• Өнөөдөр 2024-04-23

Авлига авч, албан тушаалаа хэтрүүлсэн УИХ гишүүн, генерал, прокурор, багын найзаа зодож, ургамал зарсан томчуудын хэрэг хаана замхарсан бэ

2021-11-29,   2526

            Авлига авч, албан тушаал байдлаа урвуулан ашиглаж, халаасаа түнтийлгэсэн эрхмүүдийг хэрэг юу болж байна вэ. Хаа нэгтээ, хэн нэг дарга нарынх нь ширээний нүдэнд хав дарагдчихсан байгаа юм биш биз. Би хамгийн сүр дуулиантайгаар баривчлагдаж, “шалгагдаж байна” гэх хоёрхон үгээр хаалт хийж, хаана замхарсан нь мэдэгдэхгүй байгаа хэргүүдийг сануулж байна.

500 МЯНГАН АМ.ДОЛЛАР, ГАЛТ ЗЭВСЭГ ГЭРТЭЭ ХАДГАЛЖ, 48 ЦАГ СААТУУЛАГДСАН БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫН ХЭРЭГ

         Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Бригадын генерал цол хүртсэн Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбатыг ТЕГ-аас дайчлан баривчилсан байдаг. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр хорих ангид 48 хоногийн хугацаатай хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ. Түүнд холбогдох хэргийн талаар эх сурвалжууд мэдээлэхдээ “Гүйцэтгэх ажиллагааны хүрээнд олж авсан мэдээллийг хууль бусаар ашиглаж, бусдыг шантаажилдаг” хэмээн онцолсон юм. Мөн С.Ганбатын гэрээс олон тооны галт зэвсэг, их хэмжээний валют хурааж авсан гэдэг. Тодруулбал, тэрбээр гэртээ ойролцоогоор 500 мянган ам.доллар нууцаар хадгалж байсан гэх. Түүнийг сүр дуулиантайгаар баривчилж, саатуулсан ч одоогоор түүнд холбогдох хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байна.

ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН С.ЭНХЗАЯА

       Оношлуур тойрсон бизнесээс эхлээд цар тахлын хүнд цаг үед үгсэн хуйвалдаж, ард иргэдээ шулж, ашиг хонжоо хайсан ХӨСҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудын хэрэг олон бий. Шуналын тулам, “идэхийн” хүслэн болсон, улс орныхоо эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээд бол ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа. Түүнийг өнгөрсөн наймдугаар сард АТГ-аас баривчилж байсан. С.Энхзаяаг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авч, давуу эрх олгосон, улсын төсвөөс санхүүжүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг бусдад худалдаалсан зэрэг шалтгаанаар саатуулсан юм. Улсаас төсөвлөсөн оношлуурыг тэд хүрэх ёстой иргэд, зорилтот бүлэгт нь хүргэлгүй, цааш дамлан худалдсан гэдэг. Мөн хөл хорионы үед хөдөө, гадаа явах хүсэлтэй иргэд “Хариу нь маш хурдан гардаг” хэмээн хувийн эмнэлэг, лабораториудад үнэтэй шинжилгээ өгдөг, харин тус шинжилгээний хариуг С.Энхзаяа болон түүний хамсаатнууд гаргадаг байсан хэмээн буруутгаж байгаа. Үүгээр ч зогсохгүй тэрбээр мөн л нэр бүхий этгээдүүдтэй нийлж, их хэмжээний ПСР-ын оношлуурыг уул, уурхайн компаниудад зарсан байдаг. Тухайлбал, ХӨСҮТ-өөс “Манай эмнэлгийн ПСР шинжилгээний оношлуурын нөөц дууссан” хэмээн мэдээлж, сандарсан ард иргэд хувийн эмнэлгүүд рүү шуурсан цаг үе бий. Үнэн хэрэгтээ нөөц байсан атал улсаас төсөвлөсөн оношлуурыг тэд хүрэх ёстой иргэд, зорилтот бүлэгт нь хүргэлгүй, цааш дамлан худалдсан гэдэг нь тогтоогдоод байгаа. С.Энхзаяа нь цар тахлаар далимдуулж, хаалт хийж, ЭМЯ, УОК болон холбогдох байгууллагаас хяналт, шалгалт хийхээр очиход “Манайд коронавирусийн өчнөөн тохиолдол илэрлээ. Та нар ирвэл эрсдэлтэй. Бид улаан бүсээс гарч уулзах боломжгүй” зэргээр амыг нь таглаж, удаа дараа аргалж, эцэст нь саатуулагдсан юм.

АКТ БАГАСГАГЧ, АВЛИГА АВАГЧ, ТАТВАРЫН “ТАНХАЙ” ДАРГА НАРЫН ХЭРЭГ

       АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Нийслэлийн  Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Н.Батсүхийг цагдан хорьж байлаа. Түүнд компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байдаг. Н.Батсүх нь тухайн үед ажлаасаа гарсан байсан бөгөөд компаниудын актыг багасган өгч, авлига авдаг байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байсан. АТГ-ын мөрдөн байцаагчид Н.Батсүхийн гэрт нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авч, өөрийг нь цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулж, сулласан юм. Харин харамсалтай нь түүний хэрэг хаана, хэзээ шалгагдах нь тодорхойгүй замхарч байна.

       Мөн Татварын ерөнхий газрын дэд дарга Ц.Цогтжаргалыг өнгөрсөн есдүгээр сард АТГ-аас саатуулсан юм. Түүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр саатуулан шалгаж гэрт нь болон ажлын байранд нь нэгжлэг хийж байлаа. Д.Цогтжаргал өмнө нь ТЕГ-ын Орлогын газрын даргаар ажиллаж байгаад ТеГ-ын дэд даргаар томилогдсон билээ. Түүнийг хууль бусаар олсон мөнгөөрөө эртний эдлэл худалдан авдаг байж болзошгүй хэмээн шалгаж байгаа хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж байлаа. Харин эл хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байна.

ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮ УРГАМЛЫН “ДЭЭРЭМЧИН” Ш.ОРГИЛ

        Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тодруулбал, Засаг даргаас чөлөөлөгдөх болсон шалтгаанаа “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бөөрний хорт хавдрын хагалгаанд орсон. Хагалгаанаас гармагцаа цар тахлын эсрэг Сэлэнгэ аймгийн онцгой комиссыг ахалж, 60 хоног ажил дээрээ байрлан ажилласны улмаас гам алдсан. Улмаар хагалгааны шарх нь хүндэрсэн тул өнгөрсөн хугацаанд хоёр удаа хагалгаанд орсон. Гэтэл дахин хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмч нарын зүгээс хагалгааны дараа зургаан сар гам барих шаардлагатай гэж зөвлөсөн тул Засаг даргын үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх утгаар тайлбарласан.

      Тэгвэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад буй Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, тус аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат нарт Сэлэнгэ аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, хэдхэн хоногийн өмнө яллагдагчаар татсан билээ. Тодруулбал, Ш.Оргил, хурандаа А.Энхбат нар иргэдийн хууль бусаар түүсэн их хэмжээний дэрвэгэр, жиргэрүү ургамлыг хурааж авсан. Тэгмэгцээ хурааж авсан дэрвэгэр жиргэрүү хамаарал бүхий этгээддээ хямд үнээр худалдан борлуулж, худалдан авсан хамаарал бүхий этгээд нь цааш нь хятадуудад өндөр үнээр дамлан худалдаалж ашиг олсон гэдэг. Мөн Ш.Оргил нь Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниас 10 сая төгрөгийн авлига авсан гэдэг. 

АВЛИГА АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ, БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ БУЛААГЧ П.АНУЖИН

          УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл  албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхлээд сарын хугацаа өнгөрч байна.  Тодруулбал, П.Анужин нь УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч эзэмшсэн гэдэг. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Доржийн гудамжны нийтийн эзэмшлийн газар дээр тэд “Лүнда” нэртэй барилга барьж, цэнгээний газар, биллъяард, авто угаалгын ил зогсоол ажиллуулах болсон. Эл асуудлаар АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч энэ хэрэг нууц, далд хэвээрээ байна.

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ИДЭЖ”, “УУСАН” ХЭРГҮҮД ХЭНИЙ ХАЛААСАНД ОРСОН БЭ

   Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас шалгаж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Түүнийг Эрүүгийн хуульд зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх үндэслэлээр хэд хэдэн хэрэгт буруутган шалгасан байдаг.

          Тухайлбал, Ц.Элбэгдоржийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэгт буруутган шалгаж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэгт түүнийг буруутган шалгаж байсан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрээс их хэмжээний ашиг хууль бусаар  хүртсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгасан. “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн, багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэгт түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. АТГ-аас Ц.Элбэгдоржийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг Нийслэлийн прокурор хүргүүлээд байгаа билээ. НПГ-аас Ц.Элбэгдоржийн хэргийг авч хэлэлцээд, дахин шалгах хэрэгтэй хэмээн ТЕГ руу шилжүүлээд энэ хэрэг үндсэндээ замхарсан гэж болно.

Мөн ТЕГ-аас Ц.Элбогдоржийг Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Шүүхээс М.Энхсайханыг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгасан юм. Гэсэн хэдий ч Ц.Элбэгдорж өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй, хариуцлага хүлээлгүй “сайхан” амьдарч байна.

“ТОМ ТОЛГОЙТОЙ” ИНЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭНГ ШАЛГАСАН БОЛОВ УУ

        Өнгөрсөн наймдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон хэргийг АТГ-т шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн байдаг.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарт “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэж байсан. Үүрэгт ажлаас нь чөлөөлж, АТГ шалгахаар болсон ч тэр өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Бүүр түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн даруйдаа хил гаран зугтсан гэх мэдээлэл ч гарч байлаа. Хууль хяналтын байгууллага түүний хэргийг шалгаж байгаа л гэж найдъя даа.

ТАНХАЙ ОЛИМПЫН АВАРГА

        Багын найзаа хүнд гэмтээж, танхайрсан, балмад олимпын аваргын хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа нь тодорхойгүй царцалтын байдалтай байна. Зодсон найз нь үхэл, амьдралын заагт, сэхээн амьдруулах тасагт долоо, найман сар тарчилж байхад тэрбээр теннис тоглож, хөгжилдөж байгаа сураг дуулдсан. Тодруулах юм бол, олимпын аварга Н.Түвшинбаяр улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон. Э.Энхбат тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэж, улмаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ. Үүнтэй холбоотойгоор Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног цагдан хорьсон байдаг. Улмаар өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 20-нд батлан даалтад гаргасан юм. Энэ үеэс түүний хэрэг хэрхсэн нь тодорхойгүй, Н.Түвшинбаяр усанд хаясан чулуу шиг алга болжээ. 


Авлига авч, албан тушаалаа хэтрүүлсэн УИХ гишүүн, генерал, прокурор, багын найзаа зодож, ургамал зарсан томчуудын хэрэг хаана замхарсан бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-30 08:30:15
    зочин: ТеГиинхан хужаа компанииг татвараас бултуулдаг СбД БЗД татварынханыг шалгах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-29 23:23:26
    Х: Татварын Ерөнхий газрыг товчлохдоо ТеГ гэдэг шүү! ТЕГ-тай андуурагдахаар алдаатай бичсэн байна. Бусдаар бол сайхан зоригтой гаргалгаа хийсэн л байна. Өчигдөр Эбагийн талаар ноцтой мэдээллийг medleg.me сайт гаргангуут хаагдсан шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-29 19:42:13
    хуучин суганы үснүүдийг бүгдийг нь араас нь илгээ!: Бямбасүрэн гэж нүүрэн дээрээ томоос том гахай булдруун чинээ тэмдэгтэй гар шүү дээ! Гүрэн дээд сургуулийн хам хэргүүд. Баахан даатгал цохисон хэргүүд. Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016-2021 оны туршид 6 жил тэндэр цохиж баяжсан баримтууд нүднээ тал нутаг шигээ цэлийтэл дурайж байна даа. АТГ ОДОО АЖЛАА ХИЙ!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-29 16:53:15
    Зочин: Анужин буруу юм хэрхэвч хийхгүй. Энэ бол гүтгэлэг. Яагаад Анужин хувийн бизнес эрхэлж болохгүй гэж? Улсын эрх ашгийг хохироогоогүй л бол болоо юм биш үү. Хүнийг харлуулах гэж хэтэриий нэр хүндийг нь гутаахаа больцгоо, мунхагууд аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-29 16:34:52
    Зочин: Ха ха ха... Бямбасүрэн яасан гэж зугтах юм бол. Энэ хүнд хууль бус хийсэн үйлдэл юу ч байхгүй. Ажилгүй гэртээ байж л байна билээ. Яг үнэндээ бол албан тушаалд дуртай хэдэн хулгайчуудын гүтгэлэг хэл амнаас залхаад өөрөө гарах өргөдөл өгсөн байна билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-29 09:13:06
    zochin: Анужин Будын охин юм чинь дүүтэйгээ нийлж эрх, мэдлээ ашиглах нь аргаггүй ш дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188