• Өнөөдөр 2024-05-09

"Уйлуулдаг найруулагч", "Улсын тэргүүний уран сайханч" хоёрын Буриад зоныг бухимдуулсан балаг...

2021-07-19,   1595

        Урдаа барьдаг, "улсын тэргүүний уйлуулдаг" найруулагч Б.Баатар, "улсын тэргүүний уран сайханч" Г.Алтаншагай хоёр 45 мянган Буриад ястны уур, бухимдлыг ёстой л "буцалгав". Саяны наадамгүй "наадам"-ын, урт амралтын өдрүүдэд ганц "өрдөгдсөн" яриа нь сарлаг унасан, сархад хүртсэн гэмээр сагсалзуур, хүний эхнэрийн хормой сөхдөг хүүхэмсэг "Буриад"-ын тухай л байлаа. Сарлаг унасан нь ч, унуулсан нь ч, хүүхний хормой сөхсөн нь ч, сөхүүлсэн нь ч буруугаа хүлээхгүй урт тайлбар бичицгээж, Буриад зон бухимдалтай байсаар урт амралтыг дуусгалаа. Арга ч үгүй юм даа.

         Засгийн газар Улсын баяр наадмыг бүтэн жилээр хойшлуулсан ч "ёс уламжлалаа мартуулахгүй байх үүднээс" гэх сүржин нэрээр, энгийнээр бол ор хоосонгүй байх үүднээс баярын цахим концерт бэлтгэн нийтэд цацахаар болсон. Тус концертийг Ерөнхий сайдын эцэг нэгт ах, бөхчүүдээс хүртэл ботгон нулимс унагаж чаддагаараа нэрд гарсан "Херо" Б.Баатар найруулахаар болж, 850 сая төгрөг цохуулж "халааслаад", дуучин, бүжигчин, уран сайханч тэргүүтэй 1351 хүн дагуулаад Хүй долоон худагт очсон байдаг. Тэр тэнд 324 цаг ажиллаж, дуулж, хуурдаж, бүжиглэж, тулам булаалдаж буй дүрс авч авчраад, хүрэл баримлуудын график, хөдөө байгалийн дүрсээр нэмж хачирлаж, нэг цагийн концерт болгоод долдугаар сарын 11-нд нийтэд цацсан. Орчин үеийн өнгө аяс оруулах гэж оролдсон л болохоос биш нарийндаа бол өнгөрсөн жилийн нээлтийн концертийг энэ жил давтаад үзүүлчихсэн бол хавь илүү байсан гэмээр. Гэхдээ энэ ч яах вэ. Гол нь уг концерт цацагдсан энэ цагаас л бүх хэрүүл, бухимдал эхэлсэн дээ. 

Уг концерт дээр ястан болгоныг багтааж, өөр өөрсдийнх нь ёс уламжлал, дуу хуур, бүжиг, аж байдлын онцлогыг гаргах гэж оролдсон харагдсан. Б.Баатарын өөрийнх нь хэлснээр бол алдарт зураач Б.Шаравын "Монголын нэг өдөр" зургийн концелц гэх. Өөрөөр бол, Монголын 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутаг дээр нэг өдөрт ястан бүр яаж дуулж хуурдаж, аж төрдгийг бүгдийг багтаахыг зорьсон гэсэн санаа. Казак түмэн домбороо тоглож, баруун монголын Ойрад олон ястан бий биелэгээгээ биелж харагдав. Гэтэл яасан гэж санана. Буриад ястныг сарлаг унасан сагсуу залуугаар төлөөлүүлжээ. Тэгэхдээ бүр ходоог унаад шогшиж явсан хүний эхнэрийг өдөж хоргоож, хорхой хотыг нь сөхөж, татаж чангааж, тэвэрч авах гэж оролдож буйгаар дүрсэлж. Өнөөх "хүний эхнэр" нь ч яасан аальгүй, хоргоосон бүхэнд хандтай юм. Ийм байхад Буриад зон уурлахгүй, бухимдахгүй гээд яах билээ. 

Сарлаг унасан тухайд: 

       Буриадууд эртнээс Байгаль нуурын баруун, зүүн хаяа, Сэлэнгэ мөрний адаг, Тагна Тува, Енисей  мөрний эхээр нутаглаж ирсэн. Монголд үлдсэн Буриад ястнууд одоо Онон, Сэлэнгэ, Улзын шугуй даган нутаглаж буй. Байшин голдуу сууцад амьдарч, морь, адуу голчлон өсгөж, модоор бүхий л хэрэглээгээ дархлаж аж төрдөг ард түмэн. Гэтэд тэднийг Алтай, Хангай, Саяны тагаар, хүйтэн сэрүүнийг сорлон нутагладаг сарлаг унадаг байдлаар аж байдлыг нь гажуудуулан дүрсэлсэн нь маш том алдаа байсан. Баядууд эсвэл Мянгадууд бий биелэхгүй ёохор хатарвал ямар харагдах вэ, тэд цаа буга унаад шогшиж явбал ямар харагдах вэ. Үүнээс ялгаагүй аж байдал гажуудуулсан маш том алдаа. Ийм байхад Буриад зон уурлахгүй хэрхэх билээ. 

Хүний эхнэрийн хормой сөхсөн тухайд: 

       Эхнэрийн дээл өмссөн эмэгтэйг өнөөх сарлаг унасан сагзалзуур "Буриад" нь өдөж хоргоож, хормой хотыг нь сөхөж байгаагаар нийтэд үзүүлсэн нь маш том алдаа байв. Буриад ёсонд басгадууд буюу охидууд нь өөр дээл, хадамд гарсан эмэгтэйчүүд нь өөр дээл өмсөнө. Дээл, зүүсгэлээр нь хүний эхнэр эсэхийг нь төвөггүй мэдэж болдог. Тэр байтугай Буриад зон нийт 90 орчим отог овгоос бүрдэнэ. Тухай бүрдээ дээл хувцас нь ялгаа бий. Хэдий Буриад ястнууд дуулж, бүжиглэх дуртай ч ёсонд хатуу хүмүүс. Хүний эхнэрийг өдөж хоргоох, настан баавайг үл тоох зэрэг бол нэн түрүүнд ёсонд гажууд зүйл. Гэтэл ийм ёс жаягтай ястныг хүүхэмсэг дүрээр төлөөлүүлж, нийтэд Буриад ястнуудыг гаж буруу, хүүхэмсэг, хүний өөрийн ялгаагүй хормой хотыг нь сөхөж явдаг гэж харуулсан нь маш том алдаа байв. Тэрний оронд ходоог тэрэгтэй хос хайрын дуу дуулж, залуусаа цуглуулаад ёохороо хатарсан бол хавь илүү концерт болох байв. 

          Ийм илэрхий алдаа гарсан атал сарлаг унуулж, хүний эхнэрийн хормой сөхүүлсэн Б.Баатар, унасан, сөхсөн Г.Алтаншагай нар буруугаа хүлээсэнгүй. "Херо" Б.Баатар "Би өөрөө Хэнтийн Буриадууд дунд өсөж хүмүүжсэн, Төрийн соёрхолт Даши Намдаков, Дашийн Бямбасүрэн баавай, Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл зэрэг буриад зоны төлөөлөл эрхмүүд оролцсон тул Буриад зон олонд маш хүндэтгэлтэй ханддаг, тэдний соёл түүхийг мэддэг" гэж "даналзав. СТА Г.Алтаншагай "Гэхдээ би доромжиллоо гээд байгаа хүмүүстэй бол нанчилдахад бэлэн хөвүүн шүү. Би бахархаж дуулсан юм шүү. Юунд яг гомдоод байгааг ойлгосонгүй. Сарлаг дээр бол ёстой уучлаарай. Би ч дотроо бас бодож л байсан. Гэхдээ буриад хүн сарлаг унаж болохгүй гээд заагаагүй байлгүй дээ" хэмээн биеээ өмөөрч, буриадуудыг "ёжлов". "Буриад хүн сарлаг унаж болохгүй" гэж шүүмжлээгүй, харин "Буриад хүмүүст сарлаг унадаг ахуй байхгүй, байгаагүй атал байсан, байгаа мэтээр харуулсан нь өрөөсгөл" гэж шүүмжлээд байгааг мань эр ойлгоогүй л яваа бололтой. 

        "Төө урттай хутга түрүүндээ байнга авч явдаг" гэдэг явган яриа Буриад зоныг мөн ч зовоож ирсэн дээ. Тэр байтугай "Хуриман дээр хүргэнээ алдаг" гэнэ. Буриадуудыг цаг үргэлж л архиддаг, агсан согтуу тавьдаг, адаг сүүлдээ нэгнээ "бүлдэг" гэх ойлголтыг нийгэмд бий болгоход гол нөлөөтэй оролцсон хүмүүс бол урлагийнхан гэж хувьдаа боддог. Жүжиг, кино юу л байна, буриад гэхээр нэг нүдээ онийлгосон согтуу эр байж таарна. Нийтэд түгсэн энэ ойлголтыг халах гэж хөөрхий буриадууд дор бүрнээ л хичээж ирсэн юм. Гэтэл одоо "Сарлаг уначихаад сагсалзаж явдаг, хүний эхнэр эргүүлж, хормой хотыг нь сөхөж явдаг хүүхэмсэг эрчүүдтэй" гээд нийгэмд харуулчихлаа. Буриад ястнуудын бухимдаад байгаа шалтгаан ерөөсөө л энэ. Тэгээд бас дэлхий хавтгай болсон энэ цагт зөвхөн монголоор тогтохгүй л дээ. Алс америкад амьдардаг "шар толгойт" саяны наамдын концертийг үзвэл буриад ястнуудыг юу гэж бодох бол гэж сэтгэх ёстой байсан юм. 


"Уйлуулдаг найруулагч", "Улсын тэргүүний уран сайханч" хоёрын Буриад зоныг бухимдуулсан балаг...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-23 10:06:37
    Зочин: УРЛАГ СУДЛААЧ УРАНТОГОС ИНГЭЖ ХЭЛСЭН ДЭЭ .100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭГ ОЮУН ЭРДЭНЭ НЬ АХ БААТАРТАЙГАА НИЙЛЖ ЕСТОЙ САЙХАН ХИЙСЭН ГЭЭД АМАА ОЛОХГҮЙ МАГТААД , ХАРИН СОСОРБАРАМ, ГАЛИАРИД 2 ЫГ ГАЗАР ДООГУУР ОРТОЛ МУУЛСАН ДАА.МОНГОЛЫНХОО ЯС, УГСААГ ИНГЭЖ ДОРОМЖЛОХ ЭРХ АХ ДҮҮ БААТАР ,ОЮУН ЭРДЭНЭ ,УРЛАГ ГУТААГЧ УРАНТОГОСТ БАЙСАН Л ЮМ БАЙХДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-19 22:15:22
    Буриад хөвүүн: Алтанганай муу новш минь болгоомжтой яваарай ЗА. Чамтай нанчилданаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-19 20:01:51
    Батаа: Үгүй хө Я.Урантогос гэж нэг суут урлаг судлаач үүнийг чинь монголд хэзээ ч байгаагүй, асар мундаг тоглолт болсон гээд байна лээ шүү .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-19 16:31:54
    Buriad: Buriaduud 200k shuu.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188