• Өнөөдөр 2025-08-26

СОХОР ҮХЭРТ ХУДАГ ҮЗҮҮЛСНИЙ ГАЙ БУЮУ Ц.ТУВААН САЛБАРАА ТУСЛАХУУДААРАА УДИРДУУЛЖ, УДАХГҮЙ “ДАМПУУРУУЛЖ” МЭДЭХ НЬ

2025-08-26,   111

Улсын маань эдийн засаг уул уурхайгаас бүрэн хараат. Атал уул уурхайн салбарыг удирдаж байгаа сайд маань хүний их эмч мэргэжилтэй, улсын алдарт цолтой уяач. Эрүүл мэндийн сайд байсан бол эмч мэргэжилтэй юм гэх сэн, Хөдөө аж ахуйн сайд байсан бол ядаж морь, малтай ойр юм даа гэх сэн. Яах вэ, зарим нь “Эмч хүн яагаад уул уурхайн салбарыг толгойлж болдоггүй юм” гэж өмөөрөх л байх. Тэгвэл эмчийн дипломтой боловч амьдралдаа чагнуур зүүж, халад өмсөж үзээгүй “эмч”-ийн тухай ярьж байгаагаа сануулах нь зөв байх. Тэгэхээр Ц.Туваанд үлдэж байгаа үндсэн ганц “мэргэжил” нь уяач л болж таарч байгаа. Уул уурхайн салбараа уяачид даатгачихаад 14 мега төсөл “мөрөөдөж” суудаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ер бусын амгалан хүн гэмээр.

Хамгийн гол нь, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан бүхэл бүтэн салбараа өөр шигээ мэргэжлийн бусчуудаар дүүргэж байна. Өөрөөр бол, түүний туслахуудаар, нэмээд намынх нь тавиулуудаар, тэгээд Төв аймгийнхнаар уул уурхайн салбар дүүрлээ.

УУЛ УУРХАЙН САЛБАР Ц.ТУВААНЫ ХОЁР ТУСЛАХААС ХАРААТ БОЛЖЭЭ

     Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны “Туваан сан”-гийн тэргүүн, шадар туслах, сонгуулийнх нь штабын нягтлан, менежер гээд хар бор, бичиг цаасны бүх л ажлыг нь хийж, амь, амьдралаараа түүнд зүтгэж ирсэн Шаравдоржийн Ганхуяг гэж хүн бий. Гэтэл өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Б/25 дугаартай тушаал гаргаад туслах Ш.Ганхуягийгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилсон байх юм. Шинэ жилийн “бэлэг” аятай л.

Гол нь, Ашигт малтмал, газрын тосны газар бол Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул,ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, цуцлах дархан эрх мэдэлтэй ганц байгууллага. Тиймдээ ч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын сэнтий хэзээнээс хэн хүний шуналыг татаж, шүлсийг нь дуслуулж ирсэн. Арга ч үгүй. Анхны дарга Д.Жаргалсайхан нь Тавантолгойн бүлэг ордыг хувьдаа аваад Сү.Батболдод дамлаж худалдсан. Тэгээд болоогүй, Сүхбаатар аймгийн нутагт байх Төмөртийн овооны стратегийн ордыг хувьдаа авчихсан, одоо “Цайрт-минерал” ХХК-аараа ухаад сууж буй.

   Дараа нь Лу.Болд энэ байгууллагыг дөрвөн жил удирдаад УИХ-ын гишүүн болсон. Толгой тэрбумтнуудын нэг болох гараагаа энэ байгууллагаас эхэлсэн ч гэдэг. Сүүлд, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар дөрвөн жил гаруй ажилласан Х.Хэрлэнгийн төрсөн дүү нүүрсний ордуудын эзэн, их сургуулийн найз нь Хэнтийн ховор металлын ордын эзэн болсон жишээ ч бий. Товчхондоо, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болсон хүн, бас даргаар томилсон хүн хоёр хожим нь орд газрын эзэд болчихсон сууж байдаг. Үндсэн хуульдаа газар, газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэж тунхагладаг ч үнэндээ тэр баялаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нарын гарт л байж ирсэн гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан туслахаа Ашигт малтмал, газрын тосны газрыг даргаар ямар зорилготой тавьсан нь ойлгогдож буй байх.

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааныг хаа ч явсан салдаггүй, лавтай 10 гаруй жил түүнээс хормойдож яваа П.Батцацрал гэж залуу бий. Анх 2012 онд Ц.Тувааныг АН-аас албан тушаалын хэрчим бялуу хүртэж, Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдох үед П.Батцацрал мэргэжилтнээр нь дагаж очиж байлаа. Дараа нь 2015 онд Ц.Тувааныг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдож, жил гаруй ажиллахад П.Батцацрал мөн л мэргэжилтнээр нь ажилласан. Хожим 2020 онд Ц.Тувааныг УИХ-ын гишүүн болмогц П.Батцацрал шадар туслахаар нь ажиллаж эхэлсэн. Гэтэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнгөрөгч нэгдүгээр сард туслах П.Батцацралыгаа  Үндэсний геологийн албаны даргаар томилжээ.

 Алба гэхээр жижигхэн байгууллага шиг уншигдаж магад. Үндэсний геологийн албыг ойлгомжтойгоор тайлбарлавал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн толгой байгууллага юм. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь улсын болон хувийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын тайланг хэлэлцэж илэрсэн ордуудын нөөцийг баталдаг, улмаар тухайн ордын олборлолт, ашиглалтын ТЭЗҮ-г хэлэлцэж дүгнэлт гаргадаг байгууллага. Уул уурхайн салбарынхаа Дээд шүүх, Засгийн газар нь гэж хэлж болно. Тэгэхээр Үндэсний геологийн алба ямар хэмжээний том байгууллага гэдэг нь ойлгогдож буй байх. Атал одоо Ц.Тувааны шадар туслах байсан гэхээс өөр бичих намтаргүй П.Батцацрал энэ байгууллагыг толгойлж байна.

   Нэгтгэж харвал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны туслах Ш.Ганхуяг, П.Батцацрал хоёроос уул уурхайн салбар бүхэлдээ хараат болчихлоо. Уул уурхайн ордтой болъё гэвэл, орд газартаа олборлолтоо явуулъя гэвэл эхлээд Ц.Тувааны туслах Ш.Ганхуягийн, дараа нь Ц.Тувааны туслах Б.Батцацралын гарын үсэг хэрэгтэй гэсэн үг. 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМНЫ ГАЗАР, ХЭЛТСҮҮД АН-ЫН ТАВИУЛУУДААР ДҮҮРЛЭЭ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам АН-ын хандивлагчдын, Ц.Тувааны хандивлагчдын, Ц.Тувааны Төв аймгийнхны, бас АН-аас нэр дэвшээд унасан ажилгүйчүүдийн “оромж” болж хувирчээ. Нэг, нэг жишээ дурдъя.

- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.САГАРААДОРЖ- Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-д 10 сая төгрөг, Ц.Туваанд 10 сая төгрөг тус тус хандивласан. Ингээд Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдсон.

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.БАТЦАЙЗ-Өмнө нь Биеийн тамир, спортын улсын хороонд мэргэжилтэн байсан. 2020, 2024 оны сонгуулиар АН-ын штабт ажилласан. Ингээд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдсон.

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга А.БҮДЭЭ- Сайд Ц.Тувааны нутгийн найз буюу Төв аймгийн уугуул. АН-ын ҮБХ-ны гишүүн. Тиймдээ ч Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон.

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Инновац, түншлэл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.ОТГОХҮҮ- АН-ын гишүүн, Х.Баттулгын МоАХ-ны Бодлого, үйл ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Өнгөрөгч 2024 оны Орон нутгийн сонгуулиар БЗД-ийн ИТХ-д АН-аас нэр дэвшээд унасан. Ингээд Инновац, түншлэл, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилогдсон байгаа юм.

    Цаашилбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан яамныхаа харьяа төрийн өмчит уул уурхайн компаниудад “бүтээмжийн”, “хяналтын” гэх сүржин тодотголтой менежерүүд томилох “чухал ажил”-тай болоод буй. Төрийн өмчит компаниуд руу томилолт өвөртөлсөн менежрүүдийнх нь жагсаалтыг цухас харахаар өнгөрөгч 2024 оны УИХ, орон нутгийн сонгуулиар АН-аас нэр дэвшээд ойчсон “ажилгүйчүүд” л голдуу байх.

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЭЗЭД ЧУУЛДАГ УЯАЧДЫН ХОЛБООНЫХОО ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР УЛИРЧЭЭ

         Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монголын морин спорт, уяачдын холбоо\ММСУХ\-ныхоо Дэд ерөнхийлөгчөөр улиран ажиллахаар томилогджээ. Гэтэл ММСУХ-ны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, тэргүүлэгч гишүүд нь цөм алт, нүүрсний том, жижиг ордын эздүүд. Хувьдаа уурхайгүй л бол хурдан морины хобби хэтэрхий үнэтэй учраас тэр л дээ. Ноцтой нь, уул уурхайн компаниудын, орд газруудын эзэд хуран чуулсан ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар, туслахууд нь Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Үндэсний геологийн албаны даргаар ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил хэвт ханхуулаад байгаа юм.

  Тухайлбал, ММСУХ-ны Ерөнхийлөгч нь “Тавантолгой транс” ХХК-ийн эзэн Д.Дагвадорж, Тэргүүн дэд ерөнхийлөгч нь “Шунхлай групп” ХХК-ийн эзэн П.Батсайхан, Дэд ерөнхийлөгч нь “Алтай констракшн” ХХК-ийн эзэн Х.Бат-Эрдэнэ, нөгөө Дэд ерөнхийлөгч нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан.

 Тэгвэл ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж нь “Тавантолгой транс” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ, түүний ээж Д.Хуушаан хоёртой хамтран эзэмшдэг. “Тавантолгой транс” ХХК нь “Тавантолгой” ХК-ийн нүүрсийг монопол эрхтэйгээр зөөдөг.

-“Бүргэд транс” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрснийг Гашуунсухайт-Ганцмод боомтоор зөөдөг.

-“Хуа еэ интернэйшнл” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-д хүнд даацын машин механизм нийлүүлэх 913 тэрбум төгрөгийн монопол гэрээ байгуулсан.

-“Таванхур” ХХК нь УИХ-ын дарга Д.Амарбаяслангийн гэгддэг алдарт “Админерал” ХХК-тай МТАС түншлэлийг байгуулж 2021 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Богтээгийн ордын олборлолтыг гүйцэтгэх 715 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан.

                “Бэрэн майнинг” ХХК нь

-Архангай аймгийн Өлзийт сумын нутагт MV-011619 дугаартай Өлзийт,

-Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт MV-011595 дугаартай Мөнгөн цээж,

-Арханхангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт MV-009772 дугаартай Тамирын гол гэсэн төмрийн хүдрийн гурван том ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

-Харин Тэргүүн дэд ерөнхийлөгч П.Батсайханы “Жи Эс Би майнинг” ХХК нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Мушгиа худагийн газрын ховор элементийн ордын XV-007812 дугаартай Мушгиа ухаа хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Мөн П.Батсайханы “Жи Эс Би майнинг” ХХК нь

-Ховд аймгийн Булган сумын нутагт MV-021379 дугаартай Цохоор

Ховд аймгийн Үенч сумын нутагт MV-021130 дугаартай Хужиртын овгор гэсэн алтны хоёр том ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

-Харин Дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн “Билгүүн-Эрдэс” ХХК нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Хар толгойн алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

Тэгэхээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан сайдын эрх мэдлээ ашиглан, нэмээд туслахууд болох Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ш.Ганхуяг, Үндэсний геологийн албаны дарга П.Батцацрал хоёрынхоо эрх мэдлийг ашиглан ММСУХ-ныхоо удирдлагуудад уул уурхайн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргаж өгөх, хугацааг нь сунгаж өгөх, нөөцийг нь ахиу тогтоож өгөх, ТЭЗҮ-г нь баталж өгөх зэргээр “үйлчлээд” байвал яах вэ. Өлзийт хорооллын жүчээнд ийм тохироо хэдэн арваар хийгдэхийг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч авлигын төгс арга хэрэгсэл нь хурдан морь болчихоод буй.

Х.БАТТУЛГЫН “ХАЙРЫГ ТАТСАН” ТҮҮХ БУЮУ БАЯНХОНГОРЫН ХҮРГЭН

    Эцэст нь, Ц.Тувааны төрд томорсон түүхийг, түүнийг томруулсан хүнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэртээ 2012 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Ц.Тувааныг дэд сайдаараа авч, түүнээс хойш Ц.Туваан даргын суудлын даллагатай болсон. Хожим, 2020-2022 онд Ц.Туваан АН-ын даргын арслантай тамгыг Х.Баттулгатай хамт атгах гэж их ч зүтгэсэн. Чухамдаа, Ц.Тувааны улс төрд харж, хамтарч, түшиж тулж явдаг хүн нь Х.Баттулга.

    Сонирхолтой нь, Х.Баттулга Баянхонгорын уугуул, харин Ц.Туваан Баянхонгорын хүргэн. Магад, энэ шалтгаанаар Х.Баттулга Ц.Тувааныг төрд “тордсон” байж ч болох юм. Тодруулбал, Ц.Тувааны эхнэр Ц.Амарзаяагийн нагац ах нар нь Баянхонгорын уугуул, улс төрд ч, бизнес ч танигдсан хүмүүс бий. 

    Жишээ нь, Ц.Тувааны хадам ах нь “Нар-Мон” ХХК-ийн эзэн М.Хүрэлсүх гэж хүн бий. Нарантуул худалдааны төвийн хажуу талын 16 давхар барилга бүхий “Шөнийн зах”-ын эзэн гэвэл илүү таних болов уу. Мөн олны сайн мэдэх Богдхан уулын Түргэний аманд “Тоорил ханы хүрээ” жуулчны бааз ч М.Хүрэлсүхийнх. Цаашилбал, М.Хүрэлсүх ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал, 2014-2016 онд Ч.Сайнбилэгийн Засгийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байлаа. Дэд сайд байхдаа 98 тэрбум төгрөгийн орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн мэдүүлж, хэтэвчнийхээ зузаанаар толгой цохиж явсан нэгэн. Сүүлд, М.Хүрэлсүх 2022 оны зургадугаар сард Баянхонгор аймгийн АН-ын даргаар томилогдож, тамга тэмдгээ авч байв.  

 


СОХОР ҮХЭРТ ХУДАГ ҮЗҮҮЛСНИЙ ГАЙ БУЮУ Ц.ТУВААН САЛБАРАА ТУСЛАХУУДААРАА УДИРДУУЛЖ, УДАХГҮЙ “ДАМПУУРУУЛЖ” МЭДЭХ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188