• Өнөөдөр 2026-06-25

НУУЦЫН ЭРЭЛД

XVII ЗУУНЫ ҮЕД ХАМААРАХ ХУСНЫ ҮЙСЭН ДЭЭРХ БИЧГИЙГ ОЛСОН НЬ

       Монгол хэлний багш болох мөрөөдөлтэй байсан ч хувь заяаны эргэлтээр түүхийн ангид элссэн Л.Эрдэнэболд оюутан болж, нэг л өдөр археологийн А заасан багшийгаа дагаад Баянхонгор аймгийн Баянлиг, Баянцагаан сум руу археологийн малтлага, судалгааны ажилд оролцохоор гарчээ. Археологийн малтлага, дадлага гэдэг түүний төсөөлж байснаас сайхан зүйл олонтой ч тэр хэрээр бартаат зам, бэрхшээлтэй мөч олон байлаа. Тийм гэхийн аргагүй говийн нар шарсан халуун өдрүүдэд хөлсөө цувтал шороо малтаж, чулуу зөөсөөр “Чухам юуны төлөө ингэж яваа юм бэ, би” гэж гайхмаар өдрүүд ч түүнд цөөнгүй байлаа. Олон өдөр шороо, тоосонд дарагдаж, баримт, түүхийн хойноос уйгагүй явсны эцэст “Хэдэн зуун мянган жилийн өмнөх түүхийн эд мөрийн баримт оллоо” гэх мэдээг багш нараасаа дуулах нь түүнд хэчнээн урамтай байдаг байсан бол. Ингэж л тэр археологийн салбарын үнэ цэнийг мэдэрч, түүндээ дурлаж, археологич болох зам руу эргэлт, буцалтгүй орсон гэдэг Л.Эрдэнэболдын зөн совин, уйгагүй хөдөлмөр, эрэл хайгуул, судалгаа, археологийн салбарт шунан дурлаж байгаа хүсэл тэмүүлэл нь түүнийг өнөөдөр Монголын урдаа барих археологчдын нэг болоход шууд нөлөөлсөн юм. Археологич болох хүсэл тэмүүлэлдээ нэгэнт хөтлөгдсөн Л.Эрдэнэболд Монголын археологийн салбарт хамгийн том нээлтүүдийг хийсэн “Хөдөөгийн” хэмээн олноо танигдсан Д.Пэрлээ гуайн судалгааг шимтэн уншиж, “Үйсэн дээрх бичиг шиг ийм л ховор нандин түүхийн олдвор олох юм сан” хэмээн мөрөөдөж явлаа. Үйсэн дээрх бичгийг тасралтгүй судалсны дараа түүний зөн совинд хачин эргэлзээтэй бодлууд буугаад байж. Өөртөө итгэж ядсан түүнд Д.Пэрлээ гуайн судалсан үйсэн дээрх бичгийн олдвор дахиад олдох юм шиг зөн совин төрөөд байжээ. Ийн Д.Пэрлээ гуайн нээсэн Үйсэн дээрх бичгийг дахин судалж, дахин малтлага хийснээр Хар бухын балгасаас үйсэн дээр бичсэн судар, номуудыг багш болон хамтран зүтгэгчдийнхээ хамтаар олсон түүхтэй. Ингэж л өнөөдрийг хүртэл хээрээр гэр, хэцээр дэр хийж яваа тэр эзэмшсэн мэргэжлээ хамгийн жаргалтайгаар хийж байна. Амьдралынхаа ихэнх нь хугацааг археологийн салбарт зориулсан тэрбээр Yll зууны түүхэнд холбогдох Ито шоу хэмээгч жанжны болон түүний эцгийн огт хөндөгдөөгүй бунхант булш, Ylll зууны үед хамаарах Уйгурын язгууртнуудын бунхант булшууд, 990-ээд оны үед хамаарах Чинтолгойн балгас, Улаан хэрэм, Хэрмэн дэнж балгасын нууцыг тайлах их аянд гарсан юм 2001 он. Булган аймгийн Дашинчилэн сумын Хар бухын балгас дунд залуу археологич Л.Эрдэнэболд хусны үйсэн дээр бичсэн эртний ном, судрууд барьчихсан нухацтай нь аргагүй эргүүлээд зогсож байна. Гэртээ тайван сууж завдаггүй түүнд ямар нэгэн олдвор илрүүлчихээд, бүр гартаа бариад зогсож байна гэдэг юу юунаас илүү бахдалтай сайхан байж. Түүний эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач болсноос хойших анхны бие даажилрүүлсэн энэхүү олдворыг одоогоос 55 жилийн өмнө Монголын ууган археологич Д.Пэрлээ гуай нээн илрүүлж, “Халхын ноёдын үйсэн цааз” хэмээх бүтээл туурвиж байсныг тэр мэднэ. Л.Эрдэнэболд археологич түүний бүтээлийг уншиж, судалгаа, шинжилгээний ажилдаа ашигласаар 31 жилийн дараа дахин шинээр илрүүлэн олж, сүм, хийд байсан болов уу гэмээр давхарлаж өрсөн барилга, байшингийн хэлбэртэй чулуунууд дунд орчихсон ажилдаа улайран зогсож байгаа нь тэр юм. 1620-оод онд байгуулагдсан бурхан шашны эртний сүм, хийдүүдийн нэг Хар бухын балгас нь Дашинчилэн сумын баруун талаар урсах Хар бухын өмнөх хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно оршино. 1680-аад оны үед болсон Халх, ойрадын дайны үеэр үрэгдэж, Хар бухын балгас дотор хадгалагдаж байсан XVII зууны эхэн үед хамаарах хусны үйсэн дээр бичсэн судар, номууд энд байжээ. Археологичдыг анх олоход энэ тэндээс нь хулгана, зурам мэрчихсэн үйсэн номуудаас гадна, цаасан судрууд нь хүрэх төдийд үйрч, унаж байсан гэдэг. Түүний судлаач болсноосоо хойш багшийнхаа заавар зөвлөгөөгөөр бие даан судалж, малтаж олсон бичиг, соёлын ховор олдвор болох хусны үйсэн дээр бичсэн бүтээлүүд нь дэлхий дахинд өнөөдөр ч гайхагдсаар байна. Учир нь, хусны үйсийг хэрхэн цаас мэт болтол нь боловсруулж байсан нууцыг одоог хүртэл нээж чадаагүй байгаа юм. Харин эдгээр үйсэн дээрх ном судруудыг олж илрүүлсэн судалгааны багийнхан Хар бухын балгасыг тухайн бүс нутгийнхаа хусны үйс боловсруулдаг, бичиг номыг хувилж олшруулдаг соёлын томоохон төв байсан болов уу хэмээн таамагласан байдаг. Тэрбээр багш болон хамтран зүтгэгчдийнхээ хамтаар 2001, 2011, 2012, 2018 онд Хар бухын балгаст малтлага хийж, хусны үйсэн дээр бичсэн 200 гаруй номын хуудас олж, илрүүлснээр энэ судалгаагаа өндөрлүүлсэн түүхтэй: Тэрбээр Хар бухын балгасын төслөө дуусгачихаад өөрийгөө гаднынханд таниулах, гадаад ертөнцтэй танилцах дараагийн үүд хаалгаа нээсэн байдаг. Ингэснээр ОХУ-ын нэртэй, чадвартай, мэргэжлийн өндөр түвшний археологичтой 20 гаруй жил хамтран ажиллаж байгаа гэнэ.

ВААРАН ДЭЭВЭРТЭЙ, АРСЛАН, ШУВУУ ЗЭРЭГ АМЬТНЫ ДҮРСЛЭЛ БҮХИЙ ЧИМЭГЛЭЛТЭЙ ЧИНТОЛГОЙН БАЛГАСЫГ СУДАЛСАН НЬ

       2004 он. Булган аймгийн Дашинчилэн сумын Чинтолгойн балгас бол хөх тоосгоор барьсан вааран дээвэртэй дээвэрийнхээ оройд арслан, шувуу зэрэг амьтны дүрслэл бүхий чимэглэлтэй дорно дахины маягийн олон арван байшинтай нэмэх тэмдэг хэлбэрийн огтлолцсон хоёр томоохон гудамжтай хот байсныг тодруулсан юм. Гудамжны хоёр талаар ус зайлуулах системтэй 1260х660 метр том хэрмэн дотор хотын амьдрал өрнөж байсныг малтлагын үеэр баримтжуулан илрүүлжээ. Мөн зургаан том хаалгатай, дотроо маш нарийн зохион байгуулагдсан гудамж талбай, барилга сууц бүхий, худаг ус, сүм хийд шашин мөргөл, худалдаа арилжаа, магадгүй гар урлалын тусгай газруудтай энэхүү цогц шинжтэй хотоос Хятан улсын үеийн үнэтэй шаазангуудын хагархай, аж ахуйн хэрэглээний олон арван нэр төрлийн эд өлгийн зүйлс, тоглоомын зориулалттай хэрэглэж байсан. 800 гаруй бог малын шагай олдсон гэдэг. Түүнийг нь ОХУ-ын археологчид “Чинтолгой бол Хятан улсын үеийн томоохон мөрийтэй тоглоом, одоогийнхоор казино байжээ” хэмээн хошигнож байсан нь ч үнэний ортой Чинтолгойн балгасыг түүхэн сурвалжийн судалгаа болон археологийн баримт, нотолгооны үндэслэн Уйгарын үеийн Хэдун – 120 хотын үлдэгдэл мөн хэмээн үзсэн байдаг. Хятан улс 917 онд байгуулагдсаныхаа дараа өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь эзэлж, нүүдэлчин монголчуудыг захиран тохинуулах зорилгоор өөрийн дарангуй цэргийг суулгасан агаад тэрхүү цэргийн төв нь Чинтолгойн балгас байсан юм. Туул, Хэрлэн, Орхон голын сав нутгаар байсан олон тооны бусад хотуудаа удирдан захирдаг гол төв нь энд байжээ. Чингэхдээ хятанчууд энэ хотыг цоо шинээр барилгүй харин өмнө нь уйгурын хаант улсын үед барьж ашиглаж байгаад орхигдсон хуучин хотыг дахин засаж шинэчлэн цэргийн тойргийн төв болгосон байдаг. Энэхүү судалгааны ажил нь түүний хувьд оросуудтай хамтарсан томоохон ажлын нэг болсон юм.

УЙГУРЫН ЯЗГУУРТНЫ БУНХАНТ БУЛШНЫ ОРШУУЛГЫН ГАЗРЫГ СУДАЛСАН НЬ

         2006 он. Тэр эхэндээ хот, барилга, байгууламжийн туурь судалдаг байсан бол сүүлийн жилүүдэд булш, бунхан судалж эхэлжээ. Архангай аймгийн Хотонт сумын Өвөр хавцлын ам, Хундын хоолой, Хулхын ам зэрэг газруудад малтлагын ажиллагааг үргэлжлүүлтэл Уйгарын үеийн хаант улсын нүүдэлчдийн газар доор нууцалж оршуулсан гэр бүлийн эсвэл нэг овог аймгийн бололтой бунхант булшийг анх хамтран зүтгэгчдийнхээ хамтаар олж тогтоожээ. Тусгай хашаа буюу шороон далан босгоод түүнийхээ гадуур мал амьтан орохоос сэргийлсэн гүнзгий сувагтай, голд нь дугуй болон дөрвөлжин хэлбэртэй тахилын сүм байгууламж бүхий эл цогцолбор байгууламжийн хашаа доторх хоосон зайнд нь тоосгоор газар дор бунханууд үйлдэн зургаан сартай нярайгаас 60 гаруй хүртэлх насны хүмүүсийг тусгайлан хүндэтгэн оршуулсан байжээ. Нэг бунхны цогцолборт 1-9 хүртэлх тооны, өөр өөр цаг хугацаанд насан эцэслэсэн нас барагчдийг оршоосон байснаас харахад нэг гэр бүлийн буюу нэг овог, аймгийн оршуулгын газар гэдэг нь тодорхой юм. Түүний дараа энэ төрлийн газар доорхи бунхант булшны малтлага судалгааны хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн Төв аймгийн Заамар сумын Шороон бумбагар гэдэг газар мөн. Түрэгийн хаант улсын үеийн Уйгар аймгийн тэргүүний бунхант булшийг малтжээ. Шавар, модоор хийсэн хүүхэлдэйнүүд, хүүхэлдэйний торгон дээл, хувцас, хойт насандаа эдэлж хэрэглэх бүхий л зүйлсийг дагалдуулан хийсэн байжээ. Хэдийгээр бунхан эрт цагт тоногдон эвдэгдсэн хэдий ч баялаг олдвортой, бүтэц зохион байгуулалтын хувьд Монгол Улсад урьд өмнө илэрч байгаагүй цоо шинэ хэлбэр зохион байгуулалттай байжээ. Тэрхүү бунханаас гарсан олдворуудын хамгийн гайхалтай нь нас барсан талийгаачид зориулан босгосон гэрэлт хөшөө анх удаа монгол нутгаас илэрч мэдэгдсэн юм. Гэрэлт хөшөөнд бунхны эзний овог, нэр өвөг дээдсийнх нь түүх, бунхны эзэн амьд ахуйдаа хаана дайтаж явсан, ямар гавьяа байгуулсан зэрэг намтрыг нь шүлэглэсэн маягаар бичсэн байсан. Хааны намтрыг мөнхжүүлсэн ийм бичигтэй гэрэлт хөшөө нүүдэлчдийн дундаас өмнө нь олдож байсангүй. Заамарын шороон бумбагар дурсгал нь Монголд байгаа анхны гэрэлт хөшөө бүхий эзэн нь төдийгүй түүний хийсэн үйлдсэн алдар гавъяа нь тов тодорхой дурсгал юм. Энэхүү малтлага нь түүний цаашдын олон томоохон малтлагуудын зам мөрийг зассан юм. 2011 онд Заамарын шороон бумбагараас холгүй Туул голын нөгөө эрэг дээр Баяннуурын Улаан хэрмэн шороо нэртэй том бунхант булшийг малтсан байна. 45 метрийн алсаас газрын гүн рүү хөндийлж ухаад 11 метрийн гүнд доор хөрсөө хөндийлж, бунхан үүсгэн тэндээ нас барсан хүнээ чандарлаж оршуулсан байжээ. Ингээд чандрыг дагалдуулан эд өлгийн зүйлс хийж оршуулдаг байсан. Оршуулгын энэ мэт өвөрмөц сонгодог хэлбэрийг урьд өмнө зөвхөн дорно дахины хятад, Солонгос, Хятадад л байсан зүйл хэмээн үзэж байсан бол дээрх хоёр бунхант булшийг нээснээр нүүдэлчдийн дунд байсан гэдгийг илтгэх хамгийн том баримт болсон нь энэ. Хоёрдугаарт, нүүдэлчдийн дунд бунханы ханын зураг гэдэг ойлголт байгаагүй гэж үздэг байлаа. Харин Улаан хэрмийн шороон бумбагараас 45метр урт газрын гүн рүү хийсэн ханан дээр битүү зураг зурсан олдсоноор нүүдэлчдийн дунд бунхны ханын зураг гэдэг ойлголт байсан төдийгүй үйлддэг байсныг археологийн олдвороор батлагдсан гэдэг. Монголд анх удаа олдсон ханийн зургийн дүрслэл дээр цагаан бар, луу, сүм хийдийн зураглал, өвөрмөц хувцас хэрэглэл, үс засалтай хүмүүсийн дүрслэл, тусгай суурин дээр залсан туг, далбаа, морь хөтөлсөн хүмүүс, модны доор бүжиглэж хүмүүсийг нэг дор зураглан үзүүлсэн дүрслэл олдсон байна. Гуравдугаарт, 550 шахам эд өлгийн зүйлс энэ ордоос олджээ. Үүнд тухайн хүний эдэлж хэрэглэж байсан бүрэн хэмжээний алтан эдлэлүүд тэр чигээрээ гарч ирсэн 2009 онд малтсан Заамарын шороон бумбагараас хүний яс гараагүй. 2011 онд малтсан улаан хэрмэн Шороон бумбагараас мөн хүний яс гараагүй, зөвхөн уутай чандар, үнс гарсан. Энэ бол ямар нэг байдлаар тухайн цаг үедээ Уйгар Түрэг, Тан Улсын харьяанд түр зуур орчихсон байсан үе. Тиймээс эдгээр оршуулгын зан үйл хэдийгээр уйгар угсааны хүмүүсийг оршуулсан ч гэсэн хятад маягийн зан үйлээр оршуулсан нь Тангийн төрд нүүдэлчид түр зуур захирагдаж байх үед холбогдож болохыг батлажээ.

ӨНДӨР ГЭГЭЭНИЙ БАЙГУУЛСАН САРЬДАГИЙН ХИЙДИЙН МАЛТЛАГАД ОРОЛЦОХ ЗАВШААН ТОХИОЖЭЭ

      2018 он. 2015 оноос академич С.Чулууны удирдлагаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд орших Эрдэнэзуу хийдийн цагаан суваргуудтай ижил төстэй. Хэнтийн их тайгад байрлах Өндөр гэгээн Занабазарын Цагаан хот буюу Сарьдагийн хийдийн малтлага судалгаанд мөн Л.Эрдэнэболд археологич оролцон ажиллах хувь тохиосон байдаг. Тэрхүү хотыг чулуун хэрэмний өндөр довжоо бүхий хаалгаар дотогш нэвтэрдэг байхаар зохион байгуулжээ. 100 гаруй метр ам дөрвөлжин талбайг бүхэлд нь хагалж, хавтгай болгосон чулуугаар шал хийжээ. Археологичид есөн объект байгаагийн хамгийн том болох Цогчин дуган байж магадгүй барилгаас малтлагаа эхлүүлжээ. Археологийн салбарынханы өгүүлж буйгаар Монгол Улсад археологийн салбар үүсэн бүрэлдсэнээс хойш 70 гаруй жилийн түүхэнд ийм хүнд хэцүү малтлага хийж байгаагүй гэнэ. 300 гаруй жилийн турш хөрсөн дор дарагдсан Цогчин дуганыг малтаж, харилцан адилгүй, өөр хоорондоо давтагдашгүй бурхдаас гадна язгуурын таван бурхан хүртэл олджээ. Тухайлбал, бурхдын нүд, суурины бад, цэцгийн дэлбээ нь хүртэл өөр байсан гэдэг. Иймэрхүү ховор, эртний бурхдаас гадна мөнгөн зоос, алтны ялтас, төмөр ялтсан хуяг бүхий өмсгөл, дуулга олдсон. Үүнээс гадна атгасан гараас арай томхон бурхны толгойнууд ярайтал цухуйхад нь археологичид өөр юу гарч ирэх бол гэтлээ амьсгаа даран хүлээж байсан гэдэг. Хэсэг малтлага хийсний дараа 130 см урт гар, 120 см урт хөлийн хугархайг илрүүлж, бадам цэцгийн дэлбээгээр тойруулан чимэглэсэн суурин дээр босоо байдалтай том бурхан байсныг хүртэл илрүүлсэн байдаг. Л.Эрдэнэболд археологич цаг, минут бүртэй уралдаж, түүхийн дурсгалт газруудад хот, балгас сүндэрлүүлэн “босгосоор” өнөөдрийг хүрчээ. Түүнийг ирэх он жилүүдэд үүнээс ч олон олдвор олж, илрүүлчихээд өмнөх шигээ дэлхийд дахин дахин гайхагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

Эх сурвалж: "Сүүлчийн нүүдэлчид" ном.


НУУЦЫН ЭРЭЛД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188