Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 80-аад оныхон дундаасаа улс төрд ургаж гарахаар “нахиалж” байлаа. Таван жил ах нартайгаа үзэлцэж, андуудаасаа “урваж” байж улс төрд өөрийн багаа бүрдүүлж, төрийн албаны томилгоонд өөрийн хүнээ зүтгүүлэхтэйгээ болсон.
Цаашлаад УИХ-ын сонгуулиар хуучны танил, харвардын найзуудаа жагсаалтад оруулж, кнопны гишүүдээр хүрээлүүлж эхэлсэн ч, Л.Оюун-Эрдэнийн багийнхан улс төрд шинэдэж, кнопны эрх нь хүчгүйдсэн. Ингээд болоогүй Л.Оюун-Эрдэнэ дөнгөж захаас нь атгасан эрх мэдэлдээ хэт бардаж, Ерөнхий сайдад Итгэл үзүүлэх тогтоолын төсөл өргөн мэдүүлж, танхимын сайд нартаа далаараа тавиулж, “том ах”-аасаа хатуухан сануулга авснаар сул гишүүн боллоо. Нэг үгээр эрх мэдлийн үзүүрээс атгаад, лавшруулдагийн даваан дээр уналаа, тэр.
Тэгвэл шинэ Засгийн газар төсвийн тодотгол өргөн барьж, төрийн албыг цомхтгохдоо чиг үүрэг нь давхардсан дарга нарыг чөлөөлнө гэдгээ мэдэгдээд байгаа. Угтаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрийн томилгооных нь амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа гэсэн үг. УИХ-д учиргүй чанга дуутай байсан гишүүд ч дуугаа хурааж, хойшоо суух болсон. Түүнийг хамгийн их хамгаалж, өмгөөлж, явсан УИХ-ын гишүүн Э.Болормаа гэхэд л УИХ-ын сонгуулиар гаднын хөрөнгө оруулалтай компаниас хандив авч Сонгуулийн хууль зөрчсөн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байгаа. Цаашлаад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн улс төрд дөрөө харшуулж, түүнийг хамгаалж өмгөөлж ирсэн үеэл ах хотын дарга Х.Нямбаатарын суудал ч ганхаж эхлээд байна. Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн УИХ-д хүчгүйдсэн Л.Оюун-Эрдэнийн “шинэков”-ууд ба төрийн албанаас халагдаж мэдэх томилгооныхоны хэн хэн болохыг эргэн сануулъя.
УИХ-ЫН ГИШҮҮН Э.БОЛОРМАА
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо Ховд аймгийн Засаг даргаар өөрийн зөвлөх Э.Болормааг шууд томилж, улс төрд дуулиан тарьж байлаа. Нэг ёсондоо 2024 оны сонгуулиар Ховдын тойргийг Э.Болормаад шууд өгөх хүртэл нь улс төрд нам “крандсан” гэсэн үг л дээ. “Тооноор орсон улстөрч” гэж сонгуулийн пи-араа хийх хүртлээ тэр том артай байсан. Тиймдээ ч Э.Болормаа Л.Оюун-Эрдэнийн хүн гэх хусавч арилахгүй нэртэй болж, ам ангайх болгондоо түүний өмөөрч ирсэн. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өвөр түрүүндээ орж өссөн багын найз Ч.Анараас нь хүртэл өмөөрч “Ч.Анар гишүүн жудаггүй байлаа” гэж ам алдаж байсан ч удаатай. Харин УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн хууль зөрчиж, гишүүн болсон гэх дуулианы эзэн болсон.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь мөн л хууль зөрчсөн. Цаашлаад үүнийг нь аудитын байгууллага хянаж, хуулийн зөрчлийг нь арилгуулаагүй.
Сонгуулийн үеэр Э.Болормаа гаднын хөрөнгө оруулалттай компаниа авсан хандиваа буцааж шилжүүлээгүй бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээр хууль зөрчиж, гишүүн болсон гэгдэж буй. Улмаар УИХ-ын гишүүн Э.Болормааг сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй хэргийг АТГ-аас шалгаж прокурорт шилжүүлсэн гэдгийг сануулж байлаа. Угтаа бол өнгөрсөн хугацаанд том артай явж ирсэн түүнийг эл асуудлаар нь хууччуул нь барьцаалж эхэлсэн гэсэн үг.
УИХ-ЫН ГИШҮҮН П.САЙНЗОРИГ
Хууль зүй дотоод, хэргийг сайд байхдаа хотын дарга Х.Нямбаатар одоогийн УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг улс төрд сойж, баруун гараа хийж явсаар эцэстээ Л.Оюун-Эрдэнэд хань болгож УИХ-д оруулсан. УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос хотын дарга Х.Нямбаатарын улс төрийн характер нэвт шувт харагддаг. Хууль зүй, дотоод хэргийн яаманд Х.Тэмүүжингээс эхлээд Ц.Нямдорж нарын гараар дамжиж эцэстээ Х.Нямбаатар сайд боломогцоо Төрийн нарийн бичгийн дарга болтол нь крандаж, хажуудаас авсанаар П.Сайнзориг Х.Нямбаатар нар албан тушаал, ажил албаараа хуурай ах дүүс болсон гэхэд хэлсдэхгүй.
Улмаар 2023 онд Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо П.Сайнзоригийг орлогчоороо дэргэдээ авч, Сонгинохайрханы тойргоо “бэлэглэснээр” УИХ-д гишүүн болж, Л.Оюун-Эрдэнийн тал кноп нь үйлчлэх болсон. Гишүүн болмогцоо ах нартайгаа ана мана үзэлзэж, хорхойтой араанд орсон. УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн тухайд Боловсролын зээлийн сангаас “тоншсон” гишүүдийн нэг. Тодруулбал, П.Сайнзориг 2008 онд Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч, Австралийн Нью Соүф Вэйлсийн их сургуульд хууль зүйн магистр хамгаалахаар явсан. Төрийн сайдын туслах байсан түүнд Боловсролын сангийн зээл хялбар олдсон биз.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНХҮЛЭГ
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ дунд, ахлах ангиас нь өөр дээрээ өсгөснөөс ялгаагүй хоёр хуурай дүүтэй. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг нар юм. Л.Оюун-Эрдэнэ 2002 онд “Дэлхийн зөн”-гийн Хэнтий дэх салбарын захирлаар ажиллаж байхдаа “Хүслэн” нэртэй хүүхдийн бүлгэм нээхдээ анхны гишүүнээрээ 10 гаруйхан настай М.Ганхүлэгийг, 20 настай Д.Гантулга нарыг элсүүлж байсан гэдэг. Улмаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулга “улаан мах”-ны хэрэгт нэр холбогдож, улс төрийн карьер нь дуусснаар Н.Ганхөлөгийг улс төрд зүтгүүлэх болсон.
Хэнтийн ИТХ-ыг төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга болж багасаа улс төрд бэлтгэгдсэн. Улмаар М.Ганхүлэг ЗГХЭГ-т ч, МАН-д ч, Засгийн газарт ч Л.Оюун-Эрдэнийг даган хамт ажиллаж байгаа. Ингээд 2022 онд ХХААХҮ-ийн дэд сайдаар томилогдож, 2024 оны сонгуулиар Л.Оюун-Эрдэнийг дагаж Хэнтийд дэвшээд гишүүн болсон. Ийн Л.Оюун-Эрдэнийг улаан цээжээрээ хамгаалахаар ч аргагүй намтартай нэгэн.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БАТНАЙРАМДАЛ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Харвард”-аар нөхөрлөсөн О.Батнайрамдалыгаа ЗГХЭГ-ын дарга байхдаа ахлах зөвлөхөөрөө ажиллуулж байлаа. Цаашлаад О.Батнайрамдал Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд болж улс төрд танигдаж эхэлмэгцээ Боловсролын зээлийн сангийн булхайг барьж авч, улс төрийн пи-араа хийж эхэлсэн.
Түүнээс хойш тасралтгүй Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээр “араа даалгаж”, улс төрийн томчуудыг дуэльд дуудаж, явсаар улс төрд орох нүхээ малтаж, замаа зассан. Улмаар УИХ-ын сонгуулиар одоогийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралаас хөтлүүлэн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт зүтгүүлсээр УИХ-ын гишүүн болсон. Гэсэн хэдий ч түүнийг Л.Оюун-Эрдэнэ гэх шошго улс төрд дагах нь тодорхой.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.УЯНГА
Мөн л улс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гэх тодотголтой гишүүдийн тоонд зүй ёсоор багтана. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаас УИХ-ын сонгуулиар жагсаалтад багтаж гишүүн болсон. УИХ-ын гишүүн Б.Уянга хувьд уул уурхайн салбараас УИХ-д орж ирсэн гэдгээрээ Л.Оюун-Эрдэнийн мега төслүүд тэр дундуур уул уурхайн асуудлыг урдаа барьж ярьдаг парламентын төлөөлөл нь байлаа.
Түүний хамгийн тод жишээ нь Б.Уянга Халзан бүрэгтэйн асуудалд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн талд зогсож, гол нь Халзан бүрэгтэйг эсэргүүцэж буй орон нутгийн иргэдийг сэнхрүүлэхэд бүх чадлаа дайчилна гэдгээ ил цагаан илэрхийлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Уянга өнгөрөгч долоо хоногт Ховдоос гаралтай УИХ-ын гишүүдэд “Хамтран ажиллах тухай” албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичиг нь “Газрын ховор элемент нь цаашдаа эдийн засгийн тэлэлтэд чухал ач холбогдолтой тул баруун аймгуудын иргэдэд газрын ховор элементийн тухай зөв ойлголт өгөхөд хамтран зүтгэхэд бэлэн байна” гэсэн агуулгатай байсан. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн Б.Уянга “Халзан бүрэгтэйг эсэргүүцээд байгаа орон нутгийн иргэдэд би газрын ховор элементийн ач холбогдлыг тайлбарлаж өгөе. Надтай хамтар” гэсэн агуулга нэвт харагдуулж байлаа.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР
Ах дүү хоёр үеэл нэг нь улсыг, нөгөө нь нийслэлийг захирч даналзаж байлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаас хотын дарга болж тушаал буурч үеэлдээ үнэнч зүтгэсэн нь үнэндээ Х.Нямбаатар мөнөөс мөн. Нийслэлийн сонгуулийг удирдаж, намдаа өөрийн багаа батжуулах гэж ийм алхам хийснийг нь олон нийт гадарлахтайгаа болсон. Харин улс төрийн одоогийн нөхцөл байдалд тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж мэдэх нь.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаас буухтай зэрэгцээд хотын даргын суудал ч ганхаж эхэлсэн. Хотын дарга болсноосоо хойш автор нь юм шиг явж ирсэн бродюр ажиллагаа өчигдөрхөн Улаанбаатарчуудыг “урсгах” дөхлөө. Цаашлаад БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон түлш авах асуудал, ТҮЦ нүүлгэж татвар нэмсэн гээд түүний гаргасан “гал дуудсан” ажлууд хотын даргыг суудлаас нь унагаж мэдэхээр байна.
ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ЗАХИРАГЧ М.БАТБАЯР
Л.Оюун-Эрдэнийг Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн байх үед гүйцэтгэх захирал нь байсан М.Батбаяр Соёлын яамны дэд сайд болж тодорсон. Тэгээд болоогүй “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-иараа Хэнтийд хэрэгжиж буй барилга, бүтээн байгуулалтуудын зураг төслийг төсвийн мөнгөөр гүйцэтгэж, түрийвчээ түнтийлгэж баяжсан халаас нэгтэй хамтрагч нь гэхэд ч буруудахгүй. Улмаар М.Батбаяр Соёлын дэд сайдаас буумагцаа Шинэ Зуунмод хотын захирагч болж томорсон. 2020 онд УИХ-ын тогтоолоор Улаанбаатар хотыг 2024 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хаяа дагуул хотуудыг хөгжүүлэхээр тусгасан.
Улмаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, өнгөрсөн жил гэхэд л 495 тэрбум төгрөгийн хяналтын төсөвтэй үерийн далан сувгийг байгуулахаар 162 тэрбум төгрөгийн ус хангамж, цахилгаан хангамж, үерийн далан сувгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан. Энэ мэт жишээнээс харахад Шинэ Зуунмод дагуул хотыг хэдий хэмжээний хөрөнгө эргэлдэж байсан нь тодорхой. Нэг ёсондоо барилга бүтээн байгуулалтын төсөв ихтэй том төслүүд дээр М.Батбаярыг томилж ирсэн гэсэн үг.
УБТЗ ХНН-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.ЦОГТГЭРЭЛ
Ерөнхий сайдын суудлаасаа буухаас өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УБТЗ ХНН-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар “Шилэн Цогоо” гэж танигдсан Б.Цогтгэрэлийг зүтгүүлээд буужээ. Тэд эртний танил, улс төрийн хамтрагчид гэдгийг олон нийт мэднэ. Б.Цогтгэрэлийн хувьд хуучин УБТЗ ХНН-т ажиллаж байсан ч муу нэртэй гарсан. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд болсон цагаасаа “УБТЗ” ХНН-тэй наалдаж, тус ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаатай хамтран 2017 онд ОХУ-аас актлагдсан 977 вагоныг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулж оруулж ирж, дундаас нь асар их ашиг хүртсэн гэгдэж АТГ-т хамт шалгагдаж байсан түүхтэй.
"АЛСЫН ХАРАА-2050", САЛБАР ДУНДЫН УЯЛДААГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА
Элчин сайд асан Ц.Жамбалдоржийн охин Тана Оюу толгойн ТУЗ-д 13 жил суусан Ерөнхийлөгч асан Н.Багабандийн оронд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Ж.Таныг томилсон нь олны анхаарал татаж байлаа. Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн.
Мөн дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистраар суралцаад Рио Тинто компанийн Австрали дахь салбар болон Монголын Оюу Толгой компанид ажиллаж байсан намтартай. “Эрдэнэс Монгол” ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан. Түүний ажлын түүх аавынх нь эрхэлж байсан ажлуудтай салшгүй холбоотой. Жишээ нь, Ц.Жамбалдорж 2001 онд АНУ-ын Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөхөөр томилогдож 2007 он хүртэл ажиллаж үед Ж.Тана тэнд дунд сургуулиа төгссөн. Ц.Жамбалдорж 2009-2013 онд Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ажиллах хугацаанд Ж.Танын “Рио Тинто”-гийн Австрали дахь салбарт шинжээч байсан гэх мэтээр үргэлжилнэ. Ж.Танын албан тушаалын томилгоо Л.Оюун-Эрдэнэтэй салшгүй холбогдож ирсэн. Тиймдээ ч Үндэсний хороодыг татан буулгаж байгаа энэ цаг үед түүнийг хэвээр үлдээх эсэх нь эргэлзээтэй.
ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТ ЗӨВӨЛНӨ
Б.Солонгоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Харвардын найз. Тэд 2015 онд Харвардын их сургуулийг хамт төгссөн. Улмаар 2020 онд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Б.Солонгоог ЗГХЭГ-ын дэд даргаар томилж, дэргэдээ авсан. Харин Ерөнхий сайд болсныхоо дараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилж байлаа. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас буух хүртэл ЗГХЭГ-т тэргүүн дэд даргаар ажиллаж байсан тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллахаар болсон байна.
УИХ-Д ХҮЧГҮЙДСЭН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “ШИНЭКОВ”-УУД БА ТӨРИЙН АЛБАНААС ХАЛАГДАЖ МЭДЭХ ТОМИЛГООНЫХОН |
|
2025-06-24 14:08:23
2025-06-24 12:49:32
2025-06-24 12:25:14
2025-06-24 12:19:55
2025-06-24 11:21:08
2025-06-24 11:14:54
2025-06-24 10:29:25
2025-06-24 10:18:01
2025-06-24 10:13:37
2025-06-24 10:09:45
2025-06-24 10:07:07
2025-06-24 10:01:22
2025-06-24 09:44:59
2025-06-24 09:36:24
2025-06-24 09:21:00
2025-06-24 09:08:31
2025-06-24 08:38:46
2025-06-24 07:38:24
2025-06-24 07:34:04
2025-06-24 07:00:00
2025-06-24 07:00:00
2025-06-24 07:00:00
2025-06-24 07:00:00
2025-06-24 07:00:00
2025-06-24 06:00:00
2025-06-24 06:00:00
2025-06-23 18:14:20
2025-06-23 17:20:13
2025-06-23 16:59:06
2025-06-23 16:23:45
2025-06-23 16:22:22
2025-06-23 15:52:21
2025-06-23 15:06:39
2025-06-23 14:53:19
2025-06-23 14:43:10
2025-06-23 13:47:48
2025-06-23 13:45:11
2025-06-23 13:37:28
2025-06-23 13:25:31
2025-06-23 13:10:34
2025-06-23 13:07:11
2025-06-23 12:48:14
2025-06-23 12:35:13
2025-06-23 12:34:03
2025-06-23 12:14:42
2025-06-23 12:08:33
2025-06-23 11:24:30
2025-06-23 11:18:04
2025-06-23 10:52:19
2025-06-23 10:20:55
2025-06-23 10:17:26
2025-06-23 08:32:33
2025-06-23 08:25:36
2025-06-23 07:59:06
2025-06-23 07:00:00
2025-06-23 07:00:00
2025-06-23 07:00:00
2025-06-23 07:00:00
2025-06-23 06:59:00
2025-06-23 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |