Гудамж талбайгаар нь идэр есийн жавар гуядалсан Улаанбаатарын өвлийн урт шөнүүдэд эл номын эхний хуудсыг сөхөж суусан билээ. Харин өдгөө хотод урин цагийн салхины үзүүр сэвэлзээд эхэлжээ. Тэнгэр нь үд дундаа улам улмаа цэлмэгших нь номын номин цэнхэр хавтсыг санагдуулна. Тэр л тэнгэрээр урт цагаан зам татуулан онгоц өнгөрөх нь номын хавтсан дээрх нэрийг тодруулж харагдуулах шиг болно. Хөндүүртэй атлаа баяр жаргалтай олон өдрүүдийг цэх туучаад ирсэн мэтээр сэтгэгдэнэ. Уяран хайлах, улмаа эр зоригтой байна гэдэг “Ухаарлын үр” хэмээсэн найрагч ахын шүлэг бодогдоно. Эрэн сурвалжилсан тэмдэглэлүүдийг нэхэн санахуй Э.Хүрэлбаатар ах тун зоригтой сэтгүүлч аж. Тиймдээ ч “Эрлийн үзүүрт” бол хүний тухай, үнэний тухай, эр зоригийн тухай ном юм.
Би Э.Хүрэлбаатар ахтай ер тухтай суугаад хуучилж үзсэнгүй. Олныг хамарсан ганц нэг арга хэмжээнд таарахдаа мэнд мэдэж, ёс төдий хэдэн үг солиод өнгөрнө. Анх “Өдрийн сонин”-ны албан өрөөнд ямар нэгэн комьпютер, дэлгэц ч үгүй ширээн дээр тэмдэглэлийн дэвтэр өөд ширтэж суухад нь яруу найрагч Л.Батцэнгэл ах дуудан өөрийг нь уургалж авчихаад учирлаж суусан бодлоос нь салган байж танилцуулж билээ. Бид нэр усаа хэлж, гар бариад л өнгөрсөн. Дөнгөж танилцсан тэр ах дуугүй, дотогшоо нэгэн шиг санагдсан. Ерөөс бусадтай сүйд болж хуучлаад байдаггүй, ширээ рүүгээ тонгойгоод нэг их бодолхийлж эсвээс дүнсийн сууна. Зарим нь чанга ярьж, хөхрөлдөж, хэн нэгнээс асуулт нэхэн орилж, тухайн өдрийн мэдээ мэдээллийн талаар ам уралдан ярьцгааж байхад тэдний дунд чимээгүйхэн бодол болж суусан тэр хүн миний хувьд дөнгөж танилцсан агаад хэзээ ч хүрч чадахааргүй мэт алс нэгэн шиг санагдаж байлаа.
Хожим “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид” нийтлэл, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү”, “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” зэрэг сурвалжилгуудыг нь уншаад уг хүн өөрт олдсон баримтыг сайтар тунгааж, дүгнэхээс гадна дүрслэлээс баримт руу уншигчдаа хөтөлж бичдэг, ерөөс бүтээлийн гол баатрууд, үйл явдлын халуун цэг дээр уулзсан хүмүүст оновчтой цөөн асуулт тавьж хүссэн хариултаа авч чаддаг сэтгүүлч болохыг нь мэдсэн билээ.
Цаг мөч бүхэнд эрэл, эхлэл гэж бий. Тиймээс сэтгүүл зүйн цаг үе ч мөн өөрийн гэсэн эрэл, шинэчлэгчид, онолчоос гадна шүүмжлэгчид зэрэг нүсэр том механизм хөдөлгүүрийн багтай. Тэдний зарим нь сурган хүмүүжүүлэгч, мянга мянган шавьтай багш нар, сонин гарчиглаж суух тэтгэврийн хөгшид, хамгийн их хандалттай сайт удирдан чиглүүлж яваа туршлагатай удирдагчид болчихсон нь бий. Цаг хугацаа бүхнийг элээдэг ч бүхний эхлэл болон мөч бүрт оршиж байдаг. Тиймдээ ч Э.Хүрэлбаатар ахтай танилцсан хоромхон хугацаа дээр өгүүлсний адил үгийн охорт багтах ч “Эрлийн үзүүрт” номоор дахин уулзсан, уг номын хуудсыг элээж суусан хоногууд бол цаг мөч бүрт ахин нэг эхлэл, шинэ учрал хүлээж байдгийн тод гэрч юм.
“Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид” гэх хамгийн дуртай нийтлэл минь тус номд багтаагүй учир эхлэлийн эхэнд үзэгний үзүүр эмтлэх учиртай.
“Хануй бригадын зүүн урдаас зээрд морьтой хүүхэд давхиулсаар улаан хүрэн өнгөтэй дүнзэн байшингийн өмнө ирлээ. Их л яарч сандарч байгаа бололтой, мориноосоо үсэрч буугаад үүрч явсан цүнхээ газар шидчихэв. Тэгснээ мориныхоо жолоо, цулбуурыг хурдхан гэгч нь эвхээд морио сул тавьчихлаа. Битүү цан болсон зээрд морьд газар үнэрлэж байснаа гөлмөө дэрвүүлээд ирсэн зүг рүүгээ хатирчихлаа. Мориныхоо араас хэсэг харж зогссон хүү цүнхээ шүүрч аваад сургуулийн зүг гүйчихэв”.
Энэ эхлэл яг өгүүллэг шиг эсвээс тэртээ одсон дурсамжийн гүнээс уургалж барьсан нэгэн өдрийг уран яруугаар нэхэн санах шиг уншигдана. Харин нийтлэл бүхэлдээ тийм биш нь төгсгөлийн өгүүлбэрийг эвхэж тавихад мэдрэгдэнэ. Эх орны хаана ч гэсэн эгэл боргил амьдрал буцалж буй. Түүнийг бид мэдэхгүй ч тэдгээр хүмүүс монгол орны нэгэн эд эс болон оршиж байгаа. Тэрхүү эгэл, энгийн аж төрөхүйг сэтгүүлч хүн ингэж зураглаж, бусдад таниулж буй нь ажлын үүрэг хариуцлагаас гадна өөрийнх нь мэдрэмж, дотроо нуучхаад цаг ямагт ил гаргаад байдаггүй дурсамжтай нь холбоотой болов уу гэж санана. Уншигчид өөр хаанаас ч авах боломжгүй үнэ цэнтэй мэдээлэл, түүхэнд дуртай байдаг биш үү.
Эрэл. Энэ үг тун өргөн сэдэв хамардаг. Сайхан, муухай хийгээд ерөөс юуны ч эрэлд гарч болно. Бид ч бас эрэлчид. Бусдыг болоод өөрийгөө дотуураа сэлж эрнэ. Чухам хаана зогсож, хэдийд урагшлах шийдвэрээс ихэнх юмс хамаарна. Зарим эрэл төгсдөг бол зарим нь үүрд үргэлжилдэг жамтай. Харин сэтгүүлч Э.Хүрэлбаатарын сурвалжилсан тэмдэглэлүүд олон салаа эрэл, тэдгээрийг холбосон эцсийн нийтгэлээс бүрэлдэнэ. Учир нь Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйд жин дарж байдаг эдгээр бүтээлүүд дэд гарчигт оноосон нэрсийн нэгдмэл холбоосоор бичлэгийн өнгө аясаа тодорхойлоод зогсохгүй сэдэв, санаа, агуулгыг түүгээрээ дамжин холбож найруулдагт оршино. Харин хөрөг болоод аян замын тэмдэглэлүүдийн ихэнх гарчиг нь дотоод агуулга, уншигчийг хөтөлж аваачсан асуудал болоод эрлийнхээ замаас ангид хол байдаг онцлогтой аж.
Уянгын зураглалууд түүний бүтээлд олон. Заримдаа нэг их хурц тэмцэл, шуудхан өрнөлөөсөө эхэлж буй аятай үйл явдлын дүрслэлүүд ч уншигчийн баримт руу нь хөтөлж хүрнэ. Гэхдээ энэ нь уянгын усан дүрслэл, огтоос зохиогүй хуучны үгсээр хулдаад чимэглэчихсэн эд биш. Яг л энгийн, үнэнээр нь өчнө. Бусдын уруулаас угзарч, сэтгэлээс шүүрдсэнээ торох юмгүй бийрлэчихдэг болов уу гэмээр... Харин нөгөөтээгүүр эсрэгээрээ байх нь бий.
“... “Ядахнаа хүүг минь амьд дээр нь аварчих л даа. Би та нараас гуйж байна. Авраарай” хэмээн орилох дууг Сэлэнгэ мөрний дагуух хилийн заставт манаанд гарч байсан Хилийн цэргийн 0243 дугаар ангийн манааны ахлагч сонсжээ...”
Ингээд биччихээр цэл хүйтэн мөсөн дээр үхэлтэй тэмцэж яваа хүүгээ тэвэрсэн эхийн дүр шууд нүдэнд бууж байгаа юм. Энэ нь чухамдаа эсрэгээрээ баримтаас дүрслэл рүү уншигчийг аваачна. Эхний цогцолборт хадаастай тус өгүүлбэр нь дотроо тоочимж маягаар урсгах олон баримт, дүрслэлүүдээс илүүтэй тухайн сэдвийн талаарх төсөөлөл, хэрэг хэрхэн өрнөж буй зэрэг мэдээллүүдийг давхар агуулна. Уг сурвалжилга бол 2012 онд Сэлэнгэ аймагт болсон үйл явдлын хойноос сэтгүүлч эрлийнхэнтэй явж Н.Саранчимэг, түүний хүү найман сартай Г.Шинэбаяр нарыг хилийн цэрэг болоод онцгой албаныхантай цуг хайлцсан тэмдэглэл. Ерөөс эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлүүдээ “сурвалжилсан тэмдэглэл” гэж нэрлэсэн нь үнэхээр оножээ.
Уг сурвалжилсан тэмдэглэлийн төгсгөлөөс л надад эрлийн эсрэг эрэл гэх бодол орж ирсэн юм. Учир нь онцгой байдлын аврагчид сайн багаж хэрэгсэл, моторт завь бүү хэл өвлийг давах дулаахан гуталгүйгээс гадна харанхуй шөнөөр голын хүйтэн мөсөн дээр урсаж яваа эх хүү хоёрыг харах гэрэлтүүлэг ч үгүй. Тэдгээрийг сэтгүүлч нэгэн албан хаагчыг гуйж, нэрийг нь өөрийнх нь хүсэлтээр нууцлахаа амлан байж яриулж дөнгөсөн байгаа юм. Асуудал доторх асуудлыг ийнхүү хөндөж тухайн үеийн ОБЕГ-ыг хариуцагч шадар сайдад энэ талаар уламжлахаас гадна төсвийн тухай ч яриад амжсан байдаг. Эрлийн эсрэг ахин нэг эрэл гэдэг нь энэ.
1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр бүтээл туурвих болсон нэгэн үеийн залуус сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлд шинэ эрэлхийлэл хийж, өөрчлөлтийн салхи сэвэлзүүлж, “Балдорж” шагналын тайзнаас нэр нь үргэлж дуулдах болсон. Тэдгээрийн нэг бол Э.Хүрэлбаатар.
Сэтгүүл зүй өөрөө стандартлагдсан үйл ажиллагаатай, зарим нь урьдаас бэлдэж төлөвлөсөн зүй тогтоц, бүтэцтэй байдаг. Харин энэ бүхний үр дүнд тухайн сэтгүүлчээс хамааралтайгаар бичвэр буюу уран бүтээл төрдөг нь эргэлзээгүй зүйл. Гол нь бусад урлагийн төрлийн бүтээл, бичвэрээс юугаараа ялгаатай вэ гэвэл туурвин бүтээх жишгээр бичигддэг ч гэлээ мэргэжлийн дагуух стандартыг мөрдөхийн зэрэгцээ бичээч буюу сэтгүүлч нь зарим ёс зүйд захирагддаг онцлогтой. Эдгээрээс гадна “Эрлийн үзүүрт” номоос ажигласан нэг онцлог нь сэтгүүлч барьж авсан сэдвийн араас тултал явж, үзэгний мөрөөр ягштал шан татахаас гадна өөрийн бус өрөөлийн төлөө дуугарах үүргээ биелүүлсэн явдал юм. Энэ бол онолоос гадуурх нийтлэг ойлголт ч гэлээ дагаж мөрдөх ёстой журам гэж боддог.
Оросын эрдэмтэн М.В.Ломоносов “Сэтгүүлчийн ёс зүйн асуудал бол нийт хүн төрөлхтний ёс зүйгээс гажих ёсгүй. Сонин хэвлэлийн нийтлэл бол уншигчдад үнэнийг хэлэх ёстой” гэжээ.
“Эрлийн үзүүрт” номд багтсан Бичигтийн боомт дээр хөлдөж үхсэн олон зуун адуу, Баацагаан сумынхны аж төрөхүй, боомт дагаж суурьших саарал ахуй, ХӨСҮТ-ийн эмчилгээний оношлуур авах нэрийдлээр мөнгө хүүдийлж буй хүмүүсийн асуудлыг илчлэх зэрэг болон Хустайн нурууны энгэрээр хэргийн мөрөөр гүйж бичсэн бүр нь уншигчдад чин үнэнийг шулуухан хэлээд өгчээ. Гол нь үүн дээр нэг асуудлыг яг байгаа чигээр нь бусдад хүргэсэнгүй. Тэр мэдээж өөрийн үзсэнээ уншигчдад харагдтал дүрсэлж чадна. Харин тэрхүү асуудлыг мэдээллийн олон талаас задалж, шинжилж, дүгнэлт өгч байж бусдад хүргэдэг онцлогтой.
Мөн нэг зүйл бий. Би анх “Монцамэ” агентлагаас алс явж сурвалжилга бэлтгэх томилолт авч ирээд хилийн тухай гурван ч цуврал нийтлүүлсэн юм. Гэтэл тухайн үед агентлагийн дарга байсан сэтгүүлч Б.Ганчимэг эгч өрөөндөө дуудаж уулзаад сайхан цуврал бэлтгэж ирсэнд баяр хүргэхийн ялдар “Нэг юмыг гэхдээ анзаарч байгаарай. Сэтгүүлч хүн үргэлж сайн сайхныг зураглах бус асуудлыг гярхай ажиглаж, харж чаддаг. Түүнийгээ хөндөж асуудаг зоригтой байх хэрэгтэй” гэж билээ. Үүний учир нь “Эрлийн үзүүрт” номын аян замын тэмдэглэлүүд нь эх орны байгалийн сайхан, хүн зоны амьдралаас гадна сэтгүүлч хүний гол чанар болох асуудлыг гярхай ажиглаж, харж чаддагт оршино. Э.Хүрэлбаатар сэтгүүлч явсан газар, уулзсан хүмүүсийнхээ сайн сайхан зан чанар, олзолж аваад бусдад хүргэхээс аргагүй үнэн түүхийг үгээр урласан ч түүн дотроос хөндөх асуудал, тэр нь зөв хүмүүстэй хүрснээр шийдэгдэх ёстой нөгөө л чухал баримтуудыг олоод нээчихдэг болохыг бүтээлийг нь уншсан хэн ч анзаарах биз ээ.
Дүрслэл ба баримт хоёрыг жаахан тодруулъя. Ерөөс энэ арга барил Э.Хүрэлбаатар сэтгүүлчийн ихэнх бүтээлээс ажиглагдана. Сэтгүүл зүй өдгөө онол практик, ёс зүйн өндөр түвшний мэдлэгээс гадна биднээс ур чадвар, мэдрэмжийг илүүтэй нэхэж буй. Үүнээс гадна тухайн газар дээрээс сурвалжилж, хүмүүст мэдээллийг түргэн шуурхай агаад үнэн зөвөөр хүргэх нь чухал. Тухайн газар дээр нь очих, болж буй үйл явдлын дундаас мэдээллийг авах зэрэг нь ур чадвар, түүнийгээ дараа дүгнэж, цаасан дээр буулган уншигчдад хүргэх нь давхар мэдрэмж шаардаад буй хэрэг л дээ. Эдгээр нь харин бүтээлийн эхлэл төгсгөл дэх уянгын зураглал, тухайн асуудал буй болсон газрын дүрслэлтэй холбогдож байгаа юм. “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” сурвалжлагад ийм хэсэг бий.
“...Бөхөнгийн сүрэг бүл нэмэх гэж хүлээнэ. Бөөцгөр махчид ходоодоо баярлуулах гэж отно. Сүргээрээ манаж, эх нуугдаж төрөөд ч нэмэргүй алдчих тохиол байхад сүүдэртэйхэн газар бараадаж төрөөд эсэн мэнд торниулах нь бий. Гөрөөсний янзагыг бодвол тамир тэнхээ муутай ч дэлхийд ховордсон бүлийн тоо нэгээр нэмж байгаагаараа нэр төртэй янзага удалгүй биеэ даачихна”.
Цаашилбал янзагаа орхиж бэлчээрт гарахын тулд хэрхэн нуугдаж тоглодог болохыг нь хүртэл дүрслээд үзүүлчихсэн байх. Мэдээж бөгтөр бөхөнгийн тоо толгойтой холбоотой хэргийн нэг нь төлийн асуудал байж таарна. Хүүрнэл зохиолын тоочимж маягаар дүрсэлсэн нь уншигчдыг албан бичгийн явцуухан хэл, борог бааздуухан тоо баримтаар залхаахгүйгээр бөхөн үр зулзагаа хэрхэн хамгаалдаг болон тэдгээрийг бусад салаа туруутны төрөлтэй харьцуулахад хэчнээн эмзэг болохыг хэлээд өгнө.
Дүрслэл өөрөө баримт болж хувирах нь элбэг бус. Мэдээж үүнийг бичиж сурсан, хийж чаддаг сэтгүүлчид цөөнгүй байсан, одоо ч бий. Гэхдээ бичлэгийнхээ нэгэн өвөрмөц онцлог, салгачихвал л амтгүй болчих хүртэл нь харгалдуулж, нэгтгэсэн нь харин ховор. Учир нь тэрхүү дүрслэл, сурвалжилсан тэмдэглэлүүдэд гарч буй зураглалууд нь хэтрүүлэлгүй байгаад оршино. Хэтрүүлчихвэл баримт алга болоод хоосон уянгын зураглал, цагаан өнгөөр хулдсан өвлийн талын нар гялбасан үзэсгэлэнтэй өглөө шиг боловч нүд хорсгоод байхвий.
Дээрх зураглал бол “Гурван тэс сумаар ийм сонинтой” аян замын тэмдэглэлийн эхлэл юм. Өмнөговь аймгийн Гурван тэс сум шүү дээ. Говийн нарны илч, нүцгэн гэмээр хөх уул, тэгээд ч говь гэхээр л сэтгэлд торох тэмээ ч үзэгдэнэ. Цаашлаад уг тэмдэглэлд цоохор ирвэс, мөнхүү Шивээ хүрэн боомтын талаарх асуудлууд хөндөгдөнө. Тиймдээ ч хүнд даацын машинууд тоос татуулан давхиж явааг алдалгүй дүрсэлжээ. Эхний өгүүлбэрээс л хойш өгүүлэх үйл явдал руу уншигчийн хөтөлж байгаа нь тэр.
Гэхдээ асуудал хөндөх, түүнийг олж харах өөр хэрэг. Учир нь “Жавар тас хийн тачигнах монголын тал нутаг”, “Тахийн гүү унагалах цагаар...”, “Таана хэнзэлсэн говиос тариа ногоогоо хурааж буй хангай нутаг хүртэлх намар”, “Үргэлж миний төлөө, үсээ цайтал зөвхөн миний төлөө” зэрэг тэмдэглэлүүдээс гадна Сарьдагийн хийдийн олдворыг анхлан хэзээ, юуг сөрөн байж олж нээн илрүүлсэн тухай гэгээн сайхан бүтээлүүд ч уг номд олон аж. Тэдгээрийн унших тусам Э.Хүрэлбаатар сэтгүүлчийн үгэндээ тун харам болох нь мэдэгдэнэ. Яг оносон дүрслэл түүнийгээ тасхийсэн, хангинасан дуу гарган жад, илд нийлэх шиг үгсээр ханатал буулгана. Тэр нь ингэж байгаа юм аа...
“...Хангай нутагт сарлагийн бух дошиж, хадат өндөр уулсын байцын хүйтнээс хүйтэн оргил руу тэмүүлэх. Заган шугуйт говийн бүлээн элчээрээ ээсэн ээрэмд ороо нь орсон буур гэдсээ нум болтлоо махийтал татчихаад сүртэй байгаа биз ээ. Замд таарсан болгоноо хүү татчих гээд араа шүдээ арзалзуулан амнаасаа цагаан хөөс сахруулчихсан хүзүү сунган тэшиж байгаа”.
Дээрх өгүүлбэрүүдэд сул үг их ховор. Яг л онож буулгасан дүрслэлүүд. “Амаа ангалзуулан” гэчихсэн бол өөр нэг хэрэг. Гэтэл ороо орсон буурыг “...араа шүдээ арзалзуулан” гээд биччихэж байгаа юм. Зарим бол яралзуулаад л явчих байх. Энэ мэтчилэн “Эрлийн үзүүрт” номын тухай нуршихад ханах нь ер үгүй. Гэвч бичихэд хязгаар бий.
“Хүн нас биед хүрэх тусам ээжээсээ холддог ч юм шиг” гэж тэр бичжээ. Мөн “Оюун ухаан минь гүйцэт боловсроогүй хүүхэд байхдаа ээжтэйгээ яасан ойр байгаа вэ” хэмээн дурсамжаа юүлэн гэмшжээ. Энэ тухай нь судлаач П.Батхуяг асан “...ур чадвар, ухаан хоёрыг сүлж бичсэн бүхэн нь хэдий өмнө нь уншсан ч дахин уншихад сэтгэлийн доторх бодлын утсыг хөндөж байна” хэмээн дүгнэсэн байв.
Тэгээд ч номд агуулагдсан бүхэн чухамдаа эрлийн эсрэг эрэл билээ. Сэтгүүлч нь, түүний бичвэрийн баатрууд нь ч мөн шууд болон дам утгаар өөрсдийгөө, хэн нэгнийг эрж яваа. Уг эрэл төгсөж уяа дуусах уу гэвэл тийм бус аа.
Цаг хугацаа юмсыг хүлээлгүйгээр ямагт хөгшрөл тийш зөөдөг гэдэг. Тэгвэл бүтээлийн хувьд цаг хугацаа ямагт зогсонги, тэвчээртэй, чөлөө зав ихтэй байдлаар ханддаг. Тиймдээ ч зарим зүрх өнө мөнхөд цохилдог. Хүн зоны явдал, хүй цөглөсөн Эрдэнэсант нутаг, элгэн садан олон, энэ улсынхаа талаар эмзэглэсэн сэтгэлээс үүдэн бурууд нүд хурц, зөвд үг уран хандаж ямагт эрлийн үзүүрт нь явжээ, тэр. Үнэхээр энэ чинь бидний туурвидаг, хайрладаг салбар, энэ бол бидний эх орон шүү дээ гэж өөртөө ахин дахин сануулж хэлмээр болно.
ЭРЛИЙН ЭСРЭГ ЭРЭЛ |
|
2025-03-01 07:46:26
2025-03-01 07:31:20
2025-03-01 07:09:16
2025-03-01 07:00:25
2025-03-01 07:00:00
2025-03-01 07:00:00
2025-02-28 17:14:09
2025-02-28 14:46:27
2025-02-28 13:27:19
2025-02-28 13:24:56
2025-02-28 12:57:04
2025-02-28 10:33:38
2025-02-28 10:00:00
2025-02-28 09:55:25
2025-02-28 09:32:33
2025-02-28 09:11:54
2025-02-28 09:05:02
2025-02-28 07:28:13
2025-02-28 07:06:18
2025-02-28 07:00:00
2025-02-28 07:00:00
2025-02-28 07:00:00
2025-02-28 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |