• Өнөөдөр 2024-04-26

Төрийн түшээд тойргууд руугаа тарж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг “сурталдаж” эхэллээ

2022-06-25,   559

-ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨЛТИЙГ “СУРТАЛДАХ" ДААЛГАВАРТАЙ ТӨРИЙН ТҮШЭЭД ТОМ ЖИЙП ХӨЛӨГЛӨН ТОЙРГУУД РУУГАА ТАРЦГААЖ, ТӨРИЙН ОРДОН ЭЗГҮЙРЧ, ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ “ГУУЛЬ” БОЛОВ-
 
       Өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүнсний дэлгүүрүүд дэх өрийн хар дэвтэр боть мэт зузаарч, өр зээлээр л өдрийн хоолоо аргацаадаг болцгоолоо. Хил гааль үе үе хаагдаж, хэт өөдрөгөөр төсөөлсөн төсвийн орлого тасалдаж, халдварт тахлын дараах хямрал, ам.долларын ханшийн өсөлт аж ахуйн нэгжүүдийг хаалгыг “лацдаж”, ажилгүйдэл, ядуурал хавтгайрлаа. 
 
      Ард түмний амьдрал ингэж дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байхад Ардын намынхан харин өөрсдийн ашиг сонирхлоо л өмнөө тавив. Тэд Үндсэн хуульд дахин гар хүрэх санаархлаа сэм сэмхэн цухалзуулж ирсэн. Тэгвэл Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн давхцалаар далимдуулж, Үндсэн хуулийг өөрчлөхөөр ханцуй шууцгаалаа. 
 
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” тогтоолыг баталсан. Тогтоолд тусгагдсаны дагуу төрийн түшээд өнгөрөгч бямба гарагаас ирэх ням гараг хүртэл буюу долоо хоногт тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзах томилолт өвөртөлцгөөж, төрийн ордон эзгүйрэв. Товчхондоо, эрх баригч МАН-ынхан төрийн түшээдээ тойрог бүр рүү нь тарааж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй тухайгаа танилцуулж, олон нийтийн санаа бодлыг долоо хоног сонссон дүр үзүүлээд,  хуулийн төслөө хурдхан оруулж ирэхээр шулуудав бололтой. 
 
Ингээд, өөрсдөдөө томилолт цохсон төрийн түшээд өнгөрөгч амралтын өдрүүдээр тойрог руугаа том жийп хөлөглөн хөдөлцгөөсөн. Халдварт тахлаар түрий барьж, хоёр жил гаруй тойргийнхондоо үзэгдээгүй тэднийг сонгогчид нь сүү, хадагтай тосох нь халаг хүндлэн угтацгаав. Арга ч үгүй биз, сайн, сайхан амьдруулах амлалтууд өгч, саналыг нь сонгогдчихоод сураггүй алга болцгоосон түшээд ашгүй нэг яваад очихоор ард иргэд баярлах нь зүй. 

Харамсалтай нь, тойрогтоо очсон төрийн түшээд том гэгчийн хулдаасан самбар, лед дэлгэц өлгөж, өөрсдөдөө хүндэтгэлийн том тайз засаж, өнгөрсөн хугацаанд төсвөөс тойрогтоо хэдэн төгрөг суулгуулж чадсанаа л сайрхацгаах аж. Уг нь ард түмэн тэднээс хий хоосон хийрхэл, сайрхал биш үгүйлэгдэж байгаа төрийн бодлого буюу халдварт тахлын дараах хямралыг хэрхэн даван туулах, хүнс барааны үнийг өсөлтийг хэрхэн хазаарлах, ядуурлыг яаж бууруулах, ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлж, амьдралын түвшинг яаж дээшлүүлэх тухай сонсохыг хүсэж байгаа нь илт.  Гэвч тохиолоор тойрогтоо заларсан төрийн түшээд ард түмний сонсохыг хүссэн дээрх асуудал, агуулгууд дээр ам ч нээхгүй байгаа нь харагдана лээ.  

       Үнэн хэрэгтээ ч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний санаа бодлыг сонсох нэрээр “Үндсэн хуулийг өөрчлөх гарцаагүй шаардлага байна” гэж сурталдах “даалгавартай” очицгоосон хойно арга ч үгүй биз. Харин ч намаасаа томилолт өвөрлөж, тойрогтоо тохиож очсоноо далимдуулж “Хийсэн ажлууд маань энэ” гэж хий баахан өөрийгөө магтаад, дараагийн сонгууль болтол дахин зүглэхгүй байх “нүх”-ээ ухаж буй нь илт. 
 
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа л гэхэд тойргийнхоо буюу Ховд аймгийн Буянт сумын иргэдтэй уулзалт хийхдээ голын ширгэн дээр нүсэр том тайз засаж, дэргэд нь сүртэй гэгч хулдаасан самбар өлгөж, өөрөө хээтэй торгон дээл, товруутай алтан бүс зүүчихсэн, соёмбон хээтэй зандан ширээнд заларч харагдсан. Хурал гэхээсээ хэн нэгнийг хаан ширээнд залах ёслол маягтай харагдсаныг нуух юу. 
      Түүнчлэн, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хувьд тойргийнхоо уулзалтыг Төгрөг, Гучин-Ус сумдаас эхлүүлсэн. Тэрбээр уулзалтдаа СТА Б.Нямзагд, Б.Хандмаа, залуу дуучин Б.Гантөмөр нарыг дагуулж яваа бөгөөд уулзалтынхаа хажуугаар урлагийн тоглолтоор бэлэг барьж буй юм билээ. 
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал хоёр тойргийнхоо уулзалтыг өнгөрөгч амралтын өдрүүдэд Баруун-Урт хотод болсон “Эмэгтэйчүүд хамтдаа” ээлжит бус чуулганд оролцсож эхлүүлсэн. Сонирхуулахад, тус чуулганы дундуур УИХ-ын гишүүн асан С.Жавхлан ая дуугаа өргөж харагдсан.
     Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг асуудал нь, төрийн түшээд өөрсдийн баталсан Хэмнэлтийн тухай хуулиа “гууль” болгоцгоож харагдана. Жишээ нь, Үндсэн хуулийг өөрчлөх өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд 76-н тийш давхицгаахдаа хэдэн жийп хэрэглэж, хэдэн төгрөг зарцуулж, хэчнээн тайз засаж, хэдэн хулдаасан хэвлүүлсэн юм гэж асуумаар. 
 
Энэ мэтээр Ардын намынхан ард түмний амьдрал ахуйг дээшлүүлэх чиглэлээр огт ажиллацгаахгүй, ам ч ангайхгүй мөртөө Үндсэн хуулийг өөрчлөх замаар үлэмж эрх мэдэлд хүрэх өөрсдийн ашиг сонирхлоо биелүүлэхийн төлөө бол тойрог болгон руугаа тарцгаадаг ажээ. 
 

Төрийн түшээд тойргууд руугаа тарж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг “сурталдаж” эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188