• Өнөөдөр 2024-05-08

Ерөнхийлөгч болгочих жаатай эмэгтэй үнэндээ алга

2020-11-11,   623

Эмэгтэй Ерөнхийлөгчтэй болбол гэхээр өнөө “нойр” Д.Оюунхорол, “бохь” Н.Амарзаяа, “Капитал” Б.Ундармаа, “хээ” П.Анужин, “боорцог” М.Оюунчимэг, “бүх юм” Л.Эрдэнэчимэг, “дотоож” Б.Баярсайхан, “Сөүл” Д.Өнөрболор нараар төсөөлүүзэй. 

“Наадмын дараа намар” гэдэг шиг оны дараа Ерөнхийлөгчийн сонгуультай. Сонгууль угтсан кампанит ажлууд шат шатандаа хэдийнэ эхэлж, горьлогсод нь хормойгоо шууж байгаа сурагтай. Ялангуяа сүүлийн өдрүүдэд тэр намаас энэ нэр дэвшинэ, энэ намаас тэр нэр дэвшинэ гэх бор шувууд “нисэлдэж”, тэр л ерөнхийлөгч болох боломжтой гэх таамгууд хаа сайгүй хийсэх боллоо. 
 
Хэдхэн хоногийн өмнө АНУ дэлхий нийтийн анхаарлын төвд Ерөнхийлөгчийн сонгуулиа хийсэн. Түүхэндээ анх удаа эмэгтэй дэд Ерөнхийлөгчтэй боллоо. Олон улсын хэвлэлүүд цөм л америкчууд чухал, зөв сонголт хийснийг онцлож байна. Үүнээс ч болсон уу, яасан, сүүлийн үед манай улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй байх боломжтой юу гэж бодогдоод байх боллоо. 

Германы Канцлер Ангела Меркель, Аргентиний Ерөнхийлөгч асан Кристина Киршнер, Бразилын Ерөнхийлөгч асан Дильма Русеф, Вьетнамын дэд Ерөнхийлөгч асан Данг Тхи Нгок Тхинь, Сингапурын Ерөнхийлөгч Халима Якоб, Америкийн дэд Ерөнхийлөгч Камара Харрис гээд одоо байгаа, өмнө нь байсан эмэгтэй  удирдагч, ерөнхийлөгч олныг нэрлэж болж байна. Үсрэнгүй хөгжлийн шатанд яваа орнууд эмэгтэй хүнээр удирдуулах нэг төрлийн “моод” дэлгэрчихсэн юм уу гэмээр. Эмэгтэй хүн л улсын хөгжлийн нууцыг мэдээд байгаа, эсвэл эмэгтэй хүн л удирдвал хөгжөөд байна гэсэн судалгаа, нотолгоо байхгүй л дээ. Гэхдээ л тэдэнд хөгжүүлэх нэг тийм эрчим хүч байгаад байх шиг. Олон улсад ч тэрийг нь олж хараад сонгоод, томилоод байх шиг. 

Харин Монголын түүхээс сөхөж харвал Добу мэргэний хатан Алунгуа, Чингис хааны ээж Өүлэн, хатан Бөртэ үжин, Тулуйн хатан Сорхугтани бэхи, Өгөдэйн хатан Дөргэнэ, Галданбошигт хааны хатан Ану, Батмөнх даяан хааны хатан Мандухай, Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамц зэрэг хатад тун ухаалаг төдийгүй, төрийн хэрэгт ихээхэн оролцоотой байж ирсэн түүх бий. Тэд оролцсоноор төр нь зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчмыг тэнцвэржүүлж ирсэн байдаг. Тиймээс ч хатан ухаан гэх үг бий болсон биз ээ. 
 
Тэднээс Монголын төрийг удирдсан анхны эмэгтэй гэх тодотголтой нь Дөргэнэ хатан. Их Монгол Улсын хаан Өгөдэй насан эцэслэсний дараа түүний хатан Дөргэнэ 1242-1246 онд Их Монгол Улсыг удирдсан бөгөөд хаан суудлын төлөөх тэмцэл, ноёдын хагарал бутралыг хамжааргалсан гавьяатай гэдэг. Удаах нь Мандухай цэцэн хатан. XIV-XV зуунд монгол төр ганхаж, хаан ширээний төлөөх тэмцэл ид өрнөж байхад долоохон настай Батмөнхийг хаанд өргөмжилж хурцадмал байдлыг намжаасан. Гэвч Батмөнх даян хааны нас хэтэрхий бага тул төрийн ажлыг түүний хатан 22 настай Мандухай гурван жил гүйцэтгэж байлаа.

Харин өнөөдрийн улс төрд байгаа эмэгтэйчүүдээс Ерөнхийлөгч болох жаатай, жавхаатай, ухаантай эмэгтэй байна уу. 

2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Удвал нэр дэвшсэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн анхны эмэгтэй болж байв. Тэрбээр нийт саналын 6.5 хувийг авч байлаа. Харин өнгөрсөн 2017 оны сонгуулиар эмэгтэй нэр дэвшигч байгаагүй, бүр эхнээсээ магадлал дунд нэрс ч дурсагдаагүй. 
Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн эмэгтэй нэр дэвшигч байхгүй нь бололтой. 
МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэж таван хүнийг нэрлэсэн. Тэд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Батболд нар. Харин хоёрдогч хүчин АН-аас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр л яригдаж буй гэх. Угаасаа эрх баригч МАН-д ч, АН-д ч тэднээс өөр ялах магадлалтай, лидер гэгдэх хүн одоогоор байхгүй. Хагас жил гаруйн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө гарч ирэх ч үгүй нь ойлгомжтой. Тиймдээ ч чансаа хамгийн өндөртэй яваагаа нэр дэвшүүлэх нь МАН-ын ч, АН-ын ч зөв. Өө хэлсэн хүнд бол сонголтгүй сонголтыг ард түмэнд өгч байна гэмээр. Өөрөөр хэлбэл, тэд бол улс төрд “моод”-ноос гарч буй адил намтартай хуучин дүрүүд. Хэн нь ч нэр дэвшсэн жаран чавганц уралдахад нэг нь түрүүлэхтэй адил гэж болмоор. 
 
Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалан өөр нэг хувилбар цухуйлгасан нь “Ерөнхийлөгчид өрсөлдөх боломжтой эмэгтэй нэр дэвшигч ч байна” гэсэн өгүүлбэр байлаа. Магадлалаар МАН-д хамгийн нэртэй яваа нь Д.Сарангэрэл сайд гэх. 
Гэхдээ МАН шууд бууж өгч, цагаан туг өргөх гээгүй л бол түүнийг нэр дэвшүүлэх нь юу л бол. Корона дотроо илрээгүй байхад Ерөнхийлөгчийн сонгууль болсон бол ч бас хэдэн санал нь юуны магад.
Ингээд харвал Ерөнхийлөгч болох бүү хэл, намдаа дээгүүрт орох эмэгтэй лидер ч алга. Уг нь 2012 оны сонгуулийн үеэс жендерийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал яригдаж, үр дүнд нь УИХ-ын 76 гишүүний 20 хүртэлх нь эмэгтэй байх болсон. Гэвч тэд төрд орсноороо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж чадав уу, хүүхдийн хүчирхийллийг зогсоож чадав уу, зөвд зөөлөн, бурууд хатуу гэх өнөөх хатан ухааныг сийлж чадав уу гэхээр чадаагүй байна. Эсэргээрээ хэл ам нь арай хөгжсөн нь архины савлагаа, дээлийн хээ мэтхэн ярьж, жаахан сандруу нь экспорт, импортоо ойлгохгүй аятай түгдчих нь улс төр дэх эмэгтэйчүүдийн нэр хүндийг унагасаар...
 
Хэзээ улс төрд байгаа эмэгтэйчүүдийнхээ хатан ухааныг харах юм бол доо, монголчууд. 
 

Ерөнхийлөгч болгочих жаатай эмэгтэй үнэндээ алга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-12 02:41:14
    зочин: Дөргөнө төр самарсан юм шүү дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188