Улсын баатар, Ардчилсан намыг үүсгэн байгуулагч Э.Бат-Үүл намынхаа гишүүдэд хөөгдөх цаг ирдэг юм байна. Цагтаа ардчиллын алтан хараацай гэгдэж, мандаж явсан тэрбээр саяхан намынхаа гишүүдэд зэмлүүлж, үгээ ч хэлж чадалгүй тайзан дээрээс хөөгдсөн. Өнөөдөр төв талбайгаас үсдүүлж, хөөгдөв. Ердөө 30 гаруй жилийн өмнө тэр Монголын олон мянган иргэнийг төв талбай дээр цуглуулж, коммунист дэглэмттэй МАН-ын эсрэг зоригтойгоор тэмцэж байлаа. Өөрийнхөө амь насыг зольж, бусдын эрх чөлөөний төлөө тэр олон мянган хүмүүсийн хүсэл зориг нь болж чадсан. Ардчилсан хувьсгалыг манлайлан эхлүүлж, олон дарга нарыг ажлаас нь буулгаж, эрх чөлөөт нийгмийг монголд авчирсан байдаг. Түүн шиг зоригтон Ардчилсан намд байгаагүй. Түүний үгийг олон мянган иргэд сонсдог, даган мөрддөг, бүр эсрэг намынхан нь айж, эмээдэг цаг үед саяхных. Өөрөөр хэлбэл, тэр ардчилсан намын туг, бэлгэ тэмдэг нь байв. Гэтэл өнөөдөр цаг үе өөрөөр эргэжээ.
“Э.БАТ-ҮҮЛ ЧИ ЗАЙЛ”
Э.Бат-Үүл өнгөрсөн сарын эхээр болсон Ардчилсан намын бага хурлын үеэр буюу Ц.Тувааны гэгдэх талаас зохион байгуулсан намын даргын сонгуульд олонхын санал авч, ялалт байгуулсан О.Цогтгэрэлийг намын даргаар батламжлах үеэр нийслэлийн Ардчилсан намыг төлөөлж үг хэлэх гэж байгаад хөөгдөж байв. Тэрбээр “Манай нам коммунист нам биш биз дээ. Манай нам ардчилсан нам биз. Би намын гишүүний ёсоор үгээ хэлнэ. Би нийслэлийн намын даргынхаа хувиар үгээ хэлнэ. Эхлээд миний үгийг сонсочих. Та нар над шиг ингээд үгээ хэлэх эр зоригтой хүнийг эхлээд сонсчих" гэсэн ч түүний үгийг сонсох нэг ч гишүүн байсангүй. Ардчилсан намын гишүүд “Бат-Үүл энд юу хийж байгаа юм бэ. Чи эндээс зайл. Манай нам чамд ямар өртэй юм бэ. Одоо чиний үгийг сонсохгүй. Наанаасаа буу” гээд л орилолдох. Бүр тайзан дээр үгээ хэлэх гэж байхад нь дуу өсгөгчөө чангалсан юм.
Аргаа барсан улсын баатар гунигтайхан тайзнаас бууж байгаа харагдана лээ.
Тэрбээр ингэж хөөгдөнө гэж хэзээ ч төсөөлж, тооцоолж байгаагүй байх. Олон удаагийн хүнд хэцүү хурал, заал танхимд байгаа хүмүүсийг санаа бодлыг эргүүлж чадаж байсан. Тиймээс тэгнэ гэж бодоод л гарсан биз. Харамсалтай нь, тэр хөөгдөөд, хэн ч биш болоод л буулаа. Магадгүй 30 жилийн өмнө тэр ийм хэцүү ардчилсан эрх чөлөөт замыг сонгож байгаа гэдгээ ухаарч мэдэлгүй, улайран тэмцэлдэж байсан байх.
Тэгвэл өнөөдөр төв талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ-ын 13 гишүүнтэй уулзаж, санал солилцохоор очсон Э.Бат-Үүл мөн л иргэдэд хөөгдөж, бүр үсдүүлээд төв талбайгаас буцав. Буцахдаа тэр гомдолтойгоор "Ардчиллын төлөө тэмцэж байгаа гишүүдээ дэмжих гэж л ирлээ. Эв санааны нэгдлээ илэрхийлэх гэлээ. Ардчилсан намынхан хүний үгийг сонсдог. Гэтэл ийм ардчилсан үзэлтнүүд гэж юу байсан юм. Хэзээ ийм ардчилагчид байсан юм. Ногоон малгайтнуудаас дор, коммунист, фашист юмуу хаашаа юм. Ийм байдалд хүргэсэн хүн нь У.Хүрэлсүх. Өнөөдөр хөл хориог сулруулсан учир би энд ирлээ. Баахан согтуу, хөлчүү хүмүүс авч ирээд Ардчилсан намыг айлгана гэж бодоод байгаа юм уу. Би Ардын намын дарангуйллын эсрэг ардчиллаа дэмжих гэж ирлээ, коммунистуудаа" гэсэн юм
АРДЧИЛСАН НАМ АРД ТҮМЭНД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙЛАА
Зарим нь “Монголын ардчиллыг Э.Бат-Үүлээс салгаж тайлбарлаж болохгүй байлтай. Монгол Улсад ардчилсан хувьсгалын үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан Улсын баатар цолоор өргөмжилсөн. Ардчилсан намын анхдагч, ардчиллын төлөө тэмцэгч түүнийг намынхаа гишүүдэд гадуурхагдана чинээ зүүдлээ ч үгүй явлаа.
Хоёр тийшээ харж, учраа олохоо больсон намын гишүүд нь үүсгэн байгуулагчаа дагавар хүүхэд аятай гадуурхаж, түүний хэрэг огтоос байхгүй мэт авирлаж байгаа нь үнэнд нийцэхгүй нь. Түүгээр ч зогсохгүй залуу гишүүд нь “Ардчилсан нам үүсгэн байгуулагчдаасаа салах цаг болсон” гэгчлэн 30 жилийнхээ түүхийг үгүйсгэж байна” хэмээн өмөөрч байгаа харагдана.
Харин нөгөө хэсэг нь “Э.Бат-Үүл тэлээ хурга шиг хоёр талд гүйсэн. С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нар намынхаа эрх ашгийн умартаж, эрх баригч талд үйлчилж байна. Тэдэн шиг урвагч монголын ардчилалд хэрэггүй” хэмээн хоёр талцаж орхижээ. Үүнийгээ Э.Бат-Үүл дарга “Би уг нь хоёр талыг эвлэрүүлэх гээд байгаа юм шүү дээ” хэмээн тайлбарласан ч хэн нь ч түүнийг үгэн чинээ тоосонгүй. Ардчилсан намынхан Э.Бат-Үүлийг хөөснөөрөө муухай харагдаж байна лээ. Хэзээ нэгэн цагт дараагийн залуус гарч ирээд дахиад л одооны лидерүүдээ хөөх эхлэл тавигдчихлаа.
“Ардчилсан нам бол Э.Бат-Үүл, Э.Бат-Үүл бол ардчилсан нам юм. Гэтэл намын хагарал, дотоод тэмцэл туйлдаа хүрч, Улсын баатрыг хүртэл намаас нь салгаж орхилоо” гэх хошин яриа ч түгсэн байна. Ийн Ардчилсан намынхан үүсгэн байгуулагч, ахмад гишүүдээ үл тоох болсон нь дотоод хагарал туйлдаа хүрсний илрэл үү, эсвэл нам дотор үнэхээр ахмад гишүүд нь намаасаа нүүр буруулсан уу гэдэг нь одоог хүртэл маргаантай байна. Ардчилсан намын үүсгэн байгуулагч Э.Бат-Үүлийг сүүлийн үед сайнаасаа илүү саар нэр дагах болсон.
Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөхөд оролцсон байж болзошгүй хэмээн сүүлийн 20 орчим жил хардуулж, сэрдүүлж байгаа түүний талаарх шинэ баримтыг Т.Хүрэлбат зарлачихсан. Өөрөөр хэлбэл, хэргийн газраас түүний малгай олдсон нь энэ хэрэгт холбогдох гол үндэслэл болсон бөгөөд Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатын энэ талаар “Э.Бат-Үүл гэдэг хүнийг 1986 оны Эрүүгийн байцаан хэрэг шийтгэх тухай хуульд заасан үндэслэлээр "Э.Бат-Үүл санаатайгаар улс төрийн аллага хийсэн" гэдэг зүйлчлэлээр хэрэгт татсан байдаг. Үүнээс хойш Булганыг 10 сар хориод сулласан. Хангалттай нотлох баримт алга гэж үзсэн. Ганхуягийг мөн найман сар хорьж, гаргасан. Үүний дараа Нийслэлийн хяналтын прокурор Батжаргал "Э.Бат-Үүл нь энэ хэргийг зохион байгуулсан гэх нотлох баримт байхгүй байна" гэх үндэслэлээр яллагдагчаар татах бичгийг үндэслэлгүй болгосон” хэмээн мэдэгдсэн юм.

Үүнээс гадна тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа юм. Цагтаа ардчиллын алтан хараацай хэмээн олноо хүндлэгдэж явсан Улсын баатар Э.Бат-Үүл нам ч үгүй, баатар ч үгүй болж байх шиг. Эсрэгээрээ үнэт зүйлээ алдсан Ардчилсан нам лидер ч үгүй, хүндлэл ч үгүй болж байх шиг.
Э.Бат-Үүл Ардчилсан намынхандаа үсдүүлж, хөөгдөөд төв талбайгаас гунигтайхан буцахыг хараад... |
|