• Өнөөдөр 2024-04-28

Э.Буянхишигийн хүүхдүүд ээжийгээ санаж, хаалга онгойх бүрт өндөлзөн харуулдаж сууна

2020-10-29,   3206

Тэнүүн-огоо компанийн жолооч Э.Буянхишигийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна

Оройн ээлжээс буух гэж явсан автобусны жолооч тоормос нь ажиллахгүйн улмаас айлын хашаа мөргөж, жолооч нь хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гараад дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрчээ. Автобусны жолооч ажилтай, дөрвөн хүүхдийн ээж Э.Буянхишиг жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа ороод гуравхан хоногийн дараа ийн осолдсон байдаг. Гэтэл уг хэрэг одоо буух эзэн буцах хаяггүй дээрээ тулж, жолоочийн ар гэрийнхэн охиноо эрүүл саруул болгохын төлөө  өдөр, шөнөгүй эмнэлгийн үүд сахин цөхрөнгөө баран сууна.
 
“Тэнүүн-Огоо” компанид арав орчим жил ажиллаж, кондуктороос жолоочийг нь хүртэл хийсэн Э.Буянхишигийг осолд орсноос хойш дөрвөн сар гаруйн хугацаанд компанийнхан “Хэрэг шалгагдаж байгаа” гэх нэрийн дор чихээ бөглөн, хариуцлага хүлээхээс цааргалж байгаа юм. Иймд бид осол болсон газар дээрээс хэргийг нэхэн сурвалжилж, түүний хэвтэж буй эмнэлэг хийгээд “Тэнүүн-Огоо” компанийн байран дээр хүртэл очсон. Харамсалтай нь, компанийнхан энэ асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа билээ. Иймд бид цувралаар сурвалжилж, “Тэнүүн-Огоо” компаниас хариуцлага нэхэн, нийтийн тээврийн үйлчилгээнд идээ бээр болтлоо бугшсан засвар үйлчилгээний хууль бус, худал хуурмаг асуудлуудыг ч хөндөж буй. Энэ удаад бид ослын талаарх цуврал сурвалжилгаа Э.Буянхишигийн гэрээс бэлтгэлээ.
 
Хашааны үүд онгойлгон дотогш орохтой зэрэгцэн хүүхдүүд “Хэн бэ ээ” гэсээр ухасхийн үүд рүү гүйлдэн ирцгээв. Тэд ээжийгээ ороод ирэх нь хэмээн хүлээж байсан уу гэлтэй урам муутайхан буцаж эргэлээ. Б.Төрбат Э.Буянхишиг нар 2005 онд гэр бүл болж, Улаанбаатар хотод суурьшсан байна. Одоо тэдний хамгийн том охин нь 15 настай. Удаах хүү 10 түүний дараа дөрөв болон хоёр настай дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Залуу хосын амьдрал ид төвхнөж, хийж бүтээх насан дээрээ ийн харамсалтай осолд өртөөд байна. Ээжийгээ осолдоход нэг ой зургаан сартай, тэнтэр тунтархан алхаж байсан үр нь одоо хоёр ой хүрч нэг хуруугаа үзүүлээд “Би ийм настай” гээд гүйдэг болжээ. Энэ сарын 25-нд хоёр нас хүрсэн Т.Сондор охин “Халиунаа” хэмээн амандаа бувтнаж, эгчийгээ дуудах бөгөөд биднийг ороход “Аав өгсөн” хэмээн шулганаж, тоглож байсан хүүхэлдэйгээ үзүүлэв. Хажуугаар нь дөрвөн настай Т.Хангал хүү удирдлагатай машинаа үзүүлээд, “Удирдлагынх нь зайг агаа аваад гээчихсэн” хэмээн гомдоллох. Хоёр бяцхан үр нь ийн юухан ийнхэнд сатааран, ээжийгээ хаачсаныг ч мэдэхгүй, үүд онгойх бүрт ухасхийн, өндөлзөж суугаа. Харин юмны учир ойлгохтой болсон Хангай хүү дуугаа хураан ээжийгээ хүлээж байгаа нь илт байлаа. Бидний очиход хэдийнэ бүрий унасан байсан ч том охин Т.Халиунаа хичээлээсээ тарж ирээгүй байв.
 
Э.Буянхишигийн хүүхдүүдийг 70 гарсан ээж, аав нь асрах бөгөөд Б.Төрбат эхнэрийнхээ ээжийн хамт түүнийг дэргэдээс нь холдохгүй сахидаг. Харин хөдөөнөөс ирээд хоёр сар болсон хоёр хөгшин “Бид юугаа ч мэдэхгүй, хэдэн хүүхдүүдийг нь дааруулчихгүй, өлсгөчихгүй юм сан л гэж суухаас өөр чадах зүйлгүй юм. Хотод нүүрсийг нь түлж чадахгүй хэцүүхэн л байна. Охин өнөөдөр хөдөлмөрийн хичээл дээрээ багаараа ажиллах ёстой гээд оройтож ирнэ гэсэн. Бид чинь охиноо иртэл галаа түлж чаддаггүй ингээд байж байдаг юм” гэсээр жиндүүхэн сууж байлаа.
 
Биднийг ийн ярилцаж байхад том охин Халиун гаднаас орж ирлээ. Дүү нар нь эгчийнхээ өөд гүйж, өдөржин хийсэн зүйлсээ ам уралдан шулганан ярьж, тайлбарлана. Охин дүрэмт хувцсаа солингоо дүү нараа ээж шигээ эрхлүүлж,  галаа түлэхээр нүүрсээ бэлдэв.
Дөрвөн сар гаруй эмнэлэгт ухаангүй хэвтсэн ээжийгээ дөрвөн бяцхан хүүхэд нь “Удахгүй эрүүл, саруул гэртээ ирнэ” гэх горьдлого тээсээр хүлээж буй нь энэ. Өглөө нь “Ажилдаа яваад ирье” гээд инээгээд гарсан ээжийгээ танигдахааргүй болтлоо гэмтэж, хүүхдүүдтэйгээ ярьж инээж, хамт алхаж чадахгүй болно гэж тэд яахин төсөөлөх билээ. Тэд “Эмчилгээний зардалд тусалж, гадаад явуулах боломжтой болчихвол бусад нь ч яах вэ, болно” хэмээн биднийг эрүүл болгох юм шиг итгэсэн харцаар харж, гараа далласаар хоцорсон.
 
Энэ оны зургадугаар сарын 8-нд Чингэлтэй дүүргийн XIX хороо буюу Шадивлангийн эцэст осолдсон автобус “Тэнүүн-Огоо” компанийнх. Осол техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас гарсан гэдгийг эх сурвалжууд баталж байгаа.  Гэтэл тус компанийнхан хэргээс нэрээ цэвэрлэж, засварын инженерээ тас өмөөрөн хариуцлага хүлээхгүй хэмээн гэдийн суугаа. Харин үүнд хяналт тавих ёстой төрийн байгууллагууд нь  “Өглөө, өдөр, орой бүр бид нийтийн тээвэрт шалгалт хийдэг. Шалгалтаар жолооч нар иргэдээс бэлэн мөнгө авдаг зөрчил их илэрсэн. Бүх зүйл тусдаа хяналт, шалгалттай байдаг” гэхчилэн асуудлаас бултсан хариултаар ам таглаад сууж байх жишээтэй. Угтаа бол жолооч нар иргэдээс бэлэн мөнгө авч байгааг шалгана уу гэхээс жолооч нь ямар нөхцөлд, хэрхэн ажиллаж байгааг тэд мэддэг ч мэдэхгүй царайлдаг. Ингэж хэлэхийн учир ажлаа хийж яваад осолдсон жолооч эмэгтэй дөрвөн сар гаруй хугацаанд үхэлтэй тэмцэн эмнэлгийн орон дээр тарчилж байгааг хяналт тавьж буй байгууллагын хэн нь ч мэдэхгүй царайлсаар өнөөдрийг хүрч буй. Холбогдох нийслэл, дүүргийн удирдлагууд ч энэ асуудалд анхаарал хандуулахгүй байсаар өнөөдрийг хүрч байна. 

Э.Буянхишигийн хүүхдүүд ээжийгээ санаж, хаалга онгойх бүрт өндөлзөн харуулдаж сууна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-03 13:46:14
    Зочин: Тэнүүн огоо хүнээ хараач ээ босгооч эмчлүүлээч дэмжээч хариуцлагаа хүлээгээч хүн чанар ,ёс зүйгээ ухамсарлаачээ үйлийн үр чинь ирнэ штээ тэнүүн огоочуудаа Ганхуягаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-01 03:32:35
    Mendee: Evii eejee hvleegeed hvvhedvvd...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-31 22:23:23
    Bolormaa: Araichdee negen ger bvl xaramsltai bolooshdee ene tenvvn owoog shvvhed ogoochje hvmvvsee g
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-31 21:30:47
    moogii: eo zvrh shimshreed hetsvv ymaa ene 4n bytshan zvrhiig orowdohgvi bgam bhdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-31 20:00:41
    Мөнх: Тэнүүн огоог шүүхэд шилжүүлэх нь зүйтэй...хүнээ хаясан .. мөнгө харсан компани гэдгийг бүгд мэддэг болсон
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188