• Өнөөдөр 2025-08-26

М.ДЭЛГЭРЗАЯА: Тажима Рикотой барилдахдаа зөвхөн хүчээр биш, тэвчээр, тактикийн чухлыг ойлгосон

2025-08-26,   87

“Зэндмэнэ Гэрэл” ХХК-ийн нэрэмжит чөлөөт бөхийн “U15” болон “U17” ангиллын өсвөр үеийн  олон улсын анхдугаар “Zendmene Gerel Cup-2025” тэмцээн  наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөв. Тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Төв аймгийн чөлөөт бөхийн “Төв-Арж” клубийн тамирчин, Төв аймгийн Баянхангай сумын ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуулийн 10-р ангийн сурагч Мягмардоржийн Дэлгэрзаяатай ярилцлаа.

-Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Zendmene cup-2025 олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.

      -Маш их баярлалаа.

-Хэдэн тойрог барилдаж хүрэл медаль хүртэв?

      -Энэ тэмцээнд би нийт тав тойрог барилдсан. Их өрсөлдөөнтэй барилдааны эцэст хүрэл медалийн эзэн болсон.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар тамирчин байсан бэ?

        -Японы тамирчин Тажима Рико үнэхээр хүчтэй, ухаалаг өрсөлдөгч байсан. Түүнтэй барилдахдаа би зөвхөн хүчээр биш, тэвчээр, тактикийн чухлыг ойлгосон.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?

       -Намайг Мягмардоржийн Дэлгэрзаяа гэдэг.

-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?

        -Би Төв аймгийн Баянхангай суманд төрсөн. Дээрээ нэг эгчтэй, доороо хоёр охин дүүтэй. Айлын дунд охин. Гэр бүл маань миний хамгийн том түшиг тулгуур, урам зориг байдаг.

-Одоо хэдэн настай вэ?

      -Би 15 настай.

-Аль сургуулийн хэддүгээр ангийн сурагч вэ?

      -Баянхангай сумын ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуулийн 9-р ангид сурдаг. Энэ жил намар есдүгээр сард 10-р ангид орно.

-Одоо аль клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?

       –Би Төв аймгийн чөлөөт бөхийн “Төв-Арж” клубт, Төв аймгийн биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч, ОУХМ Лувсандамбын Энхбаяр багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

 -Яагаад чөлөөт бөхийн спортоор сонирхож хичээллэх болов?

        -Би багаасаа их хөдөлгөөнтэй, эрч хүчтэй хүүхэд байсан. Эхлээд бүжгээр хичээллэж, урлагийн талдаа сонирхолтой явдаг байлаа. Дараа нь хурд хүчээ сорихын тулд хөнгөн атлетикаар хичээллэсэн. Спортод улам дурлаж жүдо, самбо бөх гээд хэд хэдэн бөхийн төрлөөр барилдаж үзээд, эцэст нь чөлөөт бөхийг өөрт тохирох спортын төрөл юм байна гэдгийг ойлгож, спортоор хичээллэх, амжилт гаргах зөв замаа олсон.

-Чөлөөт бөхөөр хичээллэхэд гэр бүл, аав, ээж нь хэр дэмждэг вэ?

        -Миний хамгийн том бахархал бол гэр бүл. Аав, ээж минь үргэлж миний хажууд байдаг. Ямар ч үед итгэл, урам хайрладаг. “Хичээгээд байвал нэг л өдөр мөрөөдлөө биелүүлнэ” гэж хэлэхэд нь би улам их урам, зориг эрч, хүч, хүсэл тэмүүлэл авдаг.

-Чөлөөт бөхийн анхны багш нь хэн бэ?

       -Миний анхны бөхийн багш бол Алтанхуяг багш. Түүний эхлүүлсэн зөв зам, хатуу шаардлага миний өнөөдрийн амжилтын үндэс болсон гэж боддог.

-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?

        -“Zendmene Cup”-ийн хүрэл медаль, “U15” насны ангиллын “Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалиас гадна аймаг, улсын чанартай тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Тэмцээн бүрээс зөвхөн медаль биш, туршлага, тэвчээр, хичээл зүтгэлийг  сурч, олж авдаг.

-Чөлөөт цагаараа чөлөөт бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?

        -Чөлөөт цагаараа бүжиглэх, хөгжим сонсох, гэр бүл найзуудтайгаа цагийг өнгөрөөх дуртай. Амралт бас чухал, сайн амарч, сэргэлт авч чадвал дараагийн ялалтад хүч сэлбэдэг гэж боддог. Чөлөөт бөхөөс гадна би волейбол тоглох дуртай. Бүжиглэх дуртай. Сургуулийнхаа багийн спортын тэмцээн, уралдаанд оролцож, спортын бусад төрлөөс ч их урам авдаг. Энэ нь намайг илүү эрч хүчтэй, багаар ажиллах чадвартай болгож байгаа гэж боддог.

-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?

        -Ойрын үед ямар тэмцээнд оролцохоо хараахан мэдэхгүй байна. Гэхдээ би өдөр бүрийн бэлтгэлээ тасралтгүй хийж, ямар ч тэмцээнд бэлэн байхыг зорьж байгаа. Миний хувьд тэмцээн бүхэн шинэ боломж, өөрийгөө сорих том шалгуур байдаг. Миний мөрөөдөл бол Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгах. Нэг өдөр төрийнхөө далбааг мөрөн дээрээ намируулан, “Би олимпын аварга боллоо” гэж хэлэх мөчийг үзэхийн төлөө хичээж явна.

 


М.ДЭЛГЭРЗАЯА: Тажима Рикотой барилдахдаа зөвхөн хүчээр биш, тэвчээр, тактикийн чухлыг ойлгосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188