• Өнөөдөр 2025-08-25

Д.ЭНХЖАРГАЛ: Мас-рестлинг хурд, хүч, тэсрэлт, тэвчээр, оюуны хурдны гайхамшгийг мэдрүүлдэг

2025-08-25,   245

Мас-рестлингийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Эн Си Пи ХХК,  Энх Хүдэр Эрдэнэс ХХК-ийн тамирчин, чөлөөт бөхийн спортын мастер Дашнямын Энхжаргалтай ярилцлаа. Тэрбээр мас-рестлингийн спортоор хичээллээд нэг жил болоогүй хэдий ч 2024, 2025 оны ДАШТ-ээс дараалан хүрэл медаль хүртээд байгаа юм.

–Мас-рестлингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.

       -Баярлалаа

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?

     -Намайг Дашнямын Энхжаргал гэдэг.

-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд үү?

     -Би Завхан аймгийн Түдэвтэй суманд төрж, өссөн. Айлын гурав дахь хүүхэд, дээрээ хоёр ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй.

-Одоо хэдэн настай вэ?

    -Энэ жил 30 нас  хүрэх гэж байна.

-Ямар байгууллага, клубийн тамирчин бэ?

     -Би  “Эн Си Пи” ХХК-д ажилладаг, тамирчны хувьд сая дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Энх Хүдэр Эрдэнэс” ХХК-ийн тамирчнаар оролцсон.

 –Мас рестлинг буюу модон барилдааны спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

       -Яг палк барьж, мэх, техник заалгаж эхэлсэн маань 2024 оны аравдугаар сарын 15-ны өдөр байгаа юм. Түүнээс хойш гэхээр модон барилдааны спортоор арван сар л хичээллэж байна.

- Мас-рестлингээс өмнө чөлөөт бөхийн спортоор хичээллэж байсан юм уу?

         -Тийм ээ, чөлөөт бөхөөр хичээллэж байсан.

-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?

       -Би чөлөөт бөхийн спортын мастер цолтой.

-Яагаад мас-рестлингийн спортыг сонирхож хичээллэх болов?

      -Мас-рестлингийн спорт бусад хүчний төрлийн спортоос хамгийн богино хугацаанд биеийн 98 хүртэлх хувийн булчинг зэрэг ажилуулж чаддаг. Үүн дээрээ хурд, тэсрэлт, тэвчээр, оюуны хурдны гайхамшгийг мэдрүүлсэн болохоор сонгосон.

-ДАШТ-д хэдэн кг-ын жинд оролцож хүрэл медаль хүртэв?

      -Энэ жилийн ДАШТ-д  манай эх оронд болно гэдэг утгаар нь нэлээдгүй ач холбогдол өгсөн. Дэлхийн шилдэг жинд финалдаж эх орныхоо төрийн дууллаа эгшиглүүлэхийг зорьж 55 кг-ын жинд өрсөлдсөн.

–2024 онд ДАШТ-ээс мөн хүрэл медаль хүртэж байсан байх аа?

      -Тийм ээ, 2024 онд Киргизстан Улсын Бишкек хотноо болсон ДАШТ-ний 65 кг-ын жинд оролцож дэлхийн аваргын анхны медалиа авч байсан.

–Дэлхийн аваргын медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?

       -Мэдээж байсан. Тэр боломжийг би өөрөө л ашиглаж чадаагүй. Өмнө жилийн 2024 оны ДАШТ-д туршлага бага байсан болохоор яах аргагүй л хүрэл медаль хүртсэн. Харин энэ жилийн  ДАШТ-ий  гол алдаа нь бяртай, түгжиж суудаг хүнтэй, хэтэрхий бага ажилласан болоод хүрэл медаль авлаа. Өөрөө түрүүлж санаачлагыг авч илүү ажилласан бол дэлхийн аваргын медалийн өнгө хувирах боломж байсан л даа. Гэхдээ яах вэ ДАШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн амжилтыг чамлаж болохгүй.  Ер нь нэг гаргасан алдаагаа дахин давтахгүй байхыг хичээдэг.

 -Дэлхийн аваргаас өмнө ямар тэмцээнүүдэд оролцож, ямар амжилтууд гаргаж байсан бэ?

         -2025 оны ДАШТ-ээс өмнө улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. ДАШТ-ний эрх олгох "Хасар Кап" тэмцээнд түрүүлж, дэлхийн аваргын эрхээ авсан. Мөн Хэнтий аймагт болсон багийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүлсэн.

–Хамгийн сайхан, сэтгэлд тань хоногшин үлдсэн ямар тэмцээн байв ?

       -Ер нь бүх тэмцээний өмнө тухайн тэмцээндээ зориулж бэлтгэлээ хийж, жингээ хасдаг болохоор бүх л тэмцээн гоё байдаг даа. Сорьж биш зорьж бэлддэг учраас бүх тэмцээн сайхан дурсамжтай санагддаг.

 


 

 


Д.ЭНХЖАРГАЛ: Мас-рестлинг хурд, хүч, тэсрэлт, тэвчээр, оюуны хурдны гайхамшгийг мэдрүүлдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188