• Өнөөдөр 2026-10-19

ХҮҮХДҮҮД “CHAT GPT”-ТЭЙ ӨДӨРЖИН ЯРИЛЦАЖ, ГЭРИЙН ДААЛГАВРАА Ч ХИЙЛГЭДЭГ БОЛЛОО

2026-10-19,   113

 “Chat GPT”-ЭЭР ГЭРИЙН ДААЛГАВРАА ХИЙЛГЭДЭГ ХҮҮХДҮҮД НЭМЭГДЭЖ БАЙНА

       Хүүхдүүд гэрийн даалгавраа хийх гэж үзсэн хичээлүүдээ эргүүлж, тойруулж, нэг бодлогынхоо учрыг олох гэж багшийнхаа заасныг сэргээж давтдаг байлаа. Тэгээд бүр чадахгүй бол багшаасаа дахин лавлаж асууж байж учрыг нь олдог байсан бол “Chat GPT” гарснаас хойш хүүхдүүдийн бэлэнчлэх сэтгэлгээ нэмэгдэх болжээ. Тухайн бодлогыг бодох аргачлалаа бүрэн ойлгоогүй мөртлөө хариуг нь зөв гаргаад ирэх хүүдүүд олширч, мэдэхгүй, чадахгүй зүйлээ багшаасаа болон гэр бүлийнхнээсээ асуухаа больж зөвхөн “Chat GPT”-тэй харьцдаг болжээ. Түүнээс гадна сургуулийн насны хүүхдүүд  “Facebook”, “Youtube” гэх мэтийн сошиал сувгуудад гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрүүлдэг цагаасаа илүүг зарцуулж байна. Тэгээд бүр гэрийнхнээсээ асууж тодруулдаг, санал бодлоо хуваалцдаг, чин сэтгэлийн нандин зүйлээ ч “Chat GPT”-тэй хуваалцдаг болсноор аав, ээж нь үр хүүхдээ, үр хүүхдүүд нь аав, ээжийгээ “мартаж” эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сургуулийн насны хүүхдүүд эцэг, эхээ гар утсаар сольсонтой ялгаагүй цаг үед бид амьдарч байна.  Тэр дундаа өсвөр насныхан үерхэж, нөхөрлөж байгаа хүмүүсийнхээ тухай аав, ээж, ах, дүүдээ ярьж өгч байгаа юм шиг зан араншин, гадаад төрх, юу сонирхдог, юу идэж, уудаг, өөртэй нь яаж харилцдаг тухай бүгдийг нь нэгд нэгэнгүй бичиж байгаад “Би алийг нь сонговол зүгээр вэ” гээд “Chat GPT”-рүү зургийг нь явуулж байна гээд бод доо. Энэ нь гэр бүлийнхнээсээ илүү цахим платформд итгэж, найдаж бүр амьдралаа шийдүүлж байгаатай ялгаагүй.  Жил ирэх тусам хүүхдүүд цахимд донтож, гэр бүлийнхнээсээ өөрийгөө тусгаарлаж, зүрх сэтгэлээ “хааж” байна. Техник технологи, харилцаа холбоо хөгжихийн хэрээр хүний хэрэглээ, хандлага, сэтгэл зүй өөрчлөгдөх нь мэдээж. Хамгийн гол нь энэ бүхний цаана гэр бүл, найз нөхдийн халуун дулаан уур амьсгал, амьд харилцаа минут, секундээр үгүй болж байгаа нь харамсалтай. Цахим хөгжлийн дайнаас бид өөрсдийгөө болоод үр хүүхдүүдээ яаж амь халуун зүрх сэтгэлтэй нь, хайрлаж, дурлах, өрөвдөж, хамгаалах зүрх сэтгэл, нандин мэдрэмжтэй нь авч үлдэх вэ гэдэг асуудал болоод байна.

ХИМИЙН БАГШ Т.СОСОРБАРАМ: СУРАГЧИД “CHAT GPT”-Г АШИГЛАХ НЬ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭГ ӨДӨӨЖ, СУРГАЛТЫН ЧАНАРТ НӨЛӨӨЛЖ БАЙНА

      93 дугаар сургуулийн химийн багш Т.Сосорбарам “Миний хичээл дээр хүүхдүүд “Chat GPT” ашигладаг. Тухайлбал, химийн бодлого бодлоо гэхэд хариу нь зөв гардаг мөртлөө бодох аргачлал нь өөр байдаг. Тэгэхээр “Chat GPT”-ийн хэрэглээг хориглох хэцүү. Зарим эцэг, эхчүүд тус апплейкшнийг хэрэглэхийг дэмждэг. Тэгэхээр тус апплейкшнийг зөв ашиглаж, өөрийнхөө  ойлгохгүй байгаа зүйлээ асууж болно. Гэтэл хүүхдүүд Chat GPT яаж буулгасан тэр чигээр нь хуулаад ирдэг нь асуудалтай. Ингэснээр хүүхдүүд бэлэнчлэх сэтгэлгээтэй болж, сургалтын чанарт хүртэл сөргөөр нөлөөлж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалт болон бусад шалгалтууд дээр “Chat GPT” ашиглах боломжгүй шүү дээ. Тэгэхээр гэрийн даалгавраа өөрөө хийж сураагүй хүүхэд шалгалтууд дээрээ хангалтгүй дүн авна гэсэн үг” гэв.

СЭТГЭЛ СУДЛААЧ Б.ЗҮЧИ: “CHAT GPT”-ЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВАХ НЬ ТАНИХГҮЙ ХҮНЭЭР АМЬДАРЛЫНХАА ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГУУЛЖ БАЙГААТАЙ ЯЛГААГҮЙ

       Ашиглалтын зориулалттай “Chat GPT”-ээс сэтгэл зүйн зөвлөгөө авч байна гэдэг нь гудамжинд яваа танихгүй хүн дээр очоод амьдарлынхаа том шийдвэрүүд дээр туслалцаа авч байгаагаас ялгаагүй. “Chat GPT”-ээс найз залуу, нөхөр хайж байна уу, ганцаардлаа хуваалцах үүднээс бичиж байна уу гэдэг нь сэтгэл зүйч дээр очсноос ямар ч ялгаагүй үр дүн үзүүлж байна гэж ярих хүмүүс байдаг. Гэвч түүнд хэт хамааралтай болж, өдөрт ашиглах цаг нь нэмэгдэж, амьдралынхаа бүх сонголт, шийдвэрүүд дээр “AI”  ашиглах нь эрсдэл үүсч байна гэсэн үг. Ерөнхий зориулалттай “AI”  тухайн хүний хийсэн бүх зүйлийг дэмжээд байдаг.  “AI”-г яаж ашиглах вэ, ямар түвшинд ашиглах вэ гэдгийг эрүүл мэндийн тухай хуулинд оруулж өгөх хэрэгтэй болсон. Сэтгэл зүйч үйлчлүүлэгчдээ “AI” –г ашиглахыг санал болгож болох юм уу.  Санал болголоо гэхэд ямар хэмжээнд ашиглахыг санал болгох вэ гэдгийг хуулиар тодорхой болгох хэрэгтэй” гэв.


ХҮҮХДҮҮД “CHAT GPT”-ТЭЙ ӨДӨРЖИН ЯРИЛЦАЖ, ГЭРИЙН ДААЛГАВРАА Ч ХИЙЛГЭДЭГ БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188