• Өнөөдөр 2025-08-25

СЭНТИЙ СЭЛГЭЖ, СЭТЭР СОЛИХ ХОББИТОЙ Б.ОТГОНСҮХИЙГ АТГ-Т ИЛЧЛЭХ НЬ

       - АТГ, Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хэдий болтол Б.Отгонсүхийг хаацайлж, хамгаалах вэ-
Албан тушаалын авшигтай, ах нарын хишигтэй, алтан халбаганы зуулттай, даргын суудлын даллагатай Б.Отгонсүх гэгч эр бий. Намтар нь дарга байснаар эхэлдэг, одоо ч дарга л байгаа. Ердөө 20 гаруйхан насандаа төрөлх Өвөрхангай аймгийнхаа Хархоринд суманд засаг ноён байсан. Тэндээсээ нутгийн ах С.Чинзоригоос хөтөлж хормойдсоор хотод орж ирсэн. Тэгээд Д.Сумъяабазарын “Вант улс” буюу СХД-ээс НИТХ-ийн төлөөлөгч болсон. Тэр цагаас хойш С.Амарсайханд тоогдож, “Эгийн голын усан цахилгаан станц”-ын захирал, Хотын даргын зам тээвэр хариуцсан орлогч, Замын-Үүдийн гаалийн дарга, Улаанбаатар хотын гаалийн дарга, “Монголын төмөр зам”-ын захирал, өдгөө “Иргэний нисэхийн үндэсний төв”-ийн захирлаар ажиллаж байгаа. Ер нь бол 1-2 жил тутамд нэг албан тушаал сэлгэж, сэтэрээ сольдог “хоббитой”. Авлига, хулгайн үр суулгачихаад, үр жимсээ хурааж авмагцаа нисчихдэг гэсэн үг л дээ. Ёстой л Ардын намынхаа цүнхчдийн атаархлыг төрүүлж амьдардаг нэгэн. 
 
Тэгвэл “ИНҮТ”-ийн захирал Б.Отгонсүх ба түүний багийнхныг дараагийн томилгоо руугаа нүүдэллэхээс нь өмнө АТГ-ынхан анхааралдаа авах хэрэгтэй бололтой. Өмнө нь нийслэлд байхдаа 1.8 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон ч ах нарынхаа буянаар мултарч, ард түмэнд ч өршөөгдсөн. Атал амтшаад “Монголын төмөр зам”-д очсоныхоо дараа 2.5 тэрбум төгрөгийн тендер зувчуулж, яг тэр багаараа өдгөө “ИНҮТ”-д ирчихсэн сууцгааж байна. 

АТГ-ЫНХАНД АВРАЛГҮЙ АЧИГДАХ БАРИМТ БУЮУ Б.ОТГОНСҮХИЙН 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙН ЛУЙВАР

        “ИНҮТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүхэд хажуунаасаа салгадаггүй, хаа ч явсан хөтөлж явдаг С.Өлзийбүрэн гэх эмэгтэй бий. Жишээ нь, Б.Отгонсүх 2017 онд “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болмогцоо С.Өлзийбүрэнг албаны даргаараа авч, доороо ажиллуулж байлаа. Дараа нь Б.Отгонсүх 2023 оны долдугаар сарын 17-нд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тамгаа аваад ердөө сарын дараа С.Өлзийбүрэнг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Худалдан авалтын хэлтсийн даргаар томилж дэргэдээ авсан. Өөрөөр бол, Б.Отгонсүх “Монголын төмөр зам” ТӨХК-ийг удирдсан жил хагасын хугацаандаа бүх тендерийг С.Өлзийбүрэнд хариуцуулсан байдаг. 
 
Сүүлд, 2025 оны нэгдүгээр сарын 6-нд Б.Отгонсүх “ИНҮТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ингээд ердөө 9-хөн хоногийн дараа С.Өлзийбүрэнг “ИНҮТ” ТӨХК-ийн Санхүүгийн удирдлагын газрын даргаар томилсон. Өдгөө Б.Өлзийбүрэн “ИНҮТ” ТӨХК-ийн төсөв санхүүг бүрэн “базаж” байгаа. Чухамдаа, Б.Отгонсүхийн бүхий л бичиг цаас, данс тооцоо, хар бор ажлыг нь хариуцдаг үнэнч хамтрагч, бас туслах нь гэж хэлж болно. 
 
       Тэгвэл Б.Отгонсүх долоон жил дагуулж, доороо ажиллуулж байгаа С.Өлзийбүрэнгээрээ дамжуулж, “Монголын төмөр зам” ТӨХК-аас хэрхэн 2.5 тэрбум төгрөгийн тос, тосолгооны тендер гувчуулсан баримтыг дэлгэж байна. Дээр дурдсанчлан, өмнө нь Б.Отгонсүх нийслэлд байхдаа бусадтай бүлэглэн “Сити баз консалтинг” ХХК-иар 1.8 тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдож, АТГ-ын хаалга сахиж байгаад ачигдахын наахна мултарсан. Шадар сайд С.Амарсайхан, Уул уурхайн экс сайд Ж.Ганбаатар гэх хоёр ах нь түүнийг хэргээс сугалж дөнгөсөн гэдэг. Тэгвэл Б.Отгонсүх энэ удаад дэлгэж буй 2.5 тэрбум төгрөгийн тос, тосолгооны материалын тендерийн хэргээс мултарч дөнгөхгүй, ах нар нь аварч чадахгүй л болов уу. 
 
Дээр дурдсанчлан, Б.Отгонсүх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 2023 оны долдугаар сард томилогдсон. Сарын дараа буюу 2023 оны наймдугаар сард Б.Отгонсүх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Худалдан авалтын хэлтсийн даргаар С.Өлзийбүрэнг томилсон. Улмаар таван сарын дараа буюу 2024 оны нэгдүгээр сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, Худалдан авалтын хэлтсийн дарга С.Өлзийбүрэн хоёр “Зүтгүүрийн тос, тосолгооны материал” худалдаж авах 2.583.125.000 төгрөгийн төсөвтэй тендер зарласан. Тус тендерт УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын “Интерстандарт нефть” ХХК болон 20 гаруйхан настай Б.Энэрэл гэгчийн өмнө нь нэг ч тендерт оролцож байгаагүй “Хотол ойл” ХХК оролцсон байгаа юм. 
 
Энэ тендерт “Монголын төмөр зам” ТӨХК-аас “Үнэ, Туршлага, Баталгаат хугацаа” гэсэн гурван үндсэн шаардлага тавьсан. Үнийн хувьд, “Интерстандарт нефть” ХХК-ийн зүгээс 1.855.725.000 төгрөгөөр нийлүүлэх санал тавьсан. Харин “Хотол ойл” ХХК-ийн зүгээс 2.490.000.000 төгрөгөөр нийлүүлэх санал тавьсан. “Интерстандарт” ХХК нь “Хотол ойл” ХХК-аас 634 сая төгрөгөөр бага үнээр нийлүүлэх санал явуулсан гэсэн үг. Туршлагын тухайд, “Интерстандарт нефть” ХХК нь  төрийн өмчит компаниудын тос, тосолгооны материалын 434 удаагийн тендерт оролцож байсан, харин “Хотол ойл” ХХК нь төрийн нэг ч тендерт оролцож байгаагүй компани. Товчхондоо, тендерийн ялагч нь тов тодорхой байсан гэсэн үг. 
 
Гэтэл тэнгэрийн үнээр нийлүүлэх санал илгээсэн, тендерийн түй ч туршлагагүй өнөөх “Хотол ойл” ХХК нь хямд үнийн саналтай, хэдэн зуун тендерийн туршлагатай “Интерстандарт нефть” ХХК-ийг бут цохиж, ялалт байгуулсан. Хоржоонтой нь, тендерийн мэдээллийн санд “Интерстандарт нефть” ХХК-ийг “Туршлага багатай” гэсэн үндэслэлээр хасаж, “Хотол ойл” ХХК-ийг шалгаруулсан гэж бүртгэсэн байгаа юм. Дээрх баримтуудаас Б.Отгонсүх, Б.Өлзийбүрэн хоёр “Хотол ойл” ХХК-ийг хууль бусаар, хүчээр шалгаруулсан гэдэг нь тов тодорхой харагдаж байгаа юм. 
 
Улмаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн данснаас Б.Отгонсүх, Б.Өлзийбүрэн хоёр 2024 оны гуравдугаар сарын 12-нд 498 сая төгрөг, 2024 оны тавдугаар сарын 1-нд 1.992.000.000 төгрөгийг тус тус “Хотол ойл” ХХК-ийн данс руу шилжүүлж, гэрээгээ дуусгасан. 
 
        Тэгвэл “Монголын төмөр зам” ТӨХК-аас 2.5 тэрбум төгрөгийн тендер төвөггүй салгаж чадсан “Хотол ойл” ХХК-ийг Батхуягийн Энэрэл гэх 30 ч хүрээгүй эмэгтэй эзэмшдэг. Товч танилцуулахад, 2016 онд СЭЗИС-ийг төгссөн. Худалдаа хөгжлийн банканд теллер хийж байгаад 2022 онд “Дотно финанс” ББСБ-д нягтлан болсон. Тэндээсээ 2023 оны дөрөвдүгээр сард “Хотол ойл” ХХК-ийн захирал болсон. Ингээд л 2024 оны нэгдүгээр сард “Хотол ойл” ХХК-аараа “Монголын төмөр зам” ТӨХК-аас 2.5 тэрбум төгрөг авсан байгаа юм.  
 
Гол нь, банкны теллер, банк бусын нягтлан төдий байсан Б.Энэрэл гэнэтхэн “Хотол ойл” ХХК-ийн захирал болоод, яаж ердөө хагас жилийн дараа “Монголын төмөр зам” ТӨХК-аас 2.5 тэрбум төгрөг салгаж дөнгөсөн бэ гээд хөөхөөр Б.Отгонсүх, С.Өлзийбүрэн хоёр дээр хөтлөөд очиж байгаа юм.  Тодруулбал, “Хотол ойл” ХХК-ийг эзэмшигч Батхуягийн Энэрэл нь Б.Отгонсүхийн баруун гар буюу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга, одоогийн “ИНҮТ” ТӨХК-ийн Санхүүгийн удирдлагын газрын дарга С.Өлзийбүрэнгийн хамаатан, басхүү төрсөн эгч нартай нь хадгаламж зээлийн хоршоо хамтран ажиллуулж ирсэн бизнесийн хамтрагч нь. Тухайлбал, “Хотол ойл” ХХК-ийг эзэмшигч Батхуягийн Энэрэл нь 2018 оны долдугаар сард “Зөв тооцоолол, зөв ирээдүй” ХЗХ-г “ИНҮТ” ТӨХК-ийн Санхүүгийн удирдлагын газрын дарга С.Өлзийбүрэнгийн төрсөн эгч С.Ичинхорлоо, түүний нөхөр С.Батсайхан, охин Б.Базардагина, Б.Раднаадагина, төрсөн эгч С.Дайрийжавынх нь охин З.Мягмарсүрэн, З.Пүрэвсүрэн, түүний нөхөр Ө.Хатанбаатар нартай хамтран байгуулж, эзэмшиж ирсэн байдаг.
 
Нэгтгэвэл, Б.Отгонсүх, Б.Өлзийбүрэн хоёр хуйвалдаж, хамаатан, басхүү хадгаламж зээлийн хоршооны хамтран эзэмшигч Батхуягийн Энэрэлийн нэр дээрх “Хотол ойл” ХХК-аар дамжуулан “Монголын төмөр зам” ТӨХК-аас 2.5 тэрбум төгрөг тендер зувчуулсан нь ийнхүү баримтаар нотлогдож байгаа юм. Товчхондоо, энэ бол Б.Отгонсүх, С.Өлзийбүрэн хоёр хөтлөлцөөд АТГ-ын хаалга татах, авлига албан тушаалын хэргээр таслагдах хангалттай сэжүүр юм. 
Тайлбар: Б.Отгонсүхийн баруун гар, "ИНҮТ"-ийн Санхүүгийн удирдлагын газрын дарга С.Өлзийбүрэн ба түүний хамаарал бүхий "Хотол ойл" ХХК нь тендер авсан, 2.5 тэрбум төгрөг шилжүүлж авсан баримт

Б.ОТГОНСҮХ ӨӨРИЙН ТӨРСӨН АХ Б.ДЭМБЭРЭЛ БОЛОН ХЯТАД НАЙЗУУДЫНХ НЬ МАХНЫ ҮЙЛДВЭРИЙН МАХЫГ ИРАН РУУ ОНГОЦООР ЗӨӨЖ ӨГЧ БАЙГАА ЮУ

        Эргэн санавал, 2021 оны долдугаар сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цагдаа, тагнуул, авлигын мөрдөгчид бүхий нүсэр бүрэлдэхүүнтэй Замын-Үүдэд очиж, хил гаалийн баахан дарга нарыг баривчилж, орных нь томилгоонуудыг хийсэн. Ингэхдээ Х.Нямбаатар Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр зургаа дахь сардаа ажиллаж байсан Б.Отгонсүхийг Замын-Үүд дахь Гаалийн газрын даргаар томилж байв. Тухайн үед Б.Отгонсүхийн “том ах” С.Амарсайхан нь Шадар сайд болчихсон байсан тул ийнхүү Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга болоход нь дэмжлэг үзүүлсэн ч гэдэг. Ингээд Б.Отгонсүх ЗГ-аас Замын-Үүд дахь Гаалийн газрын авлигын архаг буглааг хага шахаж үүрэг хүлээж нэг жил ажилласан. Улмаар 2022 оны долдугаар сард буцаж ирээд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргаар жинхлэгдсэн байдаг. 
 
       Хамгийн ноцтой нь, Б.Отгонсүх нь үнэндээ хил гааль руу хэзээ ч ойртуулж болохгүй, ашиг сонирхлын асар их зөрчилтэй нэгэн ажээ. Тодруулбал, Б.Отгонсүхийн том ах нь Батсуурийн Дэмбэрэл гэж хүн бий. Хятадуудтай халаас нэгтэй, хятад руу нүүрс, мах гээд гаргаж болох бүхнийг гаргадаг нууц ноёнтон. Тухайлбал, Б.Дэмбэрэл нь “Дээжийн өргөө” ХХК, “Дээжийн цеке” ХХК гэх хятадуудтай хамтарсан хоёр компанитай. “Дээжийн өргөө” ХХК, “Дээжийн цеке” ХХК гэх хоёр компаниараа УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын “МАК”-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийнсухайтын уурхайн нүүрсийг Шивээхүрэн боомтоор дамжуулан хятад руу өдөр шөнөгүй зөөдөг. Зүгээр ч зөөх төдий бус, Б.Дэмбэрэлийн хятад хамтрагчид нь “МАК”-ийн нүүрсний худалдан авагчид ажээ. 
 
Цаашилбал, Б.Дэмбэрэл нь хятад найзуудынхаа хөрөнгө оруулалтаар “Дээжийн өргөө” ХХК-аараа уугуул нутаг болох Өвөрхангай аймгийнхаа төв Арвайхээр 2.0 га газар авч, 2018 онд махны үйлдвэр барьсан. Өдөрт 600 толгой хонь, 50 толгой үхэр нядлах хүчин чадалтай, аймагтаа л аварга үйлдвэр. Өдгөө ч Өвөрхангайд өдөрт хэдэн зуугаар нь хонь худалдаж авдаг ганц үйлдвэр нь эднийх ажээ. Үйлдвэрийнхээ нээлтэд Б.Дэмбэрэл өөрийнхөө ах дүү нар, Өвөрхангай аймгийн удирдлагууд, гол нь хятад найзуудаа оролцуулан сүр дуулиантай тууз хайчилж буйг доор хавсаргав. 
Тайлбар: "Дээжийн өргөө" ХХК-ийн захирал Б.Дэмбэрэл\улаан зангиатай\, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, хөрөнгө оруулагч хятадуудын хамт
         Гол нь, Б.Отгонсүх томилогдож очсон албан тушаалуудаа ашиглан, төрсөн ах Б.Дэмбэрэлдээ тусалж ирсэн байж болзошгүй хоёр сэжүүр байна. 
 
Нэгдүгээрт, төрсөн ах Б.Дэмбэрэл нь хятад найзуудтайгаа нийлж барьсан махны үйлдвэрийнхээ үйл ажиллагааг жигдрүүлж, махаа экспортод гаргаж эхлэхтэй нь яг зэрэгцээд Б.Отгонсүх ЗГ-ын томилолт гэх халхавчаар хаа байсан Улаанбаатар хотын гаалиас Замын-Үүдийн гаальд даргаар шилжиж очсон. Магад, төрсөн ах Б.Дэмбэрэл болон хятад найзынх нь махны экспортод дэмжлэг үзүүлж, Замын-Үүдийн гаалиар саадгүй гаргах далд зорилготойгоор тэнд томилогдож очсон байж болох эхний сэжүүр. 
 
Хоёрдугаарт, бүр илүү ноцтой. Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр, Б.Дэмбэрэлийн “Дээжийн өргөө” ХХК нь 2023 оноос Иран улстай махны экспортын гэрээ байгуулж, тус улс руу хонины мах гаргаж эхэлсэн. Ингэхдээ 2023 онд малчдаас 10.275 толгой хонь худалдан авч бойлоод, нийт 76.5 мянган тонн хонины мах Иран улс руу экспортолжээ. ХХААХҮЯ-наас лавлахад, сүүлийн үед Иран улс руу хонины мах экспортолдог компаниуд махаа онгоцоор зөөдөг болсон гэх мэдээллийг өгч байна. Иран руу хонины мах их хэмжээгээр экспортолдог хуруу дарам компанийн нэг нь “Дээжийн өргөө” ХХК. Өөрөөр бол, Б.Дэмбэрэлийн “Дээжийн өргөө” ХХК нь хонины махаа Иран руу онгоцоор зөөж байгаа гэсэн үг. Ноцтой нь, иргэний, ачаа тээврийн нисэх онгоцны удирдлага, зохицуулалтыг хийдэг төв байгууллага буюу “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь Б.Отгонсүх. Яагаад ч юм, төрсөн ах Б.Дэмбэрэл нь Иранд мах нийлүүлэх гэрээ байгуулж, нийлүүлэх махаа онгоцоор зөөж болох боломж нээгдэгтэй яг зэрэгцээд Б.Отгохсүх хаа байсан “Монголын төмөр зам” ТӨХК-аас гэнэт “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар шилжин томилогдож ирсэн нь санаандгүй тохиолдол шиг харагдахгүй байгаа юм. Мэдээж, жилд 10 мянган толгой хонь буюу 76 мянган тонн махны цаана асар их мөнгө яригдаж байгаа. Тэгэхээр, Б.Отгонсүх төрсөн ах Б.Дэмбэрэлийнхээ “Дээжийн өргөө” ХХК-ийг махыг Иран руу онгоцоор асуудалгүй тээвэрлэх зорилгоор “ИНҮТ”-д захирлаар ирсэн байж болох дүр зураг харагдаж байгаа юм. 
Тайлбар: "Дээжийн өргөө" ХХК-ийн махны үйлдвэр

АХ НАРЫНХАА АЧИЙГ ХАРИУЛСАН АЛБАН ТУШААЛИЙН ӨГЛӨГ

        Уг нь бол “Иргэний нисэхийн үндэсний төв” бол намчдаас, цүнхчдээс хол байлгаж, хамгаалах ёстой чухал байгууллага. Монгол Улсын агаарын хилийн аюулгүй байдлыг хангадаг хилийн тусгай байгууллага ч гэж ойлгож болно. Атал Б.Отгонсүх “Иргэний нисэхийн үндэсний төв”-ийн захирлаар очмогцоо тус байгууллагын арын хаалгыг нь нээчихсэн. Тэр хаалгаар нь Ардын намынхан, ах нарынх нь туслах зөвлөхүүд цувж байгаа. Тухайлбал, өдгөө “Иргэний нисэхийн үндэсний төв”-ийн удирдлагын бүрэлдэхүүнд Б.Отгонсүхийг албан тушаалд хөтөлсөн ачит ах нар болох Д.Сумъяабазар, С.Амарсайхан, Б.Дэлгэрсайхан нарын мэргэжлийн бус цэргүүд ажиллаж буй. Ялангуяа Шадар сайд С.Амарсайхан Б.Отгонсүхийг төрд анх дарга болгож, авлигын хэргээс нь мултарж, эхнэр Ц.Уранчимэгийг нь ОБЕГ-ын дарга болгосон хүн тул Б.Отгонсүх өдгөө түүнд байдгаа барьдаг гэх. 
Тайлбар: "ИНҮТ"-ийн захирал Б.Отгонсүхийг эхнэр, С.Амарсайханы татаасаар ОБЕГ-ын дэд даргаар томилогдсон Ц.Уранчимэг
 
“ИНҮТ” ТӨХК-ийн Комплаенс, эрсдлийн удирдлагын газрын дарга Нанзадын Баярчимэг- Д.Сумъяабазарын Үндэсний хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байсан. 2017 онд Д.Сумъяабазар Уул уурхайн сайд болмогцоо яамныхаа Хуулийн хэлтсийн даргаар томилж, дэргэдээ авсан. Удалгүй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд захирал болгож дэвшүүлсэн. 2020 онд Д.Сумъяабазар Хотын дарга болмогцоо Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудалдаа хариуцсан орлогчоороо томилж, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар залж байв. Товчхондоо, Н.Баярчимэг бол Д.Сумъяабазарын үнэнч баруун гар. Харамсалтай нь, өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд Н.Баярчимэг МАН-ын жагсаалтаа нэр дэвшээд унасан. Д.Сумъяабазар Н.Баярчимэгийгээ албан тушаалд томилуулах бүү хэл өөрөө ч хоосон хоцорсон. Улмаар өнгөрөгч нэгдүгээр сард Б.Отгонсүх Н.Баярчимэгийг “гудамж”-наас авчирч газрын даргаараа тавьсан байгаа юм. Б.Отгонсүхийн хувьд, 2016 онд Д.Сумъяабазарын вант улс буюу СХД-ээс нэр дэвшиж НИТХ-ын төлөөлөгч болж байсан. Тиймээс энэ томилгоогоор Д.Сумъяабазарын ачийг нь хариулсан гэж хэлж болно.   
Тайлбар: “ИНҮТ” ТӨХК-ийн Комплаенс, эрсдлийн удирдлагын газрын дарга Н.Баярчимэг
 
“ИНҮТ” ТӨХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Дамдинсүрэнгийн Рэнцэнбямба- С.Амарсайханыг Хотын дарга байх үед Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Шадар сайд болсных нь дараа Ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан. Б.Отгонсүхийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болсны дараа Захиргаа, удирдлагын газрын даргаар нь томилогдож очсон. Улмаар “ИНҮТ” ТӨХК-д Б.Отгонсүхийг дагаж ирсэн. С.Амарсайхан хувьд, НИТХ-ын төлөөлөгч төдийхөн байсан Б.Отгонсүхийг Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч буюу Хотын даргын орлогч болгож замыг нь засаж өгсөн ачтан нь. Тэгээд болоогүй, Улаанбаатарын гааль, Замын-Үүдийн гаалийн дарга болгож, басхүү эхнэр Ц.Уранчимэгийг нь ОБЕГ-ын дэд дарга болж татсан. Тиймээс ч Б.Отгонсүх С.Амарсайханы үнэнч цэрэг Д.Рэнцэнбямыг хаа явсан газраа дагуулж, өдгөө газрын даргаараа дэргэдээ ажилуулж буй ажээ. 
“ИНҮТ” ТӨХК-ийн Захиргаа, санхүү хариуцсан ерөнхий менежер Намжилдоржийн Золжаргал- Сагсан бөмбөгийн “Эрдэнэт майнерс” багийн тоглогч. Дорноговь аймгийн уугуул. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханы ойрын хүн. Тиймдээ ч Б.Отгонсүх түүнийг “ИНҮТ” ТӨХК-ийн Захиргаа, санхүү хариуцсан Ерөнхий менежерээр томилсон. Б.Дэлгэрсайханы хувьд Б.Отгонсүхийг “ИНҮТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон ачтан нь. 
Үргэлжлэл бий...

СЭНТИЙ СЭЛГЭЖ, СЭТЭР СОЛИХ ХОББИТОЙ Б.ОТГОНСҮХИЙГ АТГ-Т ИЛЧЛЭХ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188