• Өнөөдөр 2024-09-15

ТАНИЛЦ: Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ФРАКЦУУДЫГ ТӨЛӨӨЛЖ СУУХ 22 САЙД

2024-07-11,   293

        Улсын их баярын наадмын өмнө төр төлөөлж, хуулт тогтоох дээд байгууллагад суух 126 гишүүнээ сонгож, Засгийн газраа эмхлэн байгууллаа. УИХ-ын Анхдугаар чуулган тасралтгүй 22 цаг хуралдаж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ баталсан. УИХ-д олонхын суудал авсан гурван нам хамтарсан Засгийн газар байгуулж, сайд нар тамга тэмдгээ хүлээн авснаар төрийн үйл хэрэг тасралтгүй үргэлжлэх боломж бүрдлээ. Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг улираан томилж, танхимаа бүрдүүлсэн ч одоогийн төрд нөлөө бүхий фракцуудын төлөөлөл өөрийн хүмүүсээ “давхар дээл”-тэй сайдаар томилж амжсан. Ёстой л эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй энэ тэнцүү томилгоо байсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн судлаачид ярьж байна. Өмнөх Засгийн газарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн багаа авч орох гэж зүтгэж байсан бол энэ удаагийн томилгоон дээрээ фракцуудын эрх ашгийг хангахад түлхүү анхаарсан гэдгийг ч олон нийт онцолж байна. Тэр тусмаа төрийн гурван өндөрлөг, УИХ-д олонхын суудал авсан намууд Засгийн газрын томилгоон дээр санаа нэгдсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй биз.

    Засгийн газрын томилгоонд Ерөнхийлөгчийн нөлөө голлох байр суурьтай байсан гэгддэг. Мөн энэ удаагийн Засгийн газарт Ардчилсан намаас Ерөнхийлөгч ас асан, УИХ-ын Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ны фракцийн төлөөллөөс чамгүй олон  сайдын суудалд томилогдлоо. Засгийн газрын томилгоог бүхлээр нь харж үзвэл У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар дахин гар нийлж ажиллахаар болсон гэдэг нь тодорхой харагдаж байна.

Тэгвэл Засгийн газар нөлөө бүхий улс төрийн фракцуудын төлөөлөл болж суух 22 сайдын хэн нь хэн болохыг танилцуулж байна.

ТЭРГҮҮН ШАДАР САЙД Л.ГАНТӨМӨР

     Улс төрд хамгийн их гал дуудаж, дуулиантай орж ирсэн улстөрчдийн нэг нь АН-ын дарга Л.Гантөмөр. УИХ-ын сонгуульд намаасаа жагсаатын нэгдүгээрт бичигдсэн хэмээн олны шүүмжлэл хүртсэн тэрбээр гишүүн  болмогцоо намынхаа хамтарсан Засгийн газарт багтахыг хамгийн их шаардсан гэгддэг. Улмаар Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Л.Оюун-Эрдэнийн танхимд “давхар дээл”-тэй сайдаар сууж, тэгээд ч зогсохгүй намын даргаараа улиран томилогдсон. Нэг ёсондоо энэ дөрвөн жилдээ л АН-ыг атгандаа байлгах аргаа олж, айдгаа авдартаа хийсэн гэсэн үг. Арлын Японд долоон жил амьдарсан Лу.Гантөмөр 1999 оны эхээр Монголд ирсэн. Японд машины ченж хийж байсан тул овоо ч мөнгөтэй ирсэн нь мэдээж. Ирмэгцээ УИХ-ын гишүүн Да.Ганболдтой уулзаж, “Ирэх жил УИХ-ын гишүүн болмоор байна, та л надад тусал” гэж гуйжээ. Учир нь, урьд нь Да.Ганболдыг Японд очиход Лу.Гантөмөр тосож авч уулзаж учирдаг, дайлж цайлаад буцаадаг байсан тул аяганы хариу “нэхсэн” нь энэ байж. Нөгөө талаас, тухайн үеийн улс төрд МҮАН-ын Ц.Элбэгдорж, Да.Ганболд хоёр л оргил нь байлаа. Тухайн үед Ц.Элбэгдорж өөрийнхөө оронд зөвхөн Да.Ганболдыг Ерөнхий сайд болгох гэж долоон удаа нэр дэвшүүлж асан түүхийг бид 26 жил сонссон тул нурших илүүц биз. Товчхондоо, Да.Ганболдын хүчтэй, бяртай, ид байсан үе. Тиймдээ ч Лу.Гантөмөр Да.Ганболдыг бараадсан хэрэг.

     Ингээд Да.Ганболд Лу.Гантөмөрийн гишүүн болох гуйлтыг төвөггүй зөвшөөрч, нэн түрүүнд Сүхбаатар дүүргээс МҮАН-ын Бага хурлын гишүүн болгож, улмаар МҮАН-аас УИХ-ын гишүүн болгохоор бэлтгэл хангаж эхэлжээ. Гэвч 2000 оны сонгуулиар Лу.Гантөмөрийг УИХ-ын гишүүн болгох байтугай, Да.Ганболд өөрөө унасан түүхтэй.   2012 онд Лу.Гантөмөр Сүхбаатар дүүргээс УИХ-ын гишүүнээр гуравдахиа сонгогдож, улмаар Боловсролын сайдаар томилогдсон. Эл томилгооны “захиалагч” нь Ц.Элбэгдорж гэдэг. Ер нь ч Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байх үеийнх нь гол “пи-ар” нь “хүүхэд ба боловсрол” байсан. 2009 онд Ерөнхийлөгч болохдоо л хэрхэн 30 хүүхэд өргөж авч, өсгөсөн тухайгаа, хэрхэн Харвардын их сургуулийг төгссөн тухай ярьж, энэ хоёр сэдвээрээ гол “пи-ар”-аа хийж сонгогдсон. Тиймдээ ч тэр 2012 онд АН ялж, Засгийн газраа байгуулж эхэлмэгц Боловсролын яамыг, сайдаар нь Лу.Гантөмөрийг “захиалсан” гэдэг. Лу.Гантөмөр ч Боловсролын сайдын хувиар оюутан, залууст АН-ыг, тэр тусмаа Ц.Элбэгдоржийг “сурталдах” ажлыг гарамгай хийсэн гэдэг.

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН

       УИХ-ын сонгуульд XIII тойргоос МАН-ын хоёр нэр дэвшигч өрсөлдөгчгүй сонгогдсны нэг нь С.Амарсайхан. Тус тойргоос хоёр удаагийн сонгуульд ялалт байгуулж байгаа тэрбээр Л.Оюун-Эрдэнийн  Засгийн газарт хоёр дахь удаагаа Шадар сайдаар улиран томилогдож байгаа юм. Түүний хувьд Налайх дүүрэгт өсөж, АНУ-д боловсрол эзэмшсэн. Улмаар Шинжлэх ухаан, мэдээллийн төвийн ажилтнаас Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан гэх намтартай. НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож улс төрийн замналаа эхлүүлсэн тэрбээр нийслэл Засаг даргаас УИХ-д хоёр удаа сонгогдоод буй. Түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хүн гэдэг.

ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД

         МАН-ынхантай харцаараа ойлголцдог гэх Т.Доржханд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригч намын хаяанаас салсангүй. Түүнийг МАН-ынхантай гар барилцсан гэдгийг улстөрчид хүртэл чуулганы индэр дээрээс мэдэгдэж байсан удаатай. ХҮН энэ жилийн сонгуулиар парламентад суух суудлынхаа тоог нэмэхийн тулд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ынхны өгсөн даалгавар бүрийг нэг бүрчлэн биелүүлж, үлээх ёстой шүгэл бүрийг нь үлээсэн. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд нүүрсний хулгай, ногоон автобусны хэргийг тэрбээр гуравдагч сөрөг хүчний дүрд орж “сэвдэг” байсныг ард түмэн гадарлаж байгаа. Мөн тэрбээр эрх баригч намынхаа ах нарыг ах дүү, үр хүүхэд, хамаатан садныхаа бамбай болгож явсан. Түүний төрсөн ах Т.Лувсандорж нь нүүрсний бүлэглэлийн хамгийн том төлөөллийн нэг гэгддэг. Бас Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгч буюу “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар, түүний ах Б.Жаргалсайхан нартай халаас нэгтэй хамтрагчид гэх. Мөн түүний хүү Эрдэм Английн Кембрижийн Их сургуульд Эдийн засагч мэргэжлээр суралцахаар 33.454 ам.долларын зээл авсан. Д.Эрдэм Кембрижийн Их сургуулийг 2020 онд төгсөж, 2021 онд АНУ-ын Иелийн Их сургуульд магистр хамгаалсан. Улмаар 2022 оноос Лондонгийн “JP Morgan” компанид Хөрөнгө оруулалтын шинжээчээр ажиллаж байгаа ажээ. Харин Т.Доржханд өөрөө Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2013 онд АНУ руу явсан. Улмаар АНУ-ын Вашингтон хотод Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр 2015 он хүртэл хоёр жил гаруй ажилласан байдаг. Түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зүтгүүлсэн гэх нь ч бий.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

         Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт улиран томилогдож, Сангийн сайдаар хоёр дахь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахаар болсон хүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Жавхлан. УИХ-ын гурван удаа суух эрхээ өвөртлөөд байгаа тэрбээр Дархан-Уул аймгийн уугуул. Эдийн засагч мэргэжилтэй, АНУ-д боловсрол эзэмшсэн тэрбээр Монголбанканд мэргэжилтээр ажиллаж, тэргүүн дэд Ерөнхийлөгч болтлоо дэвшсэн намартай. Түүнийг цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээхэд Л.Оюун-Эрдэнэтэй баг болж хамтарч ажилласан гэдэг. Тиймдээ ч Сангийн сайдаар улираан томилсон хэмээн Саарал ордныхон жиг жуг гэлцэх болжээ.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ

      Өнгөрсөн парламентад хамгийн залуу гишүүн гэгдэж байсан Н.Учрал УИХ-д гурвантай сонгогдож, Засгийн газарт хоёр удаа сайдаар томилогдож байна. Ингэхдээ Засгийн газрын гол “гал тогоог” барих ЗГХЭГ-ын даргаар томилогдож, Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллахаар болсон. Өмнөх Засгийн гаазар ЦХХХ-ны сайдаар ажиллахдаа мэдээлэл технологийн салбарт чамгүй  их ажлыг амжуулсан хэмээн иргэд олон нийтээс өндөр үнэлгээ авсан.  Тухайлбал, төрийн үйл ажиллагааг цахимжуулах, E-mongolia флат формыг хөгжүүлэх ажлыг түүнийг гардаж хийсэн хэмээн итгэл хүлээлгээд буй. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа тэтгэврийн шинэчлэлийн асуудалд анхаарал хандуулж, эрх зүйн шинэчлэлийг хийхэд чамбай ажилласан гэгдэж буй. Улмаар Н.Учралыг Ерөнхийлөгчийн фракцаас улс төрийн дэмжэг үзүүлсэн гэдэг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН

      УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы хувьд даагаа нэхэж улс төрд орж ирсэн гэхэд буруудахгүй. Учир нь, У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллах хугацаанд цар тахлын үед амаржсан эхийг углааг, халадтай тээвэрлэсэн хэмээн улс төрийн хариуцлага хүлээж албан тушаалаас огцорч байлаа. Харин тэрбээр улс төрд эргэн ирэхдээ “давхар дээл”-тэй сайдаар томилогдож байна.

     2008 оноос хойш ГССҮТ-ийн их эмч, Мэс заслын тасгийн эрхлэгч, Ерөнхий захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал, “Ковид-19” халдварт тахлын эхний жил буюу 2020-2021 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж төрд орж ирсэн. 2021 оноос хойш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд хариуцсан зөвлөхөөр ажиллаж буй. Төр сууснаасаа хойш эрүүл мэндийн салбараас илүү хувийн бизнестээ анхаарч улс төр рүү зүтгэх болсон гэх хардлага ч олны дунд бий. Түүний хувьд барилгын салбарт хөлөө олчихсон бизнестэй нэгэн.

       Тодруулбал, Т.Мөнхсайханы аав Б.Тогтмол нь Засгийн газрын 38-р баазыг зах зээлийн дараа хувьчилж авч, улмаар “Хүчит шонхор” хүнс, махны зах болгосон. Одоо Т.Мөнхсайхан “Хүчит шонхор” зах буюу “Хүчит шонхор” ХХК-ийг эгч Т.Сайнхүүтэйгээ хамтран эзэмшдэг. Харин Т.Мөнхсайханы ах Т.Батмөнх нь 2022 он хүртэл НДЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, 2023 оноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж буй. Тэгвэл Т.Батмөнх нь “Батмөнх констракшн” ХХК-аараа Хан-Уул дүүргийн IV хороо, Яармагт “Happy apartment” хотхон, “Арцат апартмет” хотхон, “Арцат вилла” хаус хотхон, 16 давхар “Төгөлдөр” хотхоныг тус тус барьж худалдсан. Мөн Яармагт “Happy village” хаус хорооллыг барьж байгаа. Товчхондоо, гэр бүл, ах дүүгээрээ махны бизнесээс барилгын салбарт хүч үзэж байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН САЙД, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Э.ОДБАЯР

      Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр Засгийн газрын сайдаар томилогдож, Хяналт, үнэлгээний үндэсний хороог ахлахаар болоод буй.

    Түүнийг тэрний хүн гэх тун хэцүү. Учир нь намтарт нь урвалт олон бий. Тодруулбал, Э.Одбаяр С.Эрдэнийн хүү Э.Одбаяртай 10 жилийн нэг ангийн найзууд гэдэг. Тиймдээ ч Эрдэнийн Одбаяр Эрдэнэбилэгийн Одбаярыг аав С.Эрдэнэтэйгээ танилцуулж, АН-д оруулсан. Улмаар С.Эрдэнэ 2012-2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Э.Одбаярыг Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын даргаар ажиллуулж, дараа нь АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар томилж байв. Гэвч 2020 онд Э.Одбаяр Х.Баттулга, Ц.Туваан хоёрт урвасан. Үүнд нь С.Эрдэнийн хүү Э.Одбаяр уурсаж “урвагч цүнхчин” гэж сошиалд бичиж асан удаатай. Гэвч сүүлд Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход Э.Одбаяр түүнийг дагаж, хувийн зөвлөх, Ажлын албаны даргаар нь ажиллаж байгаад АН-ын генсекээр томилогдсон байдаг. Өдгөө АН-ыг хамтарсан Засгийн газарт багтаж ажиллуулах даалгавар эрх баригч намас авса гэх яриа ч олны дунд бий.

20 МИНУТЫН ХОТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Р.ЭРДЭНЭБҮРЭН

       Дундговь аймгийн уугуул. 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. Их сургуулиа төгсмөгцөө УИХ-ын гишүүн, “Эх орон” намын дарга, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж эхэлсэн. Улмаар 2004 оны сонгуулиар Б.Эрдэнэбатын дэмжлэгээр УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Цүнх барьсан туслахаас шууд тамга атгасан түшээ болох хувь төрийн түүхэнд Р.Эрдэнэбүрэнгээс өөр тийм ч олон хүнд тохиогоогүй байх. Дараа нь, 2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 онд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшсэн. Улмаар 2015 оны арванхоёрдугаар сард ажлаа өгч, оронд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх болж, 2016 оны УИХ-ын сонгуульд Дундговьтоо  нэр дэвшихээр бэлдэж эхэлсэн.

      Гэвч 2016 оны дөрөвдүгээр сард АТГ-аас Р.Эрдэнэбүрэнг баривчилсан. Тодруулбал, түүнийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэргээр ийн баривчилж байв. Үргэлжлүүлэн Р.Эрдэнэбүрэнг яллагдагчаар татаж, бусдаас авлигад авсан 1.0 тэрбум төгрөг төгрөгөөрөө Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Ривер гарден” хотхонд зургаан өрөө байр, хоёр автомашины зогсоол худалдаж авсан үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн. Гэвч 2018 онд шүүхээс Р.Эрдэнэбүрэн гэм буруугүй гэж үзэж сулласан байдаг.

     Бизнесийн тухайд, Р.Эрдэнэбүрэн “Гравити майнинг трейд” ХХК, “Сонголт дизайн” ХХК, “Тоска” ХХК-уудыг эзэмшдэг. Ноцтой нь, Р.Эрдэнэбүрэнгийн “Сонголт дизайн” ХХК, “Тоска” ХХК-ууд нь тендерийн мангасууд, тэр дундаа Дорноговь аймгийн барилгын тендерүүдийг “түүдэг” гэмтэй. Тухайлбал, “Сонголт дизайн” ХХК нь төрийн 100 тендерт, “Тоска” ХХК нь зургаан тендерт оролцсон байдаг.

БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА

       Түүний аав, ээж хоёр нь Ховдоос илгээлтээр Дарханд очиж суурьшсан түүхтэй бөгөөд Б.Тулга Дарханд төрж, өссөн нэгэн. Тэрбээр  2001 онд МУИС-ийг математикч мэргэжлээр төгсөж, төрөлх Дархандаа нэг жил багшилж, 2003 онд хотод орж ирмэгцээ МАХН-д элсэж, дараа жил нь Н.Энхбаярын цув, цүнхийг барьдаг, хар бор ажлыг нь нугалдаг, хаалгыг нь онгойлгож өгдөг шадар туслах нь болсон намтартай. Тэр цагаас хойш Б.Тулга нас, намтрынхаа 20 жилийг Н.Энхбаярын дэргэд элээж буй. Н.Энхбаярыг оймсоо гозолзуулан одоход, сэхээний өрөөнд салаавчтай хэвтэхэд, МАХН гэх хуучин бууриа сахиж ганцаардаж хоцроход, буцаад МАН-тай “дэр нэгтгэхэд” гээд бүхий л цаг хугацаанд хажуугаас нь холдохгүй хамт байсан. Тиймдээ ч Б.Тулга Н.Энхбаярын татаас, түлхээсээр Байгаль орчны дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдын сэнтийд заларч байв. Улмаар өнгөрсөн онд Боомтын сайдаар дахин засагт залагдсан бөгөөд Н.Энхбаярын фракцыг төлөөлж, Засагт улиран томилогдоод байгаа юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ

         Баянхонгор аймгийн уугуул, Дархан хотын 13 дугаар дунд сургуулийг төгсөж, МИУС-д олон улсын харилцаа, Санхүү эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн. Мөн Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг дүүргэсэн гэх намтартай нэгэн.

      “Мөнхийн үсэг” компанийн гэх тодголтой түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрд хөтлөн оруулсан гэгддэг. Тодруулбал, Ерөнхийлөгчийг 2010 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр томилогдож, улс төрийн замналаа эхлүүлсэн. Улмаар 2011 оноос Гадаад харилцааны яаманд хэлтсийн даргаар ажиллаж, дэд сайд болон дэвшиж, өдгөө Гадаад харилцааны сайдаар томлогдон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажилласан билээ.

      Түүний Мөнхийн үсэг ХХК сурагчдын сурах бичгийн тендерийн “түүхээс” гадна “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь сонгуулийн саналын хуудсыг хэвлэдэг цөөн хэдэн компаниудын нэг. Тус компанийг Гадаад харилцааны сайд Батмөнх Батцэцэг, түүний нөхөр Баярсайхан Ганболд, Довдон Ганбат, Батмөнх Сэргэлэн, Батмөнх Лхагвадорж нар эзэмшдэг. “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь мөн төрийн тендерүүдийг түүдэг толгой компани юм.

    Хамгийн ойрын жишээг татахад л “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь 2023 онд хамгийн өндөр үнэлгээтэй хоёр тендер буюу Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлэх 4.0 тэрбум, Тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлэх 5.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байгаа юм.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ

  Хуульч Оюунсайханы Алтангэрэл- Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. ШШГЕГ, Монголын өмгөөлөгчийн холбоо, “Легал консалтинг” хуулийн фирмийн захирал, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Шүүхийн ёс зүйн хорооны дарга гэх мэт алба хашиж байсан. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын үед хохирогчдыг өмгөөлж, дараа нь 2008 оны “7 сарын 1”-ий үймээний буудах тушаалын буруутан гэгдэж хоригдсон ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж салбартаа танигдсан. Үүндээ бардаж, 2016, 2020 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангайд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Энэ удаагийн сонгуульд I тойргоос хамгийн өндөр санал авч улмаар Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод байгаа юм.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН

         УИХ-ын гишүүн Ц.Туваан ааваараа Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул. Анагаах төгссөн, хүний их эмч мэргэжилтэй. 2008-2012 онд Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн туслах, зөвлөхөөр ажиллаж, төрд орох замаа зассан. Улмаар 2012-2014 онд ХХААХҮ-ийн сайдаар Х.Баттулга ажиллаж байх үед дэд сайдаар доор нь ажиллаж дотноссон. Дараа нь, 2015-2016 онд Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар нэг жил ажиллаад, 2017 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, намынхаа гал тогоонд ахлах тогоочоор гурван жил ажилласан. Ингээд 2020 онд УИХ-ын гишүүнээр Төв аймгаас сонгогдсон намтартай. Унаган хобби нь морь. 2004 оноос хойш хурдан морь уяж, 2014 онд Төв аймгийн алдарт уяач, 2024 онд Улсын алдарт уяач болсон. Улс төрийн хамтрагч нь Х.Баттулга юм.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ

      Ховд аймгийн Жаргалант сумын уугуул. Ах сургуульд байхдаа төрсөн дүүтэйгээ тоосго цохиж байсныг нь эс тооцвол амьдралынхаа туршид “Нью прогресс групп”-ын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд хийсэн товчхон, бас дардан намтартай нэгэн. Тодруулбал, тэр 1998 оноос хойш 10 жил “Нью прогресс групп” ХХК-ийнхаа Ерөнхийлөгчөөр ажиллаад 2008 онд Ховд аймгаасаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүнээс хойш 2012, 2016, 2020 онуудад УИХ-ын гишүүнээр улирч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам тэврийн хөгжлийн сайд гэх давхар дээлүүдийг нөмөрсөөр өдий хүрсэн. С.Бямбацогтын 2008 онд төрд орсноосоо хойш төрөөс авсан төсөл, тендер, концесс, зээл зэргийг тоолж  “баршгүй” олон. Саяхны жишээнүүд гэвэл, “Вестерн холд” ХХК-аараа Хөгжлийн банкнаас 76 тэрбум төгрөгийн зээл аваад цементын үйлдвэртэй болчихсон. “Алтай трест” ХХК нь Ховдын Хөшөөтийн уурхай-Үенч сум хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын 13.8 тэрбум төгрөгийн тендер, “Ховдын өргөө” ХХК нь Ховдын Жаргалант, Буянт сумдын гэр хороололд цэвэр, бохирын шугам татах 9.3 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр том төсөвтэй бүхий л тендерүүдийг түүж ирсэн.  Төрөөс төсөл, тендер түүх нь ямар ашигтай, Арцатын аманд барьсан тансаг зэрэглэлийн “Хан төгөл” хотхон нь харуулах биз.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД САЛДАНГИЙН ОДОНТУЯА

       АН-ын жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Одонтуяа сайдын суудалд санаархаж, чуулганы хуралдааныг гацаасан гэдэг. Ийн тэр санаснаа биелүүлж, Засгийн газарт багтаж ажиллахаар болоод буй. Хэдийгээр Засгийн газарт уригдаж орж байгаа гэх мессежийг олон нийтэд өгөхийг оролдож байгаа ч сайдын суудалд улайрсан гэдгийг намынх нь нөхөд нь ч жиг жуг гэлцэж байна. С.Одонтуяа 2016 оны сонгуулиар Баянгол дүүрэгт нэр дэвшээд унасан. Улмаар 2020 онд Баянгол дүүрэгтээ дахин дэвшээд, МАН-ын Х.Ганхуяг, Ж.Ганбаатар хоёрт сураггүй ялагдаж, сүүлийн мөчид Д.Лүндээжанцанг 250 хүний саналаар арай л гэж давж сонгогдсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй чуулганыы хуралдаан дээр ковидын вакцин гацаасан хэмээн ана мана үзэлцэж, шүүхэд хүртэл хандаж байсан ч танхимд нь багтаж ажиллахаар болсон нь хачирхалтай.

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР

        ХҮН намаас хоёр квот авсны нэг нь Шадар сайдаар, нөгөө нь боловсролын сайдаар томилогдоод буй. УИХ-ын гишүүн П.Наранбаяр 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, бүдэрч байсан бол энэ сонгуулиар олонхын санал авч ХҮН намд Засгийн газрын нэг квот нэмж авлаа.

         Киотогийн Их сургуулийн Эрх зүйн факультет, эрх зүйн магистр, МУИС-ийн ОУХДС-ийн Япон судлалын тэнхим, олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрбээр 2000 онд Байгаль орчны яамны Хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтэнээр ажиллаж эхэлсэн. Улмаар Байгаль орчны сайдын туслахаар ажиллаж байгаад Японы Экологийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын даргаар томилогдсон байна.  Мөн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Шинэтгэлийн бодлогын газарт мэргэжилтэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын орлогч даргаар ажилласан. Ингээд Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн захирлаар ажиллаж, 2020 онд ХҮН намд элссэнээр улс төрийн замналаа эхлүүлсэн гэх намтартай.

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД ЛУВСАНЦЭРЭНГИЙН ЭНХ-АМГАЛАН

       Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Л.Энх-Амгалан ОХУ, АНУ, БНСУ-д боловсрол эзэмшсэн нэгэн. Улс төрд түүнийг “М Си Эс”-ийн гэх тодотгол дагаж ирсэн. Угтаа бол Монголын толгой бизнесмэнүүдийн том бүлэглэлд багтдаг гэсэн үг. УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас гурвантай сонгогдож, өдгөө УИХ-ын гишүүнээс гадна Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байгаа тэрбээр дахин УИХ-д нэр дэвшиж байна. Засгийн газрын сайдаар томилогдсон даруйдаа “Боловсролын салбарт шинэчлэл хийнэ” хэмээн мэдэгдэж байсан ч, боловсролын салбарт эрх ашгийн зөрчилтэй нэгэн байсан нь илчлэгдэж байлаа.

      Тодруулбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар сурснаас гадна түүний эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцаж улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн байдаг. УИХ-д дэд дарга болтлоо дэвшиж байлаа. Түүнчлэн цар тахлын хүнд үеийг “далимдуулж” эрүүл мэндийн салбараас хоёр жилийн хугацаанд 9.5 тэрбум төгрөгийн тендэер “завшсан” баримт бий. Тодруулбал, Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядаг нь “Интергрупп интернейшнл” ХХК-иараа дамжуулан эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортын “Мед импекс интернэшнл” ХХК-ийг удирддаг. Эрүүл мэндийн салбарт энэ компанийн оролцдоггүй тендер гэж бараг л байхгүй.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДААР БОРХҮҮГИЙН ДЭЛГЭРСАЙХАН

        Дорноговийн уугуул. Зах зээл шилжих үед Дорноговь аймагтаа цагдаа байсан. Зах зээлийн дараа, 1993 онд “Дорнын говь” ХХК-ийг төрсөн ах Б.Ганхуягтайгаа хамтран үүсгэн байгуулж, бизнест хөл тавьсан. Эхэндээ махны бизнесээр дагнаж байгаад, дараа нь хятадуудтай хамтран “Болд төмөр ерөө гол” ХХК-ийг байгуулж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Баянгол”-ын төмрийн хүдрийн уурхайг ухаж эхэлснээр олон улсад зартай оффшорчин болсон намтартай. Улмаар 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, 2023 оноос Түгжрэлийн сайдын давхар дээлтэй болсон бол өдгөө Зам тээврийн сайдаар Засгийн газарт улирч суухаар боллоо.

      УИХ-ын гишүүн  Б.Дэлгэрсайханы салбар бүрд “өндөглүүлсэн” компаниуд болон тив алгасуулан байгуулсан оффшор компаниудыг нь танилцуулбал цаг, цаас эс хүрэлцэнэ.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН НОМИН

     2003 оноос хойш аав Л.Чинбатынхаа “Гацуурт” ХХК-ийн Гадаад харилцаа хариуцсан захирал, “Тэрэлж” зочид буудлын гүйцэтгэх захирал, “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад 2021 онд Соёлын сайдаар томилогдсон. 

    Онцлог нь, Ч.Номин одоогийн Засгийн газрын хамгийн хөрөнгөлөг сайд гэх тодотголтой. Соёлын сайд Ч.Номингийн хөрөнгийг жагсааж үзвэл, 11.4 тэрбум төгрөгийн найман орон сууцтай, 1.1 тэрбум төгрөгийн зургаан автомашинтай, дотоодын дансандаа 1.9 тэрбум, гадаад дахь дансандаа 887 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 23.7 тэрбум төгрөгийн авлагатай, 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 24 компанид хувь, хувьцаа эзэмшдэг дүн гарч байна.  Түүнийг улс төрд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн фракцад авч, зүтгүүлж буй нь энэ юм. УИХ-ын ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон билээ.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД ЖАДАМБЫН ЭНХБАЯР

      УИХ-ын даргад нэр нь яригдаж байсан ч Засгийн газарт багтаж ажиллахаар болсон Ж.Энхбаярыг Ерөнхийлөгчийн фракцынх гэдгийг олон нийт мэдэх биз ээ.

     Түүний аав Говь-Алтай аймгийн Халиун, ээж нь Архангай аймгийн Чулуут сумын харьяат. Өөрөөр хэлбэл, аав талаараа У.Хүрэлсүхтэй, ээж талаараа Т.Бадамжунайтай нэг нутаг усных. Аав Ш.Жадамба нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед буюу 1992 онд 20 настай Ж.Энхбаяр “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК, “Газар” ХХК-иудыг байгуулж, 1993 оноос “Газар” ХХК-аараа Төв аймгийн Заамар суманд алт ухаж эхэлснээр бизнест хөл тавьсан түүхтэй. Түүнээс хойш Ж.Энхбаяр “Газар” ХХК-иараа Баянхонгорын Галуут, Баян-Овоо, Дорнодын Баяндун, Төв аймгийн Цээл, Сэргэлэн, Өвөрхангайн Есөнзүйл, Архангайн Булган гээд аль алттай гэсэн газар болгоныг ухсан гэнэ. Ардчиллын шуурга намжаад удаагүй, хүн олон хөлөө олж амжаагүй шахуу байхад буюу 1995 онд Ж.Энхбаяр Монголбанканд 500 кг алт тушааж явснаа сайрхан ярьдаг. Тиймдээ ч тэр өдгөө Монголын толгой баячуудын жагсаалтад дээгүүр бичигддэг. Сонирхуулахад, анх алт ухаж хөлжөөд, хожим нь үхэр үржүүлдэг “хобби”-той болсноороо Ж.Энхбаяр “Гацуурт”-ын Л.Чинбаттай тун адилхан гэх яриа олны дунд гараад буй.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД ЦЭНДИЙН БААТАРХҮҮ

      АН-ын гишүүн Ц.Баатархүү Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгодсон. Түүнийг гишүүн болохоор чамгүй хөрөнгө зарцуулж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн сүлжээг авсан хэмээн МАН-ын нэр дэвшигч Г.Дашням цахим орчинд нийтэлсэн. Өдгөө тэрбээр Н.Учралын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхээр ЦХИХХ-ны сайдаар томилогдоод буй. Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүлийн аавтай нэг сумынх. Тиймдээ ч Ц.Баатархүү 2004 онд Хан-Уул дээд сургуулийг төгсөөд, 2005-2006 онд буюу Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж төрд орж ирсэн. Улмаар 2012 онд НИТХ-ы төлөөлөгч болж, Хотын дарга Э.Бат-Үүлийн орлогчоор томилогдон нэг жил ажилласан. 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр томилогдсон. Дараа нь, 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр улиран сонгогдож, АН-ын бүлгийн даргаар ажилласан. Учир нь, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-үүл, харин дэд дарга нь Ц.Баатархүү байв. Улмаар 2020 оны хавар Ц.Баатархүүг АН-ын генсек болгож, УИХ-ын сонгуульд Чингэлтэйд нэр дэвшүүлсэн ч унасан. Өнгөрөгч 2023 онд Нийслэлийн АН-ын даргын сунгаанд Э.Бат-Үүл Ц.Баатархүүг зүтгүүлсэн ч Х.Баттулгын зүтгүүлсэн Т.Батцогт өрссөн. Товчхондоо, Ц.Баатархүү өнгөрсөн 20 жил нутгийн ах Э.Бат-Үүлийнхээ, басхүү түүний найз Ц.Элбэгдоржийн хооронд “тэлээ хурга” шиг явж ирсэн нэгэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД БАТТОГТОХЫН ЧОЙЖИЛСҮРЭН

        Увс аймгийн Улаангом сумын уугуул. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрынх нь дэд даргаар хоёр жил ажиллаад, улмаар 2008 оны УИХ-ын сонгуульд Увс аймгаасаа сонгогдож байв. Өөрөөр бол, Н.Энхбаярын энэ улсын “эзэн” шахуу байх үед “үүр”-нээс нь далавчаа дэлгэсэн “шувууд”-ын нэг. Ингээд өдгөө 16 дахь жилдээ Төрийн ордонд тухалж буй. Монголын толгой баячуудын нэг Б.Чойжилсүрэнгийн бизнесүүд барилга, нүүрс хоёр дээр төвлөрдөг. Өөрөөр бол, нүүрсний мөнгөө барилга болгож "угаадаг" гэхэд ч хилсдэхгүй. Барилгын тухайд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Энхтайваны гүүр орчмыг “бетонон ширэнгэ” болгож дуусгасан нөхөр. Энхтайваны гүүрээр урагш давахад л түүний тансаг зэрэглэлийн “КН” апартмент угтана. Цаашаа залгаад “Хаан банк”-ны төв оффис буюу 25 давхар “КВ tower” шилэн барилга, хажууханд нь байх “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төв, чанх урд нь байх 780 айлын “Цэнгэлдэх” хотхон бүгд Б.Чойжилсүрэнгийнх. Ингээд болоогүй, Энхтайваны гүүрний баруун хойд үзүүрт “Наран тауэр” гэх 132 айлын хотхон бий, Энхтайваны гүүрний баруун урд үзүүрт “Энхтайван” гэх 160 айлын хотхон бий, аль аль нь түүнийх. Цаашилбал, “Төв цэнгэлдэх”-ийг тойрсон “Рапид харш” хороолол, “Академи” хотхон, “Хүннү 2222” хотхон, “Хүннү плас” хотхон, “Хүннү стандарт” хотхон гээд бүгд түүнийх. Товчхондоо, Энхтайваны гүүр орчим Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “эзэнт улс” болчихсон. Зөвхөн Энхтайваны гүүр орчим ч биш, Нарны гүүрний урд байрлах “Нарны хороолол” ч Б.Чойжилсүрэнгийнх.

 

 

 

 


ТАНИЛЦ: Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ФРАКЦУУДЫГ ТӨЛӨӨЛЖ СУУХ 22 САЙД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-11 12:19:40
    Зочин: XUCHINDUULI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188