Улсын хэрэг хоолойгоор татчихаад байхад УИХ-ын гишүүдийн ухаан нь тэс өөр газар явна. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Их хурлын даргын ширээн дээр овоорч, хуулийн хугацаанд нь батлах чухал асуудлууд ар араасаа хүлээгдэж байхад чуулганы танхим хоосон байлаа, өчигдөр.
Тодруулбал, өчигдөр ээлжит бусаар хуралдсан чуулганы хуралдаанд 107 гишүүн ирцээ бүртгүүлж, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх тухай асуудал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулга, Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө зэрэг нэлээд хэдэн чухал асуудлыг хэлэлцүүлсэн.
Ийн Саарал ордны зүүн жигүүрийг сахиж, сэм сэм гэтсэн гишүүд хуралдаандаа ч суух чөлөөгүй явна. Угтаа бол хамтарсан Засгийн газар халаагаа өгөх сургаар дараагийн ээлжнийхэн “хоолондоо” орох гээд чуулганы хуралдаандаа ч суухаа больсон нь энэ
Тэгээд бүүр 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж, 140 гаруй саналын томъёолол танилцуулж байхад танхимын талаас илүү нь ирцээ бүртгүүлчихээд гараад гүйчихсэн байлаа. Цаашлаад шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн асуудлыг мэдэж байгаа гишүүн ч алга. Тэр тусмаа МАН-ын гишүүд сайдын суудалд руу санаархаад сандарч гүйлдээд улсын хэргийг урамтаж орхижээ.
МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЯРЬЖ БАЙГАА ЭНЭ ЦАГ ҮЕД ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛСАН ЯАМД, САЙД НЬ БАЙХГҮЙ БАЙГААД ХАРАМСАЛТАЙ БАЙНА
Түүнийг нь танхимдаа үлдсэн цөөхөн гишүүд нь хэрэндээ нөхөх гэж үзээд ч барсангүй. Зарим санал хураалт нь ирцэндээ хүрэхгүй унаж харагдсан. Үлдсэн нэг нь уурлаж, гомдоод ч танхимын ирц бүрдэж чадсангүй. Ямар сайндаа УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Монгол Улсаа хөгжүүлэх төлөвлөгөөг ярьж байгаа энэ цаг үед төлөвлөгөөг боловсруулсан яамд, сайд нь байхгүй байгаад харамсалтай байна. Тухайлбал, Б.Чойжилсүрэн, Л.Гантөмөр сайд нар алга. 2026 оны хөгжлийн төлөвлөгөө чинь 2025 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр тулгуурладаггүй юм уу. 2025 онд эрчим хүчний салбарт 35 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Энэ ажлуудыг 2025 онд хэрэгжүүлж амжихгүй бол 2026 онд автоматаар оруулах ёстой юм биш үү. Тухайлбал, 2025 онд Дулааны цахилгаан станц-IV хүчин чадлыг 500 тн/цагаар өргөтгөнө, Налайхын ДЦС-ийн өргөтгөл, Говьсүмбэр, Дундговь аймагт дулааны станц барина цахилгаан станцаас үүдэлтэй цахилгааны асуудлыг шийднэ гэх мэт ажлууд байсан бүгд 2026 оны хөтөлбөр дээр байхгүй. Хөгжлийн хөтөлбөр чинь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр тулгуурладаггүй юм уу. Засгийн газрын хөтөлбөр чинь хоосон амлалт юм уу.
Энэ Засгийн газар айл өрх, аж ахуйн нэгжүүд нарны эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаад илүүдэл цахилгаанаа нийлүүлдэг байх төслүүдийг дэмжнэ гэсэн алга. ДЦС-ын II суурин дээр ДЦС-V барина гэсэн огт алга. УИХ 2025 оны хөгжлийн төлөвлөгөө гэж баталсан. Гэтэл үүнийг нь хэрэгжүүлж байгаа яам гэж алга. Зарим ажил дээр хуруугаа ч хөдөлгөхгүй байна" гэж хүртэл анхааруулсан. Ийн ирэх жилүүдэд Монгол Улсын хөгжлийн бодлого хаашаа чиглэж, юунд зорих вэ гэдэг чухал асуудлуудыг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүд ам ангайх нь битгий хэл ирцээ бүртгүүлчихээд гараад гүйснээр чуулганы хуралдаанаар орсон хуулийн төслүүдийг УИХ-ын дарга асуудалгүй алх цохин баталж байх.
СААРАЛ ОРДНЫ ХУЙВАЛДААНЫ УРШИГ АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭР
Ийн Саарал ордны зүүн жигүүрийг сахиж, сэм сэм гэтсэн гишүүд хуралдаандаа ч суух чөлөөгүй явна. Угтаа бол хамтарсан Засгийн газар халаагаа өгөх сургаар дараагийн ээлжнийхэн “хоолондоо” орох гээд чуулганы хуралдаандаа ч суухаа больсон нь энэ.
Саарал ордны хуйвалдаан өчигдрөөс улам бүр өндрөө авч байгаа гэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суудалдаа үлдэхийн тулд Ардчилсан намынхныг царайчилж эхэлсэн гээд ордноор нэг шуугиж, харин нөгөө талд сайдын суудал горилогчид алга хавсран дараагийн Ерөнхий сайдыг яаруулж эхэлсэн гэнэ. Аль өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргах шийдвэр гаргасан МАН-ын бага хурлын шийдвэр одоог хүртэл албажаагүй нь төрийн хэргийг гацаахад хүрээд байна. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар “Төрийн ажил гацах ёсгүй бид ажлаа үргэлжлүүлж байгаа” гэж ээлж дараалан мэдэгдсэн ч УИХ-ын чуулганы танхимд сэтгэл тогтож, хөгжлийн төлөвлөгөөгөө ярих сайд өчигдрийн хуралдаанаар лав харагдсангүй. Дээр нь чуулганы танхимд суугаа гишүүд бүүр ч байж суух газраа олж ядан ирцээ бүртгүүлчихээд гараад гүйж байгаагаас харахад төрийн ажил тасралтгүй явж байгаа гэж хэлэхэд тун хэцүүхэн байна.
Шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг чинь өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин өсөж, үнийн өсөлт тэнгэрт тулна. Ингээд л арай хийж шар нар бор хоногуудыг өнгөрөөж байгаа ард түмний амьдрал алга урвуулахын төдийд өөрчлөгдөж байна. Шатахууны үнэ нэмэгдсэн нь улс төрийн зорилготой гэдгийг ч салбарын сайд нь онцолж байсан. Тэгээд болоогүй дизель түлшний үнэ тонн тутамдаа 100 ам.доллараар буурсан байтал үнээ буулгах нь байтугай өсгөдөг тогтолцоо Монголоос өөр байхгүй.
Ийн Саарал ордныхон унтахаа ч мартаж, сайдын суудал руу хошуурч улсын хэргийг уландаа хөсөр хаяхтай зэрэгцээд эдийн засаг элгээрээ хэтлээ, эрхэм гишүүдээ.
САЙДЫН СУУДАЛД ХОШУУРААД УЛСЫН ХЭРГИЙГ МАРТСАН МАН-ЫНХАН |
|
2025-05-27 17:22:02
2025-05-27 17:09:25
2025-05-27 16:37:46
2025-05-27 15:15:21
2025-05-27 15:11:16
2025-05-27 14:00:14
2025-05-27 13:35:53
2025-05-27 12:59:57
2025-05-27 10:30:00
2025-05-27 09:45:26
2025-05-27 09:13:10
2025-05-27 09:03:19
2025-05-27 09:00:00
2025-05-27 08:57:56
2025-05-27 08:37:51
2025-05-27 08:19:56
2025-05-27 08:09:15
2025-05-27 07:00:01
2025-05-27 07:00:00
2025-05-27 07:00:00
2025-05-27 07:00:00
2025-05-27 07:00:00
2025-05-27 07:00:00
2025-05-27 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |