Мандах төрийн малгай, тэгш төрийн дээл, хан төрийн хантааз, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал
МАЛГАЙ: Монгол хүн толгойгоо тэргүүн хэмээн ихэд эрхэмлэн хүндэлдэг тул толгойн өмсгөл малгай, биеийн өмсгөл дээлийн орой зах заамыг дээдэлдэг байна. Монголчуудын шовгор оройтой малгайнууд нь хурц шулуун харилтгүйн утга санааг бэлгэдсэн ба мөн түүнд хүний биеийг есөн төртэй мандан бадарч явахын бэлгэдэл оршдог аж. Малгай нь хэргэм зэрэг,мяндаг цол зэргийг илэрхийлдэг. Ялангуяа малгайны ур хийц отог жинс,чимэг зүүсгэл бүч зэрэг нь дээрх байдлыг ялган илэрхийлдэг байна. Малгайг аливаа хувцасны дээр тавьдаг нь тэргүүнээ хүндэтгэж байгаагийн бэлгэдэл болой. Малгайн урд цох талыг буулгавал хийморь доройтох, нас нөгчсөн хүний малгайг хүнд бэлэглэхгүй, хазгай хэлтгий өмсөх буюу гэдрэг буруу харуулж тавихгүй, сольж өмсөхгүй, урагдаж хуучирсан ч хаяхгүй цэвэрхэн газар түлэх, газар унагахгүй, малгайг нөхөхгүй, хээр хонуулсан малгайг дахин авахгүй зэрэг цээр хориг байдаг аж. Энэ нь малгайд эзэн хүний сүлд хийморь оршдог, хүний хөлстэй малгай бохир, доош харсан сав гэж үздэгтэй холбоотой юм.
БҮС: Задгай тархайг бэхлэх, салсан сарнисныг эвлүүлэх утгатай. Бүс нь дотроо олон төрөл зүйл байдаг. Монголчууд бүсэнд эзэн хүний сүнс оршдог хэмээн үздэг тул бүсээ сул орхих, хөвүүлж тавихыг цээрлэдэг. Бүсээ тайлахдаа аман хүзүү, туулайчлах гэх мэт зангиагаар зангидаж, дэрний дээд талд тавьдаг заншилтай. Тиймээс ч “Бүс чинь урт боловч бүтээх үйлс чинь цалайгуузай, бүсээ зангидаж яв” гэж сургадаг. Бүс зангирахыг цээрлэх бөгөөд аяндаа зангирсан байвал гурав хонуулаад хамгийн ахмад хүнд очиж бүсний ончроог тайлуулдаг ёс буй. Бүсийг дутуу бүслэх алдууран чирч явахыг цээрлэдэг бөгөөд бүс алдуурваас “Бүс чинь алдарчээ” гэж заавал хэлдэг ёстой. Бүсээ чанга бүслэхийг төв чангын бэлгэдэл гэх ба бүсний үзүүрийг өмнө талдаа гарган нар зөв ороож нөгөө үзүүрийг урдаа мөн шингээн уяна. Бүсийг гутал өмд дээр тавих, доор газар тавих, дээгүүр нь алхах гишгэхийг сүлд доройтно, бузартана гэж цээрлэдэг учиртай.
ДЭЭЛ: Дээл гэсэн үгний учрыг тайлбарлавал, үгийн язгуур “дэв, дэб” нь ”дэвших, дээгүүр, дээр” гэсэн утга ойролцоо “дээгүүр нөмөрдөг юм” гэсэн утгатай. Халх эрэгтэйчүүд баруун гар руугаа товчилдог, дан эмжээр бүхий дөрвөлжин тавиу энгэртэй, босоо захтай, цэнхэр өнгийн дотор бүхий нударгатай, өргөн урт ханцуйтай, арын хормой урд хормойноос арай элбэг дээл өмсдөг. Халх эрэгтэйн үндсэн өмсгөл нь дээл, хүрэм, хантааз, бүс, гутал, малгай, чихэвч, цамц, өмд зэрэг юм. Халх эмэгтэйн дээл нь хурц тод өнгөтэй, урт ханцуйтай, дэргэр мөртэй, дээлэн дээр цэгдэг буюу ууж өмсөж гоёдог. Ууж нь ханцуйгүй бөгөөд энгэр нь голоороо тууш задгай байдаг. Гоёлын ба ажлын гэсэн хоёр янзын ууж байх бөгөөд цээж ууж, урт ууж гэсэн ялгаатай.
Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол хүндэтгэлийн өмсгөл бөгөөд дээлийн өнгөнөөс өөр өнгийн эдээр хийдэг. Эмэгтэйчүүдийн дээлийн өнгийг тухайн бүсгүй хүний намба төрх, нүүр царай, унах морины зүс, тохох эмээлийн өнгө гоёл зэрэгт тохируулан сонгодог байна. Ойрад буюу Баруун монгол эрэгтэйчүүд халх эрэгтэйчүүдийн адил загварын дээл өмсөх боловч өвөлдөө дан цагаан нэхийгээр хийсэн, өнгө татаж гадарлаагүй “дэвэл” хэмээх дээл, өнгө татаж гадарласан “үч” хэмээх нэхий дээл өмсөнө. Харин зундаа бөс, торго, чисчүүгээр хийсэн тэрлэг өмсдөг. Нэхий дээлд 8 хонины нэхий ордог бол хурган дээлд 30-32 арьс орно. Ишгэн дээлийг хөнгөн хэмээн настайчууд голдуу өмсдөг байжээ.
Дээл хээ хур нь тус өөр бэлгэдэлтэй байдаг билээ. Түүнчлэн эрт дээр үед хүүхдэд хээ хуар бүхий дээл өмсөхийг цээрлэдэг байжээ.
МОНГОЛ БӨХИЙН ӨМСГӨЛ
Дөрвөн талт жанжин малгай, зодог шуудаг, нөмрөг, ээтэн хоншоортой монгол гутал орно.
Малгай: Утга төгөлдөр агуулга бүхий жанжин малгайг газар тавилгүй өмсөж засуулууд гартаа залан өргөн барьдаг. Малгайны дөрвөн тал нь Монголын дөрвөн аймгийг, орой дээрх зангидмал сампин нь шавь таван газрыг төлөөлүүлэн бүтээсэн бөгөөд 1995 оноос дөрвөн талт малгайг улаан залаатай болгож түүн дээр шар өнгийн туузаар наадамд гаргасан амжилтыг тэмдэглэж малгайг дөрвөн талд нь аварга, арслан, заан, начин цолыг илтгэн харуулсан хүчтэнүүдийн дүрсийг мөнгөөр сийлэн хийсэн онцлох тэмдэгтэй болжээ.
Залаа: Залаа нь үндэсний бөхийн барилдаанд гаргасан амжилтыг илтгэн харуулна. Хөндлөн “шар” туузыг дүрэмд заасан хэмжээний дагуу залаан дээр хөндлөн хадна.
Зодог шуудаг: Монгол бөхийн зодог нь “саран” ба “уутан” хэлбэрийн гэсэн хоёр янзын эсгүүртэй. Зодог шуудгийг зөөлөн торгомсог эдлэлээр эсгэж, мяндсан утсаар ирмэглэн шидэж шуудагны гуяны хэсгийг зөөлөн сур буюу арьсаар сүлжиж ханцуйны уяаг мяндсан утас хадгаар хийнэ. Зодогны элэг бүс нь хүч чадал, арга мэх, зориг самбаагаар хүчирхэг байх утгыг агуулна.
ДЭЭЛИЙН ЦЭЭРЛЭХ ЁС
ЭР ХҮНИЙ ГОЁЛ
Монгол эрчүүдийн бүснээсээ зүүж явдаг гоёл бол хэт хутга, аяганы уут, даалин юм. Хэтэн дээр дүрсэлдэг хээ нь цэцэг, булан, эвэр угалз, тохомтой угалз зэрэг юм. Энэ бүгдийг мөнгөөр хийдэг. Хутганы хажууд хос савх хатгаастай байдаг. Хутгаа ар нуруундаа бүсэндээ хавчуулан зүүгээд айлд орохдоо сугалан унжуулдаг байна.
Хөөрөг: Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлж хэрэглэдэг байжээ. Хожим уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болжээ. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хоёр хүн тус тусын хөөргийг гарынхаа алган дээр хагас босоо барин солилцоно. Толгойг нь үл мэдэг онгойлгон өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө мөн тэр байдлаар нь буцаан барина. Солилцохдоо харшуулан дуугаргаж болохгүй бөгөөд эвдрэлцэхийн дохио хэмээн цээрлэдэг. Хөөргөөр амар мэнд асуухаас гадна эв түнжин эвдэрсэн, хоорондоо муудалцсан хүмүүс эргэн уулзаж тамхилан санасан бодсоноо ярьж, бие биендээ өс санахгүй явъя хэмээн эвлэрэх бэлгэдлийг илэрхийлж хөөрөг зөрүүлдэг ёсон бий.
Аяганы уут: Өөрийн аягаа зориулалтын уутанд хийн бүсэндээ хавчуулан явдаг. Голдуу мөнгөн аяга авч явах ба тухайн хүний бэл бэнчингээс шалтгаалан модон тагш ч авч явах нь бий. Айлд ороод гэрийн эзэнтэй мэндэлж тамхилаад өөрийн аяга, савх, хутгаар хооллож ундалдаг байжээ. Аяганы уут, хөөрөгний даалин зэргийг торгоор хийж, дээр нь гоёмсог хээ угалзыг зүү ороон, саа самнан хатгаж чимэглэсэн байдаг.
Гаанс: Гаансыг соёо хэлбэртэй сэтгүүр, хагас дугуй хэлбэртэй цохилбортой хамт хэрэглэж, гаансыг гутлын түрийндээ шургуулан хийж явдаг. Гаанс нь толгой, их бие, соруул зэргээс бүрдэнэ. Гаансны толгойг ган, гууль зэргээр, их биеийг модоор хийх бөгөөд заримдаа бүхэлд нь ясаар хийх нь буй. Гаансны аманд зуух хэсгийг соруул гэх бөгөөд хамгийн үнэтэй нь цагаан өнгөтэй, уртавтар хаш соруул болно. Сэтгүүр, цохиурыг мөнгөн гинжээр тамхины савтай холбодог.
Хэт хутга: Хэт хутгыг бүсэнд зүүх оосор хэмээх бэл, гал ноцоох хэтийн хамт хэрэглэнэ. Хутганы хажууд хос савх хатгах бөгөөд ар нуруун талд бүсэндээ хавчуулж явдаг. Айлд орохдоо хутгаа бүснээсээ сугалан доош унжуулна.
ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦАС, ГОЁЛЫН БЭЛГЭДЭЛ, СОЁЛ |
|
2025-02-25 17:30:42
2025-02-25 16:42:10
2025-02-25 15:31:07
2025-02-25 15:14:05
2025-02-25 14:39:30
2025-02-25 11:31:47
2025-02-25 10:14:26
2025-02-25 08:34:21
2025-02-25 08:27:42
2025-02-25 07:54:48
2025-02-25 07:28:17
2025-02-25 07:00:00
2025-02-25 07:00:00
2025-02-25 07:00:00
2025-02-25 07:00:00
2025-02-25 07:00:00
2025-02-25 06:54:31
2025-02-24 17:28:03
2025-02-24 17:27:20
2025-02-24 16:38:18
2025-02-24 15:26:13
2025-02-24 14:35:18
2025-02-24 13:39:06
2025-02-24 13:28:25
2025-02-24 12:45:04
2025-02-24 12:12:04
2025-02-24 11:47:00
2025-02-24 10:53:48
2025-02-24 10:12:23
2025-02-24 10:10:37
2025-02-24 09:47:36
2025-02-24 09:45:50
2025-02-24 09:26:34
2025-02-24 09:07:52
2025-02-24 08:47:45
2025-02-24 08:41:13
2025-02-24 08:35:35
2025-02-24 07:00:27
2025-02-24 07:00:00
2025-02-24 07:00:00
2025-02-24 07:00:00
2025-02-24 07:00:00
2025-02-24 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |