• Өнөөдөр 2024-05-20

СААРАЛ ОРДНЫГ ШОХООРХСОН ТУСЛАХ, ЗӨВЛӨХҮҮДИЙН АРМИ АЙСУЙ

2024-05-11,   1499

       Төрд орох, саарал ордны босго давах хамгийн хялбар хоёр арга бий. Тэр нь, төрийн түшээгийн туслах, эсвэл зөвлөх болох. УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдын үүдний өрөөг “манаж”, утасны дуудлагыг нь авч, уулзалтын хуваарийг нь гаргаж, цүнх, цувыг нь барьж, хаалгыг нь онгойлгож, хоолыг нь халбагадаж өгөхөөс наахнуур гүйж асан туслахууд төрд тун хялбархан орж ирдэг. Эсвэл, зөвлөх нэртэйгээр заль, хорыг нь хутгалцвал төрд орох зам төдөлгүй нээгдэнэ. Яах вэ, ухаантай туслах, мэдлэгтэй зөвлөх байна л даа, үгүйсгэхгүй. Гэхдээ нийтлэгээрээ туслахын суудал, зөвлөхийн сэтрийг төрд орох дамжаа, бялуу хуваах таваг гэж хардаг болчихсон. 
 
Гол асуудал нь, бид “Хэний мориор газар дөхсөнөө сана” гэдэг уламжлалт сургааль, сэтгэхүйтэй. Туслахаас төрийн түшээ, зөвлөхөөс Засгийн газрын сайд боллоо гэхэд өмнөх “эзэн”-дээ ач санаж, түүнд үйлчлэх нь нийтлэг. Ийм ч учраас өнгөрсөн 30 жил саарал ордонд АН, МАН-ын хэдхэн хууччуул ноёлж ирсэн нь нууц биш. Жишээ нь, “нүүрсний хулгай”-н хэргээр саарал ордноос хөөгдсөн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ирэх сонгуульд хоёр ч туслахаа сойж буй гэх. Хэрвээ тэд сонгогдвол ирэх дөрвөн жил тэднээс “Ажнай”-гийн үнэр ханхлах л байх, гэх мэтчилэн. 
 
     Одоогийн төрд ч туслах, зөвлөх асан намтартнууд олон бий. О.Цогтгэрэл анх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх байлаа. Зөвлөхөөр нь хоёр жил ажиллаад, Увсын АН-ын даргаар томилогдож, УИХ-ын гишүүн болох замаа засаж байв. Ш.Адьшаа 2017 оноос Х.Баттулгын зөвлөх сэтэр зүүж, улмаар 2020 онд УИХ-ын гишүүн болсон. Ц.Анандбазар Н.Энхбаярыг УИХ-ын гишүүн, Соёлын сайд байхад хувийн туслах нь байлаа. Өдгөө ч Ц.Анандбазар Н.Энхбаярт ач санаж, ааваасаа дутахгүй хүндэлдэг гэлцдэг. Л.Энх-Амгалан 2012 онд Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болж байв. Ч.Хүрэлбаатар 2000-2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаярын эдийн засгийн зөвлөх байлаа.Улмаар 2003 онд зөвлөхөөсөө шууд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж төрд орж ирсэн түүхтэй. Г.Дамдинням 2009-2010 Боловсролын сайд Ё.Отгонбаярын туслах, зөвлөхөөр ажиллаж байлаа. Улмаар Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар гаргуулан Канадад сурч, буцаж ирээд удалгүй УИХ-ын гишүүн болсон түүхтэй. Ц.Туваан 2008-2012 онд Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн зөвлөх байлаа. Улмаар 2012 онд ХХААХҮ-ийн дэд сайдаар дэвшиж, төрд орж ирж байв. Б.Энхбаяр 2000 онд УИХ-ын гишүүн, одоогийн “Номин”-гийн эзэн А.Шагдарсүрэнгийн хувийн туслах байлаа. Хожим, 2011 онд МАН-ын дарга Сү.Батболдын зөвлөх болж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдож байв. Ж.Батсуурь 2017 оноос Х.Баттулгын зөвлөх сэтэр зүүж, улмаар 2020 онд УИХ-ын гишүүн болж байлаа. Гэх мэтчилэн олон жишээ дурдаж болно. 
 
Тэгвэл ирэх сонгуулиар төрийн түшээдийн туслах, зөвлөх асан намтартай хэчнээн хүн саарал ордонд орж ирэхээр горилж буйг сонирхлоо. Лавтай тойрогт 26 хүн горилж байна. Ингээд тэднийг товч танилцуулъя. 
 
1-р тойрог 
 
Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир- 2012-2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж, тэр цагаас АН-тай амьдралаа холбосон. Улмаар өнгөрсөн 10 жил АН-ын Нарийн бичгийн дарга, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, Сүхбаатар дүүргийн АН-ын дэд даргаар тус тус ажилласан. Өнгөрсөн оноос АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй. 
МоАХ-ны дэд дарга П.Нүрзэд- Монгол хэлний багш мэргэжилтэй П.Нүрзэдийг 2009 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга яамныхаа Тээврийн оношилгоо, хяналт зохицуулалтын албанд даргаар томилсноор түүний ажил, амьдралын гараа эхэлсэн. Дараа нь, Х.Баттулгыг Ерөнхийлөгч болмогцоо П.Нүрзэдийг зөвлөхөөрөө дэргэдээ авч, мөн МоАХ-ныхоо дэд даргаар томилж байв. 2020 оны УИХ-ын сонгуулиар Х.Баттулга П.Нүрзэдийг Баянхонгор аймагт зүтгүүлсэн ч бүдэрсэн, ирэх сонгуульд даагаа нэхэж буй. 
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар- Гашуунсухайтад гаалийн байцаагч байсан О.Амгаланбаатар 2014 онд гэнэт Говь-Алтайн Засаг дарга болж төрд орж ирсэн. Гэвч 2016 онд Засаг даргын зөөлөн сэнтийгээсээ чөлөөлөгдөж, улмаар 2017 оноос Ерөнхийлөгч Х.Баттулгыг бараадан зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтайд нэр дэвшсэн ч ялагдсан. Гэсэн ч хоосон хоцроогүй, 2020 оны намраас Говь-Алтай аймгийн Засаг даргаар дахин томилогдсон байдаг. 
2-р тойрог 
 
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай- Монголбанк, Дэлхийн банкинд эдийн засагч байснаас өөр намтаргүй Б.Даваадалай 2021 онд Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөх болж, удалгүй Ерөнхийлөгчийн зөвлөх болсон. Б.Жавхлан өмнө нь Монголбанкинд Б.Даваадалайгийн дарга байсан учраас төрд орох замыг нь ийн засаж өгсөн хэрэг л дээ.  
 
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа- Тэр 2015 онд АНУ-ын Колумбын их сургуульд сурч байхдаа Л.Оюун-Эрдэнэтэй танилцсан. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Харвардын их сургуулийн оюутан байлаа. Тэдний нөхөрлөл үргэлжилсээр, Л.Оюун-Эрдэнэ 2021 онд Ерөнхий сайд болмогцоо Э.Болормааг эдийн засаг хариуцсан зөвлөхөөрөө дэргэдээ авсан. Улмаар Л.Оюун-Эрдэнэ Э.Болормааг УИХ-д оруулахын тулд 2022 оны намар Ховд аймгийн Засаг даргаар залсан түүхтэй.  
ТЕГ-ын дарга асан Б.Заяабал- Тэр 2012-2015 онд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын зөвлөхөөр ажиллаж байлаа. Ингээд 2016 онд Татварын ерөнхий газрын дэд дарга болж, 2019 онд Татварын ерөнхий газрын дарга болгож дэвшсэн түүхтэй.
3-р тойрог
 
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх Х.Жангабыл- Баян-Өлгий аймгийн шатахууны “магнат”, тус аймгийн хамгийн өндөр барилгын эзэн. Тодруулбал, Х.Жангабылын “Рысжан” ХХК нь Орос, Казакстанаас шатахуун оруулж ирж, Баян-Өлгий аймагтаа 14 салбар шатахуун түгээх станцаар дамжуулан худалддаг. Мөн Х.Жангабыл Баян-Өлгий аймагтаа 11 давхар “MJS tower” нэртэй зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгыг эзэмшдэг. Өнгөрсөн оноос төрд орохоор санаархах болж, улмаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх сэтэртэй болсноор сурталчилгаагаа эхлүүлээд буй. 
 
АН-ын дэд дарга Ш.Жандос- 2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн туслахаар нэг жил ажилласан. Улмаар 2013 онд туслахаасаа шууд Геологийн төв лабораторийн Тамгын газрын дарга болж, тэндээсээ Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга болж дэвшиж байв. Харин 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болсон. Ингээд 2024 оны сонгуулийн бэлтгэл хангах зорилгоор 2020 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсон түүхтэй. 
4-р тойрог
 
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ- МАН-ын дэргэдэх НАМЗХ-нд ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ 2015 онд Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх болсон. Улмаар зөвлөхөөсөө МХЕГ-ын дэд даргаар томилогдож байв. Дараа нь ЗГХЭГ-ын дэд дарга, ШӨХТГ-ын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар дэвшиж, сүүлд БОАЖ-ын сайдаад томилогдсон түүхтэй. 
 
Орхон аймгийн МоАХ-ын тэргүүн Д.Өсөхбаяр- Тэр жүдо, самбо бөхийн тамирчин байсан учраас Х.Баттулгатай эртний танилууд. Тиймдээ ч 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болмогц зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулгын зөвлөх сэтрээрээ Булган аймагт нэр дэвшсэн ч унасан. Одоо Х.Баттулгын МоАХ-ны харьяа Орхон аймгийн МоАХ-ны тэргүүн сэтрээр горилж буй. 
5-р тойрог
 
Боомтын сайд Б.Тулга- Дархан дээд сургуульд багш байсан Б.Тулга 2004 онд УИХ-ын дарга Н.Энхбаярын хувийн туслах болсон. Үргэлжлүүлэн, 2005-2009 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувийн туслахаар дөрвөн жил ажилласан. “Хаан” шахуу байсан Н.Энхбаярын хувийн туслахаар таван жил ажилласан намтраараа 2012 онд Байгаль орчны дэд сайд, 2014 онд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар засагт заларч байлаа. Улмаар 2018 оноос Н.Энхбаярын МАХН-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Одоо МАХН, МАН-тай нэгдсэн тохирооны хүрээнд Боомтын сайдаар ажиллаж буй. 
ҮБХ-ны гишүүн С.Эрдэнэболд- 2009-2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр таван жил ажилласан. Хэвлэлийн төлөөлөгчийн ажлаа өгчихөөд Ц.Элбэгдоржийг “дууриаж” Харвардад нэг жил сураад ирсэн. Буцаж ирмэгцээ буюу 2016 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болж, 2017 онд Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. 
 
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа- АН-ын дарга асан С.Эрдэнийг 2012-2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болж, 2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт “Сэлэнгэ ялна” уриатайгаар нэр дэвшээд унаж байв. 
 
6-р тойрог 
 
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Х.Алтай- Тэр 2007 онд Ерөнхий сайд С.Баярын шадар туслахаар нь ажиллаж эхэлсэн. Х.Алтайгийн аав Л.Хангайтай нь С.Баярын байрны, багийн найз учраас тэр л дээ. Үргэлжлүүлэн, Х.Алтай 2009 онд Сү.Батболдыг Ерөнхий сайд болсны дараа ч шадар туслахаар нь ажиллаж байлаа. Х.Алтайгийн аав Л.Хангай нь Сү.Батболдын “Чингис хаан” зочид буудлын захирлаар ажиллаж байсан учраас тэр л дээ. Ийнхүү С.Баяр, Сү.Батболд хоёрын шадар туслахаар ажилласан Х.Алтай 2011 онд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Ингээд Х.Алтай 2011-2014, 2016-2023 онд буюу хоёр удаа, нийт 10 жил “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ажлаа өгч, тэр даруйдаа Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөх болж, өдгөө зүүн бүсийн тойргийг тойрч яваа. 
 
Дорнод аймгийн АН-ын дэд дарга Э.Төмөрбаатар-  2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Ажлын албанд зөвлөх, “Нүүрс” хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байсан. Тиймдээ ч 2014 оны долдугаар сард Н.Алтанхуягийн туслах, зөвлөхүүдийг “Нүүрс” хөтөлбөрийн хэргээр баривчлах үед Э.Төмөрбаатарт ч мөн баривчлагдсан. Улмаар 461-т зургаан сар хоригдоод суллагдаж байв. Энэ хэрэг нь 2021 онд хэрэг нь хэрэгсэхгүй болсон учраас ирэх сонгуульд горилж буй. 
 
7-р тойрог
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж- 2004-2007 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувийн туслахаар гурван жил ажилласан. Шагналд нь 2009 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувьцаа эзэмшдэг “Тавантолгой” ХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал болж, 2013 оноос “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж эхэлсэн. “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар долоон жил ажиллаад 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдсон. 
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат- Дээр дурдсан Р.Сэддоржийг орыг залгаж буюу 2007-2009 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувийн туслахаар ажиллаж, хоёр жил цув, цүнхийг нь барьж гүйсэн. Шагналд нь 2010 онд Өмнөговь аймгийн Хаан банкны захирлаар томилогдож, 2020 он хүртэл ажилласан. Улмаар 2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн Уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болж, 2023 оны тавдугаар сараас Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн анхны туслах Р.Сэддорж нь Өмнөговь аймгийн Засаг дарга, удаах туслах Н.Энхбат нь Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа гэсэн үг. “Ажнай” Д.Бат-Эрдэнийг “Өмнөговийн вант улсын эзэн” гэцгээдгийн нэг шалтгаан энэ. 
 
АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн- 1999 оноос УИХ-ын гишүүн, “Эх орон” намын дарга, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж эхэлсэн. Улмаар 2004 оны сонгуулиар туслахаасаа төрийн түшээ болж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Цүнх барьсан туслахаас шууд тамга атгасан түшээ болох хувь төрийн түүхэнд Р.Эрдэнэбүрэнгээс өөр тийм ч олон хүнд тохиогоогүй байх. 
 
АН-ын дарга Лу.Гантөмөрийн зөвлөх Г.Ганбаатар- 2012-2016 онд Дорноговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулиар Дорноговьдоо нэр дэвшээд унасан. 2020 оны УИХ-ын сонгуулиар горилоод ч амжилт олоогүй. Ирэх сонгуульд дахин бүдэрч, бүтэлгүйтэхгүйн тулд өнгөрсөн оноос АН-ын дарга Лу.Гантөмөрийн зөвлөх болж, хажуугаас нь холдохгүй дагаж яваа. 
9-р тойрог
 
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар- 2005 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярын хувийн туслах болж, хоёр жил гаруй ажилласан. Дараа нь, 2007 онд Ерөнхий сайд М.Энхболдын туслахаар нэг жил ажилласан. Ингээд 2008 онд Боловсролын сангаас 32 мянган ам.долларын зээл гаргуулж, АНУ-ын Бриджпортын их сургуульд сурч байв. С.Баяр, М.Энхболд хоёрын хувийн туслах байсан түүнд Боловсролын сангийн зээл хялбархан олдсон хэрэг л дээ. Ингээд 2012 онд буцаж ирээд МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн Ажлын албанд нь ажилд орж байв. 
 
10-р тойрог
 
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл- 2012 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл хоёр хоёулаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байлаа. Улмаар 2012 оны аравдугаар сард Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн Засаг даргаар, харин орлогчоор нь Н.Батсүмбэрэл томилогдож байлаа. Ингээд 2016, 2020 онд хоёр удаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2020 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар заларсан түүхтэй. 
 
Хотын орлогч Одсүрэнгийн Номинчимэг- Хуульчаар ажиллаж байгаад 2021 онд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга болж, удахгүй УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулийн зөвлөхөөр томилогдож байв. Ингээд 2023 онд Х.Нямбаатарын Хотын дарга болмогцоо О.Номинчимэгийг хоёрдугаар орлогчоороо дэргэдээ авсан байдаг. 
 
АН-ын дэд дарга И.Мөнхжаргал- 2004-2014 онд З.Энхболдын эзэмшлийн “Арвайхээр чөлөөт суваг” телевизийн гүйцэтгэх захирлаар 10 жил ажилласан. Түүх сөхвөл, З.Энхболд 2004 онд Өвөрхангай аймгаас УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдож, тойрогтоо өөрийгөө сурталчилж байхын тулд “Арвайхээр чөлөөт суваг” телевизийг үүсгэн байгуулж, И.Мөнхжаргалаар ийнхүү 10 жил удирдуулсан байдаг.  Өөрөөр бол, З.Энхболдын хувийн телевизийнх нь захирал нэртэй ч хувийн туслахынх нь үүргийг 10 жил гүйцэтгэсэн нэгэн. Улмаар З.Энхболд И.Мөнхжаргалыг 2016 онд Өвөрхангайгаас хотод авчирч, 2017 оноос АН-ын Дотоод сонгуулийн хорооны дэд дарга, даргаар, 2022 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2023 онд АН-ын дэд даргаар тус тус дэвшүүлэн ажиллуулж буй. 
 
НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү- Э.Бат-Үүлийн аавтай нэг сумынх. Тиймдээ ч Э.Бат-Үүл Ц.Баатархүүг 2005-2006 онд Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж, төрд хөтөлсөн. Улмаар 2012 онд Э.Бат-Үүл Хотын дарга болмогцоо Ц.Баатархүүг орлогчоор томилж, нэг жил ажиллуулсан. Ингээд 2013 онд буцаагаад Ц.Элбэгдорж руу илгээж, зөвлөхөөр нь томилуулж байв.  
 
УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал- 2015 онд О.Батнайрамдал Харвардын Бизнесийн сургуулийг, харин Л.Оюун-Эрдэнэ Харвардын Төрийн удирдлагын сургуулийг төгсөж байв. Тэдний нөхөрлөл үргэлжилсээр, 2019 онд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болмогцоо О.Батнайрамдалыг ахлах зөвлөхөөрөө томилж дэргэдээ авсан. Ингээд 2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын сэнтийд залж байв.  
 
11-р тойрог
 
Хотын орлогч П.Сайнзориг- 2006-2008 онд Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарын хувийн туслахаар хоёр жил ажилласан. Улмаар П.Сайнзориг 2008 онд Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл гаргуулж, Австралийн Нью Соүф Вэйлсийн их сургуульд хууль зүйн магистр хамгаалахаар явж байв. Анзаарсан бол, төрийн түшээдийн хувийн туслахуудад Боловсролын сангийн зээл тун хялбархан олддог байсан нь дээр дурдсан олон жишээгээр харагдаж буй. 
 
СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай- 2008 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Хотын дарга Т.Билэгтийн хувийн туслахаар хоёр жил ажилласан. Улмаар 2012 онд СХД-ийн МАН-ын хорооны дэд дарга болж, 2017-2018 онд СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн орлогчоор томилогдож байв. Ингээд 2020 онд өөрөө Засаг дарга болсон түүхтэй. 
 
 
 
 
 
 
 
 
 

СААРАЛ ОРДНЫГ ШОХООРХСОН ТУСЛАХ, ЗӨВЛӨХҮҮДИЙН АРМИ АЙСУЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-11 08:58:01
    S: SEXSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 22:20:33
    Отгоо: Схд н шагай гэж хулгайч морь уядаг болсон гэсэн адууны жүчээтэй гэжугаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 22:20:15
    Отгоо: Схд н шагай гэж хулгайч морь уядаг болсон гэсэн адууны жүчээтэй гэжугаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 12:42:42
    Зочин: Нэг ч хүн алга !!!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 09:25:18
    зочин: Бүгд хулгайчууд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188