛААН ЯГААНААР БӨӨЛЖИЖ, АХ, БЭР ХОЁРЫН ЦАРАЙ НЬ ХӨХРӨӨД, БИЕ НЬ ХӨШЧИХСӨН БАЙСАН

Бид энэ талаар талийгаач залуугийн дүүгээс тодруулсан юм. Тэрбээр “Энэ хашааг манайх 2009 онд авсан. Ээжийнх, ахынх, манайх гурван гэрээрээ амьдардаг юм. Тэр өдөр би ажлаасаа 22:00 цагийн үед ирсэн. Гэртээ орж, хоол ундаа идчихээд ахын хаалгыг татсан чинь цоожтой байсан. Угаасаа эрт унтчихдаг болохоор нь тоогоогүй гэр рүүгээ буцаад орчихсон юм. Яндангаа сугалаад, нимгэн өрхөө урагшлуулчихсан байсан. Ер нь өвөл ч гэсэн өрхөө бүтээдэг байсан. Дулаанаа алдахгүй гэсэндээ галаасаа ноцож дуусахаар нь өрхөө бүтээдэг гэсэн үг. Тэр өдөр сайжруулсан шахмал түлш түлсэн юм байна лээ. Гэхдээ байнга л түлж, хэрэглэдэг шүү дээ. Ах унтахынхаа өмнө манай гэрээр орж ирээд, хоёр хүүхдэд маань “Бороо ороод хүйтэн байна. Та хоёр галдаа нүүрс нэмбэл нэмээрэй” гэсэн байна лээ. Тэр өдөр учиргүй их бороотой, хүйтэн байсан юм. Уг нь ажлаас нь ирэхэд ээж галыг нь түлээд, дулаацуулчихсан байсан юм билээ. Маргааш өглөө нь гарахад ахынхан босоогүй, өрх нь бүтээтэй байсан. Тэгээд ээж хэчнээн дуудсан ч хаалгаа тайлахгүй, утас руу нь зөндөө залгасан байна лээ. Гэр дотор нь утас нь дугараад байсан хэрнээ хариу үзүүлээгүй. Тэгээд өдөр 14:00 цагийн үед манай хүү сургуулиасаа тарж ирсэн гэсэн. Ээж хүүг минь тооноор нь оруулж харуулахад ийм аймшигтай зүйл болсон байсан. Тэгээд албаныхан ирээд, тусламж үзүүлэх гэтэл  амьсгал хураагаад удсан байсан. Өөрөөр хэлбэл, унтсанаас нь хойш 18 цагийн дараа орсон гэсэн үг шүү дээ. Таван настай хүү нь идэж, уусан зүйлээрээ бөөлжөөд, ам, хамар нь улаан ягаан болсон байсан. Харин ах, бэр хоёр маань хөшчихсөн, нас бараад удсан байдалтай байсан. Тэр гурав хоймор хэсэгтээ газраар унтсан байна лээ. Хүүгээ голдоо хийгээд унтсан байсан. Царай нь цайж, хөхрөөд эвгүй байдалтай байсан. Албаныхан угаартсан байна гэдгийг нь урьдчилсан байдлаар тогтоосон. Уг нь 2020 оноос хойш л түлж байна. Өвөл угаартаагүй хэрнээ зуны цагт угаартаад амиа алдчихсанд нь итгэхгүй байна. Энэ түлшийг түлж, шинжилж өгнө гэдэгт итгэж байна. Ахын түлсэн нүүрс өнгөрсөн гуравдугаар сард авсан” гэлээ.

Цэл залуухан гурван хүний зурагны өмнө зул хөгжөөжээ. Хүүгээ алдсан ээж нь даралт нь хэдэнтээ ихсэж, биеийн байдал нь сайнгүй байлаа. Өнгөрсөн баасан гарагт буяны ажлаа дуусгаж, бэрийнх нь гэрийнхэн Увс руугаа буцсан байна.

ТАЛИЙГААЧДЫН ЭЭЖ: ХОЛБОГДОХ АЛБАНЫХАН ТҮЛЖ БАЙСАН ТҮЛШНЭЭС НЬ ДЭЭЖ АВААД ЯВСАН

Хүү, бэр хоёр минь хүүгийнхээ төгсөлтийн баяраас хамт ирсэн. Би галыг нь түлээд, гэрийн нь дулаацуулчихсан байсан. Бэр маань бороонд нороод их даарсан байдалтай орж ирсэн. Тэгээд тавдугаар сарын 31-нд гурвуулаа гэртээ амарна гэж хэлсэн. Төд удалгүй би гэр рүүгээ орж, тэд оройхондоо унтацгаасан байх. Өглөө босоод хүүгийнхээ хаалгыг татсан ч цоожтой, онгойлоогүй. Амарна гэж ярьж байсан болохоор нь “Жаахан унтаж аваасай” гэж бодоод дахиж хаалгыг нь татаагүй. Үд болоход чимээ аниргүй болохоор нь гайхаад утас руу нь залгасан. Ямар ч хариу өгөхгүй болохоор нь гэрийнх нь хаалган дээр зөндөө дуудсан. Арга ядаад ач хүүгээ сургуулиасаа ирэхэд нь тооноор оруулаад, хаалгыг нь онгойлуулсан. Хаалга онгойход л тийм аймшигтай зүйл угтсан учраас ухаан маань балартсан байна лээ. Тэгээд ах, дүү нар руугаа хэлж, 103, 102-т дуудлага өгүүлсэн. Түргэнийхэн ямар ч тусламж үзүүлэх боломжүй гээд явсан. Харин бусад албаныхан үлдээд шүүх шинжилгээ хийж, түлсэн түлшнээс нь дээж авсан. Өдий том болсон хүүхдээ гэр бүлээр нь алдана гэдэг амаргүй, хэцүү байна. гомдолтой байна гэж хэлэхээс өөр сонголт алга. Түлсэн түлшийг нь шинжлээд, тогтооно байх. Зун болж байгаа учраас гал барагтай л түлэхгүй байгаа. Бороо ороод хүйтэн байсан учраас яах аргагүй гал түлсэн” гэлээ.

Нэг гэр бүлийн гурван гишүүн амьсгал хурааж, гэрийнх нь буйрыг сахих хүн үлдсэнгүй. Аав, ээж, дүүгээ алдсан жаахан охинд хамгийн хэцүү байгаа нь ойлгомжтой. Тэд шүүх шинжилгээний дүгнэлт үнэн зөвөөр гарахыг л хүлээж суугаагаа учирлаж, хэлсэн юм.

АРВАНХОЁРДУГААР АНГИЙН ОХИН СЭХЭЭНИЙ ТАСАГТ УХААНГҮЙ БАЙНА

Бидний дараагийн очсон айл бол Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны дугаар тоот. Хашаанд байшин, гэр байх бөгөөд эгч, дүүгийнх айл амьдардаг. 46 настай эмэгтэй 18, 19 настай охин, хүүтэйгээ хамт гэрт байдаг ажээ. Харамсалтай нь, тавудгаар сарын 31-нд угаартаж,  ээж нь газар дээрээ амьсгал хурааж, хүү, охин хоёр нь эмнэлэгт хүргэгджээ. Одоогийн байдлаар талийгаачийн 18 настай охин Цэргийн төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй эмчлүүлж байгаа ажээ.

Охин эмнэлэгт очоод, дөрөв дэх хоног дээрээ ухаан орсон ч хяналтаас гарч, сэтгэл санааны хувьд тогтворгүй, өөрийгөө гэмтээх, бусдад хохирол учруулж болзошгүй байдалтай байсан учраас эмч нар тариа траьсан байна. Түүнийг ээжийнх нь төрсөн дүү Д сахиж байгаа аж.  Тэдний амьдарч байсан гэрийн тооно хөө тортог болж, харлажээ. Гэрийнх нь тавилгыг гаргаж, хашаа налуулж тавьсан байлаа.

ТАЛИЙГААЧИЙН ДҮҮ: ЭГЧ МИНЬ ХҮҮГЭЭ ГЭРТЭЭ ОРОХОД ХУРХИРААД УНТАЖ БАЙСАН ГЭСЭН

Иргэн Д “Охин дүүгээ л босгоод авахыг хүсэж байна. Дүү маань  нэрээр нь дуудахад нүд нь аниатай, нулимс нь зогсоо зайгүй хацар даган урсаж байна. Гар, хөлийн нь алга хүйтэн байгаа учраас эргэлтээр орох болгондоо дулаацуулдаг. Дүү минь өчигдөр шөнө сэргээд эмчтэйгээ юм ярьсан байна лээ. “Найзууд, гэрийнхэн чинь чамайг сахиж байна. Өдөр болгон эргэж ирж байгааг мэдсэн үү” гэж эмч асуухад “Тийм ээ, бүгдийг нь мэдэж байна гэж хариулсан гэсэн. Бас нурууг нь илээд өгөх үү гэхээр толгойгоо дохиж, хариу үйлдэл үзүүлж байгаа. Эмч нар хэлэхдээ тархи үхжээгүй, тархинд асуудалгүй байхгүй гэж хэлсэн. Харин дүү маань идсэн хоолоороо бөөлжиж, уушгиа гэмтээсэн гэсэн. Удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Босоод л ирвэл эмчилгээ нь ч яах вэ. Эгч тэр өдөр охиныхоо хонхны баярт оролцоод гэртээ ирсэн юм байна лээ. Охиндоо амттай хоол хийж өгөөд унтацгаасан гэсэн. Хүү нь халтууранд яваад оройтож ирсэн юм байна лээ. Гэхдээ эгч тэр өдөр гал түлээгүй байх. Өмнөх өдөр нь гал түлж, гэрээ дулаацуулсан байгаа юм.  Тэгээд өглөө нь явахдаа бороо орж байсан учир яндангаа аваад, өрхөө бүтээсэн гэсэн. орой нь ирээд өрхнийхөө бүтээлгийг хойш нь татаагүй байна лээ. Тэгэхээр тэр орой гал түлээгүй байх. Өмнөх өдрийн гал нь дутуу ассан байсан юм шиг байна. Албаныхан гэийн зуухнаас асаж дуусаагүй, ноцоогүй хоёр, гурван бондгор нүүрс олсон байна лээ. Эд мөрийн баримтаар хурааж аваад, шинжилгээнд явуулсан байх. Гэхдээ охин сэргэж байж л тэр өдөр гал түлсэн үү, юу болсон гэдгийг хэлнэ. Бид осол болохын өмнөх өдөр уулзалдаагүй учраас мэдэхгүй. Гэхдээ яндангаа аваад, өрхөө бүтээсэнд ихээхэн гайхаж байна. Эгч маань өмнө нь “Хүмүүс яндангаа аваад, өрхөө бүтээгээд угаартсан гээд байна. Яагаад өрхөө бүтээдэг байдаг байна. Тийм тэнэг зүйл гэж юу байх вэ дээ” гэж ярьж байсан шүү дээ. Эгчийгээ алдчихлаа, охиныг нь босгоод авахыг л хүсэж байна” гэв.

УГААРТСАН ХҮҮ: ГЭРТЭЭ ОРЖ ИРЭЭД ХЭВТСЭН ЧИНЬ ТӨД УДАЛГҮЙ ГЭДЭС БАЗЛААД, ТОЛГОЙ ДҮҮРЭЭД ЯВЧИХСАН. ХААЛГААР ГАРТАЛ ДӨРВӨН МӨЧ МЭДЭЭГҮЙ БОЛООД УХААН АЛДААД УНАЧИХСАН

Талийгаач эмэгтэйг галаа түлээд, яндангаа сугалж авсан гэдэгт гэрийнхэн нь итгэхгүй байгаа аж. Тэд хууль хяналтын байгууллагынхныг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүслээ. Талийгаач эмэгтэйн охин сэхээний тасагт байгаа бол хүү нь хэд хоногийн өмнө эмнэлгээс гарчээ. Тэрбээр ээжийнхээ буяны ажлыг өчигдөр гүйцэтгэж, гэрийнхээ эд хогшлыг цэвэрлэж байсан юм. Бид түүнээс юу болсон талаар тодрууллаа.

            -Биеийн байдал нь ямар байна вэ. Ямар зовиур илэрч байгаа вэ?

-Одоохондоо зүгээр байна. Заримдаа толгой л өвдөөд байх юм. Гэхдээ би зүгээрээ дүү минь л босоод ирвэл зүгээр.

-Тэр өдөр чи гэртээ хэдэн цагт ирсэн юм бэ?

-Ажил хийж байгаад шөнийн 03:00 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд өрх бүтээлттэй, ээж, дүү хоёр унтаж байсан. Орж ирэхэд тэр хоёр учиргүй хурхираад байсан. Тэгэхээр нь сайхан унтаж байна даа гэж бодсон. Гэр дулаахан, ямар ч утаа униар үнэртэхгүй байсан. Би гэрийнхээ өрхийг хойшлуулчихаад унтахаар хэвтсэн. Унтаад удаагүй байхад гэнэт толгой эргээд, дүүрээд, гэдэс хүчтэй базлаад явчихсан. Босоод гарах гээд алхаж байтал дөрвөн мөч мэдээгүй болоод, хаалгаар гараад л ухаан алдаад унасан. Нэг сэрсэн чинь гэрийнхээ довжоон дээр хэвтэж байсан. Хэр удаан ухаангүй байснаа мэдэхгүй байна.

-Ээж, дүүгээ угаартсаныг хэзээ мэдсэн юм бэ?

-Гэнэт сэрээд гэртээ орсон. Ухаан балартаад, толгой эргээд сонин болсон. Тэгээд ор руугаа явж байтал ээжийн цаад талд унтаж байсан дүү минь сонин дуугараад байсан. Гэрлээ асуугаад гүйгээд очтол амнаас нь цагаан хөөс сахраад таталт өгсөн байдалтай байсан. Тэгээд ээжийг дуудаад “Ээж ээ, дүү татаад байна” гээд хашхирсан чинь сэрээгүй, бие нь хөрчихсөн байсан. Гар утсаараа ах руугаа залгаад, хүмүүс дуудсан. Тэгээд л юу болсныг санахгүй байна. Тэр үед дүү маань бага зэргийн ухаантай байх шиг байсан. Ах, дүү нар маань ирээд, түргэн, цагдаа дуудахыг мэдээд байх шиг байсан.

-Танайх өмнө нь өрхөө бүтээдэг байсан уу?

-Үгүй ээ. Ээж маань угаартана, эрсдэлтэй гэдгийг мэддэг байсан. Би уг нь өрхөө бүтээчихсэн байхаар нь хойшлуулсан шүү дээ. Тэр үед ээж угаартаж байсан юм шиг байна лээ. Хурхираад байна гэсэн чинь угаартаж байсан юм шиг. Бусад зүйлсийг сайн мэдэхгүй байна.

-Утаа мэдрэгч байдаг уу?  

-Тийм ээ, байдаг. дулаан орчихсон болохоор нь салгачихсан байсан.

19 настай хүү ч бас угаартаж, эмнэлэгт эмчилгээ хийлгэжээ. Шүүх шинжилгээнийхэн ээжийнх нь цогцост задлан хийсэн байна. Дүгнэлт нь 21 хоногийн дараа гарах ажээ. Мөн түлсэн түлшнээс нь дээж авч шинжилж байгаа гэнэ. талийгаачийн гэрийн зуухнаас асаагүй гурван шиг бондгор гүүрс гарган авчээ.

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙНХАН БОРЛУУЛАХ ЦЭГЭЭС ҮЛДЭГДЭЛ ТҮЛШЭЭ БУЦААН ТАТАЖ ЭХЭЛЖЭЭ

Угаартсан айлуудын авсан нүүрс нь өнгөрсөн дөрөв, тавдугаар сард авчээ. Тэд гэрийнхээ ойролцоох цэгээс худалдан авсан бөгөөд “Тавантолгой түлш” ХХК-ийнхан үлдэгдэл сайжруулсан түлшээ буцаан татаж эхэлсэн байна. Бид угаартсан айлуудын нүүрсээ авсан цэгүүдээс мэдээлэл авахаар очиход хаалттай, зарим нь хоосон, зарах нүүрсгүй байсан юм.

Иргэдийн хордсон нүүрс БНХАУ-аас оруулж ирсэн нүүрс байх магадлалтай ажээ. Үүнийг холбогдох албаныхан шалгаж байна.

 ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ТӨВ ДАРГА ЭНХ-ОД: УГААРЫН ХИЙНД ХОРДСОН ОЛОН ХҮН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА

      Эндээс бид Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрыг зорилоо.

Бид энэ хугацаанд Цэргийн төв эмнэлгийн дарга Б.Энх-Од руу холбогдоход “Ажлын цагаар ирж мэдээлэл аваарай. Олон хүн угаарын хийнд хордож, эмчлүүлж байгаа нь үнэн. Яг хэзээний өдрийн хордлогын тухай асууж байна вэ. Одоогийн байдлаар нэг хүн сэхээн амьдруулах тасагт байгаа” гэлээ...

 


Талийгаачдын ар гэр: Химийн хорт бодистой шахмал түлш байсан эсэхийг шалгуулах хүсэлтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 24
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 11:47:32
    яндангаа таглаад унтана гэж байхгүй дээ: Насаараа гэрт амьдарч байгаа иргэд өрхөө бүтээж болно. Гэхдээ яндангаа таглахгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 02:45:34
    Зочин: Хамаг үйлийн үр Хүрэлсүхэд ирэх байхаа хэдэн үеээрээ. Ерөнхийлөгч болоод ганц хийсэн гавтай юум нь энэ. Дарга нар паалантай жорлонд суудаг болохоор хүний амь нас тоох ч үгүй яааж идэж дуусгах талаар л бодно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-11 15:54:17
    Зочин: Яагаад яндангаа сугалаад өрхөө бүтээгээд байдаг юм бэ.Амь насанд аюултай гээд байнга анхааруулдаг биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 21:15:04
    Цог Чимэд: 2021онд ах дүүс нэг үеэл ахын эхнэр 4лээ угаартаад 1нь нас барж үеэл ах нь одоо явж чадахгүй байгаа энэ түлш маш хортой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 17:01:21
    Бах: Хүүк хужаад асар өртэй, юу гэнэ бүгдийг хийхээр баримт бичлэг гарын үсэг хужаад их бгаа , тэдэнд бөлдөгдүүлцэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 07:53:06
    Иргэн: Өмхий хужаа нараас хараат бус баймаар баына. Энэ хэдэн мал нь очоод мөнгө аваад улс юутаы хээтэй нь зараад байх юм энэ бузар урвагчдыг ул мөргүй зайлуулах цаг болдгоо болсоон . монголчууд аа сэрэхгүй бол булшлагдлаа сэр бос сэр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 05:53:32
    Зочин: Энэ одоо хэрээс хэтэрлээ.бид хэдүүлээ билээ.Нийт хичнээн хүн энэ сайжруулсан гэх хорны утаанд угаартаж үхэв.хичнээн их айл уй гашууд автаж хагацав.засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 03:05:42
    зочин: бүгд л хүмүүсийн буруугаас болсон болж байх шиг байна гэвч энэ нүүрсээ яаж сайжруулсан нь ойлгомжгүй байдаг юм нарийндаа хэлэхэд баяжуулсан нүүрсний үлдэгдэл митингээр хүхэр багасгах шохойн хольцтойгоор барьцалдуулан хийж байгаа гэдэг тайлбар өгдөг яаагаад хүнээ иргэдээ амьд явах эрүүл эрсдэлгүй байх эрхийг нь хангах үүргээ төр биелүүлэх үрэгтэй юм бол бүрэн коксоор хийхгүй нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа юм шиг юм хийчихээд иргэдээ хуурч гийгүүлчихсэн болж төрийн эрх мэдлийг зайдалж суудаг байнаа тарсан эхийг нүцгэн гаргалаа нэж огцордог жүжигчидийг одоо яахыг нь олон түмэн харж байгаа шүү малнуудаа монголдоо монгол хүн юм бүтээж амьдралаа болгох боломжийг нь дээрэмдэж ирчихээд хаа байсан тавин жилийн цаадах юмыг нам дагаж амьдардаг сонгуулийн балиашигуудаа цуглуулаад толгойг нь эргүүлж суугаа эрх мэдэлтнүүдийг хараад харамсамаар л юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 13:27:13
    Hhh: Orhoo buteedeg humuus zondoo bn humuus oorsdoo nudeeree haraagui bolhoor itgehgui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 13:24:41
    Zxx: Ene humuus itgehguilde omno ch ugor zondoo baisan humuus boroo orhoor gal ni bAgasaad irheer yandangaa awaad orhoo buteechdeg ym bnlee zondool tiim duudlaga der ochij bailaa . Odoo uls torjuuleed ybah bhdaaa zondoo ail sAijruulsan tulsh tulj bn tegwel bugdl ugaartaj uhneshdee tiim bish yag boroo orhoor iim tohioldol gardag ayulgui buren buten baidal aldagsanaas bolj bgaa. Dandaa hunees buruu nehej amidrahaa boliochdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 10:07:09
    Зангаа: Энэ Хvрэлсvх гэж поп пиздагийн бизнес ш дээ. Гар хелvvд нь явуулдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 09:54:37
    Зочин: Өрхөө бүтээдэг айл одоо байдаг юмуу арай л эргүү юу.Гэрийн эзэд өөрсдөө үхлээ дуудсан юм бишүү шахмал түлшинд буруу өгөх шаардлага байна уу?Одоо чинь залуу хөгшингүй үг дуулахгүй болсон цагт ХӨГШИДЫН ҮГИЙГ СОНСООД АВБАЛ ХЭДЭН Ч УДАА ҮХЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ БАЙХ ШҮҮ.Энэ хүмүсийн байцыг харахад ажилгүй л залхуу хүмүүс бололтой нүүрсний төрөл бүү хэл хөрзөн түлээд ч ӨРХӨӨ ТЭГШИЛЖ хонохгүй шүүдээ зүгээр монголчууд нэг хачин ЭРВАА болжээ цус ойртолт нь юм уу.ОДООНЫ залуучууд өдөржин унтаад ямар ч ажил хийхгүй утас мааждаг ажилтай ХЭГ ХЭГ ХӨХРӨӨЛ шөнөжин утас ухна,өдөржин унтана, бос гэж хэлбэл урдаас хэрэлдээд зодох шахна энэ тэгээд орчин үс үү ИЙМ Л ЭРВАА ТЭНЭГ ЗАЛУУСЫН ГАР ДЭЭР ЭХ ОРОН МААНЬ ҮЛДЭХ БОЛЖ БАЙНАДАА ЗҮГЭЭР Л ӨРХӨӨ ТЭГШИЛСЭН АЙЛ ШИГ ДҮР ЗУРАГ ХАРАГДАХ ЮМ МӨН Ч ЭРВАА БАЙНАДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 09:17:11
    Х: Өдийд өрхөө бүтээдэг тэнэг хүн бхгүй дээ? Бүх шатандаа хулгай худал авилгал нүүрлэсний гор! Засгын газар огцрох ёстой! Энэ түлш эхнээсээ л хортой бсан шүүдээ? Юу ч гнхэв?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 08:27:03
    Хэлэх үг алга: Яндангаа аваад өрхөө бүтээхээр өөр яах вэ дээ. Зөндөө хэлж анхааруулж байна. Энэ мэдээ ч гэсэн бас нэг анхааруулга. Яагаад ойлгодоггүй юм бэ? Харамсалтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 07:17:09
    Гю: Барьцалдуулагч гээд рор хужаагаас оруулж ирдэг таван толгойн нүүрсүү хужаа нүүрсүү сайн шхлгах хэрэгтэй үнэн зөвөөр шудрага бх хэрэгтэй шүү хуулийхаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 17:51:25
    дашцэрэн: тэнэг хүмүүс л яндангаа сугалж өрхөө татна даа яая ч гэхэв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 17:39:22
    Зочин: Шатаж бүх бодисоос угаарын хий гарна. Бүх бодис шүү. Өрхөө бүтээсэн байна цогноос уугина тэр угаар шууд үхнэ. сайн лабораториор шинжлүүлээд яах юм. Бүх бодис шатандаа Унгар гаргана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 17:07:39
    хөб: манайд яг үнэнээр нь найрлага бүтцийг нь шалгаад тодруулчих газар байхгүй ээ тэр үйлдвэрлэгчид инженерүүд нь зүгээр л гээд байдаг юм билээ ш дээ мэддэг ч юм уу үгүй ч юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 14:26:21
    Зочин: Сайжруулсан түлш гэж үлгэр зохиож ард түмнээ хордуулахаа болиочээ уншаад үзэхэд аймаар юм болсон бна ш дээ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 10:20:54
    шаабар: Энэ юу гэгч болоод байнаа. Дайн болсон юм шиг ийм олноороо хордож үхнэ гэж байж боломгүй гамшиг биш үү. Төр засаг, нөгөө ард түмэндээ хайртай УИХ-ын эрхэм гишүүд яагаад таг чимээгүй байнаа. Үндэсний гашуудал зарлах хэмжээнд хүрч л гэж харж байна. Энэ асуудлыг хариуцсан сайд нар Засгийн Газар ч огцрох хэмжээнд хүрчихсэн юм биш үү. Тайван цагт ийм олноороо угаартаж үхнэ гэдэг санаанд багтмааргүй эмгэнэл шүү. Бид яасан ноомой хүлцэнгүй хувиа бодсон бэотэгчид болж хувираа вэ . Гайтай УИХын гишүүд тоогоо нэмэж байхад, Үндсэн Хуулиа хөндөж байхад чимээгүй л өнгөрөөлөө. Одоо болсон юм биш үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 09:40:31
    иргэн: хятад түлшний гай төр засаг бүх зардлыг даах ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 09:38:49
    Зочин: Харамсалтай юм аа эзэнгүй төрийн эмгэнэл хохирсон хүмүүсрүү бурууг нь чихсээр л өнгөрөх байх даа хортой л байгаад байна даа шалгаж үнэн мөнийг тогтоох газар хүн алга даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 09:32:46
    Зочин: Энэ олон хүн хордоод, амь насаа алдаж байхад төр засгийн холбогдох байгууллагууд онцгой анхаарлаа хандуулаачээ. Яаралтай хурдан анхаарч, засч залруулахгүй бол дахиад хэчнээн ч хүн эрсдэх юм билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-08 09:19:01
    Иргэн : Хятад улсаас бэхжүүлэгч ээ авдаг Тэд яагаад зүгээр байгаад манай улсын иргэд хордоод байна Бэхжүүлэгч бодисыг хилээр орж ирэхэд нь тогтмол шалгалт шинжилгээгүй хийхгүй байна Төрийн ажил нэрийн доор р шаардлага хангахгүй бодис оруулж ирж байгааг анхаарах ёстой Чанартай сайн бодис нийлүүлэх сонирхолтой иргэд кампаниудад боломж олгох тал дээр анхаарах цаг нь болж ээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188