• Өнөөдөр 2025-04-29

ЯЛ "ЗАВШИГЧ"-ДЫН ЦУВАА Д.ЭРДЭНЭБИЛЭГЭЭР ҮРГЭЛЖЛЭХ НЬ

2022-07-12,   602

        “Ирлээ, явлаа, цэвэр” гэдэг нэг аян байдаг даа. Түүн шиг “Авлига авлаа, ачигдлаа, суллагдлаа, хэргээ хүлээлээ, хялбаршуулсан журмаар шийдүүллээ, торгууллаа” гэдэг болжээ. Ийм зарчим, схем хууль зөрчигчдөд үйлчилж, авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдийн толгойг илж байна, үнэндээ. Төрийн албанд дураараа дургиж, төсвийн мөнгийг хайр найргүй цацаж, халаасаа түнтийлгэснийхээ төлөө тэд төрөөс наранд явах “бэлэг” авдаг боллоо.

             Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлж, торгууль төлөөд өнгөрсөн хэдхэн хэргийн жишээг хүргэж байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдүүлж, торгуулсан “том”-чуудын хэргийн цуваа УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагаар тасраад байлаа. Тэгвэл энэ төрлийн хэрэг, шийдвэрийг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг үргэлжлүүлэхээр болжээ.

ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН Б.УНДАРМАА, Б.БАТЗОРИГ НАР ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, ТОРГУУЛАВ

         УИХ-ын нэр бүхий 49 гишүүн албан тушаал, эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий этгээдийнхээ компаниар хөнгөлөлттэй зээл авсан дуулиан дэлгэж байлаа. ЖДҮХС-гийн зээлийг намын бүлгийн гишүүд, албан тушаалтнуудад тэгш, хүртээмжтэй олгосон хүн нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг. Тэрбээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, бусдад илт давуу байдал олгосон гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан. Харин Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр авлига авсан байж болзошгүй, бусдад давуу байдал олгосноо хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлж, “ачигдах”-аас аврагдсан гэсэн үг.

          Мөн ЖДҮХС-тай нэр холбогдсон Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан нарт ял оноосон. Гэхдээ яг үнэндээ Б.Ундармаа 40 сая төгрөгөөр торгуулсан болоод ялгүй үлдэж, Д.Дамба-Очир, Г.Солтан нар түр хоригдсон болоод Ерөнхийлөгчийн уучлалаар наранд гарч ирсэн байдаг. Ингээд ЖДҮХС-аас албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан эрхмүүд хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлж, торгуулж, өршөөлөөр суллагдсан юм.

ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДҮҮЛСЭН ПРОКУРОР Ш.НЯМДОРЖ 14 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖ, ШОРОНГООС СУЛЛАГДАВ

       Нийслэлийн прокурорын газрын даргаар ажиллаж байсан Ш.Нямдоржийг АТГ-аас шалгаж байлаа. Тодруулбал, АТГ-аас түүний гэрт нэгжлэг хийж, эд мөрийн баримтаар их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан байдаг. Тэрбээр мөнгөний эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй бөгөөд тус мөнгө нь хэрэг наймаалцаж, авлигад авсан байж болзошгүй гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд түүнийг 14 сая төгрөгөөр торгож гэрээс нь хураасан 199 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ. Тэрбээр шүүх хурлын үеэр хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт тавьж, шоронгоос суллагдсан юм.

    Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч Ц.Насанбат нарыг үүрэгт ажлаас нь өнгөрөгч 2021 оны гуравдугаар сарын 29-нд чөлөөлсөн байдаг.

АВЛИГА АВСАН ХӨСҮТ-ИЙН ДАРГА НАР ХЭРГЭЭ ХҮЛЭЭДЭГ ЖИШИГ ТОГТСОН

            ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан үндэслэлээр баривчилж, 30 хоног саатуулсан байдаг. И.Орхон нь 10 гаруй эмч, сувилагчаас хахууль авч, ХӨСҮТ-д ажилд оруулж өгсөн гэх. Тэрбээр нэг хүнээс нэг сая төгрөг авдаг  байж болзошгүй ноцтой баримт хууль хяналтынханд очиж, түүнийг дайчлан баривчилсан билээ. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-ийн эмч, сувилагчийн ажлын байрыг нэг сая төгрөгөөр зарж, хувьдаа завшиж, их хэмжээний ашиг олсон байж болох ноцтой баримтууд болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэргээр баталгаажсан гэсэн үг. И.Орхон нь мөн л хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан байдаг. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 15.000.000 төгрөгийн торгох ял ногдуулж шийдвэрлэсэн билээ.

            Мөн ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг АТГ-аас баривчилсан байдаг. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авч, давуу эрх олгосон, улсын төсвөөс санхүүжүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг бусдад худалдаалсан зэрэг шалтгаанаар саатуулсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрбээр хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаж байлаа. Түүний хүсэлтийг прокурор хүлээн авч, шүүхэд шилжүүлснээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Энхзаяа болон түүнд хахууль өгсөн Г.Сүхчулуун нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн билээ. Шүүхээс С.Энхзаяаг 5.6 саяар торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-ийн дарга нар авлига авч, хэргээ хялбаршуулсан аргаар шийдүүлдэг жишиг тогтоосон гэсэн үг.

Д.ХАЯНХАРВААГИЙН АВЛИГЫН ХЭРЭГ

           УИХ-ын гишүүн асан Д.Хянхярваа нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгосон, ямар ч тендергүйгээр даатгалын компанитай гэрээ хийж, хамтарч ажилласан гэх үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан бөгөөд уг хэргийг нь давхар шалгаж байлаа.  Түүний албан өрөөнд АТГын мөрдөгчид нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авч, улмаар түүнийг 48 цаг саатуулж байсан. Тэгвэл Д.Хаянхарваа нь авлига авснаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн билээ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Хаянхярваагийн нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хасаж, зорчих эрхийг нь таван сар хязгаарлан, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан билээ. Одоогоор түүний зорчих эрхийн хязгаарлалт дуусаж, сул чөлөөтэй болсон юм.

ЯЛ "ЗАВШИГЧ"-ИЙН ЦУВААГ Д.ЭРДЭНЭБИЛЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ 

          Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, зээлээ эргэн төлөөгүй гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд цагдан хорьсон байдаг. АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд өгснөөр шүүх 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж байсан. Тэгвэл түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан байдаг.

Эх сурвалжийн мэдээлснээр Д.Эрдэнэбилэг хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаад байгаа гэнэ лээ. Тэгэхээр тэрбээр хэргээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдүүлсэн этгээдүүдийн цувааг үргэлжлүүлэх нь.

ХЯЛБАРШУУЛАХ ЖУРАМ ГЭЖ ЮУ ВЭ

        Ямар тохиолдол хялбаршуулсан журмаар шийддэг вэ. Монгол Улсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа...” гэж шинэ бүлгийг нэмэлтээр суулгаж өгсөн байдаг.

Тодруулбал, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН IV ХЭСЭГ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУСГАЙ ЖУРАМ, АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

17.1 дүгээр зүйл.Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах,

1.Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно.

2.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана.

3.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно.

5.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.

17.2 дугаар зүйл.Хүсэлтийг шийдвэрлэх

1.Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана.

3.Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна гэж заасан байдаг.


ЯЛ "ЗАВШИГЧ"-ДЫН ЦУВАА Д.ЭРДЭНЭБИЛЭГЭЭР ҮРГЭЛЖЛЭХ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188